Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 347

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Х.Г,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Сарантуяа,

иргэний хариуцагч Б.Баасанцээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х.Г

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуун овогт Хишигдэлгэрийн Ганзоригт холбогдох эрүүгийн 1803 0000 10068 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Х.Г нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн дунд буудлын орчим “Ариун Тэнгис” төвийн зүүн замд 34-87 ГАА улсын дугаартай “Тоёота Витз /Toyota Vitz/” маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Сарантуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр, 5 сартай С.Аялгуугийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 16 цаг 40 минутын үед Дарь-Эхийн дунд буудалд хойшоо чиглэлтэй явж байсан. Тухайн үед харанхуй болоогүй байсан. Манай тэр зам цагаан зураас нь арилсан зам байдаг. Тэр замаар явж байгаад урд байгаа машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд эсрэг урсгал руу ортол урд машины урдаас хүн гарч ирээд машины хойд крыло хэсгээр мөргөсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Сарантуяа мэдүүлэхдээ: Өмнө нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй. Өөрийн зардлаар авсан эм тарианы мөнгийг нэхэмжилнэ. 1.490.170 төгрөгийг нэхэмжилж байна. Х.Г бэлнээр надад 500.000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад шаардлагатай төлбөрийг төлсөн. Зарим эм тарианы төлбөрийг би өөрөө авсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд заримдаа сэтгэл гаргадаггүй байсан. Хүүхдээ эмнэлэгт үзүүлнэ гэж дуудаж байж ирүүлдэг байсан. Хөл эдгэрч байгаа ч дандаа өвддөг. Хэд хоногийн дараа дахин үзүүлж, рентген зураг авахуулна. Гишгэж явах болоогүй байна гэсэн. Нотариат дээр очоод 450.000 төгрөгөө авах гэсэн ба хүүхдээ эмнэлэгт үзүүлнэ унаа хэрэгтэй байна гэхэд гомдол саналгүй гэж бичиж өг, тэгвэл мөнгө өгнө, тэгэхгүй бол мөнгө өгөхгүй гээд гомдол саналгүй гэж надаар бичүүлсэн. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.

            Талуудын хүсэлтээр  хавтас  хэргээс:

            - Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Сарантуяагийн: …2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 40 минутын орчим гэрээсээ дүү Удаанжаргал, охин Аялгууг тэврээд Дарь-Эхийн дунд буудлын зам дээрээс таксинд суухаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү зам хөндлөн гарч явтал ертөнцийн зүгээр урдаасаа хойд зүг рүү явж байсан суудлын автомашин миний зүүн талаас мөргөх үед тэвэрч явсан хүүхэд гарнаас мултарч газар шидэгдэж унасан болно. 103 ирж охин бид хоёрыг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Энд ирж үзүүлэхэд зүүн хөлийн шагай хугарч гэмтсэн, нарийн тулгуур яс хугарсан байсан. Охин Аялгуугийн биед толгой хавантай гэж гарсан. 2018 оны 01-р сарын 03-нд би хагалгаанд орсон. Зам хөндлөн гарахад урдаас ирж байгаа 2 автомашиныг зам тавьж өгөх үед нь замын гол руу орж нөгөө урсгалыг хартал машин урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Удаанжаргал миний баруун гар талд хойно явж байсан. Явган хүний гарцгүй газраар гарч явсан. Жолооч одоогоор хэдэн төгрөг зарцуулсныг мэдэхгүй байна. Гомдолтой байна…гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

            - Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгчээр Г.Сарантуяагийн: …Миний охин С.Аялгуу нь ослын улмаас тархи бага зэрэг доргилттой. Мөн хавантай гэж эмч хэлсэн. Өөрөөр гэмтэл гайгүй байсан. Би охиныхоо эмчилгээнд баримтаар 500.000 төгрөг зарцуулсан. Уг мөнгийг жолооч өгсөн байгаа. Жолооч мөнгө төгрөг өгөөгүй. Харин өөрөө эм тариа авч өгсөн. Баримт нь жолоочид байгаа. Одоо миний охины биеийн байдал сайн байгаа…гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар тал/,

            - Мөрдөн байцаалтанд гэрч Г.Удаанжаргалын: …Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өглөө гэртээ байж байтал манай төрсөн эгч Г.Сарантуяа, охин Аялгуу /05 сартай эмэгтэй/-н хамт ирсэн. Эгч хүүхдээ надад харуулчихаад хичээлдээ явсан. Өдөр 14 цагийн үед эгч хичээлээсээ ирсэн. Тэгээд эгч манайд байж байгаад орой 16 цагийн орчим гэртээ харихаар манай гэрээс гарсан. Би эгчийг хүүхдийнх нь хамт таксинд суулгаж өгөхөөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн дунд буудал “Ариун Тэнгис” төвийн зүүн талд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй эгч хүүхдээ тэврээд би хажууд нь алхаад зам хөндлөн гартал ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй нэг автомашин урсгал сөрж хурдтай ирж эгчийг мөргөөд ослын газраас нилээд зайтай очоод зогссон. Тэр үед эгч хүүхдээ тэврээд явж байсан учраас мөргүүлэх үедээ тэвэрч явсан охиноо гарнаасаа алдаж өөрөө болон охин нь шидэгдэж зам дээр унасан. Би хэсэг шоокийн байдалд орсон. Тэр үед замын хажуугаар явж байсан танихгүй эгч эгчийн хүүхдийг зам дээрээс аваад замын хажууд тэвэрчихсэн зогсож байсан. Мөн мөргөсөн жолооч гээд нэг залуу алхаж ирсэн. Тэгээд байж байтал түргэн тусламж, цагдаагийн албан хаагч нар ирсэн. Түргэн тусламж ирээд эгчийг хүүхдийнх нь хамт үзээд ГССҮТ рүү авч явсан. Би хэргийн газар цагдаагийн албан хаагч нар болон мөргөсөн жолоочийн хамт хэргийн газрын үзлэг хэмжилт хийхэд нь хараад зогсож байсан. Гадаа байгалийн гэрэлтэй, асфальтан, шулуун, тэгш, гадаа хүйтэн, хуурай, суурингийн доторх, явган хүний гарцгүй, үзэгдэх орчин чөлөөтэй, хайсгүй, хашлагатай, эерэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ зам байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/,

            - Мөрдөн байцаалтанд гэрч Д.Гэрэлмаагийн: …Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 16 цагийн орчим хүүхдээ хичээлээс нь авчихаад гэртээ харихаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн дунд буудал “Ариун Тэнгис” төвийн зүүн талд явж байтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй хүүхэд тэвэрсэн хоёр эмэгтэй зам хөндлөн гарч яваа харагдсан. Тэр үед ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй явж байсан автомашинууд зам тавьж өгөх үед нөгөө хоёр хүн автомашины урдуур гараад ертөнцийн зүгээр хойноосоо урагш явдаг чиглэлд ороод алхаж байтал урдаасаа хойш чиглэлтэй суудлын автомашин их хурдтай урсгал сөрж явж байхдаа хүүхэд тэвэрсэн эмэгтэйг автомашиныхаа хойд крыло хэсгээр мөргөсөн. Тэр үед хүүхэд тэвэрсэн эмэгтэй унахдаа хүүхдээ гарнаасаа алдаад хүүхэд нилээд зайтай газар шидэгдэж унасан. Мөн нөгөө эмэгтэй өөрөө газар унасан. Осол гаргасан жолооч нилээд цаана очиж зогсоод хохирогч дээр ирсэн. Би хохирогчийн хүүхдийг зам дээрээс авч тэврээд байж байтал хохирогчийн ар гэрээс хүмүүс ирсэн. Би хүүхдийг хохирогчийн эгчид өгсөн. Удалгүй түргэн тусламж, цагдаагийн албан хаагч нар ирсэн. Би цагдаагийн албан хаагч нарт гэрийн хаяг, утасны дугаараа тэмдэглүүлээд явчихсан…гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 911 дугаартай дүгнэлтэнд:

            1. Г.Сарантуяагийн биед зүүн тахилзуур яс, шагайн үений гадна, дотор хавчаар ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлий зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар тал/,

          - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 913 дугаартай дүгнэлтэнд:

          1. С.Аялгуугийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          Шинжээч эмч Г.Энхбаатар гэх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар тал/,

          -Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс: …Тус камерын бичлэгийг үзэх явцад 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр камерын бичлэгийн цагаар 16 цаг 30 минут 52 секундэнд ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй саарал өнгийн суудлын автомашины жолооч нь эсрэг урсгалд орж ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй хүүхэд тэвэрсэн эмэгтэй болон түүний хажууд мөн нэг эмэгтэй хүн явган хүний гарцгүй газраар зам хөндлөн алхаж байх бөгөөд Приус-20 маркын цагаан өнгийн суудлын автомашины жолооч зам тавьж өгөх үед явган зорчигч нар нь цааш алхах үед эсрэг урсгалд орсон автомашины жолооч нь хүүхэд тэвэрсэн эмэгтэйг автомашиныхаа баруун хойд крыло хэсгээр шүргэж унагаад ослын газраас 20 орчим метр яваад зогсож ослын гэрэл дохиогоо асаагаад автомашины урд талын баруун гар талын хаалгаар нэг эрэгтэй хүн бууж хохирогчийн зүг гүйж очоод уулзаж  байгаа бичлэг байв…/хх-ийн 18-20 дугаар тал/,

          - 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөгчийн магадлагаанд:

          1. Т.Витц маркын 34-87 ГАА улсын дугаартай автомашины жолооч Хишигдэлгэрийн Ганзориг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

          2. Явган зорчигч Гэрэлбаатарын Сарантуяа /22 настай эмэгтэй/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн байх үндэслэлгүй байна.

          3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.

          4. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 пахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.

          Магадлагаа гаргасан: Ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Энхболд гэх магадлагаа /хх-ийн 74-75 дугаар тал/,

          - Хохирлын баримтууд /хх-ийн 114, 116-120 дугаар тал/,

          - Хохирол төлсөн баримтууд /хх-ийн 115, 121 дүгээр тал/

         - Шүүгдэгч Х.Г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр тал/,

           - Техникийн тодорхойлолт /хх-ийн 94 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

           Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд: Х.Г нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн дунд буудлын орчим “Ариун Тэнгис” төвийн зүүн замд 34-87 ГАА улсын дугаартай “Тоёота Витз /Toyota Vitz/” маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Сарантуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр, 5 сартай С.Аялгуугийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

           Шүүгдэгч Х.Г нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн дунд буудлын орчим “Ариун Тэнгис” төвийн зүүн замд 34-87 ГАА улсын дугаартай “Тоёота Витз /Toyota Vitz/” маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Сарантуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр, 5 сартай С.Аялгуугийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын талаарх камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 Тээврийн Прокурорын газраас Х.Г ийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.

          Шүүгдэгч Х.Г ийн гэм буруугийн болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх үзэв.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар …бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

          Шүүгдэгч  Х.Гнь мөрдөн байцаалтанд хохирогчид 607.226 төгрөгийн туслалцаа үзүүлсэн хохирлын баримт хавтаст хэрэгт авагдсан байна. /хх-ийн 114, 116-120 дугаар тал/

          Шүүгдэгч Х.Г нь хохиролд 500.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Сарантуяад хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 121 дүгээр тал/

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Сарантуяа нь зам тээврийн осолд орсны улмаас түүнийг эх Ш.Нармандах нь асарч, цалин хөлс аваагүй зардал 159.000 төгрөг, эм худалдан авсан төлбөр 32.550+73.100+13.000+12.500+16.000+42.000 265.000+47.300+28.220+38.900, суугаагүй хичээлийн кредит цагийн төлбөр 687.000 төгрөг, нэмэгдэл тэжээлийн төлбөр 55.000 төгрөг, хууль зүйн зөвлөлгөө авсны төлбөр 20.000 төгрөг, нийт 1.490.170 төгрөгийн хохирлын талаарх нотлох баримтуудыг гарган ирүүлснийг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, хохирогчид учирсан гэм хорын хохирол байна гэж үзлээ.

          Иймд хохирогчийн хүсэлтийн дагуу шүүгдэгч Х.Гбэлнээр өгсөн 500.000 төгрөгийг хохирогчийн нэхэмжилж байгаа 1.490.170 төгрөгнөөс хасч тооцоход 990.170 төгрөгийг хохирогч Г.Сарантуяад шүүгдэгч Х.Г төлөх үндэстэй байна.

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Сарантуяа нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

         Шүүгдэгч Х.Г нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний   ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 101 дүгээр тал/

         Шүүгдэгч Х.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 Шүүгдэгч Х.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн болон бусдад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Х.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд  заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Шүүгдэгч Х.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн хор уршгийн байдлыг харгалзан дээрхи хуулийг хэрэглэх боломжтой  гэж үзлээ.

           Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. А овогт Х.Г Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Г 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж  шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Г т оногдуулсан 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Г 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.           

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.    

           6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Х.Г-с /РД:МХ89032214/  990.170 /есөн зуун ерэн мянга нэг зуун далан/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Сарантуяад /РД:РБ96122800/ олгосугай.

            7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Сарантуяа нь цаашид гарах  эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар, Х.Г№1157608 дугаартай жолоочийн үнэмлэхийг Х.Г буцаан олгохоор тус тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

           9. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           10. Шүүхийн шийтгэх тогтоолыг  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ