| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2303002000220 |
| Дугаар | 2025/ДШМ/486 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/486
Ц.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
яллагдагч Ц.Э-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/2230 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар эсэргүүцлээр Ц.Э-д холбогдох 2303002000220 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Ц-гийн Э, 1977 онд Төв аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа тээврийн ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Ц.Э- нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, Баруун турууны замд 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10 цаг 00 минутын орчимд “Daewoo Novus Ultra” загварын ... УБК улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Hyundai Porter” загварын ... ХӨВ улсын дугаартай, “Toyota Crown” загварын ... УБН улсын дугаартай, “Toyota Axio” загварын ... НЕА улсын дугаартай автомашинуудыг мөргөж, улмаар жолооч Н.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Л.Э-ий эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч А.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газар: Ц.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шинжлэх ухаан техникийн их сургуулийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 07/29 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч И.Базаррагчаа, Н.Мөнхзул, А.Эрдэнэтуяа нар нь “Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” олгогдоогүй болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/9306 тоот албан бичгээр тогтоогдсон байна. Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 11.4.1-11.4.6-д заасан хуулийн шаардлагуудыг хангасан шинжээч нарыг дахин томилж дүгнэлтийг гаргуулах нь зүйтэй.
Шинжилгээг шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 10.2-т зааснаар хэрэгт шинжээч нарын тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг авагдаагүй.
Хохирогч А.А-ийн биед дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Энхцолмонгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “З-ийн биед үүссэн гэмтлүүд нь цохих цохигдох механизмаар үүсгэгдэнэ” гэх мэдүүлэг нь ойлгомжгүй байдал үүсгэсэн. Тодруулбал, Зориг гэдэг хүний эрүүл мэндийн талаар андуурч мэдүүлсэн үү, бичиглэлийн алдаа юу гэдгийг тодруулах шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ. Мөн зүйлийн 8.2-т шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд хамаарах этгээдийг хуульчилсан. Механик инженерийн багш нар нь төрийн байгууллагад ажиллаж буй тусгай мэдлэг бүхий этгээд тул тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.3-т хамаарч байгаа бөгөөд шүүхээс зөвхөн тус хуулийн 8.2.2-т заасан шүүхийн шинжилгээний ерөнхий газраас эрх авсан этгээдийг л шинжилгээ хийх этгээд гэж хэт явцуу байдлаар ойлгож хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Тиймээс Механик инженерийн сургуулиас хуульд заасан шаардлагыг хангасан үндэслэл бүхий дүгнэлтийг гаргасан.
Мөн шүүхээс А.А-ийн биед дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Энхцолмон нь З гэдэг хүний эрүүл мэндийн талаар андуурч мэдүүлсэн үү, бичиглэлийн алдаа юу гэдгийг тодруулах шаардлагатай юу гэж үзсэн нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй алдаа биш юм.
Учир нь, мөрдөгч С.Дэмбэрэл нь шинжээч эмч Ц.Энхцолмонгоос асуусан асуултад хохирогч А.А-ийн биед учирсан гэмтлүүд нь ямар хүчин зүйлээс үүсгэгдэх талаар түүний нэрийг дурдаж асуусан, мөн шинжээч хариулахдаа ...зорчигчийн биед үүссэн гэмтлүүд нь... гэж тодорхой бичсэн байхад шүүхээс үүнийг тодруулах шаардлагатай хэмээн үзсэн нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч /Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч/ нарыг оролцуулж, тэдний мэдүүлэгт дүгнэлт хийн, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байтал хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч Ц.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг прокурор, мөрдөгч биелүүлэх ёстой. Магадлалд 2 заалт дурдсан. Механик техникийн сургуулийн багш нарын гаргасан шинжээчийн дүгнэлтэд Механик техникийн сургуулийн тамга, тэмдэг дарагдсан. Үүнийг хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулсан гэж ойлгож байна. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу дүгнэлтийг гаргаагүй. Шүүх шинжилгээний ерөнхий газраас “эдгээр хүмүүс шинжилгээний үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд байна” гэж хэлсэн. Иймд шинжилгээ хийх эрх бүхий этгээдээр шинжээчийн дүгнэлт гаргуулах үндэслэлтэй байна. Мөн хоёр машины алиных нь мөргөсөн үйлдлээс болж гэмтэл авсан болохыг тогтоох боломжгүй гэсэн. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Тээврийн прокурорын газраас яллагдагч Ц.Э-ыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2 дахь заалтуудыг зөрчиж, “Hyundai Porter” загварын ... ХӨВ улсын дугаартай, “Toyota Crown” загварын ... УБН улсын дугаартай, “Toyota Axio” загварын ... НЕА улсын дугаартай автомашинуудыг мөргөж, улмаар жолооч Н.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Л.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч А.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “хэрэгт шинжээч нарын тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт авагдаагүй, мөн хохирогч А.А-ийн биед дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Энхцолмонгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлгийг тодруулах шаардлагатай” гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийж гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн дүүрэн хийж, хүний эрхийг хангах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болно.
Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд ийнхүү нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл ажиллана. Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгоно” гэж хуульчилсан ба мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдийг нэрлэн заасан.
Гэтэл дүгнэлт гаргасан гэх Шинжлэх ухаан техникийн их сургуулийн 3 шинжээчид тусгай зөвшөөрөл олгогдоогүй байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.1, 8.2.3-т заасны дагуу “тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй, мөн төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн” шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд хамаарахаар байна.
Хэргийн онцлог, шинжилгээний төрөл, мэргэжилтний хүртээмж зэргээс шалтгаалж дээрх этгээдүүдээр зарим шинжилгээг хийлгэж болохоор заасан боловч мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу баталсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/232 дугаар тушаалын хавсралтын 33-т “Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоох шинжилгээ”-г шинжилгээний байгууллага хийхээр зохицуулжээ.
Мөн шинжээч нь шинжилгээний үйл ажиллагаанд хараат бус байх зарчмыг баримталж, гагцхүү хуулийн хүрээнд дүгнэлт гаргах үүрэгтэй. Гэтэл төрийн байгууллагад ажиллаж байгаа хүн бүрийг хувийн ашиг сонирхолгүй этгээд гэж үзэхэд учир дутагдалтай болно.
Иймд шүүгчийн захирамжид заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх шаардлагатай бөгөөд түүнийг шалгаж тодруулсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг бүхэлд нь хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/2230 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Яллагдагч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН