Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/00320

 

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/00320

 

 

 

Т.Дашцэрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06716 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Дашцэрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Эрхэс-Одод холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 348 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Анхжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.  

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Дашцэрэн 2015 оны 6 сарын 5-нд Б.Эрхэс-Одтой зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатайгаар 200 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б.Эрхэс-Одын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойн 13130 гудамж 113-10 тоотод байрлах 247 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж Барьцааны гэрээг байгуулсан. Зээлийн гэрээгээр сард 4 хувийн хүү тооцох, зээл төлөх үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.4 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээний 3.2-т мөнгийг дансаар шилжүүлнэ гэж заасны дагуу 2015 оны 6 сарын 5-нд 145 000 000 төгрөгийг Б.Эрхэс-Одын аав Г.Батчулууны Худалдаа Хөгжлийн Банкны 404191503 тоот дансанд, 55 000 000 төгрөгийг Б.Эрхэс-Одын Голомт Банкны 2015101017 тоот дансанд тус тус шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 сарын 5-нд дуусч Б.Эрхэс-Од өнөөдрийг хүртэл зээлээс ямар нэгэн хэмжээний төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн үүрэг 200 000 000 төгрөг, гэрээний 6 сарын хүү 48 000 000 төгрөг, 2015 оны 12 сарын 06-наас 2016 оны 4 сарын 27-ны өдөр хүртэл хугацааны алданги 100 000 000 төгрөг нийт 348 000 000 төгрөгийг Б.Эрхэс-Одоос гаргуулж өгнө үү.

Мөн Барьцааны гэрээний 3.5-д заасны дагуу барьцааны зүйлийг худалдан борлуулж мөнгөн төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Б.Эрхэс-Одоос 348 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Дашцэрэнд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Б.Эрхэс-Од 348 000 000 төгрөгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 13130 гудамж, 113-10 тоотод байршилтай 247 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026631 дугаар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, шийдвэрийн биелэлтийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 897 950 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч Б.Эрхэс-Одоос 1 897 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Дашцэрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан хэлэлцүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна. Хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Амардэлгэр 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 09:00 цагт зарласан бөгөөд тус шүүх хуралдаанд оролцохоор 08:30 цагт ирэхдээ тус хэрэгт холбоотой бүхий л нотлох баримтуудыг (үүнд: мөнгө авсан өгсөн баримт, эрүүгийн хэрэг үүссэн тухай тогтоол, шийдвэрүүд) шүүх хуралдаанд гаргаж өгөхөөр бэлтгэж очиход тус шүүхэд миний бие хариуцагчаар оролцох Ч.Цэдэн-Иш нарын нэхэмжлэлтэй "Жинчин групп" ХХК нарт холбогдох шүүх хуралдааныг 2016.11.22-ны өдрийн 09:00 цагт товлосон болохыг мэдсэн. Энэхүү хуралдаанд би өөрөө зайлшгүй орох шаардлагатай байсан тул С.Амардэлгэр шүүгчийн туслахад хэлэхэд та манай шүүх хуралдаанд оролцох ёстой, харин нөгөө А.Мөнхзул шүүгчийн даргалсан хуралд хүсэлт өгөөд хойшлуулж болно гэж ярихаар нь 09:00 цагт болоход А.Мөнхзул шүүгчийн даргалсан хуралд түрүүлж ороод ...хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт тавиад, 20 мин орчим болсон бөгөөд эргээд гарч ирээд С.Амардэлгэр шүүгчийн хуралд орох гэтэл шүүх хурал эхэлсэн гээд намайг оруулаагүй. ...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар "Шүүх хуралдаанд оролцох, гомдол, хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, хурлыг хойшлуулах, шүүгчээс татгалзах" зэрэг эрхийг эдлэх ёстой гэж бодож байсан. Гэтэл хуралд суулгасангүй бөгөөд миний эрхийг ноцтойгоор зөрчиж амьдралд байхгүй хуулийн заалтыг хэрэглэж миний иргэний эрхийг хөсөрдүүлсэн.

Түүнчлэн Б.Эрхэс-Од нь 200 сая төгрөгийг төлөхгүй гэж ерөөсөө дурсаагүй, авснаа төлөх алдсанаа авах гэсэн зарчмаар нотлох баримт гаргаж, шүүх хуралдаанд оролцож өөрийн тайлбар татгалзлаа илэрхийлэхийг хүссэн. Гэтэл шүүх хуралдаанд авч очсон нотлох баримтууд нь ач холбогдлоо өгсөнгүй. Тухайн зээлийн ард Дашцэрэн холбоотой, 2-20 сая төгрөгийг шагналд авсан асуудал яригддаг. Тухайн үед мөнгө залилуулаад эрүүгийн хэрэг үүссэн гэдэг ноцтой үйлдлүүд байгаа гэдгийг дурдаж өмнөх шүүх хуралдаанд анхааруулж байсан билээ. (Б.Эрхэс-Од залилуулсан)

...Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүх нь хуралд оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь туйлын бүдүүлэг бөгөөд Үндсэн хуулиар олгогдсон өөрийгөө өмгөөлөх эрхийг минь ноцтой зөрчиж, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулсан явдал бөгөөд үүнд миний бие ихээр харамсаж, ихээр гомдож байна. Хуульд заасан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцох, шүүхэд тайлбар мэдүүлэг өгөх, мэтгэлцэх хуульд заасан эрхийг минь эдлүүлээгүй нь иргэний хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн явдал юм гэжээ.

 

 ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Дашцэрэн нь хариуцагч Б.Эрхэс-Одод холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 348 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Т.Дашцэрэн нь зээлдэгч Б.Эрхэс-Одод 200 000 000 төгрөгийг 2015 оны 6 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.4 хувиар алданги тооцохоор тус тус тохиролцсон байна.

Мөн зохигчид дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, Б.Эрхэс-Одын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 13130 гудамж, 113-10 тоотод байршилтай 247 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026631 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

 

Нэхэмжлэгч Т.Дашцэрэн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Б.Эрхэс-Одод 55 000 000 төгрөг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батчулууны дансанд 145 000 000 төгрөг, нийт 200 000 000 төгрөгийг шилжүүлсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийг төлөөгүй тул үндсэн зээл 200 000 000 төгрөгийг, гэрээнд зааснаар хүү, алданги тооцож, нийт 348 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Харин шүүх зээлийн гэрээнд хүүг тохиролцсон хэмжээгээр төлөх буюу талууд тохиролцсон хэмжээгээр хүү төлөх үүргийг хариуцагчаас шаардах эрхийн зохицуулалт болох Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг баримтлаагүй хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэйгээс гадна шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батчулуунд /хх-53/ мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06716 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын ...282.3... гэснийг ...282.1... гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Эрхэс-Од нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 13130 гудамж, 113-10 тоотод байршилтай 247 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026631 дугаар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 897 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ