Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 636

 

                                                                       

 

 

 

 

 

О.Билгүүнд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Г.Цогтгэрэл,

            Шүүгдэгч О.Билгүүний өмгөөлөгч Д.Жаргал,

            Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргалын гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 183 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар эсэргүүцлээр О.Билгүүнд холбогдох эрүүгийн 201625021280 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Оюунгэрэлийн Билгүүн, 1989 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүслэн” салонд ажилладаг, ам бүл 8, эх, хүүхэд, ах, дүү нарын хамт, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81а-19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УП89072564/,

 

О.Билгүүн нь 38-40 долоо хоногтой, нярай хүүхдээ төрмөгц 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81а-19 тоот хашаанд байрлах жорлонд санаатайгаар унагааж, шороогоор булснаас болж нярайн амьсгалын зам гадны биетээр /өтгөн, ялгадсаар/ бөглөрсөний улмаас амьсгалын хурц дутагдалд орж, нярайг бүтэлтэнд оруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Билгүүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Билгүүнийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 206 дугаар яллах дүгнэлтийг үндэслэн шүүхэд шилжүүлэх боломжгүй байна. Яллагдагч О.Билгүүн мөрдөн байцаалтад: “...Тухайн үед би маш их цус алдаад байсан болохоор хүүхдээ зулбачихаж гэж бодсон. ...гэж мэдүүлж байгаа боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 911 тоот дүгнэлтийн “Нярай нь эмэгтэй хүйстэй байна. Нярай нь амьд төрсөн байна. Нярай нь 50 см урттай, 3690 гр жинтэй байна. Нярай 38-40 долоон долоо хоногтой, гүйцэт төрсөн, хэвийн тээлттэй, нярай байна. Нярай ямар нэг ургийн гажиггүй байна. Нярай эмнэлгийн бус нөхцөлд төрсөн байна. Нярай нь А/II/ бүлгийн цустай байна. Нярайн амьсгалын зам гадны биетээр /өтгөн, ялгадсаар/ бөглөрсний улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. Нярайн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй…” гэсэн дүгнэлтээс яллагдагч О.Билгүүнд холбогдох хэргийн хохирогч шинэ төрсөн хүүхэд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нотлохын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11, 5.1.12, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201625021280 дугаар хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн байна.

Иймд яллагдагч О.Билгүүнд холбогдох эрүүгийн 201625021280 дугаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнээд О.Билгүүнд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол О.Билгүүнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, прокурор энэ захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлжээ. Гэвч дээрх хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээд байхгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагч, гэрчийн өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон буюу яллагдагч нь хүүхдийн эцгийн нэр, оршин суух хаяг зэргийг мэдэхгүй гэж мэдүүлдэг тул хохирогчоор тогтоох боломжгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хохирогч болох шаардлага хангасан этгээд байхгүй тул хохирогч болох нас барсан нярай хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдох эрхтэй этгээд байхгүй учраас прокурор нийтийн эрх ашгийг хамгаалах утгаар яллагдагч О.Билгүүний үйлдсэн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагууд байх боловч тэдгээр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээд” болж чадахгүй учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох боломжгүй байна.

Харин яллагдагч О.Билгүүн нь Эрүүгийн хуульд заасан “эх нь нярай хүүхдээ алах” гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон учраас түүнд ял шийтгэл оногдуулах нь зайлшгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид хохирогчоор заавал бие хүн тогтоох боломжгүй, гэмт хэргийн обьект нь хуулиар хамгаалагдсан нийгмийн хэв журам байх гэмт хэргүүд байдаг. Жишээлбэл, авлигын төрлийн хэргүүд байдаг. Энэ гэмт хэрэг ч гэсэн мөн адил нярай хүүхэд гэсэн бие хүний эсрэг үйлдэж байгаа боловч, нярай хүүхдэд түүний эцэг, эхээс өөр хууль ёсны төлөөлөгч байхгүй байдаг. Энэ тохиолдолд эцэг тодорхойгүй, эх нь санаатайгаар алсан яллагдагч болж байхад огт хамааралгүй хуульд заасан хохирогч болох шаардлагыг хангаагүй хэн нэгнийг заавал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болохыг шүүгч шаардаж байгаа нь хуульд заасан үндэслэлгүй байна.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байх тул 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 183 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, О.Билгүүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн…” гэв.

Шүүгдэгч О.Билгүүний өмгөөлөгч Д.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Билгүүн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд мөрдөн байцаалт болон прокурорын шатанд өмгөөлөгч аваагүй байсан. Хэргийн нөхцөл байдалтай танилцахад О.Билгүүн нь төрөх үйл явцыг яаж, ямар байдалд хийсэн нь тодорхойгүй байна. Тэрээр гэртээ эсхүл ариун цэврийн өрөөнд төрсөн эсэх нь тогтоогдоогүй. Өөрийнх нь хэлж байгаачлан ариун цэврийн өрөөнд төрөх боломжтой эсэх нь тодорхойгүй байна. Тухайн төрж буй эхийн биеийн онцлогоос хамаарч их өвдөж төрдөг, өвдөлгүй төрдөг тохиолдлууд байдаг. О.Билгүүнд хүүхдийг алах субъектив санаа зорилго байсан эсэх, хэрэв ариун цэврийн өрөөнд төрсөн бол хүүхдээ аврах боломжтой байсан эсэхийг тогтоох хэрэгтэй. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйл, 80 дугаар зүйлд заасан субъектив санаа зорилго, сэтгэл санааны хямрал зэргийг нарийн тогтоож шалгаагүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоогоогүй тул хэргийг шийдвэрлэх боломжгүй гэсэн заалт нь хууль зүйн үндэслэлтэй байна. О.Билгүүнтэй хамт амьдарч байгаа эх, ах нар нь энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох боломжтой эсэхийг асуусан зүйл байхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмчээс байцаалт авахдаа “Ураг гэмтсэн байсан уу” гэдэгт ач холбогдол өгч тодруулж асуусан болохоос тухайн эмэгтэй төрж байхдаа хүүхдээ аврах боломжтой байсан эсэх талаар ямар ч асуулт асуугаагүй. Үүнийг шүүх хуралдаанаар тодруулах боломжтой гэж байгаа ч яллагдагч нь өөрөө яаж төрсөн тухайгаа тодорхой мэдүүлээгүй байгаа юм. Иймд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

                                                            ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгчийн захирамжид “прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Билгүүнд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нотлохын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11, 5.1.12, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч этгээдийг тогтоогоогүй мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Үүнээс гадна, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийхийн зэрэгцээ дараах ажиллагааг нэмж гүйцэтгэвэл зохино. Үүнд:

 

1. Прокуророос О.Билгүүн нь 38-40 долоо хоногтой нярай хүүхдээ төрмөгц 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81а-19 тоот хашаанд байрлах жорлонд санаатайгаар унагааж, шороогоор булснаас болж нярайн амьсгалын зам гадны биетээр /өтгөн, ялгадсаар/ бөглөрсөний улмаас амьсгалын хурц дутагдалд орж, нярайг бүтэлтэнд оруулж алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтийн “Тэмдэглэх хэсэгт яллагдагчийн овог, эцгийн нэр, нэр, түүний үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана.”, түүнчлэн мөн зүйлийн 218.3 дахь хэсэгт “Тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт тохирох, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай санал… бичнэ” гэж хуульчилжээ.

 

Гэтэл О.Билгүүнд холбогдох хэргийн прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байдлаар яллах дүгнэлт дахин үйлдэх нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Эх нь сэтгэл санааны хүчтэй хямралын үед нярай хүүхдээ төрөх явцад буюу төрмөгц алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

 

Эх нь нярай хүүхдээ алах гэмт хэрэг нь сэдэлтийн хувьд “сэтгэл санааны гүнзгий хямралын үед” уг гэмт хэргийг үйлдсэн байх гэсэн үндсэн нөхцөлтэй бөгөөд О.Билгүүн нь ямар сэтгэл санааны гүнзгий хямралтай байсныг мөрдөн байцаалтын шатанд нэг мөр нарийн шалгаж тогтоох шаардлагатай.

 

Ингэснээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн зорилт, зарчимд нийцэх юм.

 

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа О.Билгүүний гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй байна.

 

Иймд прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: