| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2503000270127 |
| Дугаар | 2025/ДШМ/480 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/480
2025 04 29 2025/ДШМ/480
Х.Эт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Амарзаяа,
шүүгдэгч Х.Эийн өмгөөлөгч О.Алтанчулуу,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаатарын бичсэн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар эсэргүүцлээр Х.Эт холбогдох эрүүгийн 2503000270127 дугаар хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
**** овгийн Х.Э, 1988 оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “********” ХХК-д менежер ажилтай, ам бүл *, нөхөр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, **-** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:**0000000/;
Шүүгдэгч Х.Э нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Блю скай” төвийн зогсоол орох замд 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 цагийн орчим “Тоуоtа Hаrriеr” маркийн**-** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж, 19.5-д “Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө” гэж, мөн дүрмийн 1.2.18-д “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг, Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас Х.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эийг 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй шүүгдэгч Х.Э нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоногтүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ч.Батбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байна.
Харин шүүхээс шүүгдэгч Х.Эт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял оногдуулахгүй орхигдуулсан нь Эрүүгийн хууль буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэхээр байна.
Иймд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн” гэжээ.
Прокурор Т.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах санал гаргасан.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Эийн хувьд гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээрээ маргаагүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулан прокурорын шатанд хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 5.000.000 төгрөгөөр торгуулахаар тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 5.000.000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасахыг орхигдуулсан. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Х.Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг оруулах саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан байх боловч анхан шатны шүүх уг хэргийн үйл баримтыг хянан хэлэлцэж, эрх зүйн дүгнэлт хийхдээ алдаа гаргасны улмаас шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад Х.Э, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нар зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байгаа этгээдэд нэмэгдэл ял заавал оногдуулахаар байна.
Үндсэн ба нэмэгдэл ял нь тус тусдаа өөрийн үүрэг, зорилго, үйлчлэлийн хүрээ, ялгаатай, үр нөлөөлөлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Х.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах нэмэгдэл ял буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулахгүйгээр үндсэн ял буюу торгох ял оногдуулж, шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт нэмэгдэл ялын талаар дүгнэлт хийгээгүй, “Тогтоох” хэсэгт заалгүй орхигдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Х.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ч.Батбаатарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсныг дурдсугай.
2. Шүүгдэгч Х.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР