Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 29

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа би “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн захирал Т.Энхболдын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаартай захирамжийг хүчингүй болгохыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн захирал Т.Энхболд, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга С.Энхтайван нар эвлэрлийн гэрээ байгуулж байх тул хүлээн авч хянаад

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн захирал Т.Энхболд, хариуцагч  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга С.Энхтайван нар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

            Нэг талаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга С.Энхтайван нөгөө талаас “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн захирал Т.Энхболд бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

            “Сөгнөгөр хайрхан” ХХК нь одоогийн олгосон 3500 мкв газар дээрээ нэмж 4225 мкв буюу /65х65/ талбай бүхий “А” зэрэглэлийн инженерийн шугам сүлжээнд ойрхон газрыг авахыг хүсэж хүсэлт гаргасныг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга зөвшөөрч байгаа учраас талууд харилцан тохиролцсон болно.

            “Сөгнөгөр хайрхан” ХХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 тоот захирамжийг хүчингүй болгуулахыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг талууд харилцан тохиролцсоноор шийдвэрлэхээр тохиров гэжээ.

Үндэслэх нь:

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанаас өмнө 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээрх эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасны дагуу хэргийн оролцогч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж гарын үсэг зуран уг хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч, хариуцагч нар нь  нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээд болох Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шийдвэр гүйцэтгэх хэсгийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд талууд эвлэрлийн гэрээнд зааснаар үүргээ биелүүлэх үүрэгтэй ба уг шүүгчийн захирамжийг сайн дураар буюу 14 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелэгдэнэ гэдгийг дурьдах нь зүйтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д  заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, нэхэмжлэгч “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн захирал Т.Энхболд “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаартай захирамжийг хүчингүй болгохыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдуулж үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

ШҮҮГЧ                                   Ж.БУРМАА

                                         Шүүх хуралдааныг хойшлуулах тухай         

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Ж.Бурмаа даргалж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрамыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч  “ Шанддов “ ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

                                                       Тодорхойлох нь :

         Нэхэмжлэгч “Шанддов “ХХК-ийн захирал Б.Болор-эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ :  .

        “Шанддов” ХХК-ийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдааныг  2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийхээр товлон зарласан.

        Манай компаний гэрээт өмгөөлөгч 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд очиж нэхэмжлэл хэрэгтэй танилцах бичиг баримт хүлээлгэн өгөхдөө гадаад улс руу томилолтоор явж байгаагаа хэлж байсан болон манай компани нь заавал өмгөөлөгч Баясгалантай хамт шүүх хуралдаанд оролцох шаардлагатай байгаа, Баясгалан өмгөөлөгч гадаад улс руу явсан гэх шалтгаануудтай учраас шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү гэжээ.

                                                               Үндэслэх нь:

         Нэхэмжлэгч “Шанддов “ ХХК-ийн захирал Б.Болор-эрдэнийн хүсэлтийг шүүх хүлээн авч  шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэж  үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон  

                                           Захирамжлах  нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80  дугаар зүйлийн  80.2-д зааснаар  “Шанддов” ХХК-ийн нэхэмжлэлтэй   Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдох   захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хойшлуулж 2016 оны 11 дугаар сарын  29-ний өдрийн 14 цаг 00 минутанд хийхээр товлосугай.

2. Шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Байгалмаад  даалгасугай.