Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 476

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч П.Нархажид,

          шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт М.Б яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0400 00441 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, М.Б

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

М.Б нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” Олон улсын худалдааны төв дээр 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.Цэентэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар руу нь жижиг тэмдэглэлийн дэвтэр шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

 Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Цэенгийн: …2017 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар” зочид буудлын ресторанд “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн шинэ жил болсон юм. Тэгээд орой 00 цагийн үед арга хэмжээ дуусаад би нөхөр Ганзоригийг дуудах гээд ариун цэврийн өрөө рүү орсон чинь Бааска гэх өргөтгөлийн 05 номерын лангуун дээр суудаг хүүхэн ариун цэврийн өрөөнд байсан юм. Тэгэхээр нь би гарахыг нь хүлээж байтал гарч ирээд чи бид хоёр нэг нэгнийгээ үзэн ядалт дуусах болоогүй юу гэсэн. Тэгэхээр нь би согтуу чамтай юу ярьдаг юм бэ гээд цааш нь түлхсэн. Тэгсэн ахиж босч ирээд ташаандаа гараа авчихаад ойртоод байхаар нь манай нөхөр залгаж таараад би гараараа өөрийнхөө тохойгоор цааш нь түлхсэн. Тэгээд би цаашаа гараад хойноос ирж магадгүй гэж бодсон. Тэгсэн хойноос гарч ирээд над руу дайрсан. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм бэ гээд огт цохиогүй гараа сарвайлгаж байгаад цаашаа яваад өгсөн юм. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь Бааска намайг зодчихлоо гээд байсан. Тэгэхээр нь би эгч Оюунааг дуудаад юм ярья гээд сууж байтал Бааска миний хоолойг багалзуурдаж авчихаад эгч Пүүжээ нь ирж миний толгойны хэсэг рүү цүнхээрээ 5-6 удаа цохисон. Миний чихэнд Бааска юм яриад байсан ч хөгжим дуугараад сонсогдоогүй. Тэгсэн Баярмаа эгч миний нуруу руу гараараа 2-3 удаа цохисон. Бичиг хэргийн залуу Мөнхөө намайг чи яв гээд тэгээд үүд рүү гарсан юм. Тэгсэн хойноос ахиад гараад ирсэн. Тэгэхээр нь би олон хүн байхад эм хүн юм бол эм хүн шиг бай, эр хүн бол эр хүн шиг бай, хүйсээ солиул гэж хэлсэн юм. Бааска эршүүд зантай хүн байдаг юм. Тэгээд нөхрийгөө ирэхээр нь яваад өгсөн юм. Тэгээд би 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 117 дугаар лангууны Байгалаа эгчид та учир мэдэх хүн байж яагаад миний нуруу руу цохисон юм бэ гэсэн чинь тэгэхгүй яах юм бэ, чи Бааскаг нүүрийг нь маажаад, нүдийг нь хөхрүүлээд, хөлөнд нь хөхрүүлж бэртээсэн байна лээ шүү дээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо зодолдоогүй байж яаж тийм юм болдог юм бэ гээд тэгээд тэр хүнээ дууд гэсэн ирж байгаа гээд байсан. Тэгээд бид хоёр муудалцсан. Тэгээд би яагаад намайг цохидог юм бэ гээд нуруу руу нь цохисон чинь Байгалаа эгч уурандаа юм аваад шидсэн. Тэгээд би уурандаа яагаад юм шидэж байгаа юм бэ гээд муудалцаад өнгөрсөн юм. Тэгсэн орой нь миний баруун талын нүд нилээн хөхөрсөн байсан. Маргааш нь бүүр их хөхөрч хавдсан байна. Тэгээд ирээгүй орой намайг явснаас хойш Бааска ирсэн гэсэн. Тэгээд би гомдолтой цагдаагийн хэлтэст хандаж байна…

…Нүд дээд хэсэгт халуу дүүгэж улайсан. Ингээд орой 19 цагаас хойш бүүр хөхөрч няцрал болсон. Миний нүд рүү М.Б нь нэг юм шидсэн. Миний нүд рүү шидсэн зүйлийг би хараагүй. Шидсэн зүйлд нь би оногдсон…гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 30-33 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Мэндбаярын: …2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн орчимд 117 тоот павилон дээрээ павилоны эзэн М.Б эгчтэй хамт худалдаа хийж байхад үл таних эмэгтэй ирж М.Б эгчийг чамд хүний хэрэг хамаагүй шүү дээ гэж орилоод элдэв бусаар хараан маргаан дэгдээхээр нь М.Б эгч хүн амьтан үйлчлүүлж байхад битгий хэрүүл хийгээд бай гэтэл ажлыг чинь хийлгэхгүй байсан ч яадаг юм гэж байсан. Тэгээд би тэнд хүнд юмаа зараад байж байтал М.Б эгчийг тэр эмэгтэй лангуун дээр байсан дэвтрийн хавтас авч шидлээд дараа нь М.Б эгчийн нуруун дээр нь нэг удаа гараараа цохьтол М.Б эгч эргэж хараад ханцуйнаас нь зуурахад тэр эмэгтэй гарыг нь тавиулж гараа далайж М.Б эгчийн малгайг газарт унагаахаар нь би малгайг нь газараас авчихаад хартал тэр 2 нэг нэгнийгээ зууралдаад зогсож байсан. Тэгэхээр нь би болон миний хажууд үйлчлүүлж байсан залуу 2 талаас нь салгахад тэр эмэгтэйн нөхөр гэх залуу араас нь татаж цааш салгасан…гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Ганзоригийн: …2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай эхнэр Цэен албан байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцоод орой 23 цагийн алдад би очиж авсан...маргааш нь ажил дээрээ байтал Цэен над руу залгаж 117 дугаар лангуун дээр хүрээд ир гэхээр нь очтол манай эхнэр М.Б эгчтэй хэрэлдэж байсан ба би тухайн үед эмэгтэйчүүдийн хэрүүлд оролцоод яах вэ гээд зогсож байтал манай эхнэр М.Б эгчийг цааш харан тонгойж байхад нь хүний нуруу руу цохиход ямар байна гээд нуруу руу нь гараараа нэг удаа цохитол М.Б эгч эргэж хараад гараа савчуулсан. Би эхнэрийнхээ ард зогсож байсан учир цохиулсан эсэхийг нь хараагүй ба очиж салгаад байж байтал 5-10 орчим минутын дараа манай эхнэрийн баруун нүдний хойно хэсэгт нь бондойж мэдэгдэхүйц хавдсан байсан. Тэгээд асуутал М.Б эгч юм шидчих шиг боллоо, би харсангүй гэж хэлж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15182 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Д.Цэенгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний гадна хэсэг, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэх дүгнэлт /хх-ийн 50-52 дугаар тал/,

- Шүүгдэгч М.М.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/,

- Шүүгдэгч М.М.Бгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.Б нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” Олон улсын худалдааны төв дээр иргэн Д.Цэентэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар руу нь жижиг тэмдэглэлийн дэвтэр шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       М.М.Б д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч М.Б нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” Олон улсын худалдааны төв дээр 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.Цэентэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар руу нь жижиг тэмдэглэлийн дэвтэр шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч болон гэрчүүдийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Хохирогч Д.Цэен нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт  ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг хавтаст хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч М.М.Б г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 57 дугаар тал/

Шүүгдэгч М.М.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч М.М.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. Б овогт М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.М.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.           

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ