| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2408000001104 |
| Дугаар | 2025/ДШМ/478 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 13.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/478
2025 04 29 2025/ДШМ/478
Х.Нт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ундрах,
шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч А.Очбадрал,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/490 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Нын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2408000001104 дүгээр хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
***** овгийн Х.Н, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа газар тариалангийн ажил эрхэлдэг, ам бүл *, эцэг, эхийн хамт ************ аймгийн ************** сумын * дугаар баг, Хушаат ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух хаягтай, /РД:**00000000/;
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 422 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснийг Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай магадлалаар 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлсэн,
Шүүгдэгч Х.Н нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр *************** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны *** тоотод оршин суух хохирогч Г.Цын зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, улмаар хохирогчийг орон дээр дарж унагаан хүч хэрэглэн чихэнд нь зүүлттэй байсан алтан ээмгийг болон орных нь хажууд байсан гар утас зэргийг авч, нийт 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Х.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ныг 3 (гурав) сарын хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Нт оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 03 (гурав) жил 03 (гурав) сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 29 (хорин ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Наас 960,000 (есөн зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.Г.Цд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөвөн бамбар, салфетка, цамцны өөдөс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлж барагдуулна. Хохирогч Г.Цд бичгээр илэрхийлсэн болно. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байна. Миний бие нь ам бүл 6-уулаа, 5-14 хүртэл насны 4 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Гэр бүлээ тэжээдэг, гэртээ ганцаараа ажил хөдөлмөр хийдэг. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Шүүгдэгч хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утсыг хүлээлгэж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 сарын хугацаагаар зорчих эрх ял оногдуулсанд тайлбар байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсанд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж шүүгдэгч гомдол гаргасан. Шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Н нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ****************** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны *** тоотод оршин суух хохирогч Г.Цын зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, улмаар хохирогчийг орон дээр дарж унагаан чихэнд нь зүүлттэй байсан алтан ээмгийг болон орны хажууд байсан гар утас зэргийг авч, нийт 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Г.Цын “…2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед … хаалга нүдэхээр нь охин Яыг ирж байна гэж бодоод хаалга онгойлготол үл таних цагаан подволктой, нүүр, нүд, ам нь хавдартай, цагаан подволк нь цус болсон 40 орчим насны эрэгтэй хүн намайг түлхээд шууд жижиг өрөөнд орохоор нь “чи чинь яадаг хүн бэ, гараачээ, юу болж байна” гэхэд “ус хийгээд өг” гэхээр нь шанаганд ус хийж өгөхөд ус уучихаад миний орон дээр сууж байгаад орны гудас сөхөж үзчихээд намайг орон дээр дарж унагааж байгаад чихэндээ зүүсэн алтан ээмгийг минь чихнээс мулталж аваад явсан. Мөн миний гар утас алга болсон байсан. Тухайн хүн тэгээд гараад явсан. …” /хх 7/,
шүүгдэгч Х.Нын яллагдагчаар өгсөн “…Сүхбат ахын гэрт орох гэж яваад 3 давхарт гараад айл андуурсан. … би тухайн айлаас гараад явж байтал миний өмдний халаасанд цагаан өнгийн товчлууртай ногоон өнгийн гар утас байсан. Тэгээд би цааш үл таних хүмүүстэй архи ууж яваад цагдаад баригдсан, … Г.Ц гэх эмээгийн чихэнд нь байсан алтан ээмэг, гар утсыг нь авсан үгүйгээ мэдэхгүй байна. Би тухайн үед согтуу явж байсан. …” /хх 71/ тус тус мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 4401 дугаартай “…хэргийн газрын үзлэгээр хураан авсан хөвөн бамбар, цагаан өнгийн салфетка дээрх нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой Х.Нын ДНХ-ийн тогтоц тохирч байна. …” дүгнэлт /хх 118/,
хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 9-13/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 13, 23-26/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 27-29/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 46-48/, “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 51-55/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 98/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Х.Ныг “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан”, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Х.Нын хохирогч Г.Цын зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч, улмаар хохирогчийг орон дээр дарж унагаан алтан ээмэг, гар утас зэргийг авсны улмаас 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Х.Н “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлж барагдуулна. Хохирогч Г.Цд бичгээр илэрхийлсэн болно. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байна. Миний бие ам бүл 6-уулаа, 5-14 хүртэл насны 4 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. ... Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Гэмт хэргийн улмаас учруусан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн хуулийн нөхцлийн агуулга нь шүүгдэгчийн уг илэрхийлэл бодит байдалтай хэрхэн нийцэж байгаагаар тодорхойлогдох учиртай.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг нь хохирлын дүнтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө өөрт байгаа болон боломжит хугацаанд даруй нөхөн төлөхөө баримтаар нотолсон байхыг ойлгоно.
Хавтаст хэргийн материалаас үзэхэд, шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрээс гарах үр дүн бодит байдалд хэрэгжих боломжтой байх нь түүний заавал биелэгдэх шинжтэй холбоотой байдаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаас 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоосныг өөрчлөн хөнгөрүүлэх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Иймд шүүгдэгч Х.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Х.Нын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 74 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/490 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч Х.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 74 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР