Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01332

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01332

 

 

С.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 183/ШШ2018/00364 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол Солонгосын политехникийн коллеж ТБАГУТҮГ-т холбогдох

 

Дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, өмгөөллийн хөлс 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Анхзаяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Батмөнх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч С.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Ганчимэг нь 2014 оны 11 дүгээр сараас Монгол Солонгос политехникийн коллежид хүний нөөц, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаад 2015 оны 7 дугаар сараас тус сургуулийн дэд захирлаар томилогдон ажилласан. Тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн тогтогтоог сайжруулах, сургуульд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зохион байгуулалтыг сайжруулахад гар бие оролцож, байгууллагын ажилтнуудыг нийгмийн асуудалд байнга анхаарч ажиллаж байснаас ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй болно. Өөрийн ажил мэргэжлийн хүрээнд мэдлэг, боловсролоо дээшлүүлэхээр зорилгоор чөлөө хүсэхэд тухайн үеийн удирдлагууд уг хүсэлтийг хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/205 тоот захирлын тушаалаар чөлөө олгосон. Ингээд суралцаж ирээд 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ажилдаа орох гэтэл ажлаас чөлөөлсөн тухай захирлын тушаалыг өгсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 3.1.11, сургуулийн багш, ажилчдаас удаа дараа ирүүлсэн гомдол, шалгалтын тэмдэглэл зэрэг баримтуудыг үндэслэл заасан бөгөөд уг тушаалд дурдсан зөрчлийг гаргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Ганчимэгт багш, ажилчдаас ирсэн гомдол болон Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хийсэн шалгалтын тэмдэглэл зэргийг танилцуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалыг хүлээн авснаас хойш холбогдох хугацааны тооцоо болон ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг олгоогүй. Иймд С.Ганчимэгийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэг өдрийн 46 272 төгрөгөөр тооцож гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Монгол-Солонгосын политехникийн коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэбат, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Намжилмаа нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус сургуулийн дэд захирлаар ажиллаж байсан С.Ганчимэг нь Хөдөлмөрийн гэрээ, дэд захирлын ажлын байрны тодорхойлолтод зааснаар сургуулийн захирлыг төсвийг үр ашигтай зарцуулахад хяналт тавих, сургалт-үйлдвэрлэлийн дадлагыг чанаржуулах замаар төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх, сургуулийн өдөр тутмын ажиллагааг тасралтгүй явуулах нөхцлийг бүрдүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ, чанарын баталгаажуулалт хийх ажлыг төлөвлөх, сургуулийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг шинэчлэн боловсруулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас байгууллагын дотоод үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд ноцтой зөрчил үүсгэсэн нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтын дүн, Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн актууд болон Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн хуулийн хэрэгжилтийг хангуулж, хариуцлага тооцуулах тухай албан бичгүүд зэрэг баримтуудаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 3.1.11 дэх хэсэгт заасны дагуу С.Ганчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ганчимэгийг Монгол Солонгосын политехникийн коллеж Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын Дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол Солонгосын политехникийн коллеж Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12 956 160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ганчимэгт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан С.Ганчимэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Монгол Солонгосын политехникийн коллеж Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ганчимэгийн өмгөөллийн хөлс 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ганчимэг нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид 54 950 төгрөгийг нөхөн гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулж, хариуцагч Монгол Солонгосын политехникийн коллеж Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 222 248 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяа давж заалдах гомдолдоо:

... Шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон атлаа гэм хорын хохиролд нэхэмжилсэн 2 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Ганчимэг нь хууль болон байгууллагын дотоод дүрэм, журам зөрчсөн ямар ч буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй байхдаа халагдсан. Ажил олгогчийн уг үйлдлийг улс төрийн зорилготой гэж үзэж байгаа бөгөөд шинэ захирал гэнэт ирэнгүүтээ гэнэт ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. төр засгаас явуулж буй хэлмэгдүүлэлт мэт энэхүү үйлдлийг таслан зогсоохыг хүссэний улмаас гэм хорын хохиролд өмгөөллийн хөлс гаргуулахаар шаардсан. Уг шаардлагаа нотлохоор хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөллийн хөлс төлсөн баримт зэргийг нотлох баримтаар өгсөн байхад шүүх уг баримтуудыг үнэлээгүй орхигдуулсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд шаардсан 2 500 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Намжилмаа давж заалдах гомдолдоо:

... Миний бие 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хариуцагч байгууллагаас итгэмжлэл авч тус хэрэгт оролцсон бөгөөд хэргийн талаарх ойлголт, маргааны зүйлийн талаар мэдээлэлгүй байхад шүүх хуралдааныг хийсэн. Гэтэл шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ хариуцагч нотлоогүй гэсэн бөгөөд би шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон тул ямар нотлох баримт шаардлагатай талаар мэдээгүй, нотлох баримт гаргаж өгөх боломж байгаагүй болно. Аудитын болон бусад шалгалтаар нэхэмжлэгч зөрчил гаргасан, өөрийн албан тушаалын чиг үүрэгт хамаарах ажил,үүргийг хангалтгүй гүйцэтгэсэн нь тогтоогдсон байхад түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож ажил олгогч байгууллагад бодит хохирол учруулж байна. Мөн нэхэмжлэлд заасан ажилгүй байсан хугацааны олговорт шаардсан цалин, хөлсний хэмжээ нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэг сарын цалингийн 965 000 төгрөгөөс зөрүүтэй байна. С.Ганчимэг нь сургуулийн бүтэц орон тоод байхгүй ажилтан авч ажиллуулан өөрийн авч байсан цалинг үндэслэлгүйгээр өндөр тогтоолгон авч байсан тул уг хэмжээгээр гаргуулах боломжгүй гэж үзэж байна. Хариуцагч байгууллагын захирлаар Т.Оюунбилэг нь сүлжээнээс өндөр цалин хөлс тогтоон цалинжуулж, цалингийн сан хэтрүүлсэн, Төсвийн тухай хууль болон Засгийн газрын тогтоолуудыг зөрчсөн болохыг хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дотоод аудит тогтоон 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03/12-02-02 тоот улсын байцаагчийн актаар үйлдэгдсэн тул цалин хөлсийг төрийн үйлчилгээний сүлжээний жишгээс хэтрүүлэлгүй тогтоох шийдвэр гарч бүх албан тушаалтан болон захирлын цалин хөлсийг сүлжээний жишигт нийцүүлэн бууруулж, дэд захирлын нэг сарын цалинг 718 985 төгрөгөөр тогтоосонтой шүүхийн шийдвэр нийцэхгүй байна. 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн А/06 тоот тушаалын дагуу нийт ажилтан болон дэд захирлын албан тушаалын цалинг бууруулж тогтоосон тул нэхэмжлэгч С.Ганчимэг нь 12 956 160 төгрөгийн цалин авах боломжгүй юм. Анхан шатны шүүх уг асуудлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн бөгөөд надад энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөх боломжийг олгоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Ганчимэг нь Монгол Солонгосын политехникийн коллеж ТБАГУТҮГ-т холбогдуулан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, өмгөөллийн хөлс 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, ...байгууллагын дотоод үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд ноцтой зөрчил үүсгэсэн гэж маргажээ.

Ажил олгогч байгууллага нь нэхэмжлэгч С.Ганчимэгтэй 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Солонгосын политехникийн коллежийн дэд захирлын албан тушаалд ажиллуулахаар гэрээ байгуулсан байна. /хх-ийн 7-9 тал/

 

Монгол Солонгосын политехникийн коллеж ТБАГУТҮГ-т захирлын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/006 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Ганчимэгийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр дэд захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 3.1.11 зэргийг баримталжээ. /хх-ийн 12 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

Гэрээний 3.1.11-д Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажлын байранд архидан согтуурсан, согтуугаар нэвтэрсэн, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүрэг, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг маш хангалтгүй биелүүлсэн, уг зөрчлийн улмаас байгууллагад ноцтой хохирол учирсан бол хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар шууд цуцлана гэж заасан байна.

Ажил олгогч байгууллага нь нэхэмжлэгч С.Ганчимэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 3.1.11-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээ нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

Иймд анхан шатны шүүх ажил олгогч байгууллага хөдөлмөрийн гэрээг цуцалж С.Ганчимэгийг дэд захирлын ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж дүгнэн нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалттай нийцжээ.

Шүүх С.Ганчимэгийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7А-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 12 956 160 төгрөгөөр тооцсоныг буруу гэж үзэхгүй.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэг шаардлагадаа өмгөөллийн хөлсөнд 2 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд уг мөнгийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өмгөөлөгчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдсон байна. /хх-ийн 23, 84 тал/

Нэхэмжлэгч С.Ганчимэгийн эрх зүйн туслалцаа авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох нь түүний эрхийн асуудал учраас өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 500 000 төгрөгийг хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн асуудалтай шууд шалтгаант холбоотой үүссэн хохирол гэж үзэхгүй тул өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн мөнгийг хариуцагч байгууллагаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийн зүйл, заалтыг оновчтой баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт дээрх асуудлаар болон найруулгын хувьд өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтуудыг нэгтгэж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 183/ШШ2018/00364 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг дараах байдлаар өөрчилсүгэй.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ганчимэгийг Монгол Солонгосын политехникийн коллеж ТБАГУТҮГ-ын дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Солонгосын политехникийн коллеж ТБАГУТҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12 956 160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ганчимэгт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Ганчимэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Монгол Солонгосын политехникийн коллеж ТБАГУТҮГ-т даалгаж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ганчимэгийн өмгөөллийн хөлс 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн,

2. шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтыг 2 гэж, 6 дахь заалтыг 3 гэж тус тус дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.Ганчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 900 төгрөг, хариуцагч Монгол Солонгосын политехникийн коллеж ТБАГУТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 248 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Ц.ИЧИНХОРЛОО