Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/464

 

Г.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч Г.Д-ий өмгөөлөгч Б.Ууганбаатар,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/503 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Д-д холбогдох 2402000000427 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Г-ын Д, 1995 онд Орхон аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикийн менежер мэргэжилтэй, “Э” ТӨҮГ-т нийгмийн харилцааны тэргүүлэх ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймагт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

Г.Д- нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг зөрчиж, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдаагүй, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг сургалтад хамрагдаж тэнцээгүй атлаа уг шалгалтад тэнцсэн мэтээр 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/A3-... дугаартай гэрчилгээг гаргуулан авч, байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч-д “...Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах”, “худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтад тэнцсэн иргэд, албан хаагчдын мэргэжил, ур чадвар болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх” зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.Ч-ын эзэмшлийн Хаан банк дахь ... дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ... тоот данснаас 100,000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: Г.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Д-ийг өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Эрдэнэт хотын нэгдсэн зар” фейсбүүк хаягаас “A-3 сертификатын онлайн сургалт” гэсэн зарын дагуу бүртгүүлэн сургалтад суусан. Холбогдсон админ нь сургалтын төлбөр 100,000 төгрөг хийгээрэй гэхээр нь явуулсан данс руу нь төлбөрөө шилжүүлсэн. Сургалтад бүртгүүлснээс хойш шалгалтад хамрагдах жишиг тест 1-2 хоног бэлдүүлж байгаад тестийн шалгалт авсан. Г.Д-ий хийж буй ажилд тухайн сертификат хамааралгүй, хадалдан авах үйл ажиллагаанд оролцох эрх бүхий этгээд биш байсан. Г.Д- нь хахууль өгөх гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл гэх үйл баримт хэргийн материалд тусгагдаагүй. Мөн миний үйлчлүүлэгч С.Ч- гэх хүнийг танихгүй, ямар нэгэн байдлаар танилын харилцаа байхгүй атлаа уг гэмт хэрэгт оролцсон байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, зөвхөн тухайн гэмт хэрэг нь нийгэмд учруулах гэм хор их учраас заавал шийтгэх ёстой гэсэн үзэл санаагаар шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Д-ийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын 28 дугаар зүйлд зааснаар “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд сэргээн дүрслэгдсэн хэргийн нөхцөл байдлаас гэмт хэргийн сэдэл, санаа, зорилгыг дүгнэн гаргаж болно” гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Г.Д- нь А3 сертификат олгох сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй болох нь тогтоогдсон. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Г.Д-д 2021/A3-... дугаартай гэрчилгээг олгосон ба энэ бүртгэлийг хахууль авсан С.Ч- хийсэн болох нь цахим хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогддог. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрчилгээ гарч, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр С.Ч-ын данс руу 100,000 төгрөгийг Г.Д-ий данснаас шилжүүлсэн. Энэ үйл баримтаас дүгнэхэд, гэм буруугийн санаатай хэлбэрээр, эдийн бус давуу байдал бий болгох зорилгоор мөнгө шилжүүлсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. С.Ч-тай харилцаа, хамаарал байгаагүй гэдэг нь энэ гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй. С.Ч- яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “Г.Д- гэдэг хүнийг тодорхой санахгүй байна. Гэхдээ шалгалтад тусалсны хариуд 100,000 төгрөг авсан” гэж хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/503 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Эрүүгийн хэргийг тусгаарлах гэдэг бол холбогдох хэргийг тусгаарлан хянан шийдвэрлэхэд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхгүй тохиолдолд тухайн шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлаж эцэслэн шийдвэрлэдэг зохицуулалт юм.

Гэтэл дээрх хуульчилсан үндэслэл тогтоогдоогүй байхад прокуророос “яллагдагч Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлах нь 2202007160050 дугаартай хэргийг тал бүрээс бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж үзэж Э.Д-, С.Ч-, Г.Д- нарт холбогдох хахууль авсан, өгсөн гэх эрүүгийн хэргээс зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай тогтоол үйлдэж, Г.Д-ий хахууль өгсөн гэх хэргийг тусгаарлан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх уг ноцтой зөрчил бүхий алдааг арилгалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүйгээс гадна уг ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд харшилсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэг бүрт тусад нь шийтгэх тогтоолоор ял оногдуулах бус, эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор түүнд холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулдаг.

Харин мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шударгаар ял оногдуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарладаг болно.  

Гэхдээ эрүүгийн хэргийг тусгаарласнаар тухайн хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох, цаашлаад гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэмжээ, түүнчлэн ял шийтгэгдэж буй этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зэрэгт нөлөөлөх эсэхийг зайлшгүй харгалзах учиртай.

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоосны дараа шүүхэд шилжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан ба тус зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэдэг.

Аливаа этгээд өөртөө болон бусад хүн, хуулийн этгээдэд давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эдгээрийг амласан, санал болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргээр зүйлчилнэ.

Нөгөө талд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрэгтэйгээ холбогдуулан шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан үйлдлийг “Хахууль авах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

“Хахууль өгөх”, “Хахууль авах” гэмт хэргүүд нь хоорондоо шалтгаант холбоотой бөгөөд Г.Д-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн хэмээн ялласан атлаа түүний ашиг сонирхлын үүднээс хахууль авсан этгээдийг гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад Г.Д-ий үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль ёсны болж чадаагүй байна.

Иймд хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх төдийгүй шүүхээс гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд хахууль өгөх болон авах гэмт хэрэгт холбогдсон яллагдагч нарт холбогдох хэргийг нэг яллах дүгнэлтийн хүрээнд хамтатган шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд анхан шатны шүүх зөвхөн Г.Д-д холбогдох хахууль өгсөн гэх эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах хууль зүйн боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Д-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганбаатарын гаргасан “шүүгдэгч Г.Д-ийг цагаатгах” агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэж худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудлын талаар зохицуулсан.

Гэтэл шүүгдэгч Г.Д- нь иргэнээс шалтгалт авч, гэрчилгээ олгох чиг үүрэг бүхий этгээд биш байхад прокуророос түүнийг тус хуулийн заалтыг зөрчсөн гэж яллаж, анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар гэм буруутайд тооцсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгааг анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/503 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.           

2.Шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН