| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0394/Э |
| Дугаар | 442 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндорж |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 442
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч С.Цэрэндорж,,
шүүгдэгч Б.Ш,
хохирогч Б.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Б.Ш яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0078 90388 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Ш
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Б.Шнь 2018 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 9-17 тоотод гэртээ эхнэр Б.Ганцэцэгтэй маргалдсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 06-нд хагас сайн өдөр байсан. Би өглөө ажилдаа явж, орой 20 цагийн үед гэртээ ирсэн. Манай ээжийн төрсөн дүүгийн хүүхэд Сугарболд манайд ирж аав, ээж хоёрт шинэ жилээр уулзаж чадаагүй гэж архи авч өгч уусан байсан. Намайг гэртээ ирэхэд дэлгүүрээс архи, пиво авч өгсөн. Түүнийг ууж дүүгээ эхнэртэй нь цуг таксинд суулгаж өгсөн. Бид хоёр аавын хашаанд гэр барьж амьдардаг. Аав ээж хоёр гэртээ орж, эхнэр бид хоёр гэртээ үлдсэн юм. Налайхад манай хашаа байшин байдаг. Бид хоёр уг байшин хашаагааа зарж байрны урьдчилгаа хийнэ гэж ярьсан. Тэгсэн манай ээж заруулахгүй, та хоёрын мэдлийнх биш гэж бид хоёрт хэлсэн. Тэгээд эхнэр уурлаж маргаан үүссэн. Би уурлахдаа цохиж авсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ганцэцэг мэдүүлэхдээ: Тухайн өдөр ээлжийн ажилтай байж байгаад ажлаасаа чөлөө авч, гадуур явж гэртээ ирэхэд аав, ээж, дүү нартайгаа архи ууж байсан. Аав, ээж гэртээ орж, дүү нь таксинд сууж явсан. Ээж нь манай гэрт буцаж орж ирж Налайхын байшин хашаагаа заруулахгүй гэсэн. Үүнээс болж маргалдсан. Ээж нь Б.Ш хандаж хэлсэн. Ээжийг гарсны дараа бид хоёр маргалдсан. Манай хүүхэд унтаж байсан. Цээжний зөөлөн эдийн гэмтэлтэй. 3 сарын эмчилгээнд явж байгаа. Нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Ганцэцэгийн: ...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхөр Б.Ш нь гэртээ аав, ээж, дүү нартайгаа 0.75 граммын архи уусан байсан. Би орой 10 цагийн орчим ажлаа тараад иртэл уугаад сууж байсан. Орой 00 цагийн орчим согтчихоод агсан тавьж хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд гэнэт гар хүрч зодож эхэлсэн. Цээж дээр гараад хөлөөрөө дэвсэж, үснээс зулгааж газар унагаасан. Зүүн хацар хэсэгт гараараа хүчтэй цохисон. Би хашаанд байх аав, ээж рүү нь гүйн орж хэлсэн. Ш дүү нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч эрүүлжүүлэх байранд хонуулсан. Маргааш нь намайг цагдаагаас дуудсан ба би гомдолтой байгаа учраас цагдаагийн байгууулагад өргөдөл гарган хандаж байна ...гэх мэдүүлэг /хх-н 6 дугаар тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Д.Баттулгын: ...тухайн үед би гэртээ унтаж байсан, ач Оргилбаяр намайг татаж сэрээгээд аав ээжийг зодоод байна гэж хэлсэн. Удалгүй бэр Ганцэцэг манай гэрт орж ирээд Шинэбат намайг зодоод байна гэж хэлэхээр нь цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан. Б.Ш төрсөн дүү охин Оюунчимэг цагдаа дуудаж өгсөн. Удалгүй цагдаа ирээд Б.Ш аваад явсан ...гэх мэдүүлэг / хх-н 43-р тал/
Мөрдөн байцаалтанд Б.Б.Ш яллагдагчаар өгсөн: ...Тухайн өдөр хагас сайн өдөр байсан. Би ажил дээрээ орой болтол ажиллаж байгаад аавынхаа хашаанд байх гэртээ ирсэн. Ажилдаа ойр болох санаатай аав Баттулгын хашаанд буусан байгаа. Нагац эгчийн хүүхэд Сугарболд эхнэр хүүхдийнхээ хамт ирчихсэн манай аав, ээж хоёртой архи ууж байсан. Намайг ирсэн байгааг хараад ахдаа юм авч өгнө гээд гарч дэлгүүр яваад нэг шил архи бас пиво авч ирж өгсөн. Манай гэрт тухайн авч ирсэн архийг аав, ээж, Сугарболд бид дөрөв ууж суусан. Эхнэр 21 цаг 30 минутын үед гаднаас орж ирсэн. 23 цагийн үед Сугарболд эхнэр хүүхдийнхээ хамт явсан. Би гаргаж таксинд тэд нарыг суулгаж өгсөн. Эргээд гэртээ орж ирэхэд ээж, эхнэрийн хамт сууж байсан. Ээж гэр рүүгээ унтлаа гээд орсон. Ээжийг гарсны дараа эхнэр уурлаад байхаар нь яагаад уурлаад байгаа юм бэ гэхэд Налайхад байгаа хашаа байшинг заруулахгүй байна гээд над руу уурлаад танай ээж чинь ямар хаашаа юм гээд уурлаад байсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Зурагтаа авч над руу шидэх гэхээр нь би барьж аваад буцаагаад байранд нь тавьсан. Хашигираад намайг өшиглөөд авахаар нь баруун гараараа эхнэрийг цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 37-41 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 1250 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Ганцэцэгийн биед тархи доргилт, цээж, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй болно.
Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 13 дугаар тал/,
- Шүүгдэгч Б.Б.Ш иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 18 дугаар тал/,
- Шүүгдэгч Б.Шурьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Б.Ш 2018 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 9-17 тоотод гэртээ эхнэр Б.Ганцэцэгтэй маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Б.Б.Ш холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Шнь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 9-17 тоотод гэртээ 2018 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө эхнэр Б.Ганцэцэгтэй маргалдсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Ш ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Б.Ганцэцэг нь 120.000 төгрөгийн хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн боловч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Б.Шбусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 17, 55 дугаар тал/
Шүүгдэгч Б.Б.Ш эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Б.Ш эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Б.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ш 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ш ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ш ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Шад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ш ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ