Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/465

 

Г.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Рэгзэдмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Л-,

шүүгдэгч Г.С-, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/562 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.С-, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.С-д холбогдох 2308035780437 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Г-ийн С, 1992 онд Төв аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух, (РД:НЭ92011705), урьд:

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 20/68 дугаар тогтоолоор дуусгавар болсон,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолоор залилах гэмт хэрэгт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэгт 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 6 cap 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 20 хоногийн тогтоож, уг ялаас цагдан хоригдсон 5 хоногийг хасаж, биечлэн эдлэх ялыг 3 жил 15 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн ба эдлээгүй үлдсэн 2 жил 5 cap 25 хоногийн үлдэгдэлтэй;

Г.С- нь 2021 оны 11 дүгээр сард бусдын өмчлөлийн эд хөрөнгө болох “Toyota Harrier” загварын ... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээгээр ашиглаж байхдаа уг тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авахын эрх олгосон бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр хуурамч баримт бичиг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт “Toyota Harrier” загварын ... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж, зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг залилан авсан,

2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт “Toyota Prius-30” загварын ... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргүүдэд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар Г.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.С-г эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, мөн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 cap 25 хоног зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 9 cap 25 хоног хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-гийн асрамжид байгаа насанд хүрээгүй 4 хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж, энэ асуудлыг шийдвэрлэтэл хүүхдүүдийг Г.С-гийн эцэг Н.Г-т хариуцуулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С- нь хохиролд 7,000,000 төгрөг төлсөн ба шүүгдэгчээс 13,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Б” ХХК (Х.Л-)-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэргийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэхийн өмнө буюу 2021 оны 11 дүгээр сард үйлдсэнийг нягтлалгүй хорих ял болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний хүүхдүүд намайг хорих ял эдэлж байх хугацаанд асран хамгаалах хүнгүй, би өрх толгойлон амьдардаг, 2-15 насны 4 хүүхдийн эх бөгөөд аав минь бие муутай, би айлын ганц хүүхэд билээ. Эцэг Н.Г нь 60 настай, зүрхний 3 хавхлаг, 1 титэм тус солиулсан, хагалгаанд ороод удаагүй. Тэдний маань эрүүл мэнд, сурлага хүмүүжил, аюулгүй байдал, хүнд нөхцөлтэй үлдсэн. Би гэм буруугаа хүлээн, гэмшиж байгаа ба хохирлыг төлж барагдуулна, мөн дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Иймд миний хэрэг үйлдэгдсэн цагийг зөв тогтоож, хүндрүүлэхгүйгээр шийдвэрлэн, ар гэрийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөлд хорих ял байхгүй байхад хорих ял оногдуулсан нь хуулийг илт буруу хэрэглэсэн.

Мөн уг үйлдэл нь залилах гэмт хэргийн “бичиг баримт ашиглаж залилсан” гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил ба 2022 оны 11 дүгээр сард дууссан боловч 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөлд хамаарч байна.

Залилах гэмт хэргийн хохирлыг буруу тогтоосон. Яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан 20,000,000 төгрөг гэж тооцсон боловч хохирогчийн данснаас шүүгдэгчийн 5019135454 тоот данс руу 18,990,000 төгрөг шилжүүлсэн. Гэмт хэргээс өмнө зээлсэн 4,400,000 төгрөгийг нэмж тооцсон байх тул 4,400,000 төгрөг, шүүгдэгчээс төлсөн 7,000,000 төгрөг зэргийг хасаж тооцохоор байна. Шүүгдэгчийн нөхөр Ж-ын данс руу шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг Г.С- зээлсэн гэж дүгнэх боломжгүй.

Мөн анхан шатны шүүхээс ял оногдуулах, оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Хан- Уул дүүргийн шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байхдаа залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй.

Шүүгдэгч бага насны 4 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг бөгөөд өөртөө дүгнэлт хийж, цаашид гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй, үр хүүхдээ асарч хүмүүжүүлэхээ илэрхийлж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгож, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Л- тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Д.Рэгзэдмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн цаг хугацаанд шүүгдэгч түрээсийн гэрээгээр тээврийн хэрэгслийг эзэмшиж байх хугацаандаа өөрийн мэт болгохын тулд бусдаар хуурамч бичиг баримт үйлдүүлж, залилах гэмт хэргийг үйлдсэн. Залилах гэмт хэрэг 3 жил, хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэрэг нь 1 жилийн тус тус хөөн хэлэлцэх хугацаатай хэдий ч хуурамч бичиг баримтыг ашиглан залилах гэмт хэргийг үйлдсэн учраас залилах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тооцогдоно. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар хохирол төлбөрт маргаагүй. 20,000,000 төгрөгийн хохирол учирч, 7,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 13,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид төлөхөөр шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгч зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан гэж тайлбарласан. Шийтгэх тогтоолд хорих ял гэж бичигдсэнийг бичиглэлийг алдаа гарсан гэж үзэж байна. Тиймээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Г.С-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил тогтоогдлоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан.

Аливаа хууль Үндсэн хуульд захирагдах, хүний жам ёсны эрх, эрх чөлөө, хууль зүйн тэгш байдлыг хүлээн зөвшөөрч хуулиар бэхжүүлэн хангах, хуулийг бүх нийтээр хүчин төгөлдөр дагаж мөрдөх, төрийн байгууллагууд хуулийг гуйвалтгүй, нэг мөр биелүүлэх, зөв хэрэглэх нь хууль дээдлэх зарчмын агуулга болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж хуульчилсан.

Эдгээр зохицуулалтуудаас дүгнэхэд, Монгол Улсад шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлж буй шүүх байгууллага нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хүрээнд хуульд нийцсэн шийдвэр гаргахын тулд үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг ягштал биелүүлэх үүрэгтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан ба мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан ба хууль тогтоогчоос тухайн зүйл, хэсэгт хорих ял оногдуулахаар хуульчлаагүй болно.

Гэтэл анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж гаргасан 2025/ШЦТ/562 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэг, мөн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, шүүгдэгч Г.С-г эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/562 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.С-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж тодорхой хуульчлан заасан.

Гэтэл анхан шатны шүүх прокуророос Г.С-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар огт дүгнэлт хийгээгүй байх ба урьд түүнд холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар хянан хэлэлцсэн 892 дугаар магадлалд хөөн хэлэлцэх хугацааг дүгнэсэн байгааг анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/562 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.                 

2.Шүүгдэгч Г.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН