| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0418/Э |
| Дугаар | 470 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч Ч.Батбаяр,
шүүгдэгч Ц.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт Ц.Бд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0119 30429 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц.Б
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Ц.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх цогцолбор сургуулийн спорт зааланд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус сургуулийн ажилтан хохирогч Д.Дашдоржийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Дашдоржийн: …2018оны 01дүгээр сарын 15-ны өдөр Батмөнх бид хоёр сургуулийн хойд талд байх Хуягаа гэдэг айлд нэг шил 0.5 литрийн “Хараа” архийг бид хоёр хувааж уусан. Айлын эзэн Хуягаа архи уудаггүй учир уугаагүй юм. Тэгээд сургууль орж Ц.Б, Билэгдэмбэрэл хоёрт спорт зааланд 2.5 литрийн “Нийслэл” пиво ууж байсан. Тэр пиво нь талдаа орсон байсан. Тэр хоёр нэгийг уугаад дахин нэгийг уугаад байж байсан. Тэгээд би Ц.Бд чи нодлин манай хүүхдийг цохисон гэсэн Баттөгс багштай адилхан байхад яадаг юм гэхэд танай Баттөгс яадаг юм гээд бид пиво ууж байсан аягаараа зүүн хөмсөг рүү нэг удаа цохиод хөмсөг язарч цус гарсан. Тэгээд би ухаан алдсан байсан. Нэг сэрсэн чинь манай эхнэр сургууль дээр ирсэн байсан. Би сургуулийн коридорт ажилчдын өрөөнд байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн чинь Ц.Б яваад өгсөн. Миний хамар хугарсан, хөмсөг сэтэрч цус гарсан, хоёр нүд хавдсан байсан. Би Ц.Бг цохиж, зодоогүй. Толгой руугаа аягаар цохиулаад ухаан алдсан байсан. Дараа нь Ц.Б намайг өөрийнх нь гэдсийг хазсан гэж хэлж байсан. Тэр талаар би мэдэхгүй байна. Би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Бие гайгүй болсон учир гомдол санал байхгүй…гэх мэдүүлэг /хх-н 10-11 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч М.Уранзаяагийн: …2018 оны 01 дүгээр сарын15-ны орой 20:09 цагт нөхөр 88941851 дугаараас залгаж яриад намайг хүн зодчихлоо гэж хэлсэн. Хаана байгаа юм бэ гэхэд сургууль дээр байна гэхээр нь гарч гүйгээд очиход Сургуулийн ажилчдын өрөөнд толгой, чихнээс цус гарсан байдалтай тонгойгоод сууж байсан. Хэн зодсон талаар асуусан чинь намайг Ц.Б цохисон гэхээр нь хаана байна гээд хайсан чинь олдоогүй. Биеийн тамирын арын зааланд нуугдсан байна гэхээр нь очсон чинь өөдөөс гарч ирээд үг хэлэхгүй үүд рүү зугтаагаад гарч явсан. Араас нь хөөгөөд үүдний гадаа барьж аваад чи нэгийгээ яаж байгаа юм бэ ингэж зодоод байхдаа яадаг юм бэ гэхэд зодуулсан бол хохино гэж хэлэхээр нь цагдаа дуудсан байж бай гэхэд би тэр цагдаатай чинь уулзаж чадахгүй гэхээр нь чиний нүүрний зургийг авъя, чи зүгээр байна гэхэд миний гар утсыг авч шидээд чадахгүй гэж хэлээд явсан. Ц.Бгийн найз Билэгдэмбэрэл үлдсэн ба юу болсон талаар асуухад Дашдорж ахыг Ц.Б аягаар цохиж, дээр нь гараад зодоод байхаар нь би болиулсан гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-н 12 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Э.Билэгдэмбэрэлийн: …2018оны 01дүгээр сарын 15-ны өдөр хичээл тараад Ц.Б бид хоёр биеийн тамирын заалны арын өрөөнд 2 литрийн 2 ширхэг “Нийслэл” пиво ууж байхад гаднаас Дашдорж, Даваадорж, Батмөнх гурав нилээн согтуу орж ирсэн. Тэгээд тэд нар бид хоёрын ууж байсан пивоноос ууцгаасан. Тэгсэн Дашдорж Ц.Б рүү хэл амаар дайраад байсан. Чухам ямар учраас тэгснийг мэдэхгүй. Тэр хоёр ширээний наана цаанаас барилцаж авах гээд байсан юм. Тэгээд би гадаа Дашдоржид чи юу болоод яагаад байгаа юм гэхэд юу ч болоогүй гэсэн. Тэгээд бид эргээд хамт орсон. Тэр хоёр зүгээр гээд хоорондоо гар барьцгаагаад үлдсэн, пиво ууцгаасан. Хамт ирсэн Батмөнх ахтай Дашдорж маргалдаад барилцаад авахаар нь би салгасан. Тэгээд би тэр хоёрыг салгаад ариун цэврийн өрөө орчихоод эргэж ирэхэд Ц.Б, Дашдорж хоёр хоорондоо зодолдоод өрөөний ширээ, паар хагалсан байсан. Намайг орж ирэхэд тэр хоёр барилцсан Дашдоржийн зүүн талын хөмсөгний дээд талаас цус гарсан, харин Ц.Бгийн гэдсийг нь Дашдорж хазсан байхаар нь би салгасан. Тэр хоёрыг зодолдож байхыг нь би хараагүй. Тэгээд Батмөнх ах орж ирээд Дашдоржийг аваад гарсан. Би тэгээд паар хагарсан байсан учир тэрийг янзлаад усыг нь шавхаж байхад Дашдоржийн эхнэр нь ирсэн гэсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1572 дугаартай дүгнэлтэнд:
1. Д.Дашдоржийн биед тархи доргилт, зүүн хөмсөгний шарх, 2 нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.
Шинжээч эмч Т.Амартүвшин гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн Ц.Ц.Бгийн: …Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг уншиж танилцлаа. Дашдорж бид хоёр архи уугаад маргасан. Тэгээд би гараараа толгой руу нь нэг удаа цохисон. Тэгсэн зүүн хөмсөгний дээд хэсгийг нь цохисон тэр дороо цус гарсан. Би эмчилгээний зардал гэж 150.000 төгрөг өгсөн. Эм аваарай гэж өгсөн. Тэгээд би гэрт нь сүү, чихэр авч очиж уучлал гуйсан…гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/,
- Шүүгдэгч Ц.Ц.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23 дугаар тал/,
- Шүүгдэгч Ц.Ц.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 дүгээр тал/,
-Хохирогч Д.Дашдоржийн гаргасан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 30 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх цогцолбор сургуулийн спорт зааланд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус сургуулийн ажилтан хохирогч Д.Дашдоржийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул холбогдох Ц.Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Ц.Бнь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх цогцолбор сургуулийн спорт зааланд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус сургуулийн ажилтан хохирогч Д.Дашдоржийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Хохирогч Д.Дашдорж нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба шүүгдэгч Ц.Бэмчилгээний зардалд хэрэглүүлэхээр 150.000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид өгсөн, хохирогч Д.Дашдорж гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ хавтаст хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Ц.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 30 дугаар тал/
Шүүгдэгч Ц.Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ц.Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М овогт Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ц.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Ц.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ