| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/1031/Э |
| Дугаар | 1167 |
| Огноо | 2018-08-15 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 1167
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Номин, иргэдийн төлөөлөгч Н.Бат-Эрдэнэ, улсын яллагч П.Болормаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхбаяр, шинжээч эмч Ц.Ганболд, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б.Э.д холбогдох эрүүгийн 1806000000065 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч Б.Э-н нь согтуурсан үедээ 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар үйлчилгээний төвийн подволын заалны хэсэгт иргэн Б.М-н толгой болон суган тус газар нь онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хутгалж алах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “…2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр талийгаач бид 2 хоол хийж идчихээд зааланд юм яриад байж байтал түрээслэгч орж ирсэн. Гантулга орой 8 цаг болж байхад орж ирээд “...пиво ууя” гэхээр нь хамт уусан. Дараа нь дахиад нэгийг авсан. Тэрийгээ уучихаад хоол хийж идэх гээд байж байтал талийгаач нэг мэдсэн чинь муудалцаад зодолдоод байсан...Тэгээд би очоод салгахад Гантулга тэр 2 мөнгөний талаар муудалцаад байх шиг байсан. Талийгаач надтай дотно байсан болохоор бид барьцалдаж аваад тэгээд удалгүй больсон. Дахиад л талийгаач Гантулга 2 муудалцаад бөөн хэрүүл зодоон болоод байхаар нь миний уур хүрээд шууд би хутга авч гарч ирээд хутгалчихсан. Би тэгээд өрөө рүүгээ шууд ороод 15 минут орчим сууж байтал удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн үед яг юу болоод, яагаад хутгалсанаа ойлгоогүй. Миний уур хүрээд л юу хийж байгаагаа ойлгоогүй хутгалчихсан байсан. Би талийгаачтай сайн найзууд байсан. Ар гэрээс нь уучлал гуйж байна. Миний буруу. Харин хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Гантулгатай муудалцаад бас надтай зодолдод байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э мэдүүлэхдээ: “…Талийгаач миний 2 дахь хүүхэд байсан. Тэр үед найз охинтой болсон гээд нийтийн байранд хамт амьдарч байсан. Намайг ганц харж ханддаг байсан хүү маань байгаа юм. Би маш их гомдолтой байна. Би оршуулгын зардалд 6 сая төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хэрэгт 4.288.130 төгрөгийн баримт өгсөн тул 4.288.130 төгрөгийг нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. ” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан тэмдэглэл, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас /хх-07, 28/, Б.Энхтүвшингийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-18-25/, Эд мөрийн баримтаар 24 см бүхий хар өнгийн иштэй хутгыг хураан авсан тогтоол /хх-26/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-08-09, 13-17/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Э-ын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлэг /1хх37-38/, гэрч П.Байгалмаагийн мэдүүлэг /хх-40-42/, гэрч Л.Эрдэнэцогтын мэдүүлэг /хх-45-46/, гэрч Б.Бямбадоржийн мэдүүлэг /хх-47-48/, гэрч С.Энхтуяагийн мэдүүлэг /хх-50/, гэрч Б.Жанчивын мэдүүлэг /хх-51-52/, гэрч Б.Төрсайханы мэдүүлэг, /хх-53-54,57/, гэрч Ц.Болорцэцэгийн мэдүүлэг /хх-64-63/, гэрч З.Одбаярын мэдүүлэг /хх-68-69/, шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэг /хх-113-114/, ахлах дэслэгч З.Одбаярын илтгэх хуудас /хх-10/, яллагдагч Б.Э-н мэдүүлэг /хх-136, 137-141, 236/, шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 304 дугаартай дүгнэлт, шинжилгээ хийгдсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-79-83/, шинжээчийн 916 дугаартай хутган дээрх гарын мөрний дүгнэлт /хх-90-94/, шинжээчийн 1458, 1457 дугаартай дүгнэлт /хх-100,112/ Шүүх эмгэг, сэтгэц судлалын дүгнэлт 148 дугаартай /хх-109/, цагдан хоригдсон баримтууд / хх-117-132/, урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-144,240-249/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-145/ үүрэн телефоны лавлагаа / хх-149-177/, Цэргийн төв эмнэлэгийн 2018 оны 02 сарын 21-ны өдрийн 09 албан тоотод ирүүлсэн өвчтөний түүх дэх тэмдэглэл, зураглалаар харуулсан баримт /хх-30-35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаагаас шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар үйлчилгээний төвийн подволын заалны хэсэгт иргэн Б.Мөнхтөгөлдөрийн толгой болон суган тус газар нь онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хутгалж алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Э-г 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Мөнхтөгөлдөрийн толгой болон суган тус газар нь хутгалж онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар үйлчилгээний төвийн подволын заалны хэсэгт иргэн Б.М-н толгой болон суган тус газар нь хутгалж алсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.н өгсөн: "…би харахад Мөнхүүлэй хэвтсэн цус гоожиж байсан. Түвшин гэдэг залуу нь гартаа хутга барьсан зааландаа нааш цааш яваад байсан. Зааланд өөр хүнгүй байсан. Би цагдаа дуудсан. ...Би хаалганы нүхээр харахад Мөнхүүлээ шалан дээр цус нь гоожсон байдалтай хэвтэж байсан. Нөгөө Түвшээ нь хутга барьсан байдалтай зааланд нааш цааш яваад байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй, харагдаагүй." гэх мэдүүлэг /хх-40-42/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.Эр өгсөн:" ...Түвшөө хэлэхдээ Мөнхүүлэйг 5000 төгрөгөө гарга гээд л хэрэлдэж, ноцолдох сонсогдсон. Үүдний баруун талд шалан дээр их хэмжээний цус болчихсон байсан..." гэх мэдүүлэг /хх-44/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Г өгсөн: "...Тэгж байгаад Энхтүвшин Мөнхтөгөлдөр 2 хоорондоо муудалцаад байсан. Би цагдаа хайгаад гараад явж байгаад эргээд орж ирээд Болороо эгчийн өрөөнд байж байхад нэг хэсэг чимээгүй болоод Мөнхтөгөлдөр “...манийгаа яаж байгаа юм бэ” гэх дуу сонсогдож байсан. Нам жим болохоор нь харахад Мөнхтөгөлдөр цустайгаа хутгалдсан байдалтай хэвтэж байсан. Энхтуяа надад Энхтүвшин ах хутгалсан гэж хэлсэн. Мөн Энхтүвшингийн нүдийг Мөнхтөгөлдөр аймар цохиж байсан. Тэгээд Энхтүвшин ах өрөөнөөсөө хар иштэй хутга авч гарч ирсэн гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-45-46/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б өгсөн: "...эргээд харсан чинь Мөнхүүлээгийн зүүн мөрний хэсэгт зүсэгдэж цус гарсан байсан. Мөнхүүлээ намайг хутгалчихлаа, цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хэлээд... Мөнхүүлээ дээшээ харсан байдалтай биеийн бүх хэсэг цус болчихсон их цус алдсан хэвтэж байсан. Түвшөөгийн гарт хутга байсан Түвшөө л Мөнхүүлэйг хутгалсан талаар манай түрээслэгч нар яриад байсан. Намайг Ганааг салгаад цаашаа явсан хойно л Мөнхүүлэйг Түвшөө хутгалсан байсан..." гэх мэдүүлэг /хх-47-48/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Э өгсөн: "...Мөнхтөгөлдөр ах өрөөндөө ороод байж байхад Энхтүвшин ах араас ороод тэр 2 тэнд ноцолдсон. Тэр үед Мөнхтөгөлдөр Энхтүвшингийн хөмсөгөнд цохиж сэтлэн их цус гаргасан байсан. Энхтүвшин ах салаад өөр өрөө рүү гүйж ороод урт хутга бариад гарч ирсэн. Би айгаад харж чадаагүй. Би өрөөнөөсөө гарахад Мөнхтөгөлдөр ах манай өрөөний нилээн цаана цусаа гоожуулсан байдалтай хэвтэж байсан. Энхтүвшин хутгалсан. Өөр хутгалахаар хүн байгаагүй. Энхтүвшин ганцаараа хутгатай байсан. Цагдаа ирэхэд төмөр өргөдөг юмны хажууд хар иштэй хутга хэвтэж байсан. Маш сайн найзууд санагддаг байсан. Нэг нэгэндээ маш сайн ханддаг. " гэх мэдүүлэг /хх-50/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Ж ...Төвшин өрөөнөөсөө гараад ирэхдээ гартаа хутга барьсан байсан. Төвшин нь Мөнхтөгөлдөрийн баруун зүүн талын аль нь гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан дал, нуруу руу нь хутгалаад дахин дүрэх гээд дайрсан. Мөнхтөгөлдөр цагдаа дууд, эмнэлэг дууд гэхээр нь цагдаа дуудахаар гарсан.. Мөнхтөгөлдөр газарт хэвтчихсэн, хаанаас нь юм мэдэхгүй цус алдаад байгаа нилээн гүнзгий амьсгалаад байсан.” гэх мэдүүлэг /51-52/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Т өгсөн: “...Түшиг өөрийнхөө өрөө рүү явсанаа өрөөнөөсөө хутга бариад гараад ирсэн. Тэгээд шууд хүрч ирээд Мөнхүүлэйг урдаас нь зүүн талын хавирга руу нь 1 удаа хутгалаад ахин далайхаар нь Жанчив бид 2 цагдаа дуудахаар гарсан. Мөнхүүлэй ах зааланд газар хэвтэж байсан. Хар өнгийн иштэй том хутга байсан. Хэдэн удаа хутгалсан болохыг мэдэхгүй, ямар ч байсан Жанчив бид хоёрыг харж байхад 2 удаа хутгалсан, цаашаагаа мэдэхгүй. Харин тэр хооронд Мөнхүүлэй, Ганаа 2 зодолдохоо болиод салсан зогсож байсан. Түшиг гарч ирээд шууд Мөнхүүлэйг хутгаараа зоосон." гэх мэдүүлэг /хх-53-54, 57/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Б өгсөн: " ...буцаж заал руу гарахад Мөнхтөгөлдөр дээшээ харчихсан ямар нэгэн хөдөлгөөнгүй ойр орчим маш их цус болсон байсан. Удалгүй Мөнхтөгөлдөр нь “...чи манийгаа шаачихлаа ш дээ” гэж хэлсэн. Харахад хутгалуулсан байдалтай шалан дээр хэвтэж байсан..." гэх мэдүүлэг /хх-64-63/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч З.О өгсөн: “... Б.Энхтүвшин гэх залуу тус нийтийн байрны хаалгыг дотроос нь онгойлгоод гарч ирээд явах гэхээр нь саатуулан шалгахад би бараг хүн алчих шиг боллоо гэж хэлсэн. Мөнхтөгөлдөр нь нийтийн байрны заалны хэсгийн шалан дээр дээшээ харсан бие нь цус болсон ямар нэг үйлдэл хийхгүй байсан. " гэх мэдүүлэг /хх-68-69/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 304 дугаартай:
1. Талийгаачийн биед гавал, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн зулайн гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн зулайн хатуу хальс доорхи цусан хураа, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, харааны товгор гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушигны дээд дэлбэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушигны авчилт, цээжний зүүн хэсгийн зулгаралт тогтоогдлоо,
2. Эдгээр шархнууд нь 2,5 см өргөнтэй, 17 см-ээс багагүй урттай, ир үзүүртэй зүйлийн таван удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Бүгд шинэ шарх. Нас барах үедээ хүнд зэргийн согтолтой байжээ,
3. Талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархи, цээжний хөндийд нэвтэрсэн шархны улмаас нас барсан байна..." гэх дүгнэлт /хх-79-80/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Ц.Ганболдын өгсөн: “...Цусанд 3,7 промил гарсан байгаа нь хүнд зэргийн согтолтонд хамаарна. Хүний цусан дахь этилийн спиртийн хэмжээ 3,5 промилоос дээш тохиолдолд хүнд зэргийн согтолттой гэж үздэг. Хүнд зэргийн согтолттой хүн биеэ хамгаалах чадвартайгаас гадна идэвхтэй хариу үйлдэл хийх боломжтой. Энэ нь хүн бүрийн архи даах чадвараас хамаарна ..." гэх мэдүүлэг /1хх-113-114/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж алсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд прокурорын газраас шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “...хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байсан гэж үзэхгүй байна” гэж маргасан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ц.Ганболд “...цусанд 3,7 промил спирт гарсан байгаа нь хүнд зэргийн согтолтонд хамаарна. ...Хүнд зэргийн согтолттой хүн биеэ хамгаалах болон идэвхтэй хариу үйлдэл хийх боломжтой. Энэ нь тухайн хүн бүрийн архи даах чадвар, биеийн онцлогоос хамаарна” гэх мэдүүлэг, гэрч П.Байгалмаагийн “...Мөнхүүлээ орж ирээд чи ингэж болохгүй гээд тэрийг аваад гарсан...”/хх42/, гэрч Э.Гэрэлмаагийн “...Мөнхтөгөлдөр Ганаа ах хоёр муудалцаад байсан. Тэгэж байгаад Э М 2 хоорондоо муудалцаад байсан....Мөнхтөгөлдөр тэгэхэд манийгаа яаж байгаа юм бэ гэх дуу сонсогдож байсан” гэх мэдүүлэг /хх46/, гэрч Б.Бямбадоржийн “...Мөнхүүлэй, Ганаа, Түвшөө нар хоорондоо маргалдаад байсан.” гэх мэдүүлэг /хх48/, гэрч Б.Жанчивын “...Мөнхтөгөлдөр цагдаа дууд, эмнэлэг дууд гэхээр нь цагдаа дуудахаар гарсан..” гэх мэдүүлэг /хх51-52/, гэрч С.Энхтуяагийн "...Мөнхтөгөлдөр ах өрөөндөө ороод байж байхад Энхтүвшин ах араас ороод тэр 2 тэнд ноцолдсон. Тэр үед Мөнхтөгөлдөр Энхтүвшингийн хөмсөгөнд цохиж сэтлэн их цус гаргасан байсан.” Гэх мэдүүлэг /хх50/, гэрч Э.Гэрэлмаагийн "...Тэгж байгаад Э М 2 хоорондоо муудалцаад байсан. Би цагдаа хайгаад гараад явж байгаад эргээд орж ирээд Болороо эгчийн өрөөнд байж байхад нэг хэсэг чимээгүй болоод М “...манийгаа яаж байгаа юм бэ” гэх дуу сонсогдож байсан.”гэх мэдүүлэг /хх45-46/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар хохирогч хэдийгээр эмнэлзүйн хувьд гүн согтолттой байсан боловч шүүгдэгч бусадтай маргалдан зодолдож, хариу үйлдэл хийж харьцаж идэвхтэй үйлдэл хийж байсан зэргээр шүүгдэгч хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасны дагуу прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-т тус тус зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс оршуулгын зардалд 4.288.130 төгрөг нэхэмжилсэнийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-с гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Э-д ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн нийт 203 хоног цагдан хоригдсон байх ба уг цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй ба эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.