| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/01079/И |
| Дугаар | 192/ШШ2025/10469 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/10469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, шүүгч Ц.Оюунбилэг, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Я-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: хохиролд 9 569 580 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Иргэдийн төлөөлөгч Б.С*******,
Гэрч Х.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул зохигч талуудын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Я нь хариуцагч И******* ХХК-д холбогдуулан хохиролд 9 569 580 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Н.Я би эмч бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр биеийн байдал муудсан хүн үзэж яваад гарахдаа унаж бэртсэн. Унаж бэртсэнийхээ дараа Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд рентген зураг авхуулахад зүүн дунд чөмөгний яс хугарч, зөрсөн гэж оношлогдсон. Миний бие энэхүү гэмтэл авахаасаа 3 жилийн өмнө өвдөгний үе солиулах хагалгаа хийлгэсэн байсан. Иймээс болзошгүй эрсдэлээс болон олон дахин хагалгаанд ороход нас өндөр учир бие дийлэхгүй байхаас болгоомжлон Монголын хамгийн сайн, найдвартай, олон улсад магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг гэгддэг И******* ХХК буюу И эмнэлэгт хандсан. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр И эмнэлэгт хугарч зөрсөн дунд чөмөгний ясыг эвлүүлж, БНСУ-д үйлдвэрлэгдсэн гэх тетан ялтас төмрөөр хадаж бэхлэх Хагалгааг хийлгэсэн. Тухайн үед тус эмнэлгийн эмч Т******* тетан ялтас төмрийг их магтаж, чанар сайн, дахин хадаас авахаар хагалгаа хийх шаардлагагүй хэмээн ихэд магтаж байсан. Хагалгааны дараа Н.Я миний шарх эдгэж, 14 дэх хоногтоо оёдлоо авхуулсан. Танай эмнэлгээс өгсөн зааварчилгааг нэг бүрчлэн дагаж 45 хоног хэвтрийн Дэглэм сахисан. Миний бие өөрөө эмч учраас нөхөн сэргээх дасгал хөдөлгөөнийг зааврын дагуу байнга хийж байсан. Гэтэл хагалгааны дараах 63 дахь хоног дээр гэнэт зүүн хөл хүчтэй өвдөж, гишгэж болохгүй эмзэглэл, зовуурьтай болж рентген зураг авхуулахад хадсан тетан ялтас төмөр том шрупний нүхээр ястайгаа хугарсан байсан. Ийм учраас зүүн хөлдөө шохойтой аравч тавиулан 15 хоног байж байгаад, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хугарсан ялтас /тетан төмөр/-ыг авч өөр төмрөөр хадаж ясыг бэхлэх хагалгаа хийлгэсэн. Н.Я би Монголын хамгийн сайн эмнэлэг гэгдэх И эмнэлэгт итгэж өндөр төлбөртэй хагалгаанд орсон байтал чанар муутай тетан төмрөөр хадаж бэхэлсний улмаас дахин хагалгаанд орох шаардлага тулгарсан учраас дахиж энэ эмнэлэгт итгэж хагалгаа хийлгэх боломжгүй байсан. Иймээс улсын эмнэлэгт буюу Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хагалгаанд орсон. Би И эмнэлгийн хагалгаа, үйлчилгээний зардалд 9 569 580 төгрөг төлсөн. Миний зүгээс танай эмнэлэгт ийм чанар муутай тетан ялтас төмрөөр хадаж, өндөр настай намайг дахин дахин хагалгаанд орох шаардлагатай болгосонд маш их гомдолтой байгаа бөгөөд эмчилгээ, хагалгааны төлбөрт төлсөн 9 569 580 төгрөгөө хохиролд тооцож И эмнэлгээс буцаан гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд хариуцагч И******* ХХК буюу И эмнэлгээс гэм хорын хохиролд тооцон эмнэлгийн хагалгаа, үйлчилгээний зардалд төлсөн 9 569 580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Я нь унаж бэртээд рентген зураг авхуулахад дунд чөмөгний яс хугарсан гэж гарсан. Тиймээс Интермэд эмнэлэгт хандаж, 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дунд чөмөгний ясыг титан төмрөөр хадаж бэхлэх ажиллагаа хийлгэсэн. Хагалгааны дараа 14 хоногийн дараа шархаа эдгэсэн. Гэтэл хагалгааны 63 хоног дээр хөл хөдөлж чадахгүй болоход титантай хамт яс хугарсан байсан. Тиймээс Гэмтэл согогийн үндэсний төвд хагалгаанд орж титаныг авхуулж, төмрөөр ясыг бэхэлсэн юм. Интермэд эмнэлэгт хагалгаа хийлгэсэн боловч хийсэн хагалгаа нь үр дүнгүй, тавьсан тетан нь хугарсан, анх хагалгааны дараа эрсдлийн талаар сануулаагүй, мөн эмнэлгээс өгсөн зааврыг дагаж байхад дахин хугарч бие махбодийн болон сэтгэл санааны хохирол амсаж, дахин дахин хагалгаанд орох эрсдлийг бий болгосон. Иймд эмчилгээ, хагалгааны төлбөрт 9 569 580 төгрөгийг төлж хохирсон тул уг мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, дараагийн удаагийн хагалгаатай холбоотой зардлыг бол нэхэмжлээгүй юм шүү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй эвлэрэх талаар ярилцсан, гэхдээ мөнгийг биш эмнэлгийн үйлчилгээг санал болгосон боловч өөрөө зөвшөөрөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчид хийгдсэн титан болон эмчилгээ нь шаардлага хангасан, мөн бид зөвшөөрөлтэй оруулж ирсэн газраар нь авдаг, цөөн буюу үйлдвэрийн гологдолтой байж магадгүй гээд хардаад байгаа. Энэ талаар шинжээчээс асуухад тусгагдсан байсан. Мэс ажилбарын талаар шинжээч нар дүгнэлтээ тайлбарласан байсан. Манай эмнэлгийн зүгээс хагалгааг хийгээд нэхэмжлэгч, болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс дахин үзүүлэх зөвлөмж өгөөд гаргасан, эмийн эмчилгээгээр бороолох эсэхийг тогтоох ёстой. Гэтэл зөвлөмж өгөөгүй байхад дур мэдэн нэхэмжлэгч өөрөө дасгал хөдөлгөөн хийсэн нь титан хугарахад хүргэж, титан хугарсан гэж үзэж байна. Өмнө нь дасгал хийсэн нь ийм нөхцөл байдалд хүргэсэн гэж үзээд байна, манайхаас буюу эмнэлгээс дасгал хөдөлгөөн хийнэ гэсэн ямар ч зөвлөгөө, зөвлөмж өгөөгүй гэв.
3.Иргэдийн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал буюу Н.Я гуай нь мэс ажилбарын дараа хэвтрийн дэглэм сахиж байх хугацаанд дасгал хөдөлгөөн дур мэдэн хийсэн байх өндөр магадлалтай юм. Өөрөө эмч гэдэг утгаараа сэргээн засах хөдөлгөөн хийсэн гэж дурдсан байсан. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй бол ядаж үйлчилгээний хөлсөө хасаад бусад төлбөрийг нөхөн олговол зохилтой гэж бодож байна гэв.
4.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн баримт, гэрэл зураг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэл, Эмнэлэгээс гарах шилжих үеийн эпикриз, Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, 2019.11.07-ны өдрийн Гэмтэлийн мэс заслын багаж, тоног төхөөрөмж худалдан авах гэрээ, хавсралт, И******* ХХК-ийн худалдан авалтын захиалгын баримт, И******* ХХК-ийн 2023.03.27-ны өдрийн 01/114 тоот мэдээлэл хүсэх тухай албан бичиг, Агьфарма ХХК-ийн 2023.03.28-ны өдрийн 03/01 тоот мэдээлэл танилцуулах албан бичиг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр И******* ХХК-ийн эмнэлэгийн удирдлагын системд байрлах, 262045 дугаартай Н.Ягийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тэмдэглэлд үзлэг хийж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан, 2025.04.29-ний өдрийн 78/2025 тоот Гэмтэл согог судлалын үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт, шинжээч И.Г*******, Д.Батсүх нараас дүгнэлтийг нь тайлбарлуулж, тавьсан асуултад хариулсан тэмдэглэлийн хэрэгт хавсаргасан, гэрчээр Х.Эыг дуудаж, мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь И******* ХХК-д холбогдуулан хугарч зөрсөн дунд чөмөгний ясыг эвлүүлж, титан ялтас хадаж бэхлэх хагалгааг хийсэн боловч хийсэн хагалгаа нь амжилтгүй болж хийсэн титан ялтас нь хугарч дахин хагалгаа хийлгэж хохирсон, өндөр настай хүний хувьд биеийн эрүүл мэндийн байдалд муугаар нөлөөлсөн тул хагалгаа, эмчилгээний төлбөрт шилжүүлсэн 9 569 580 төгрөгийн хохирол учирсан гэж шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Яд олон улсын IOS13485:2016 метал яс бэхлэх хавтан, шураг боловсруулах үйлдвэрлэх стандартыг хангасан дунд чөмөгний яс бэхлэгч титан хавтанг суулгах мэс ажиллагаа хийсэн, хагалгааны дараах шинжилгээ оношилгоогоор хагалгаа амжилттай болсон, нэхэмжлэгчид эмчилгээний цогц заавар өгсөн боловч зааврыг дагаагүй дасгал хөдөлгөөн хийсний улмаас титан ялтас хугарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Н.Я нь хариуцагч И******* ХХК-д 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж, 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Open reduction and internal fixation for left femur буюу зүүн дунд чөмөгний хугарлыг ил аргаар бэхлэх хагалгаа хийлгэсэн болох нь зохигч талуудын тайлбар, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэл, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз, үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаар тус тус тогтоогдож байна.
5.Талууд титан суулгах хагалгаа хийсэн, хагалгааны төлбөрт 9 569 580 төгрөг төлөгдсөн талаар маргаагүй, хохирол учрахад буюу титан хугарахад хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн эсэх талаар маргаж байна.
6.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар шаардлагаа тодорхойлж, хариуцагч нь титан ялтас суулгах хагалгааг хамгийн сайн хагалгаа, дахин хадаас авах хагалгааг хийх шаардлагагүй гэж тайлбарлаад хагалгаа хийсэн боловч 63 дахь хоног дээрээр суулгасан титан ялтас нь хугарч эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирол учирсан тул чанарын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй титан суулгасан, эмчилгээ хагалгааны эрсдэл, үр дагаврыг үнэн зөв тайлбарлаагүй буруутай үйлдлээс дахин хагалгаа хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, Гэмтэл согогийн үндэсний төвийн эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдоно гэсэн.
6.1.Хариуцагч нь нэхэмжлэгчид хугарлыг ил аргаар бэхлэх хагалгаа хагалгааг зохих ёсоор хийсэн, дунд чөмөгний титан ялтас, яс хугарсан нь эмнэлэгийн байгууллагын буруутай үйлдэл нөлөөлөөгүй, эмчилгээ хагалгааны эрсдэл, суулгацын талаар заавал тайлбарлах шаардлагагүй, эмнэлэгээс гарах үеийн үзлэгийн баримтаар хагалгааны дараах шарх эдгэж, эмнэлэгээс гарсан бөгөөд эмнэлэгийн зүгээс цогц зөвлөмж өгсөн боловч уг зөвлөмжийг баримтлаагүй дасгал хөдөлгөөн хийсний улмаас титан ялтас хугарсан болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын тайлбараар тогтоогдоно гэж мэтгэлцсэн.
6.2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан.
6.3.Хэрэгт авагдсан Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтэд “…олон улсын АО trauma surgery guideline баримтлан мэс засал хийгдсэн байна. Олон улсад хэрэглэдэг түгжээт ялтас шургаар хугарлыг бэхэлсэн байна. Нэхэмжлэгч нь өмнө нь хугаралтай хөлөндөө өвдөгний үеийг бүрэн хиймэл үеэр солих мэс засалд орсон байсан нь дээрх мэс заслын аргыг сонгоход хүргэсэн гэж үзэж байна. Дээрх хугарлыг ил аргаар эвлүүлж ялтас шургаар бэхлэх нь төгс мэс заслын нэг арга мөн” гэсэн байх бөгөөд шинжээч эмч С.С, И.Г******* нар шинжээчийн дүгнэлтийг тайлбарлахдаа шинжээч И.Г******* “...ялтас хугарсан, хугархай ясан дээр тавьсан ялтас хугарсан байна. 62 хоног дээр ялтас бүрэн бороолоогүй байгаа үеийн хугарал, 2 жил болж байж ясны түвшинд ачаалал даах чадвартай болно”, шинжээч С.С “...бид нар техникийн шинжлэх ухааны хүмүүс биш. Хамгийн сайн металл, шаардлага хангаж байгаа үгүйг мэдэхгүй байна. Титан хугардаг уу гэвэл хугардаг, үндсэн яс бороолж байгаа. Эсрэг хүч үйлчлээд титан хугарах боломжтой” гэсэн.
6.4.Мөн хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн И ХХК болон Агьфарма ХХК-ийн хооронд байгуулагдсан Гэмтэлийн мэс заслын багаж, тоног төхөөрөмж худалдан авах гэрээ, Агьфарма ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Мэдээлэл танилцуулах нь” гэх албан бичгээр нэхэмжлэгчид суулгасан титан ялтасыг чанарын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
7.Харин хариуцагчаас нэхэмжлэгчийг нөхөн сэргээх дасгал хөдөлгөөнийг зааврын дагуу байнга хийж байсан гэдэг нь хэвтрийн дэглэм сахисан 45 хоногтоо хийсэн эсэх эсхүл түүнээс хойш хийсэн эсэх нь тодорхойгүй, эмнэлгийн эмчийн зүгээс үйлчлүүлэгчид 45 хоног зөвхөн хэвтрийн дэглэм сахихаас гадна хөдөлгөөнийг хязгаарлах, 45 хоногийн дараанаас хөдөлгөөн заслын физик эмчилгээнд 14 хоног явах, 45, 90, 180 хоногийн дараа дахин үзүүлэх гэсэн зөвлөмжийг дагаагүйгээс титан хугарсан байх боломжтой, титан хугарахад манай буруутай үйлдэл, эс үйлдэл нөлөөлөөгүй гэсэн нь баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.
7.1.Учир нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын тайлбарт титан суулгацыг дасгал хөдөлгөөний улмаас буюу гадны нөлөөллөөс болж хугарсан талаар дүгнээгүй, мөн И******* ХХК-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэлд “...мэс заслын дараах хөдөлгөөн засал-физик эмчилгээ нь зайлшгүй хийлгэх эмчилгээний 1 хэсэг болно. Гарах үеийн зөвлөгөө: -45 хоногийн дараанаас -Хөдөлгөөн засал физик эмчилгээнд 14 хоног явах 2022/08/22ноо эхлэх, -Хяналтын үзлэг 45.90.180 хоногийн дараа үзүүлэх, хэвтээ хөл шулуун байрлалаас 1.Тавхай татаад 3сек барих, суллаад 3сек амраах. 2.Тахимын доор алчуур хийгээд түүнийгээ өвдгөөрөө доош дараад 3сек барих, суллаад 3сек амраах. 3.Хөлөө дээш 45 градус өргөөд 3сек барих, суллаад 3сек амраах. Дээрх дасгалуудыг өдөр 3-4 удаа 15 удаагийн давтамжаар хийх 3 сар” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь уг зөвлөгөөний дагуу дасгал хийсэн гэж тайлбарласан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг хөдөлгөөн засал хийсэн биш дасгал хөдөлгөөн хийсэн гэдгийг баримтаар нотлоогүй, мөн огт хөдөлгөөн засал хийхгүй байх талаар гарах үеийн зөвлөгөөнд дурдаагүй байна.
7.2.Хариуцагчаас нэхэмжлэгчийг зөвлөмжийг дагаагүйгээс титан хугарсан байх боломжтой гэсэн боловч гарах үеийн зөвлөгөөнд хэвтээ хөл шулуун байрлалаас дасгалуудыг хийх талаар зөвлөсөн байх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон гэрч Х.Э******* “...гэртээ хамт асарч байсан, ямар ч дасгал хөдөлгөөн хийх боломж байгаагүй, эмнэлгээс гарах үеийн зөвлөгөөнд тусгагдсан хөдөлгөөнийг л хийж байсан” гэж мэдүүлсэн болно.
7.3.Нэхэмжлэгч нь хариуцагчаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч хугарлыг титан ялтас төмрөөр хадаж бэхлэх хагалгаа хийлгэж, хагалгааны зардалд нийт 9 569 580 төгрөгийг төлсөн боловч үр дүнд хүрээгүй, түүний биед суулгасан титан суулгац нь хугарч, эрүүл мэндэд нь хохирол учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд уг титан суулгац нэхэмжлэгчийн буруугаас буюу дасгал хөдөлгөөн хийснээс хугарсан гэсэн хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй, гарах үеийн зөвлөгөөнд дурдсан хяналтын үзлэгийн хугацаандаа хугарч дахин хагалгаа хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
7.4.Иймд эмнэлгээс тогтоосон хяналтын үзлэгийн хугацаанд нэхэмжлэгчийн титан суулгац хугарсан, титан суулгацыг гадны нөлөөтэй буюу гарах үеийн зөвлөгөөг баримтлаагүй гэсэн нь баримтаар тогтоогдоогүй, хариуцагчаас эмчилгээ, хагалгааны эрсдэл, үр дагавар, тавих суулгацын талаар заавал тайлбарлах шаардлагагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй, Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.5-д “өвчтөний өвчин, эмгэгийн талаархи хууль тогтоомжоор хориглосноос бусад мэдээллийг холбогдох байгууллага, иргэн, өвчтөний болон ар гэрийнхэнд өгөх” үүрэгтэй байх тул эмчилгээний зардалд төлсөн 9 569 580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Яд олгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
7.5.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “...хариуцагч тал нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй бол ядаж үйлчилгээний хөлсөө хасаад бусад төлбөрийг нөхөн олговол зохилтой гэж бодож байна” гэснийг харгалзан үзсэн болно.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Ягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 024 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч И******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 168 024 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Яд олгох нь хуульд нийцнэ.
8.1.Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс”-ийг нөхөн төлүүлэхээр заасан, шинжээчийн ажлын хөлсөнд 350 000 төгрөгийн нэхэмжлэхийг шүүхэд ирүүлсэн, уг зардлыг төлсөн талаарх баримтыг зохигч талууд ирүүлээгүй тул хариуцагчаас шинжээчийн ажлын хөлсийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч И******* ХХК-иас 9 569 580 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Яд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Ягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 024 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч И******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 168 024 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Яд, шинжээчийн ажлын хөлс 350 000 төгрөгийг гаргуулж Төрийн банк 102400029550 тоот дансанд шинжээч И.Г*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Д.МӨНХЦЭЦЭГ
Ц.ОЮУНБИЛЭГ