Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01176

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01176

 

 

 

 

Д.Батмөнхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/01135 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Батмөнхийн хариуцагч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан гаргасан Нийслэлийн засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт газар олгосон хэсгийг хүчингүй болгосны улмаас учирсан хохиролд 113 672 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Д.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 сарын 15-ны өдрийн 84 дугаарр тогтоолоор Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны баруун талд хүүхдийн тоглоомын талбайн тохижилт бүхий газар доорх авто зогсоол барих төслийн санал асуулга явуулсан. Үүний дагуу холбогдох баримт бичгийг хуулийн дагуу бүрдүүлж, 2015 оны 10 сарын 08-ны өдрийн Нийслэлийн Ерөнхий Төлөвлөлтийн газрын хурлаар дэмжиж 12 сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг Даргын А/933 тоот захирамж гарсан. Төсөлтэй холбоотой бичиг баримт, санхүүгээ бүрдүүлэн 2016 оны 09 сард ажлаа эхлүүлэх гэсэн боловч ашиг сонирхлын зөрчилтэй 3 гэр бүл ажилд саад хийж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар бүтээн байгуулалтын ажил зогссон. 2018 оны 04 сарын 04-ний өдрийн Улсын дээд шүүхийн 152 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын А/933 тоот захирамжийг хүчингүй болгосноор 2015 оноос хойш хийсэн, зарцуулсан ажил алга болсон. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хохирол барагдуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч Нийслэлийн Засаг даргад өөрт нь хандах шаардлагатай гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нийслэлийн Засаг даргад хандсан боловч хуулийн байгууллагад хандах нь зүйтэй гэсэн. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан боловч 2019 оны 10 сарын 11-ний өдөр Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдүүлэх хэрэгтэй гэсэн. Нийслэлийн Засаг даргын А/933 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор уг захирамжийн дагуу бэлдсэн бичиг баримт, эд материалын хохирол нийт 113 672 750 төгрөг болсон. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас уг хэрэгт холбогдох Нийтийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын №84 Авто зогсоол барих, төлөвлөх журам батлах тухай болон 175 дугаар тогтоолуудын лавлагааг авсан боловч Захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэлгүй байсан. Төр захиргааны байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй ажиллаж, нэгнийхээ гаргасан шийдвэрийг нөгөөх нь цуцалдаг, шалгадаггүйн улмаас иргэнийг хохироож байна. Энэхүү төсөлд бүх хүчин чармайлт, цаг хугацаа, эд хөрөнгөө гаргасан боловч ямар ч үр дүнд хүрээгүйгээс гадна эд материалын болон сэтгэл санааны хохиролд орж байна. Төсөл хэрэгжих явцад оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч хэрэгжээгүй. Нийслэлийн Засаг дарга, түүний харъяа байгууллагууд нь 175 дугаар тогтоолыг гаргах байтал 84 дугаар тогтоол гаргасан. Иймд Нийслэлийн Засаг даргаас төслийн ажилд зарцуулсан 113 672 750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Д.Батмөнхөд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар 1 921 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар тохижилт бүхий газар доорх авто зогсоолын зориулалттайгаар олгосон. Уг газарт Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшилийн гудамж, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай 2016 оны 05 сард байгуулсан 01 дугаартай хамтран ажиллах гэрээг үндэслэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 20/1/10 дугаартай архитектурт төлөвлөлтийн даалгавар олгож, загвар зургийг баталсан. Уг газартай холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 18 дугаар байрны иргэд оршин суугчид Захиргааны шүүхэд гомдол гаргасны дагуу захиргааны хэрэг үүсч, улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/933 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам-ын 3.2-т орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд авто зогсоол барих тохиолдолд мэдээлэл бүхий самбарыг барилгажих талбайд 7-оос доошгүй хоног байршуулан оршин суугчдаас бичгээр санал авна гэсэн. Төсөл санаачлагч этгээд нь өөрийн сонгосон талбай дээрээ төсөл хэрэгжүүлэх саналаа иргэдэд танилцуулах зорилгоор самбар байршуулж санал авах талаар тусгасан. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоснод төлөвлөх, барьж байгуулах журам-д санал авах талаар тусгасан зохицуулалтгүй бөгөөд уг хувь саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 4.10-т заасны дагуу тухайн саналаа ирүүлээгүй, өгөөгүй иргэдийн саналыг дэмжсэнд тооцсон. Гэвч Д.Батмөнх өөрийн төслийг танилцуулах, иргэдтэй зөвшилцөж чадаагүйгээс Захиргааны хэргиин шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Д.Батмөнхөд олгосон захиргааны актуудыг хууль, дүрэм журамд нийцүүлж олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нийслэлийн Засаг даргын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн төслийн ажилд зарцуулсан зардлаас нотлогдож байгаа хэсгийг гаргуулах нь зөв гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Нийслэлийн Засаг даргаас 55 129 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 58 543 370 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 726 314 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас тэмдэгтийн хураамж 433 597 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батмөнхөд олгож шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одхүүгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх шийдвэрийнхээ үндэслэлд ... хэрэгт авагдсан баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан хохирлыг гаргуулах бөгөөд иргэн Д.Батмөнхөд учирсан хохирлоос нотлох баримтын шаардлага хангасан холбоотой хэсгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлт гаргасныг харгалзан үзэж 55 129 380 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэсэн. Гэвч нэхэмжлэгчийн АСХС ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр газар доорх авто зогсоолын барилгын иж бүрэн зураг төсөл боловсруулах 25 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу төлбөр төлсөн баримтгүй боловч тухайн зураг төсөлд магадлал хийгдэж баталгаажуулсан мөн нотлох баримтаар хэрэгт эх хувиар ирүүлсэн тул уг зургийн үнэ 25 000 000 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байна гэсэн. Мөн Есөн хангай аудит ХХК-ийн 2019 оны 19/46 дугаар 113 672 750 төгрөгийн үнэлгээ бүхий хараат бус аудиторын тайланг гаргасан бөгөөд уг тайланд төсөл ажилд хамааралтай зардал 85 739 380 төгрөг, хамааралгүй зардал 26 1700 төгрөг, зөрүү 1 763 370 төгрөг, төсөлд хамааралтай 85 739 380 төгрөгөөс төлбөр төлсөн баримттай 30 859 380 төгрөг гэсэн дүгнэлтийг нотлох баримтаар өгсөн боловч тухайн дүгнэлтийг бичмэл нотлох баримтын хүрээнд үнэлж, харин шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй. Дээрх үндэслэлүүдээс харахад шүүх хэрэгт авагдсан баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан хохирлыг гаргуулах гэж дүгнэсэн атлаа төслийн ажлын зургийн хөлсийг гэрээний дагуу төлсөн баримт байхгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг зөрчиж шийдвэр гаргасан. Мөн хариуцагч шүүхэд өгсөн тайлбартаа Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам-д санал авах хувийн талаар тусгасан зохицуулалт байхгүй бөгөөд уг хувь саналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-н 4.10-т заасны дагуу тухайн саналаа ирүүлээгүй, өгөөгүй иргэдийн саналыг дэмжсэнд тооцсон. Гэвч уг асуудал нь иргэн Д.Батмөнх өөрийн төслийг танилцуулах, мөн иргэдтэй зөвшилцөж чадаагүйгээс Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэдгийг тодорхой дурьдсан боловч шүүх уг тайлбарыг үнэлээгүй. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Батмөнх нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт газар олгосон хэсэг хүчингүй болсны улмаас учирсан хохиролд 113 672 750 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ.

1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дугаар захирамжаар батлагдсан Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 1 дүгээр хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтад дурдсан 23 байршилд тохижилт бүхий газар доорх зогсоолын зориулалтаар газар эзэмших эрхийг олгож, уг захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрх олгогдсон байршлуудад холбогдох хууль тогтоомж, журмын дагуу газар эзэмшүүлэх эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг холбогдох байгууллагад даалгажээ.

2. Уг захирамжийн хавсралтаар газар эзэмших эрх олгогдсон байгууллагуудын нэрсийг баталж маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 14 дүгээр байрны баруун талд байрлах 1921 м.кв газрыг тохижилт бүхий газар доорх авто зогсоолын зориулалттайгаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Нэхэмжлэгч Д.Батмөнх нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дээрх захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээг байгуулж, маргаан бүхий газарт өөрийн хөрөнгөөр авто зогсоолын барилга байгууламжийг барьж гүйцэтгэн нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ.

3. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тус газарт барилга угсралтын ажлыг гүйцэтгэх зөвшөөрлийг төсөл хэрэгжүүлэгч нэхэмжлэгч Д.Батмөнхөд олгосон байна. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0864 дугаар шийдвэрээр иргэн М.Амуударъяа нарын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м.кв газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Улмаар Нийслэлийн Засаг даргын А/933 дугаар захирамж хүчингүй болсноор нэхэмжлэгч Д.Батмөнхийн Баянзүрх дүүргийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй байна. /хх11-23, 135-137, 184-196, 188-192/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нийслэлийн Засаг даргын алдаатай бодлого, захирамж мөн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсанаас төсөл хэрэгжээгүй. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын авто зогсоол барих, төлөвлөх тухай журмыг захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг шалтгааны улмаас хохирсон гэж тайлбарласан бол хариуцагч нь актыг хууль, дүрмийн дагуу гаргасан, нэхэмжлэгч танилцуулах ажлыг хийгээгүй, иргэдтэй зөвшилцөж чадаагүйгээс газар эзэмшүүлсэн шийдвэр хүчингүй болсон гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Хуулийн уг зохицуулалтын дагуу гэм хорыг арилгах үүрэг үүссэн эсэхийг тогтоохын тулд нэхэмжлэгчид гэм хор учирсан байдал, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 152 дугаар тогтоолоор ... 14 дүгээр байрны оршин суугчдын саналыг бодитоор үнэлээгүй, оролцоог хангаагүй, бодит байдал дээр санал өгвөл зохих иргэдийн 80 хувь нь дэмжээгүй байхад 14 дүгээр байрны орчны газарт тохижилт бүхий газар доорх авто зогсоолын зориулалтаар олгосон нь хууль болон журамд нийцээгүй ... гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1 921 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Иймд Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахдаа холбогдох хууль болон дүрэм, журмын заалтыг баримтлаагүй буюу хууль бус эс үйлдэл захирамж гаргасанд хариуцагч буруутай болно.

Хэргийн 188-192 дугаар тал дах нэхэмжлэгч Д.Батмөнхийн Баянзүрх дүүргийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний 1.3-т гэрээний зорилгыг биелүүлэх хүртэл гэрээг байгуулах үндэслэл болсон газар эзэмших эрх нь дүүргийн Засаг даргын тамгын газарт хадгалагдана, 3.2.4-т дүүргийн засаг дарга нь авто зогсоол баригдах газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулна гэж заасан. Иймд нэхэмжлэгчийг иргэдтэй зөвшилцөж чадаагүй буруутай гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Нийслэлийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Д.Батмөнхөд эд хөрөнгийн хохирол учирсан шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохиролтой холбоотойгоор хэрэгт ... АСХС ХХК-тай байгуулсан барилгын зураг төсөл боловсруулах гэрээ, харуул хамгаалалт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ, эскиз боловсруулах гэрээ, төлбөрийн баримтууд, кассын орлогын баримт ... зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдоос ирүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн судлагдаж, талуудын харилцан мэтгэлцсэн баримтуудыг, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлттэй харьцуулах замаар хариуцагчаас зураг төслийн үнэ 25 000 000 төгрөг, инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 12 000 000 төгрөг, тэг тэнхлэгийн акт болон тоон мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн санд төлсөн 828 750 төгрөг, эскиз боловсруулах гэрээний дагуу төлсөн 3 300 000 төгрөг, усны техникийн нөхцөлийн үнэ 170 000 төгрөг, АСХС техникийн нөхцөлийн үнэ 165 000 төгрөг, пластик дизайнд төлсөн зургийн үнэ 150 000 төгрөг, бичиг хэргийн зардалд төлсөн 400 000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ. Учир нь нэхэмжлэгч хууль бус захирамжийн үндсэн дээр олгогдсон газар эзэмших эрх бүхий талбайд автозогсоол барих зорилгоор дээрх зардлыг гаргасан болох нь холбогдох гэрээ, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдсон байна. Иймд зураг төслийн ажлын хөлсөнд 25 000 000 төгрөг гаргуулсан талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. /хх51-55, 59-60, 63-64, 66-69, 72-73, 75-76, 78-79, 84-85, 87-88/

Харин хашааны төмрийн үнэд 11 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт нийцээгүй. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төмөр хашааг оршин суугчид эвдсэн гэж тайлбарлаж, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд уг тайлбараа дэмжиж оролцсон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иймд төмөр хашааны үнэ 11 300 000 төгрөгийг гэм хор учруулсан буруутай этгээд нь хариуцах бөгөөд хариуцагчийн үйлдлээр буюу шууд шалтгаант холбоотойгоор учирсан хохирол биш байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 11 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нэхэмжлэгч нь төмөр хашааны үнийг гэм буруутай этгээдээс шаардахад энэхүү магадлал саад болохгүй юм.

Шүүх нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн Есөнхангай аудит ХХК-ийн адиуторын тайланг бичмэл нотлох баримтын хүрээнд үнэлсэн буюу баримт, зохигчдын тайлбартай харьцуулан үнэлсэн байх бөгөөд дангаар нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохоо шийдвэртээ дурьдсаныг буруутгах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/01135 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 55 129 380 гэснийг 43 829 380 гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын 433 597 гэснийг 377 096 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ