Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/485

 

                                                      О.А-, Ц.Э- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Бамбадорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-ын өмгөөлөгч П.Наранхүү,

шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,

шүүгдэгч Ц.Э-, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/342 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-, түүний өмгөөлөгч П.Наранхүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор О.А-, Ц.Э- нарт холбогдох 2206020552284 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Х овгийн О-гийн А, 1983 онд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Б” ХХК-д хөдөлмөр аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

2.Х овгийн Ц-гийн Э, 1976 онд Дархан-Уул аймагт төрсөн, 48 настай эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

О.А- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэд хэдэн заалтуудыг, мөн түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “Б” ХХК-ийн барьж буй 13 давхар барилгын бетон зуурмагийн ган хоолойг бэхлэх ажил явагдаж байх үед амь хохирогч У.Д- нь шатны хонгил руу унаж, амь нас нь хохирсон,

Ц.Э- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэд хэдэн заалтуудыг, мөн түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “Б” ХХК-ийн барьж буй 13 давхар барилгын бетон зуурмагийн ган хоолойг бэхлэх ажил хийж байсан амь хохирогч У.Д- нь өндрөөс унаж хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: О.А-, Ц.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.А-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлах ял шийтгэж,

шүүгдэгч Ц.Э-ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлоо холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-, түүний өмгөөлөгч П.Наранхүү нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...О.А-, У.Энхтөр нарын ажилдаа хайнга ханддаг хариуцлагагүй байдлаас болж миний хүү амьдрал эхлүүлэх гэж байсан хорин хэдэн насандаа нас барсан. Хүний амь насыг эрсдэлд унагаачхаад нийгмийн амьдралд хэвийн амьдарч байгаад маш их гомдолтой байна. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөдсөн гэж үзэж байх тул тохиромжтойгоор оногдуулж, хүндрүүлж өгнө үү. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. 

Жич: Даргалагч шүүгч С.Батгэрэл нь хэт нэг талыг бариад байсан нь илт байсан. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б- шүүх хуралдаанд орох байсан боловч сэтгэл санаа нь тогтворгүй байгаа тул оролцож чадаагүй. Тэрээр “Миний хүүгийн амь нас хохирсон байхад хохирол төлбөрийг төлөх талаар ямар ч санаачилга гаргахгүй байгаад гомдолтой байна” гэх байр суурийг илэрхийлсэн. Хангагдаагүй хохирлыг хохирогч иргэний журмаар нэхэмжлэх нь шударга ёсонд нийцэх тул шийтгэх тогтоолын 8 дахь заалтад өөрчлөлт оруулж, иргэний журмаар нэхэмжлэх боломжийг олгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.А- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч О.А-ын өмгөөлөгч С.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч О.А-од ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн түүний эс үйлдэхүй зэргийг харгалзсан. Оролцоогоор нь тогтоосон 14,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Уг хэргийг илрүүлэх, ажил олгогчийг шүүхийн шатанд авчрахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь О.А- байдаг. Ганцхан О.А-ыг уг хэрэгт холбогдуулж 2 удаа яллах дүгнэлт үйлдсэн. Үүн дээр О.А- гомдол, санал гаргаад ажил олгогч буруутай гэдгийг тогтоосноор гэмт хэрэг илрүүлэлтэд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна. 3 дугаар хавтаст хэргийн 126 дахь талд О.А- “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт манай “Б” ХХК барилга барьж байгаа” гэж мэдүүлж, тодорхойлолтуудаа хавсаргасан. Гэтэл шүүх 3 жилийн өмнө барилга барьж байсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр бүсчлэлийг тогтоосон. О.А- нь эхнэр, 2 хүүхдээ тэжээдэг ганц хүн юм. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд зорчих шаардлагатай байдаг тул зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Хан-Уул дүүрэг гэж нэмж өөрчлөлт оруулж өгнө үү. Шийтгэх тогтоолын 8 дахь заалт үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Э- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Ц.Э-ийн өмгөөлөгч Ч.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Э- нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тухайн үед гарсан зардлуудыг төлсөн. Шүүхийн шатанд 27,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Ял хөнгөдсөн гэж үзэхгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нийт 54,093,500 төгрөгийн хохирлын талаарх баримтыг гаргаж өгсөн. Шүүх нотлох баримтын шаардлага хангасан, хангаагүй гэж дүгнэхгүйгээр шууд гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний 40,093,500 төгрөгийг Ц.Э- төлж барагдуулахаар шийдвэрлэж, төлж барагдуулсан. Хохирлыг төлсөн, анхнаасаа гэм буруугаа хүлээсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр түүнд 3 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулсан. Шийтгэх тогтоолд “2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улсын Дээд шүүхээс гаргасан журмын дагуу дээрх хугацаанаас өмнө болсон хэрэг хамаарахгүй” гэж тодорхой дурдсан. Хэрвээ нэхэмжлэх зүйл байвал баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж тусгаж өгсөн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Бамбадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт нотлогдвол зохих нөхцөл байдал, тэр дундаа хохирол, хор уршгийн талаар шалгаж тогтоосон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт тус тусад нь ялгавартай байдлаар ял оноосон. Уг хэрэг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гарсан. Сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоох тухай аргачлал, заавар журам, бусад хууль тогтоомжийн хэрэгжилт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж хэрэгжсэн тул сэтгэцэд учирсан гэм хорыг буюу гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах тухай өмгөөлөгчийн хүсэлтэд шүүхээс хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна.  Гэмт хэрэг 2022 оны 04 дүгээр сард үйлдэгдсэн тул сэтгэцэд учирсан гэм хорыг эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдвэрлэх боломжгүй. Шийтгэх тогтоолын 9 дэх заалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч уг гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх О.А-, Ц.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-ын: “...Гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын эмч нь манай хүү У.Д-ыг “баригдаж буй барилгын 13 давхраас унасан, одоогоор ухаангүй, шокийн байдалтай, эмх замбараагүй үйлдэлтэй, хамаг хувцас нь урагдсан, биеийн ихэнх хэсэг нь шалбарч, зулгарч, зүсэгдсэн шархтай, яаралтай тархины хагалгаанд орох шаардлагатай” гээд мэс засал хийхээр орсон байсан. Шөнийн 00 цагийн орчимд тархины хагалгаанд ороод дууссан гээд эмч нь надтай уулзаж “танай хүү маш хүнд, өнөө шөнө тэсэх үгүй нь мэдэгдэхгүй байна, тархиндаа хүнд гэмтэлтэй болохоор амь насны заалттай байна” гэж хэлсэн. Би хагалгаанаас хойш 6 хоног хүүгээ ухаангүй байхад эмнэлэгт сахисан. Тухайн хугацаанд манай хүүгийн даралт нь унаад, цус алдаад байхаар нь нуруу, уушгинд нь зураг авхуултал нурууных нь том булчин ховхорсон байсан бөгөөд гэмтлийн эмч нар шаардлагатай эмчилгээнүүдийг тухай бүрд нь түргэн шуурхай хийсэн. Гэтэл нуруунаасаа цус алдсанаас болоод бөөрний дутагдалд орж бие нь муудаж 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 10 цаг 10 минутад нас барсан...” (1хх 28- 29),

-гэрч Д.Э-ын: “...Ц.Э- помп жолоодож, түүний удирдлага дор У.Д- бид хоёр туслахын ажил хийдэг. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бид гурав Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны баригдаж буй барилгын дээд давхарт бетон өрдөг барилгын труба угсарч байсан. Уг барилга нь 14 давхар баригдаж буй барилга ба бид 13 давхарт хамгийн сүүлийн трубагаа угсарч байсан. Би дриллээр хана өрөмдөж, бэхэлгээ хийж байхад гэнэт У.Д- 13 давхраас доош барилгын явган хүний шатны арын нарийн завсраар унасан...” (1хх 37-38),

-гэрч Ж.А-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хаалт, хамгаалалтыг манайх тавих ёстой байсан. Тэр үед барилга эхлээгүй байсан, мөн хаалт тавьсан байж байгаад нэвт нүхээр цасыг гаргахгүй бол шатаар хайлж урсаад мөс болж, ажлаа хийхэд маш төвөгтэй болдог тул хаалтыг намар авсан. Барилга дээрх хяналтыг О.А- тавих ёстой. Ц.Э- ажлаа цаг тухайд нь сайн хийдэг хүн байна гээд ажил гүйцэтгэх гэрээг сунгамаар байна гэж хэлсэн...”,

-гэрч Ч.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Аюулгүй байдлыг хангах, тэмдэг тэмдэглэгээ тавих нь хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал хариуцсан ажилтны үүрэг. 2021 оны 09 дүгээр сард Ц.Э- манай компанид ажиллаж байсан. Гэрээгээ сунгаж Ц.Э-тэй 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, 04 дүгээр сарын 07-ны өдөр Б блокт 3 дугаар сарын сүүлээр хийсэн ажлын хөлс 1,350,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлгүүд,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Энхбаярын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1160 дугаар: “...Гавал тархи, цээж, багана нуруу, аарцаг, дээд мөчний хавсарсан гэмтэл, гавлын дагз, 2 талын зулай, чамархай ясны цөмөрсөн нийлмэл хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун 11 дүгээр хавирганы толгойн нурууны хажуугийн шугамаарх зөрөөгүй хугарал, баруун уушгины няцрал, дотор эрхтнүүдийн холбоос дагасан зөөлөн эд дэх цус хуралт, бүсэлхийн 1,2,4 дүгээр нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 2,3,4 дүгээр нугалмын арын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун сүүжний дэлбэнгийн шугаман хугарал, баруун шуу, богтос ясны далд хугарал, цээж, хэвлий, мөчид дэх тархмал зулгаралт, цус хуралт, шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал өндрөөс унах үед үүсгэгдэнэ. Талийгаач У.Д- нь дээрх амь насыг аврах боломж багатай хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ...” (1хх 40-49),

-шинжээч М.Ганбаатар, Б.Чулуунчимэг, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 24-07 дугаар:

1. ...Уг осол нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандарт, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан /N92487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн холбогдох зүйл, заалтууд, аюулгүй ажиллагааны шаардлагууд зөрчигдсөнөөс болсон байна.

2. ... Амь хохирогч нь шатны хонгил руу унаагүй бөгөөд хэргийн газрын үзлэгээр 240х70см хэмжээ бүхий хонгил гэж тэмдэглэсэн нь агааржуулалтын хоолой юм. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө MNS6443:1998 стандартад заасны дагуу “Б” ХХК-ийн ХАБ-ын ажилтан О.А- нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж удирдлагатайгаа зөвшилцсөний үндсэн дээр тэмдэг, тэмдэглэгээг байршуулах үүрэгтэй байсан. Учир нь, дээрх агааржуулалтын хоолой нь осол болох үед үүссэн нүх биш бөгөөд өмнө байсан нүх учир урьдчилан сэргийлэх үүднээс тэмдэг, тэмдэглэгээг байршуулсан байх ёстой байсан.

3. ...2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр захиалагч Ж.А, гүйцэтгэгч Ц.Э- нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна. Тус гэрээний 6.7-д заасны дагуу Ц.Э- нь хөдөлмөр хамгааллыг хариуцаж, ХАБ-ын ажилтныг авч ажиллуулах үүрэгтэй байсан байна.

4. ...Ж.Адарсүрэнтэй ажил гүйцэтгэх гэрээ хийсэн Ц.Э- нь У.Д-ын ажил олгогч юм. Ц.Э- нь хэн нэгэн удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл авалгүй барилгын талбайд нэвтрэн орж ажил үүрэг гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд заасныг зөрчиж, осолдогч У.Д-д нэг бүрийн хамгаалах хэрэгсэл болох өндрийн бүс олгоогүй, өдөр тутмын зааварчилгаа өгөөгүй, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, өөрийн ажилтны аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлээгүй байна.

5. ...Осолдогчийн ажил олгогч Ц.Э- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15.1, 28.1.1, 28.1.8, 28.1.16, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.1, 4.11, 4.12, 4.16, Ж.А-тэй байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 6.7-д заасан үүргээ биелүүлээгүйн улмаас осол гарах болсон байна.

“Б” ХХК-ийн ХАБ-ын ажилтан О.А- нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж удирдлагатайгаа зөвшилцсөний үндсэн дээр аливаа осол гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс тухайн осол гарсан газарт тэмдэг тэмдэглэгээг байршуулах үүрэгтэй.

Мөн Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолын хавсралт Барилгын ажлын захиалагчийн дүрмийн 3.9-д заасныг захиалагч Ж.А, гүйцэтгэгч Ц.Э- нар хамтран хэрэгжүүлж ажиллаагүй байна...” гэх дүгнэлтүүд (2хх 95-99),

-О.А- нь осол аюулаас урьдчилан сэргийлэх тэмдэг, тэмдэглэгээг байршуулах үүргээ биелүүлээгүй талаар мэдүүлсэн шинжээч Б.Чулуунчимэгийн мэдүүлэг (2хх 138-139),

-хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл (1хх 9-21) зэргийг харьцуулан шинжлэн судлахад;

шүүгдэгч О.А- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1, 27.3.2, “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар” БД 12-101-05 дүрмийн 19, Дэд бүтцийн сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.11-т заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас,

шүүгдэгч Ц.Э- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.8, 28.1.16, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 6.2.18, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.1, 4.11, 4.12, 4.9, 4.16-т зааснаар амь хохирогчид тухайн ажлын байрыг хариуцан ажиллуулж байх үедээ анхан шатны зааварчилгаа, мөн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг бичгээр өгч, гарын үсэг зуруулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Б” ХХК-ийн барьж буй 13 давхар барилгын бетон зуурмагийн ган хоолойг бэхлэх ажил хийж байсан У.Д- нь өндрөөс унаж хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримт гэж үзсэн болно.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Захиалагч иргэн Ж.А болон “Б” ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” (1хх 91-97) болон тус компанийн ерөнхий захирал Ж.А-ий 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/20 дугаар “Ажилд томилох тухай” (1хх 88), 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/21 дүгээр “Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай” (1хх 89) тушаалууд зэргээс үзэхэд, “Т” ХХК-ийн захиалан бариулж буй барилгын барилга угсралтын ажлын бүхий л явцад “Б” ХХК-ийн ХАБ-ын ажилтан О.А- нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрэн хангаж ажиллах;

мөн Ж.А, Ц.Э- нарын хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” (1хх 55-57) гэрээний дагуу Ц.Э- нь ажлын талбайд ажиллагсдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй арга хэмжээний бүх арга хэмжээг авч, хэрэгжүүлэх, мөн ХАБ инженерийг заавал ажиллуулах тус тусын үүрэг хүлээсэн этгээдүүд байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба энэ гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд, эдгээр мэдүүлгийг давхар нотолсон шинжээчийн дүгнэлтүүд зэргээр У.Д-ын амь нас хохирсон нь шүүгдэгч Ц.Э-, О.А- нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Ц.Э-, О.А- нарыг дээрх хууль болон захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас буюу болгоомжгүйгээр тус барилгын талбайд ажиллаж байсан У.Д-ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн зүгээс гэм буруугийн талаар маргаж гомдол гаргаагүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-, түүний өмгөөлөгч П.Наранхүү нараас хамтран гаргасан “шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх гомдлыг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба шүүгдэгч О.А- нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээр маргаж оролцсон боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршигт түүний эс үйлдэхүй нөлөөлсөн хэмжээ болон шүүхээс тогтоосон хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж анхан шатны шүүхээс О.А-од 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих хүрээ хязгаарыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосныг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, түүнийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.

Шүүгдэгч нарын үйлдсэн “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх зохицуулалтыг хэрэглэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг зайлшгүй харгалздаг.

Хэдийгээр хүний амь нас хохирсон гэмт хэргийн хор уршгийг арилгах боломжгүй боловч шүүгдэгч Ц.Э- нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээрийн талаар мөрдөгч, прокурор, шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэлд маргаагүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүхээс гаргуулсан 40,093,500 төгрөгийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жил тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэснийг өөрчлөн дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болдог.

Харин хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан бол тэр хугацаанаас эхлэн хуулийг дагаж мөрддөг ба цаг хугацааны хувьд хүчин чадалтай болсон тэр үеэс тухайн зохицуулалтыг хэрэглэж эхэлнэ.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсантай холбогдуулан Иргэний хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлд 511.3, 511.4, 511.5 дахь хэсгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд үүний цаад зорилго нь нийгмийн харилцааны тогтвортой байдлыг хангахад чиглэдэг.

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй тул эдгээр заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэнэ.

Иймд тухайн гэмт хэрэг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үйлдэгдсэн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэмт хорыг мөнгөн хэлбэрээр арилгуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх энэ талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-, түүний өмгөөлөгч П.Наранхүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/342 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-, түүний өмгөөлөгч П.Наранхүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН