Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 378

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

          улсын яллагч Г.Эрдэнэ,

          шүүгдэгч У.Э, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48,

          хохирогч О.Ундрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт У.Эд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0322 20282 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, У.Э

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

У.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны 57 тоот өрөөнөөс хохирогч О.Ундралын найз Д.Хандмаадаа хэрэглүүлж байсан “Эл Жи” маркийн зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Э мэдүүлэхдээ: Ажлаа тараад орой байрандаа орж ирсэн. Тэгэхэд орон дээр хөнжил доороо нуугаад тавьчихсан байсан цүнх маань алга болсон байсан. Би 13 дугаар хороололд байрлах супермаркетад худалдагч хийдэг байсан. Миний цүнх алга болсон тул эд зүйлсээ буцааж олж авч чадахгүй байх гэж бодоод зөөврийн компьютерийг нуучихъя гэж бодсон. Уг зөөврийн компьютер орон дээр байсан. Хамт цагдаад очоод өргөдөл гаргавал олдох байх гэж бодсон. Байрны пункер шиг зүйл дотор нуусан байсан. Маргааш нь үзэхэд байсан ба гаргаж өгөх гэхэд байхгүй болсон байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Ундрал мэдүүлэхдээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

         Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн байцаалтад хохирогч О.Ундралын: …2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ангийн хүүхэд Хандмаа эрдэм шинжилгээний ажлаа бэлдээд өгье гэж хэлээд миний зөөврийн компьютерийг гуйж авсан. Нэг дэх өдөр өгье гэж хэлээд надаас авсан. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр чиний компьютерийг өрөөндөө оруулаад тавьсан чинь алга болчихсон байна, хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Хэлж чадахгүй байж байгаад жоохон удчихлаа гэж хэлж байсан. Яг надаас авч явсан өдрөө хулгайд алдсан гэж хэлж байсан. Хар өнгийн “Эл-Жи” маркын, I3 CPU-тэй, 1.300.000 төгрөгөөр нэг жилийн өмнө худалдаж авч байсан. 1.100.000 төгрөгөөр үнэлнэ. Нэг охин авсан байна гэж хэлж байсан. Би тэр охиныг нь мэдэхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

          Мөрдөн байцаалтанд гэрч Д.Хандмаагийн: …Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 6 дугаар байрны 57 тоот өрөө нь “Чин-Энх” хүнсний дэлгүүрийн худалдагч нарын байрладаг байр юм. 00 цагаас дэлгүүрээ хаагаад тус өрөөнд орж унтаж амардаг. 4 өрөө байр байдаг. Манай өрөөнд 6 ор байдаг. Байнга оршин суудаг нь би өөрөө байсан. Бусад нь ажлаа дуусгаад хоночихоод яваад өгдөг байсан. Сүүлийн үед У.Э байнга тэнд оршин суудаг байсан. Манай ангийн охин Ундралаас би зөөврийн компьютерийг нь гуйж өрөөндөө хэрэглэж байсан. Алга болохоос өмнө гурван хоногийн өмнө авч хэрэглээд байж байсан. Бусад гурван өрөөнд нь манай төв кассны эгч хоёр хүүхэдтэйгээ, нөгөө өрөөнд нэг эхнэр, нөхөр хоёр байрладаг, нөгөө өрөөнд нь манай нэг нутгийн хүүхэд түрээслэн суудаг. Зүүдэг цоожоор өрөөгөө цоожилдог байсан боловч алга болсон байсан. Тэгтэл У.Э хулгайн хэргээ хүлээхэд гаргаж ирсэн. Цоожийг нь надад түлхүүрээ өгөхгүй байна гээд авчихсан байсан. Цагдаад хандсан өдөр У.Э хүргэлтээр манай хажуу өрөөнд юм хүргэж өгөхдөө манай өрөөнд орж миний зөөврийн компьютерийг авсан гэдгээ хэлсэн. Аваад хогийн бункерийн завсарт хавчуулсан гэж байсан боловч хамт үзэхэд байхгүй байсан. Аавтайгаа нийлж шөнө ухаж байгаад гарч ирэхгүй байна гээд явж байсан. Хог ачиж байхад нь харж байсан боловч зөөврийн компьютер гарч ирээгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

          Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Батсайханы: …Би 2017 оны 11 дүгээр сарын 03-ны 00 цагт хамгийн сүүлд ажлаа түгжээд, дохиолол салгаад, ажилчдын амралтын байрандаа орж унтсан. Өглөө нь 09 цагийн орчимд гараад ээж, дүү хоёртойгоо эмнэлэг явсан. Тэр өдрөө аавыгаа сахиж хоноод 04-ний өдөр гэртээ амарсан. 11 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа 08 цагт ирээд У.Эаас Нөүтбүүк, ногоон цүнх алга болсон тухай мэдсэн. Нөүтбүүкний эзэн нь Хандмаа гэх охин бий. У.Э намайг ажилчдын байрнаас хамгийн сүүлд гарсан, гарахдаа авсан байх гэж гүтгэсэн. Би өдий наслахдаа хулгай хийгээгүй, одоо юу гэж хулгай хийх вэ гэж хэлсэн. 11 дүгээр сарын 06-нд ажиллаад буугаад явсан. Тэрнээс хойш хоногийн дараа миний гараанд өдрийг нь сайн санахгүй юм, 06 цаг орчимд У.Э аавтайгаа 6 дугаар байрны 2 дугаар орцны хогийн бункерээс гэрэл тусгаад Нөүтбүүк хайж байсан. Хандмаа надад Нөүтбүүк авсан хүн нь олдсон, У.Э авсан байна, хогийн бункерт нуусан гэж байна гэж хэлсэн. Тийм учраас аавтайгаа бункер ухаж байсан байна лээ. Би алдагдсан мөнгөний талаар мэдэхгүй. Нөүтбүүк, цүнх хоёр алга болсон тухай мэднэ…гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,

  • Шүүгдэгч У.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25-р тал/,
  • Шүүгдэгч У.Эын ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас /хх-ийн 31-р тал/,
  • Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 46-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас У.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны 57 тоот өрөөнөөс хохирогч О.Ундралын найз Д.Хандмаадаа хэрэглүүлж байсан “Эл Жи” маркийн зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт    заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул У.Эд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх  үндэстэй байна.

           Шүүгдэгч У.Э нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны 57 тоот өрөөнөөс 2017 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хохирогч О.Ундралын найз Д.Хандмаадаа хэрэглүүлж байсан “Эл Жи” маркийн зөөврийн компьютерийг нууцаар авсан болох нь хохирогчийн болон өөрөө хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт,  зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.

           Шүүгдэгч У.Эын хулгайлан авсан зөөврийн компьютерийн хохирлыг хохирогч О.Ундралд хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 77-р тал/

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: …энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилсан ба шүүгдэгч У.Энхзул нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт  хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

            Шүүхээс шүүгдэгч У.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хувийн байдал зэрэг  нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж  байна гэж үзлээ.       

            Шүүгдэгч У.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Б овогт У.Эыг бусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д зааснаар Уранчимэгийн У.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

           3.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн  186 дугаар зүйлийн  186.1 дэх хэсэгт зааснаар У.Энхзулын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар У.Эд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, У.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

            7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд У.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шүүхийн шийтгэх тогтоолыг  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол У.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ