Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 136

 

Т.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1098 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1187 дугаар магадлалтай Т.Л-д холбогдох 1806023840573 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 23 ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгиин хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 200,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 1 сар хорих ял,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 936 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 8 жил 6 сар хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 9 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр захирамжаар 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 2 жил 6 сар 9 хоног хорих ял болгож тогтоосон, мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 15 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Т-н Л-.

Т.Л- нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд нэр бүхий 26 хохирогчийг “...оюутан хөтөлбөрт оролцуулна, “АПУ’ ХХК-иас явна ...хөргөгч тавьж өгнө, урьдчилгаа төлбөр төлөх ёстой, ... “АПУ’’ ХХК-ийн гэрээт борлуулагч, худалдааны төлөөлөгч болгож өгнө..., 4 хүүхэд шалгаруулан сургалтын төлбөрийг нь хийж өгнө...” гэх зэргээр хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 31,858,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Л-ийг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Т.Л-д 10 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 9 сар 15 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 10 жил 9 сар 15 хоног хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Л-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Л- гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр байх тул гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг,  6.7 дугаар зүйлийн зарим хэсэгт “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийг өөрийн сайн дураар илчилсэн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ийг хуульчилсан.

Би өөрийн 2018 онд үйлдсэн хэрэгт Цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхан болон давж заалдах шатны шүүх хурал дээр үүнийгээ бүрэн илэрхийлж гэм буруу дээр маргаагүй энэ нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдана.

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол 31,908,500 төгрөгнөөс нэр бүхий 6 хохирогчид 24,390,000 төгрөгийг мөрдөн байцаалтын үед бүрэн төлж барагдуулсан үлдсэн 7,518,500 төгрөгийн хохирлыг нэн даруй төлж барагдуулахаа мөрдөн байцаалтын шатнаас илэрхийлсэн. Мөн өөрийн санаачлагаар хүсэлт гаргаж, гэмт хэргийг илчлэн шалгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдох тул дээрх хуулийн заалтыг хэрэглэх бүрэн үндэслэлтэй байна.

Прокурор ял сонсгохдоо хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин орлогогүйн улмаас хэвийн аж төрөхөд шаардлагатай орлого олох замаар гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл би мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримт болгож “Хаан хүнс импекс” ХХК-нд ажиллаж байсан тодорхойлолтоо гаргаж өгсөөр байтал /5хх 76/ мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдийг зөрчин намайг эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин орлогогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн хэвийн аж төрөхөд хэрэглэж байсан гэж прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 20 хэсэгт заасан ажиллагааг хийж баримт нотолгоог цуглуулахгүйгээр өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн буруугаар ашиглан шүүхийн эцсийн шийдвэрт шууд нөлөөлөх ноцтой алдаа гаргаж миний эрх зүйн байдлыг дордуулсан.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу өөрийн гэмт үйлдлийг зөвөөр зүйлчлүүлж, тохирсон ял шийтгэл оногдуулан хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Т.Л- нь нь өмнө нь 2002 оны Эрүүгиин хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдож, 25 насандаа онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож байсан. 3 сарын хугацаанд эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 31,858,500 төгрөгийн хохирол учруулсан. Шүүх Т.Л-д хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Л-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Т.Л- нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд нэр бүхий 26 хохирогчийг хуурч мэхлэн, тэднийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 31,858,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Л-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Т.Л-ийн үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно. 

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 10 жил хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 9 сар 15 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жил 9 сар 15 хоног хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Л-ийн “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх...” талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1098 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1187 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Л-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН