Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00554

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00554

 

 

 

 

Жи мобайл нэт ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02607 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Жи мобайл нэт ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 272 833 421 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь ИНЕГ-тай 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ЖМ-11/922 тоот "Орон нутгийн буудлуудыг онлайн сүлжээгээр хангах, үйлчилгээ үзүүлэх гэрээ" байгуулсан. Уг гэрээний 2.1-т ИНЕГ-ын харьяа Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Баянхонгор, Тосонцэнгэл, Алтай, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 10 аймгуудын нисэх онгоцны буудлуудыг ИНЕГ-тай шилэн кабелиар холбож нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг "Жимобайл нэт" ХХК нь өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх, 6.2-т Шилэн кабелийн нэгдсэн сүлжээ байгуулахад гарсан зардлыг ИНЕГ нь 10 жилийн хугацаанд улирал бүр хуваан төлж, өмчлөлдөө шилжүүлж авна гэж тохиролцсон. Эдгээр 10 аймгуудын нисэх онгоцны буудлаас эхний ээлжид сүлжээ оруулах боломжтой байсан Хөвсгөл, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Завхан зэрэг нийт 6 аймгуудын нисэх онгоцны буудлууд болон ИНЕГ-т шилэн кабель татаж, төгсгөлийн төхөөрөмжүүдийг суурилуулан ашиглахад бэлэн болгож 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тус тус ажлыг актаар хүлээлгэн өгсөн.

Гэвч ИНЕГ нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир дээрх 6 аймгуудын нисэх онгоцны буудлуудыг сүлжээгээр холбоход гарсан зардлуудыг нэхэмжилж байна. ЖМ-1Т/922 тоот гэрээний дагуу ИНЕГ-ын орон нутгийн нисэх онгоцны буудлуудад сүлжээ оруулахад шилэн кабель татсан ажлын хөлс 36 600 000, шилэн кабелийн үнэ 18 070 000, баганын ком үнэ 20 400 000, баганын тоног үнэ 2 550 000, төгсгөлийн төхөөрөмжүүдийн үнэ 3 560 000, кабель тээвэрлэлтийн хөлс 3 855 213 68, нийт 85 05 613 68 төгрөгийн зардлуудын тооцоо гарсан.

ЖМ-11/922 тоот гэрээний дагуу 6 аймгийн нисэх буудлууд болон ИНЕГ-ыг сүлжээ оруулахад манай компаниас 85 035 613 68 төгрөгийн зардал гарч, сүлжээг ИНЕГ-т хүлээлгэн өгсөн боловч уг сүлжээг хүлээн авснаасаа хойш гэрээний Хавсралт 1-д заасан төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхөөс зайлсхийж байгаа болно. ЖМ-11/922 тоот гэрээний 6.5, 6.6-д заасныг үндэслэн гэрээний 6.3-т зааснаар cap бүр төлөх үйлчилгээний төлбөр нь Баянхонгор, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Завхан, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Тосонцэнгэл, Говь-Алтай аймгууд, ИНЕГ-т тус бүр 890.037 төгрөгөөр тооцоход 187.797.807 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Ж/М-11/922 тоот гэрээний 6.3, 6.5, 6.6, Иргэний хуулийн 343, 352.5.3-т заасны дагуу сүлжээгээр холбоход гарсан зардал болох 85.035.614 төгрөг, сүлжээ оруулсан нисэх онгоцны буудлуудын cap бүр төлөх үйлчилгээний төлбөр болох 187.797.807 төгрөг буюу нийт 272 833 421 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж заасан. Бидний гэрээ нь Иргэний хуулийн 343-т гүйцэтгэгч захиалагчийн болон өөрийн материалаар ажлыг хийж гүйцэтгэнэ гэж заасны дагуу нийцсэн. Бид тодорхой хугацаанд өөрсдийн зардлаар ажлыг хийж гүйцэтгэсэн тул хууль зөрчөөгүй. Бид ажлаа хийгээд хүлээлгэж өгөөд гарын үсэг зурсан. ЖМ-11/922 тоот гэрээний хүрээнд хийсэн ажлыг маргаж байгаа. Энэ ажлын зорилго нь тухайн нисэх буудлуудыг ИНЕГ-ыг шилэн кабельд холбож өгөх үүрэгтэй болохоос тэдний программыг зохиож, компьютерыг суурилуулж өгөөд, одоо холбогдлоо шүү гээд зааж өгөх үүрэггүй.

Харин энэ нь ТББ 46/11 тоот өөр гэрээний хүрээнд "Жи мобайл нет" ХХК-ийн хийх ёстой ажил. Энэ маргаанд санхүү бүртгэлийн болон төлөвлөлтийн программыг онлайн сүлжээнд холбох ажил огт хамаагүй. 2 өөр зүйлийг нэг гэж тайлбарлаад байна. ЖМ-11/922 тоот гэрээний гол зорилго нь ИНЕГ-ын орон нутгийн нисэх буудлуудыг онлайн сүлжээгээр хангах, үйлчилгээ үзүүлэх ажлыг хамтран гүйцэтгэх 2 талын үүсэх харилцааг зохицуулж, шилэн кабелиудыг п татаж өгөх үүрэгтэй. Тэрийг ашиглаж компьютерын программаар хоорондоо үйлчилгээ нэвтрүүлэх ажил нь тусдаа гэрээгээр зохицуулагдаж байгаа. Гэрээгээр 10 аймгийг холбох ёстой ч 6 аймгийг холбосон. Цаашид 4 аймгийг холбоход бэлэн байгаа ч маргаан гарч түр зогссон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ИНЕГ-т Орон нутгийн нисэх буудлуудын Санхүү, төлөвлөлтийн программыг ИНЕГ-тай онлайн сүлжээнд холбох, Сургалт дадлагын цогцолборт суралцагчдын бүртгэлийн программ 1 багц нийлүүлэх, 2011 онд хэрэгжих төсөл арга хэмжээний төлөвлөгөөнд 46 400 000 төгрөгөөр тусгагдсан ажил байсан. Ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад үнэлгээний хороо хуралдаж, "Юнителком" ХХК, "Сетком" ХХК-иудаас тендерийн шаардлагыг бүрэн хангаж байна гэж үзэж, 39 600 000 төгрөгөөр ажлыг гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулж 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулах эрх олгосон. ИНЕГ-ын дарга 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр "Жи мобайл нэт" ХХК-ийн дээрх ажлын хүрээнд зөвхөн Булган, Хэнтий, Сүхбаатар аймгийн нисэх буудлуудад 49 100 000 төгрөгөөр тавихаар санал тавьсан хүсэлтийг нь үндэслэн 46/11 тоот гэрээг 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 45 сая төгрөгийн үнэтэй гэрээ байгуулсан. 10 аймгийн нисэх буудлуудыг ИНЕГ-тай шилэн кабелиар холбох ажлыг хийж гүйцэтгэх энэхүү ажлыг хийгдэж байх хугацаанд буюу 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ИНЕГ, "Жимобайл нэт" ХХК-ийн хооронд Орон нутгийн нисэх буудлуудыг онлайн сүлжээгээр хангах, үйлчилгээ үзүүлэх ЖМ-11/922 тоот гэрээ хийгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн, 46/11 тоот гэрээт ажилтай давхардсан ажил байсан, уг сүлжээг ашиглаагүй тул cap бүр төлөх үйлчилгээний төлбөрийг төлөх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан илт хууль бус гэрээ тул хүчин төгөлдөр бус. Хэрэв хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулагдах байсан бол Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8-д заасан босго үнийг давсан бөгөөд тухайн үед 100 000 000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй гэрээг нээлттэй тендер шалгаруулж байж хийгдэх ёстой байтал шууд байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд ажил хүлээж авахдаа эрх бүхий хүмүүст нь хүлээлгэж өгөөд, тэрийг нь ашиглахад 10 аймгаас 6 аймгийг нь ИНЕГ-ын санхүүгийн программтай холбогдож байж ажил хүлээн авсанд тооцох байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тухайн 6 аймагт хүлээж авах эрх бүхий биш этгээдүүдээр гарын үсэг зуруулсан байх бөгөөд ямар ажил хийлгэснээ ч мэдэхгүй, ямар ажил хүлээж авчхаад cap болгон мөнгө төлөх үүрэгтэй болсноо ч мэдэхгүй зүйлийг ИНЕГ хүлээж авах боломжгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь гэсэн аймгуудад тавьчхаад ИНЕГ-тай шилэн кабелиар холбож, нэгдсэн сүлжээнд холбоно гэсэн. Нэгдсэн сүлжээ гэдэг нь нэг сүлжээгээр холбогдоно. Нэхэмжлэгчийн яриад байгаагаар зөвхөн төхөөрөмжид суулгаад орхино гэсэн үг, өгүүлбэр байхгүй. "Жи мобайл нет" ХХК-ийн хийсэн ажлаар нэгдсэн сүлжээгээр холбогдоогүй. ЖМ-11/922 гэрээний 2.1-д яаж ажлаа хүлээлгэж өгөхийг заасан бөгөөд энэ бол удаан жилийн хугацаатай гэрээ учраас ажлаа хийсний дараа ИНЕГ-т гэрээгээр хүлээлгэж өгнө гэж заасан. Актаар хүлээлгэж өгөөд акт дээр гарын үсэг зурах эрх бүхий этгээд нь зураагүй байхад өгсөн гэж шаардаж байна. 46/11 тоот гэрээ нь хэдэн аймгуудыг нэгдсэн сүлжээгээр холбох ажил бөгөөд санхүү бүртгэл болон төлөвлөлтийн программыг онлайн сүлжээнд холбох, ЖМ-11/922 тоот гэрээ нь ИНЕГ-тай 10 аймгийн нисэх буудал нэг сүлжээтэй болох юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 272 833 421 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Жи мобайл нэт ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 522 118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Тус шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бодитой байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр болсон.Жи мобайл нэт ХХК нь 2011 онд Орон нутгийн нисэх буудлуудыг онлайн сүлжээгээр хангах, үйлчилгээ үзүүлэх гэрээ" байгуулж ажлаа гүйцэтгэсэн гэж иргэний нисэхийн ерөнхий газраас мөнгө нэхэмжилсэн боловч тухайн ажлыг бодитойгоор хийж гүйцэтгээгүй. Өнөөдрийг хүртэл тус компанийн хийж гүйцэтгэсэн гэх ажил манай байгууллагад байхгүй байгаа боловч шүүх ийнхүү байхгүй ажлын тухайд cap бүр төлөх 890 037 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй, хэрэгт с айгаа нотлох баримтыг буруу үнэлсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Учир нь нэхэмжлэгч тал cap тутамд 890 037 төгрөгийг 2015 он хүртэл төлсөн баримт хэрэгт авагдаагүй байгаа болно. Иймд хэргийг бүхэлд нь хянаж хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан шийдвэрлэсэн 183/ШШ2017/02607 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Жи мобайл нэт ХХК нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 272 833 421 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргааны зүйл болж буй нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн гэх ажлын талаар мэргэжлийн шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаснаар шүүх 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10371 дүгээр захирамжаар Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрыг уг хэрэгт шинжээчээр томилсон. /хх-1-60, 1-146-148/

Шинжээчээр томилогдсон Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар нь өөрийн ажилтан Э.Шижирбаяр, Ц.Одхүү нарыг шинжээчээр ажиллуулан дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн байна. /хх-1-152, 153-154/

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт .Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна, 9.2 дах хэсэгт Энэ хуулийн 9.1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж тус тус заасан.

Гэтэл шүүх хуульд заасан дээрх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэг шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулаагүй. Хэргийн 1 дүгээр хавтас 149-150 дугаар талд авагдсан баримтаар шинжээч нарт эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулсан гэж үзэх боломжгүй, тухайн баримт огноогүй, дүгнэлт гаргахаас өмнө шинжээч эрх, үүрэгтэй танилцсан, тэдэнд хууль сануулсан болох нь эргэлзээтэй, хэзээ, хэн гэх шинжээчид эрх, үүрэг тайлбарласан болох нь тодорхойгүй болжээ.

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дах хэсэгт шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна гэж заасан атал шүүхэд ирүүлсэн Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дүгнэлт тамга, тэмдэггүй байна.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэснийг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлт тухайн хэрэгт чухал ач холбогдолтой, уг дүгнэлт үндэслэлтэй эсэхэд зохигчид маргасан байхад хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтэд үнэлэлт дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн нь буруу юм.

Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, хэргийг шийдвэрлэсэн бөгөөд тухайн шүүгчийг буюу хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй, шийдвэрийг албажуулаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг зөрчсөн. Энэ тохиолдолд хэргийг хууль бус шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02607 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 520 118 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ