Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/420

 

 

Г.Т-, Д.М-, Э.Э-,

Б.Ж- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

яллагдагч Д.М-ын өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

яллагдагч Э.Э-гийн өмгөөлөгч Д.Ганбаатар,

яллагдагч Б.Ж-,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/2073 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Булганчимэгийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар эсэргүүцлээр Г.Т-, Д.М-, Э.Э-, Б.Ж- нарт холбогдох 2409004180211 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Б овгийн Д-ын М, 2002 онд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа Баянзүрх дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 789 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ДШМ/863 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэхээр өөрчлөн шийдвэрлэсэн,

-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн;

2.Б овгийн Э-ын Э, 1999 онд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 336 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 572 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон. 

3.Б овгийн Г-ын Т, 1992 онд Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймагт оршин суух, (РД:...), урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 cap хорих ял шийтгэгдэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 capын хугацаагаар хорих ял оногдуулж, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, түүний цагдан хоригдсон 161 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, ялаа эдэлсэнд тооцсон,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон;

4.О овгийн Б-ийн Ж, 1992 онд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

1.Д.М- нь ганцаараа болон бусадтай бүлэглэж 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж, нийт 35 хохирогчид 37,827,865 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 08 дугаар сард хохирогч А.Д-ыг залилж, 86,130 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр тээврийн хэрэгслийг завших, хулгайлах зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдэж, нийт 15 хохирогчид 124,764,953 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 09 дүгээр сард хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан;

2.Э.Э- нь ганцаараа болон бусадтай бүлэглэж 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж, нийт 12 хохирогчид 14,249,828 төгрөгийн хохирол учруулсан;

3.Г.Т- нь ганцаараа болон бусадтай бүлэглэж 2023 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж, нийт 2 хохирогчид 3,193,500 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 10 дугаар сард хохирогч Т.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн бусадтай бүлэглэж, 2023 оны 08 дугаар сард хохирогч Б.Б-гийн гар утсыг дээрэмдсэн;

4.Б.Ж- нь бусадтай бүлэглэж 2022 оны 10 дугаар сард үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж, нийт 2 хохирогчид 1,119,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Э.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Яллах дүгнэлтийн яллаж байгаа хэргийн товч агуулга хэсгийн 3 дугаарт 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Н” Баянхошуу салбараас хүнсний зүйл хулгайлсан үйлдэлд Д.М-ыг ганцаараа үйлдсэн гэж үзсэн боловч 2 дугаар хавтаст хэргийн 145-146 дахь талд авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2 залуу шоколад тэвэрсэн гарах хаалга руу явж байна...”, яллагдагч нь тухайн хэргийг найз Я-ын хамтаар үйлдсэн талаар мэдүүлсэн.

Яллах дүгнэлтийн 19-д 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо С худалдааны төвөөс эд зүйл хулгайлсан үйлдэлд хохирогч Б.Р-гийн мэдүүлэгт (6хх 112-113) “...20 орчим насны 3 эрэгтэй хүн манай дэлгүүрийн чихрийн тасгаас ...бараа алдагдсан” гэж, Д.М- яллагдагчаар “...дээрх гэмт хэргүүдийг найз Э.Э-тэй үйлдсэн” гэж мэдүүлсэн байхад камерын бичлэгт бичигдсэн 3 дахь этгээд хэн болохыг шалгаж тогтоогоогүй, Д.М-ыг ганцаараа дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж тэмдэглэжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн зэрэг нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогүй байна.

1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь талд мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл авагдсан байх бөгөөд 7 дугаарт “Х” хүнсний дэлгүүрийн гадна ирж 2023 оны 07 дугаар сард эд зүйл хулгайлсан талаар тэмдэглэж, хэргийн 43 дахь талд тухайн дэлгүүрийг зааж байгаа гэрэл зургийг хавсаргасан байх боловч энэ үйлдэлд нь яллагдагчаар татсан, эсхүл хэрэгсэхгүй болгосон эсэх талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Булганчимэг бичсэн эсэргүүцэлдээ: “...1. 2 дугаар хавтаст хэргийн 145-146 дахь талд хяналтын камерын бичлэг болон бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн эд зүйлсийг хулгайлан авч байгаа буюу гэмт хэрэг үйлдэж байгаа дүрс, бичлэг байдаггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.М- нь тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн бөгөөд “...даахгүй байсан учраас танихгүй хүнээс өргөөд өгөөч хэмээн гуйж авч гарсан, тэр хүн намайг гэмт хэрэг үйлдэж байгааг мэдэхгүй” гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн.

Гэтэл шүүхээс дан ганц яллагдагч Д.М-ын мэдүүлэгт хөтлөгдөн тус гэмт хэргийг бусадтай хамтран үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хэргийг ганцаараа үйлдсэн, хэн нэгэнтэй бүлэглээгүй гэж мэдүүлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт “найз Ялалттай хамт байсан” гэж мэдүүлж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилготой гэж дүгнэхээр байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 11 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй”, 16.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байхад дан ганц яллагдагчийн мэдүүлгээр тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй.

2.Яллагдагч Д.М-ын 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо С худалдааны төвөөс эд зүйл хулгайлсан үйлдлийн тухайд хяналтын камерын бичлэг нотлох баримтаар авагдаагүй байхад дан ганц хохирогчийн мэдүүлгээр тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд хяналтын камерын бичлэгийн хадгалах хугацаа дууссан, тухайн үйл баримтыг сэргээн дүрслэх боломжгүй байхад эдгээр ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр буцаасан шүүгчийн захирамж нь биелэгдэх боломжгүй.

Мөн прокуророос тухайн гэмт хэргийг хэн, хэзээ үйлдсэн болохыг хавтаст хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хангалттай тогтоосон болно.

3.Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны хүрээнд тухайн дүүргийн нутаг дэвсгэрт хэрэг үйлдэгдсэн эсэх талаар албан бичгүүдийг бүхий л нэгж газруудад хүргүүлсэн ба хариу албан бичгээр тухайн гэмт хэргийг үйлдсэн талаар нотлох баримт болоод эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэг байхгүй гэж албан бичиг ирүүлсэн байхад тухайн хэргийг шалгаагүй гэж прокурорт буцаасан нь үндэслэлгүй.

Мөн түүнчлэн тус хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцээд 2024/ДШМ/1219 дүгээр магадлалаар “...Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан...” гэж дүгнэсэн байхад хэргийг дахин прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөнөөс гадна давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

Иймд шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

Яллагдагч Д.М-ын өмгөөлөгч Ч.Загдсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед хэргийн зүйлчлэл хөнгөн байсан талаар Д.М- ярьдаг. Хохирогч Р-гийн “камерын бичлэгт 3 залуу явсан байна” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан. “Х” дэлгүүрийн асуудал хавтаст хэрэгт авагдсан боловч мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Д.М- яллагдагчаар татагдсан мэдүүлэгтээ дээрх асуудлыг дурдсан. Мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Э.Э-гийн өмгөөлөгч Д.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Э.Э-гийн хувьд өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Гэм буруугийн шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтэй байна. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой. Зарим оролцогчдын зүгээс тодорхой ашиг сонирхолтой гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.Ж- тус шүүх хуралдаанд: “Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Т-, Д.М-, Э.Э-, Б.Ж- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.М-ыг 35 удаагийн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах, нэр бүхий 15 хохирогчийн авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд,

Э.Э-г ганцаараа болон бусадтай бүлэглэн 12 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт,

Г.Т-г ганцаараа болон бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр будсын эд хөрөнгийг хулгайлсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргүүдэд,

Б.Ж-ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд:

-2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Н” Баянхошуу салбараас хүнсний зүйл хулгайлсан,

-2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо С худалдааны төвөөс эд зүйл хулгайлсан үйлдлүүдийг Д.М- ганцаараа үйлдсэн эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлон шалгах,

-мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар авагдсан “Х” хүнсний дэлгүүрийн гадна ирж 2023 оны 07 дугаар сард эд зүйл хулгайлсан гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан, эсхүл хэрэгсэхгүй болгосон эсэх талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Учир нь, хэргийг цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, анхан шатны шүүхийн дурдсан дээрх үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардагдах нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх ба ач холбогдолгүй, биелэгдэх боломжгүй ажиллагааг дахин явуулах шаардлагагүй.

Түүнчлэн урьд яллагдагч Г.Т-, Д.М-, Э.Э-, Б.Ж- нарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба уг 2024/ДШМ/1219 дүгээр магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Тус магадлалаар яллагдагч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэсэн үндэслэлийг заасан.

Шүүхийн шатанд шийдвэрлэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нөхөн эсхүл нэмж хийлгэх, процесс ажиллагааны засах боломжгүй зөрчил, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантай бол хэргийг прокурорт буцаах бөгөөд бусад асуудлыг шүүх хэргийг оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандан, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Дээрх үндэслэлээр прокурор Э.Булганчимэгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/2073 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Э.Булганчимэгийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар эсэргүүцлийг хангасугай.

2.Яллагдагч Д.М-, Э.Э-, Г.Т- нарт урьд авсан цагдан хорих, яллагдагч Б.Ж-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН