| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/04776/И |
| Дугаар | 192/ШШ2025/07579 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/07579
2025 09 25 192/ШШ2025/07579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******, 1812 тоот хаягт байрлах “Тэнгэрийн гэрэлт цамхаг констракшн” ХХК (РД:6697526)-нд холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 121,719,169 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 121,719,169 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч компанитай 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 3/23 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, *******, 11 дүгээр хороо, Зайсан 8/1-2/ хаягт байрлах обьектод барилгын суурь, зоорийн давхар, 1-5 дугаар давхрын барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Хариуцагч компани нь 326,838,713 төгрөг төлөхөөс 217,869,000 төгрөг төлж, үлдэгдэл 108,969,713 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн. Иймд дээр дурдсан гэрээний 7.3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож 7,300,970 төгрөгийн алданги, үндсэн төлбөр 108,969,713 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардаж байгаа гэж тодорхойлж, шүүх хуралдааны явцад хариуцагчийн хариу тайлбартаа дурдсан угсралтын ажлын алдаа дутагдлын тооцоо болох 32,512,400 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 89,206,769 төгрөг гаргуулна гэв.
2.Хариуцагч компани нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.*******,*******нд байршилтай “Khuleg Residence” хотхоны В,, давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай бүрэн цутгамал барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр тэй гэрээ байгуулж ажилласан. Үйл ажиллагаа хэвийн явагдаж В блок дуусаж, 5 дугаар давхар хүртэл хийгдээд зогссон. 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тэй тооцоо нийлсэн акт үйлдсэн ба уг актад В блокийн угсралтын алдаатай холбоотой төлбөрийг хэрхэн суутгахыг ярьж шийднэ гэж дурдсан. Алдааны хувьд угсралтын зургийн дагуу хананд нүх гаргаагүйн төлбөр 1,104,000 төгрөг, В блок 5,658,000 төгрөг, хар шалны цутгалтын зөрүү 25,750,400 төгрөг, нийт 32,512,400 төгрөгийн ажил дутуу хийгдсэн гэж тайлбарлаж байна.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хариуцагч компанитай байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк дахь эзэмшигчтэй дугаар дансны 2023 оны 04 дүгээр сарын, 18, 28, 2023 оны 05 дугаар сарын 09, 19, 30, 2023 оны 06 дугаар сарын 13, 2023 оны 07 дугаар сарын 06, 2023 оны 09 дүгээр сарын 07, 22-ны өдрүүдийн хуулга, “Д блок бригадын санхүүжилтийн тооцоо нийлсэн акт” гэх баримтын эх хувь,
Хариуцагч талаас итгэмжлэл, “Тэнгэрийн гэрэлт цамхаг констракшн” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариу тайлбар, ээс суутгах тооцоо гэх баримт, “Хүлэг ресидэнс Б С блок угсралтын алдаа хар шал /хавсралт 6/”, “Угсралтын зургийн дагуу хананд нүх гаргаагүй ажлын тооцоо /Хавсралт 7/” гэх баримтын эх хувийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 121,719,169 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 32,512,400 төгрөгийн хэмжээгээр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч компанитай 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 3/23 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ажлыг гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлд 326,838,713 төгрөг авахаас 217,869,000 төгрөг авч, үлдэгдэл 108,969,713 төгрөгийг аваагүй. Иймд дээр дурдсан гэрээний 7.3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож 7,300,970 төгрөгийн алданги, үндсэн төлбөр 108,969,713 төгрөгөөс угсралтын ажлын алдаа дутагдлын тооцоо болох 32,512,400 төгрөгийг суутгаж, 89,206,769 төгрөг гаргуулна гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч нь угсралтын ажлын алдаа гаргасан учир зургийн дагуу нүх гаргаагүй, хар шалны цутгалт зөрүү зэрэг тооцоог хасаж тооцох учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Зохигч талуудын хооронд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр *******,*******,******* Нүхтийн зам, 1812 тоот хаягт байрлах “Khuleg residence” хотхоны, давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай бүрэн цутгамал барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх, үүний хөлсөнд нийт 766,220,500 төгрөгийн хөлс төлөх гол нөхцөл бүхий “Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулагдсан. (хавтаст хэргийн 5-10 дахь тал)
4.2.Зохигч талууд дээрх гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар дүгнэж, “Тэнгэрийн гэрэлт цамхаг констракшн” ХХК нь 326,838,713.2 төгрөгийн санхүүжилт олгохоос 217,869,000 төгрөгийн санхүүжилт олгож, үлдэгдэл 108,969,713.2 төгрөг болох талаар тооцоо нийлж, уг үлдэгдэл төлбөрөөс В блокийн угсралтын алдаатай ажлын төлбөрийг суутгахаар тохиролцсон. (хавтаст хэргийн 21 дэх тал)
4.3.Хариуцагч компанийн зүгээс В блокийн угсралтын ажлын явцад зургийн дагуу хананд нүх гаргаагүй, хар шалны алдаа гарсан ба нийт 32,512,400 төгрөгийн ажил дутуу хийгдсэн гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч, уг үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
5.Зохигч талуудын хооронд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-ний гол нөхцөлөөс харахад тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
5.1.Зохигч талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй учир нэхэмжлэгч нь хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй.
6.Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн төлбөл зохих үлдэгдэл төлбөрийг 108,969,713 төгрөг гэж тодорхойлж, үндэслэлээ 2025 оны 01 дүгээр сарын 22-ны байдлаар гэрээг дүгнэсэн актыг хавсаргаж өгсөн боловч хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ нэхэмжлэгчийн хавсаргаж өгсөн тооцоо нийлсэн актад В блокийн угсралтын ажлын алдааны төлбөрийг суутгаагүй дүнг тодорхойлсон ба угсралтын зургийн дагуу хананд нүх гаргаагүйн алдаа дутагдалд 6,762,000 төгрөг, хар шалны цутгалтын зөрүү 25,750,400 төгрөг, нийт 32,512,400 төгрөгийн ажил дутуу хийгдсэн гэж тайлбарласныг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа 32,512,400 төгрөгийн хэмжээгээр багасгасан.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Алтаргана” ХХК-тай тооцоо бүрэн нийлээгүй учир дээр дурдсан 32,512,400 төгрөгийн ажлаас гадна дахин суутгах зүйл байгаа гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй.
Энэ тохиолдолд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
7.Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “…бид нар “Алтаргана” ХХК-тай өнөөдөр холбогдоход яах аргагүй акт байсан нь үнэн гэсэн учраас 32,512,400 төгрөг гэсэн үнийн дүн дээр маргахгүй байна. 32,512,400 төгрөг хасахыг зөвшөөрч байгаа…” гэх тайлбар, тооцоо нийлсэн актад “...тухайн актад тавигдсан төлбөрийг яаж суутгахыг захирлуудтай ярьж шийдэх ба дээрх тооцоо нь акт суутгаагүй дүн болно” гэж дурдсан зэргийг харьцуулан үзэхэд Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж зааснаар хариуцагч компанийг үлдэгдэл төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “...гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрх үүсээгүй байна.
8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компаниас 76,457,313 (108,969,713-32,512,400=76,457,313) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 12,749,456 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 766,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас 540,236 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Тэнгэрийн гэрэлт цамхаг констракшн” ХХК-аас 76,457,313 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 12,749,456 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 766,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Тэнгэрийн гэрэлт цамхаг констракшн” ХХК-аас 540,236 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД