Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/00084

 

“Тэнгэр Уул констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/00768 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1893 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Тэнгэр Уул констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “МоЭнКо” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 782 633 873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхмандах, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Түвшинзаяа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарт:2009 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “МоЭнКо” ХХК Зам тээврийн яамтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд өөрийн хөрөнгөөр замын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Үүний дагуу 2009 онд 9 дүгээр сарын 07-ны өдөр “Тэнгэр Уул констракшн” ХХК-тай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Гэхдээ 2009 ондоо ажлаа эхлээгүй, 2010 оны 07 дугаар сараас ажлаа эхлүүлсэн, 2011 онд ажлаа хийгээд явж байсан. Энэ хугацаанд нийт ажлын 60 хувийг хийж гүйцэтгэсэн.Захиалагч тал болох “МоЭнКо” ХХК замын барилгын санхүүжилтийг гүйцэтгэгч тал болох “Тэнгэр Уул констракшн” ХХК-д олгох үүргийг хүлээсэн боловч санхүүжилт хийгээгүйгээс болж ажил зогссон. 967 000 ам.долларын ажлыг гүйцэтгэж гаргасан. 14 хоногийн дотор төлбөр тооцоог манай данс руу хийх заалт гэрээнд тусгагдсан байсан. Санхүүжилт орж ирэх ёстой хугацаа хэтэрснээс болж ажлын бригадыг буулгасан бөгөөд “МоЭнКо” ХХК нь замыг цааш нь үргэлжлүүлж барихгүй, санхүүжилт байхгүй гэсэн. “МоЭнКо” ХХК нь хийж гүйцэтгэсэн ажилд 336 000 000 төгрөгийн төлбөр хийгээд үүнээс хойш огт төлбөр хийгээгүй. Бид жил болгон удаа дараа төлбөрөө төл, хохирлоо гаргуулъя, ажлын хөлсөө авъя гэсэн боловч төлбөрөө төлөхгүй өдийг хүрсэн. Энэ замыг “МоЭнКо” ХХК-ийн захиалгаар бариулсан. “МоЭнКо” ХХК захиалагч компани гэдэг нь нотлогдож байна. Захиалагч, гүйцэтгэгч нар нь тодорхой, төлбөр санхүүжилтийг хийсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэстэй гэж үзэж байна.Зам тээврийн яам нь “МоЭнКо” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсаар байгаа. Энэ гэрээ бүрэн хэрэгжиж дуусаад, асфальт замыг дуусгасан тохиолдолд олох ёстой байсан орлогыг хохиролд тооцон нэхэмжлэх эрхтэй талаар Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд тодорхой заасан. Энэ 5 гэрээг дүгнэж үзэхээр “САС” компанитай байгуулсан гэрээ огт байхгүй. Зам тээврийн яам 337 км авто зам барьж өгөх үүргээ биелүүлээгүй байгаа гэдгийг тайлбарласан. Эднийх өөрсдөдөө ашигтай хэсгээ барьж дуусгасан. Ажил гүйцэтгэх гэрээ, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг үндэслээд “МоЭнКо” ХХК-иас 1 782 633 873 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:“МоЭнКо” ХХК нь “Тэнгэр Уул констракшн” ХХК-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Манай компани 2008 оны 4 дүгээр сараас Ховд аймгийн Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Яарант боомт хүртэл зам барих ажлыг Хятадын 2 компанитай гэрээ байгуулсан. Хятадын Шинжянь гэдэг компаниар замын суурин ажлыг хийлгэсэн. 193.3 км замын суурин ажлыг гүйцэтгүүлсэн. 311 км замын хатуу хучилттай “Хятадын нисэх буудал барилгын групп” компаниар хийлгүүлсэн. 2011 оны 12 дугаар сард замын ажлыг Улсын комисс хүлээж авсан акт нь байгаа.“Тэнгэр Уул констракшн” ХХК-ийн албан бичгийг бид цааш нь манай ажлыг хийж гүйцэтгэсэн компанид өгсөн. Танайхаас авах авлагатай манай компанийн нэрийн өмнөөс “Тэнгэр Уул констракшн” ХХК-д шилжүүлж өгнө үү гэсэн албан бичиг ирсэн. Бид түүний дагуу 335 185 887 төгрөгийг “Тэнгэр Уул констракшн” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Энэ бол ажлын хөлс гэж шилжүүлээгүй. Ажлыг гүйцэтгэсэн Хятадын “Хятадын нисэх буудал барилгын групп” компанийн зөвшөөрсний үндсэн дээр шилжүүлсэн мөнгө юм. Г.Энхбаяр захирал бидний хооронд ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэдгээ мэдэж байгаа. Манай компани Хятадын агаар боомтын ерөнхий компани гэдэг нэг л гүйцэтгэгч компанитай. “Тэнгэр Уул констракшн” ХХК-тай манай компани ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Баримт дээр дарсан тамга бол манай компанийн тамга биш. Гэрээг хуурамчаар үйлдэж өөр компанийн тамга тэмдэг дарж иргэний хэрэг үүсгэж байгааг шүүх анхаарч үзнэ үү.Хэрэгт 4 гэрээ байгаа. 7-9 дүгээр хуудсанд 1 дэх гэрээ, 154 дүгээр хуудсанд 2 дахь, 163 дугаар хуудсанд 3 дахь гэрээ байгаа. 151 дүгээр хуудсанд жинхэнэ гэрээ байгаа. Гэрээнд “Эм Эн Ар Жи” ХХК тамгаа дараад дугаараа бичсэн байгаа. Үүнийг “МоЭнКо” ХХК бичсэн болгоод байгаа юм. Нэг л удаа мөнгө шилжүүлж байсан. Бусад төлбөр “Эм Эр Ар Жи” ХХК-иас шилжсэн байдаг. Үүнээс харахад ямар компанитай харьцдаг вэ гэдэг нь харагдана. Эднийхээс шүүхийн эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийг харьцуулаад харахад хоорондоо өөр өөр байгаа. Эвлэрүүлэн зуучлалд хандсан өргөдлийг харахад эднийх үнэнээрээ бичсэн байдаг. Ажлын төлбөр тооцоог “Эм Эн Ар Ай Жи” ХХК хийхгүй байгаа юм. Хятадын компаниасаа мөнгөө авч чадахгүй байгаа болохоор манайд хандаад, бүр чадахгүй аль ч үгүй болохоор шүүхэд хандаж байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэх ёстой. 2009 онд гэрээний асуудлыг 7 жилийн дараа гаргаж ирээд тавьж байгааг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/00768 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “МоЭнКо” ХХК-иас 1 065 505 858 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Тэнгэр Уул констракшн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 717 128 015 төгрөгт тооцогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 071 120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МоЭнКо” ХХК-иас 5 485 479 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Тэнгэр Уул констракшн” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1892 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/00768 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Тэнгэр Уул констракшн” ХХК болон “МоЭнКо” ХХК-ийн хооронд 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан гэрээнд дарагдсан тамганы асуудлыг хөндөж тавьсан байна. Давж заалдах шатны шүүх хоёр компанийн хооронд гэрээ байгуулагдсан эсэх талаар зохигчид маргасан ба өөр компанийн тамга бүхий гэрээнд хуулийн этгээдийн эрх баригч гарын үсэг зурсан эсэх нь ач холбогдолтой байхад анхан шатны шүүх үүнийг тодруулаагүй нь буруу гэж огт ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Яагаад гэвэл хоёр компани хооронд байгуулагдсан гэрээнд хариуцагч талаас зурсан гарын үсгээ мөн биш гэж маргаагүй харин гэрээнд MNRIG Co.Ltd гэсэн тамга дарагдсаныг далимдуулж байгаа юм. Ийм учраас анхан шатны шүүх “Тэнгэр Уул констракшн” ХХК-тай Хөшөөтийн уурхайгаас-Ярант чиглэлийн 29.2 км авто замын ажлыг гүйцэтгэх гэрээг 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичиг баримтуудаар тогтоогдлоо. Дээрх гэрээнд талууд өөрсдийн хүсэл зорилгоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв гэж дүгнэсэн байдаг.Нөгөө талаар “МоЭнКо” ХХК нь манай компанийн барьж хучилт хийхэд бэлэн болгосон замыг 2012 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд өөрийн уурхайгаас Алтай-Ховд чиглэлийн авто зам хүртэл тээврээ хийж гүйцэтгэж байна. “МоЭнКо” ХХК-ийн ерөнхий захирал, дэд захирал нар нь гэрээ байгуулаад гарын үсгээ зурчихсан байхад тэдний компаниа төлөөлөх эрхтэй эсэхийг тогтоогоогүй гэж хууль бус дүгнэлт хийсний дээр иргэний хуулийн гэрээ хэлцэл нь тамга дарагдсанаар бус гарын үсэг зурснаар баталгааждаг гэдгийг анхаарч үзэлгүй мушгин гуйвуулсан байна....Анх гэрээ байгуулах үед “МоЭнКо” ХХК-ийн ажлын байранд энэхүү гэрээ зурагдаж хүчин төгөлдөр болсон бөгөөд “МоЭнКо” ХХК-иас хариуцаж байсан Г.Нацагдорж, Б.Батням нар нь гарын үсгээ зурж баталгаажуулсан. Мөн “МоЭнКо” ХХК-ийг төлөөлж дээрх нэр бүхий этгээдүүд нь Авто замын газартай зам барих гэрээ байгуулсан байсан нь тогтоогдож байгааг шүүхийн шийдвэр, магадлалд тусч баталгаажсан. Хэрэв Г.Нацагдорж, Б.Батням нарын гарын үсэг баталгаагүй байсан бол “МоЭнКо” ХХК-ийн 2009 онд Авто замын газартай байгуулсан гэрээний дагуу Хөшөөтийн авто зам баригдахгүй байсан мөн “Тэнгэр Уул констракшн” ХХК-тай хийсэн хэлцэл, гэрээний дагуу 60 хувь хүртэлх замын ажил хийгдэхгүй байсан ба өнөөдрийг хүртэл “МоЭнКо” ХХК нь энэ замыг ашиглаж үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж чадахгүй байсан. Энэ бол Г.Нацагдорж, Б.Батням нарын гарын үсэг хүчинтэй гэдгийг “МоЭнКо” ХХК хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байсан хангалттай нотолгоо болно. Тэгээд ч энэ 2 гэрээг салангид авч үзэж нэгийг нь хүлээн зөвшөөрч нөгөөг нь үгүйсгэх хууль зүйн ба логик ямар ч боломжгүй юм.Дунд шатны ажлын тооцооны хуудас гэх баримтанд гүйцэтгэгчээр "Тэнгэр Уул констракшн" ХХК-ийн тамга гарын үсэг байх болон "хятад талын хяналтын инженер буюу захиалагч талын төлөөлөгч гэдэгт ямар байгууллага иргэн оролцсон эдгээр нь хариуцагч “МоЭнКо” ХХК-ийн томилсон эсхүл хамааралтай этгээд мөн эсэх нь тодорхойгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал тооцооны хуудсанд захиалагч талын хэмжилтийн инженер, хяналтын инженерүүд нь бүгд гарын үсэг зурчихсан байгаа бөгөөд энэ хүмүүсийг хариуцагч тал гарын үсэг зурах эрхгүй хүмүүс буюу томилогдоогүй хүмүүсээр гарын үсэг зуруулсан байна гэж анхан шатны шүүх дээр огт маргаагүй.Ер нь “МоЭнКо” ХХК-ийн талаас баригдсан зам бүрийг хэмждэг хяналт тавьдаг инженерүүд гарын үсэг зурсан бөгөөд ганцхан манай ажлын тооцооны хуудсанд эдгээр хүмүүс гарын үсэг зурсан юм биш шүү дээ. Нэхэмжлэгч “Тэнгэр Уул констракшн” ХХК нь 2011 оноос 2015 онд “Авто зам барилгын ажлын тухай”, “шаардлага хүргүүлэх тухай” гэсэн утга бүхий хийсэн ажлын тоо хэмжээ, ажлын хөлсний үнийн дүнг тусгасан албан бичиг мэдэгдлүүдийг хариуцагч “МоЭнКо” ХХК-д хүргүүлж байснаас үзэхэд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүн хэрэгт авагдсан баримтаар бодитой тогтоогдоогүй “Дунд шатны ажлын тооцооны хуудас” гэх баримтаар үүнийг тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “Дунд шатны ажлын тооцооны хуудас” гэх баримтыг ганцхан манай “Тэнгэр Уул констракшн” ХХК үйлддэг юм биш замын бүх компаниуд ийм хуудсаар хийсэн ажлаа баталгаажуулж захиалагч нь үүнийг үндэслэн төлбөр тооцоогоо хийж байдаг баримт юм. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл замын гүйцэтгэсэн ажлыг захиалагч талын төлөөлөгч мэргэжлийн инженерүүд нь хэмжиж, хянаж үзээд ийм ажил хийгдсэн нь үнэн байна, хөлсийг төлөх нь зөв байна гэдгийг баталгаажуулж байгаа баримт бичиг юм.Иймд давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан дунд шатны тооцооны хуудас гэсэн баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадалгүй хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл гаргасан. ...Дээрх бүх үндэслэл баримтуудад тулгуурлан давж заалдах шатны шүүхийн 1893 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 181/ШШ2016/00768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Хариуцагч “МоЭнКо” ХХК нь Авто замын газартай 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 52 тоот “Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ” байгуулснаараа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байна. Энэ гэрээний талаарх харилцааны эрх зүйн үндэслэлийг шүүх хуульд нийцүүлэн тодорхойлж чадаагүй гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч “Тэнгэр Уул констракшн” ХХК-тай дээрх гэрээ хэрхэн хамааралтай болох нь бүрэн тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэнээрээ “МоЭнКо” ХХК нь зам барилгын ажил хариуцсан төслийн ерөнхий зохицуулагч, төсөв санхүүг хуваарилах эрх бүхий толгой компанийн эрх зүйн чадамжийн талаар ямар нэг дүгнээгүй орхижээ. Энэхүү алдаа нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг шүүх тайлбарлахдаа түүний эх сурвалж болсон ажил гүйцэтгэх гэрээнд хамаарагдах 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглээгүйтэй холбоотой гэж үзнэ.“Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ”-гээр Хөшөөтийн уурхайгаас Алтай-Ховдын чиглэлийн төв зам хүртэл 29.2 км зам барилгын ажлыг гүйцэтгэсэн “Тэнгэр Уул констракшн” ХХК-ийн хийсэн ажлыг үгүйсгэсэн тайлбарыг хариуцагч гаргаагүйн дээр баримтаар үгүйсгэж чадаагүй байхад давж заалдах шатны шүүх гэрээ байгуулах эрхтэй эсэх асуудлаар дүгнэлт хийсэн нь маргааны бодит үйл баримтаас зөрүүтэй дүгнэлт болжээ. Тэгсэн атлаа Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелээгүй гэж үзэхээр байна гэж, хариуцагч “МоЭнКо” ХХК-ийг буруутгасан дүгнэлт хийжээ. Энэ нь нэхэмжлэгч “Тэнгэр Уул констракшн” ХХК-ийг зам барилгын ажлыг хийснийг шүүх хүлээн зөвшөөрсөн дүгнэлт бөгөөд үүнийгээ эрх зүйн харилцааны ямар зохицуулалтаар үгүйсгэснээ заагаагүй орхигдуулжээ.Иймд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасны дагуу нэхэмжлэгч “Тэнгэр Уул констракшн” ХХК-д ажлын хөлсийг бүрэн төлөх үүрэг уг ажлын ерөнхий зохицуулагч болох хариуцагч “МоЭнКо” ХХК хүлээсэн болохыг шүүх нягтлан үзээгүй байна. Хариуцагч “МоЭнКо” ХХК нэхэмжлэгч “Тэнгэр Уул констракшн” ХХК-ийг зам барилгын ажил хийснийг хүлээн зөвшөөрч ажлын хөлсөнд 335 185 887 төгрөгийг төлжээ. Энэ үйл баримт нь талуудын хооронд ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний дагуу зам барилгын ажил хийгдсэнийг нотолж байгаа юм. Өөрөөр хэлбэл “МоЭнКо” ХХК ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулсны дагуу бүтээн байгуулалтын ажлыг өөрсдөө гүйцэтгэхгүй, гүйцэтгэгчээр ажлаа хийлгүүлж, байснаас энэхүү маргаан гарах үндэслэл болжээ....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасныг шүүх зөрчсөн байна. Тухайлбал, хэргийн оролцогчдын мэтгэлцээн, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт заасан зарчмыг зөрчжээ. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар аливаа үйл баримт нотлогдсон болон үгүйсгэгдсэн асуудлаар дүгнэлт хийх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар зохигч эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэйгээр мэтгэлцэн оролцдог. Харин шүүх хараат бус хөндлөнгийн байх байр сууринаас талуудыг тэгш эрхтэйгээр оролцуулж мэтгэлцэх боломжоор хангах үүргээ зөрчиж, шинээр нотлох үйл баримт шаардсанаараа мэтгэлцээний агуулгыг зөрчсөн дүгнэлт хийжээ. Мөн анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзээгүй нөхцөлд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх учиртай.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 181/ШШ2016//00768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 1893 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Тэнгэр Уул Констракшн” ХХК нь хариуцагч “Мон Эн Ко” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс буюу гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Хариуцагч “Мон Эн Ко” ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээний харилцаанд ороогүй тул шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч “Тэнгэр Уул Констракшн” ХХК нь 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч “Мон Эн Ко” ХХК-тай ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, Ховд аймгийн Хөшөөтийн Уурхай-Олон булаг-Ярант чиглэлийн 29,2 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2011 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд  гүйцэтгэх, хариуцагч “Мон Эн Ко” ХХК буюу захиалагч нь авто замын барилга угсралтын ажлын 1 км-ийг 220 000 ам.доллараар тооцон, нийт 6 424 000  ам.долларын төлбөрийг 3 хувааж, 2009 онд 30%, 2010 онд 60%, 2011 онд 10%-иар санхүүжүүлэх үүргийг тус тус хүлээжээ \хх-ийн 7-9 дүгээр тал\.

Энэхүү гэрээний оролцогч талууд нь нэг талаас “Тэнгэр Уул Констракшн” ХХК \ажил гүйцэтгэгч\, нөгөө талаас “Мон Эн Ко” ХХК \захиалагч\ оролцсон болох нь гэрээнд тодорхой тусгагджээ. Тухайлбал, гэрээний ерөнхий зүйлд “Нэг талаас “Тэнгэр Уул Констракшн” ХХК-ийг төлөөлж, санхүү хариуцсан захирал Д.Санжаа \цаашид гүйцэтгэгч гэх\ нөгөө талаас “Мон Эн Ко” ХХК-ийг төлөөлж, дэд захирал ажилтай Б.Батням \цаашид захиалагч гэх\ нар \талууд гэх\ Ховд аймаг, Хөшөөтийн уурхай-Олон булаг-Ярант чиглэлийн 29.2 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх зорилгоор дараах нөхцлөөр харилцан тохиролцож, энэхүү гэрээг байгуулав” гэж зааснаас гадна “Захиалагч талыг төлөөлж, “Мон Эн Ко” ХХК-ийн Дэд захирал” гэж Б.Батням, “Батлав. “Мон Эн Ко”-ийн Ерөнхий захирал” гэж Г.Нацагдорж тус тус гарын үсэг зурсан байна. Харин энэхүү гэрээний “батлав” гэх хэсэгт “MNRIG” ХХК-ийн тамга дарагджээ.

Ийнхүү “Тэнгэр Уул Констракшн” ХХК болон “Мон Эн Ко” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнд өөр компанийн тамга дарагдсан үйл баримтыг хариуцагч тал зохигчдын хооронд гэрээ байгуулагдаагүй гэх тайлбарын үндэслэл болгожээ.

Иргэний хуулийн  198 дугаар зүйлийн 198.1., 198.2.-т зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлдог. Дээрх гэрээнд “Мон Эн Ко” ХХК 29,2 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний захиалагчаар оролцож буй нь тодорхой тусгагдсан байх ба уг компанийг гэрээ байгуулаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2.-т зааснаар гэрээг бичгээр  байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцогддог болно. Гэрээг баталгаажуулах зорилготой хуулийн этгээдийн тамга нь гэрээнд тусгагдсан аль нэг талын оролцоог давхар тодорхойлох боловч ийнхүү тамга дарагдаагүй байх нь гэрээ байгуулагдсан үйл баримтыг үгүйсгэхүй болно.

Зохигчдын байгуулсан уг гэрээнд “MNRIG” ХХК-ийн тамга дарагдсан явдал нь гэрээний оролцогч талуудын хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Нөгөө талаар, гэрээ байгуулах үед ийнхүү гэрээ байгуулсан Б.Батням, баталсан Г.Нацагдорж нь “Мон Эн Ко” ХХК болон “MNRIG” ХХК-ийн аль алинийх нь ерөнхий болон дэд захирал мөн байсан талаар талууд маргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх ёстой ба хариуцагч тал Г.Нацагдорж, Б.Батням нарыг “Мон Эн Ко” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй байсныг баримтаар нотлоогүй байна.

Анхан шатны шүүх хэн хэний хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуульд нийцсэн, нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх энэ байдлыг тодруулах шаардлагатай гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Хариуцагч “Мон Эн Ко” ХХК нь 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто Замын Газартай зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулсан байна \хх-ийн 218 дугаар тал\. Уг гэрээний зорилгыг “Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн уурхайн хайгуулын болон ашиглалтын лицензийг 2007 оноос эхлэн “Мон Эн Ко” ХХК эзэмшиж байгаа бөгөөд уг уурхайгаас Ярантын хилийн боомт хүртэл 100-120 тоннын даацтай нүүрс тээвэрлэх зориулалт бүхий хатуу хучилттай шинэ зам тавих шаардлагатай байгаа. Энэ зам нь зөвхөн нүүрс тээврийн зориулалттай биш бусад ачаа, бараа тээвэрлэх, зорчигчид аялах ялангуяа баруун таван аймгийн оршин суугчид хар замаар хилийн боомт руу тав тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх юм. Энэ замын чиглэл трассыг тогтоосон Зам, тээвэр, аялал, жуулчлалын сайдын 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар тушаалыг гэрээ байгуулах үндэслэл болгож байна” гэж тодорхойлжээ. Мөн гэрээнд замын чиглэл, уртыг тогтоохдоо “Хөшөөтийн уурхайгаас Дэтгийн даваа, Барлагийн хавцал, Үенчийн улаан үзүүр, Булган сумын урд орших Цоохор нуурын араар гарч, Дашваанжил уулын араар орон Ярантын заставын ойролцоох Булган голыг гатлан Ярантын боомт хүртэл 307 орчим км, Хөшөөтийн уурхайгаас Алтай-Ховдын чиглэлийн төв зам хүртэл 30 км, нийт 337 км зам барих болно” гэжээ. Энэхүү гэрээнд зааснаар “Мон Эн Ко” ХХК нь өөрийн хөрөнгөөр зам барилгын ажлыг гүйцэтгэх болжээ.

Дээрх байдлаас дүгнэж үзвэл хариуцагч “Мон Эн Ко” ХХК нь замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч болсоны үндсэн дээр нэхэмжлэгч “Тэнгэр Уул Констракшн” ХХК-тай болон өөр бусад этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болдог. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болдог байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто Замын Газартай байгуулсан дээрх гэрээнд “Мон Эн Ко” ХХК-ийг төлөөлж, дэд захирал Б.Батням гарын үсэг зурсанаас гадна гэрээг “Мон Эн Ко” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Нацагдорж баталжээ. Энэхүү гэрээ байгуулагдсан эсэх, түүний хүчин төгөлдөр байдал, гэрээ байгуулсан хүмүүсийн бүрэн эрхийн талаар хариуцагч маргаагүй байна.

Нөгөө талаар, “Эм Эн Эр Ай Жи” \“MNRIG” \ ХХК уг замыг барих эрхийг төрийн захиргааны байгууллагаас авсан, ямар нэг гэрээ, хэлцэл эрх бүхий этгээдтэй байгуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

“Мон Эн Ко” ХХК нь 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-ын “Xinjiang construction road bridge engineering co.ltd” компанитай, “China airport construction group limited” компанитай 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тус тус замын ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан үйл баримтууд нь “Тэнгэр Уул Констракшн” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг үгүйсгэх үндэслэл болохгүй байна \3-р хх-ийн 114-250 дугаар тал\.

Харин нэхэмжлэгч “Тэнгэр Уул Констракшн” ХХК нь 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Эм Эн Ар Ай Жи” ХХК-тай “ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай” нэртэй, “Мон Эн Ко” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний адил, үг үсэг, агуулгын зөрүүгүй гэрээ, мөн 2010 оны 5 дугаар сард “зам, барилга угсралтын ажил гүйцэтгэх ерөнхий” нэртэй гэрээг тус тус байгуулсан нь ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн ач холбогдол бүхий үр дагавар үүсгэх үндэслэл болохгүй болох нь уг гэрээний зүйл, агуулга нь “Мон Эн Ко” ХХК-тай байгуулсан гэрээнээс ялгаагүй байгаагаас гадна зөвхөн санхүүжилттэй холбоотойгоор хийгдсэн гэж үзэхээр байна. Учир нь “Тэнгэр Уул Констракшн” ХХК нь “Агаар боомтын Хятадын Ерөнхий компани”-тай 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Зам, барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай гэрээ” байгуулсан байх ба уг гэрээ нь зөвхөн хятадын талаас санхүүжилт хийх агуулга бүхий баталгаа бичгийн хэлбэртэй хийгджээ. Тухайлбал, энэхүү “гэрээ” нэртэй бичигт “нэг талаас Агаар боомтын Хятадын Ерөнхий компани \цаашид захиалагчийг төлөөлсөн санхүүжүүлэгч гэх\, нөгөө талаас “Тэнгэр Уул Констракшн” ХХК \цаашид гүйцэтгэгч гэх\ нар харилцан тохиролцож, “Эм Эн Ар Ай Жи” ХХК болон “Тэнгэр Уул констракшн” ХХК-ын хооронд 2010 оны 5  дугаар сард байгуулсан ерөнхий гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийн санхүүжилт төлбөр тооцоог түргэн шуурхай болгох зорилгоор энэхүү гэрээг байгуулав” гэж зааснаас гадна гүйцэтгэгчийн дансанд ажлын гүйцэтгэлийн баримт бичгийг үндэслэн төлбөр тооцоог сар бүрийн эцэст саадгүй шилжүүлж байхаар зааснаас өөр эрх, үүрэг тусгагдаагүй байна.

Түүнчлэн, эдгээр гэрээнд “Тэнгэр Уул Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх замын ажлын  захиалагч талыг өөр этгээдээр сольсон гэж үзэх тохиролцоо байхгүй байна.

Хариуцагч “Мон Эн Ко” ХХК нь нэхэмжлэгч “Тэнгэр Уул Констракшн” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан боловч ажил гүйцэтгэгчийн ажлын үр дүн, чанар, гэрээ цуцлагдсан шалтгаан, нөхцөл зэрэг асуудлаар маргаагүй, энэ талаар баримт нотолгоо гаргаж өгөөгүй байх ба ажлын хөлсийн төлөгдсөн хэсгийн талаар талууд маргаагүй байхад давж заалдах шатны шүүх “мэтгэлцээн явагдаагүй” гэж магадлалдаа тусгасан асуудлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгасан нь ойлгомжгүй болжээ.

Зохигчдын хоорондох эрх зүйн маргааны талаар дүгнэлт хийх хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан байх ба анхан шатны шүүх эдгээр баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шийдвэрийн үндэслэлд тусгасан байх ба давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хэмжээнд маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийгээгүй, шийдвэрийг үндэслэлгүй хүчингүй болгосон гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч “Тэнгэр Уул Констракшн” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1893 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/00768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 5 486 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН