2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/09880

 

 

 

 

 

                                                         2025             11            25  

                                       192/ШШ2025/09880

              

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Б  холбогдох,

240,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Э, түүний өмгөөлөгч Ш.Ч, Э.Г, хариуцагч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Б, гэрч М.С, Д.Б, Б.Д, шинжээч Б.Ц, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Х.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Манай компани нь Монгол улсад түлш импортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагаандаа хэрэглэх зорилгоор ... километрийн гүйлттэй, 2016 онд үйлдвэрлэсэн, хэвийн үйл ажиллагаатай 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн, түлшний чиргүүлтэй ... маркийн тээврийн хэрэгсэл зарна гэсний дагуу иргэн Ж.Б тай холбогдож улмаар худалдан авахаар тохиролцож, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 240,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах 001 тоот гэрээг байгуулж худалдан авсан. Гэрээнд зааснаар төлбөрийн 240,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийг худалдагч талын Хаан банкны... дугаартай дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөр болох 140,000,000 төгрөгийг тухайн үеийн зах зээлийн ханшийг харгалзан дизель түлш нийлүүлэхээр заасны дагуу төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Гэрээгээр худалдан авсан Хово маркийн тээврийн хэрэгсэл нь худалдан авсан цагаасаа эхлэн хүч муутай, хүч алддаг, моторын эд ангиас тос, масло гоожих зэргээр үйл ажиллагаа нь доголдож, 7000 километр буюу бага явсан, чанарын шаардлага хангасан эсэхэд эргэлзээ төрүүлж эхэлсэн бөгөөд энэ талаар Ж.Б...тай утсаар холбогдоход "би тээврийн хэрэгсэл дээрээ баталгаа гаргаагүй, торхон дээр буюу чиргүүл дээр баталгаа өгсөн” гэсэн тайлбар хэлсэн бөгөөд биет байдлын доголдолгүй эд зүйл худалдах үүрэгтэй, энэ үүргээ зөрчсөн учраас гэрээнээс татгалзах, шүүх, цагдаагаар явах талаар хэлэхэд Ж.Б... нь тэг, тэг гэсэн хариу хэлсэн байна. Иймд худалдагч нь биет байдлын доголдолтой, хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан Хово буюу Синотрак маркийн тээврийн хэрэгслийг хэвийн үйл ажиллагаатай, бага явсан тээврийн хэрэгсэл гэж худалдан, гэрээнд заасан үүргээ зөрчсөн байх тул 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 001 дугаартай Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөр болох 240,000,000 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байна.” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Тус шүүхэд С.. ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Ж.Б-д холбогдох гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчаар оролцон дараах байдлаар тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь иргэн Ж.Б.. надаас худалдан авсан...улсын дугаартай шатахуун тээвэрлэх зориулалттай хүнд даацын автомашин,.. улсын дугаартай чиргүүлийн хамт худалдах-худалдах авах гэрээг байгуулан гэрээний дагуу худалдагч тал улсын тээврийн үзлэг оношлогоонд орж тэнцсэн бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсан үйл баримт буюу бүрэн бус доголдолтой автомашиныг огтоос шилжүүлээгүй болохыг иргэн би шүүхэд энэхүү тайлбараараа албан ёсоор илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл миний зарсан гэх автомашин Хятад улсад үйлдвэрлэгдсэн шууд Монголд орж ирсэн, өөр ямар нэгэн иргэн авч ашиглаж байгаагүй, шууд орж ирсэн шинэ автомашиныг би тухайн үед нь мэргэжлийн байгууллага болох авто тээврийн үндэсний төвийн үзлэг оношлогоонд нь орж холбогдох норм, стандартыг хангаж тэнцэж хөдөлгөөнд оролцох бүрэн боломжтой гэж дүгнэгдэж улмаар Монголд явах боломжтой шинэ, хэвийн ямар нэгэн биет байдлын доголдолгүй автомашиныг шилжүүлэн өгсөн. Ийм учир нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг огтоос хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 001 дугаар худалдах худалдан авах гэрээ, Шатахуун тослох материалын зарлагын падаан, Голомт банкны цахим гүйлгээний баримт, фото зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хариуцагчаас хорооны засаг даргын тодорхойлолт, тодорхойлолт, фото зурааг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газраас дүгнэлт гаргуулж, Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа гаргуулж, шинжээчээр Б.Ц...г, гэрчээр М.С..г, хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Д.Б.., Б.Д.. нарыг асуусан байна.

       ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч С ХХК нь тээврийн хэрэгслийн доголдолтой холбогдуулан 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 001 дугаар худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 240,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Ж.Б эс зөвшөөрч, гэрээний үүргээ зөрчөөгүй тул хариуцахгүй гэж маргажээ.

            6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч С ХХК болон хариуцагч Ж.Б нар 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр..маркийн тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт 240,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч 105,000,000 төгрөгийг хариуцагчийн дансаар, үлдэх 140,000,000 төгрөгийн төлбөрийг шатахуунаар төлжээ. Зохигч энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно. /хэргийн 5-9 тал/

             Нэхэмжлэгч 7000 км явсан тээврийн хэрэгслийг 33462 хүртэл буюу 26462 км замд ашигласан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хэргийн 59 тал/

            Шинжээч дүгнэлтдээ “Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн,..маркийн, ... арлын дугаартай улсын дугаартай, хөдөлгүүрийн зүүн хажуу талд байрлах техникийн үзүүлэлт бүхий пайз байхгүй тул анх үйлдвэрийн гэж тогтоох боломжгүй байна. Хөдөлгүүрийн гадна тал бүхэлдээ тос, шороо мэт зүйлээр бохирлогдсон тул сольж байсан эсэхийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд харьцуулах загвар ирүүлээгүй тул иж бүрдэл хэсгүүд бүрэн бүтэн эсэхийг тогтоох боломжгүй. Үзлэгээр хянах самбар ашиглалтын явцад хүний хүчин зүйлийн нөлөөгөөр задалсан байх боломжтой. Шинжилгээнд харьцуулах загвар ирүүлээгүй тул солигдсон эсэхийг тогтоох боломжгүй. Тухайн автомашины хянах самбар дээрх километрийн заалт Цахилгаан систем шалгагч багажаар нийт гүйлтийг шалгахад үр дүн илрээгүй, тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн ашиглалт, гүйлтийн хэмжээг үйлдвэрлэгч тогтооно. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн, Howo Sinotruk маркийн, .. улсын дугаартай, .. арлын дугаартай автомашины хөдөлгүүр асна, явах боломжтой. Үзлэг зориулалтын лаборатори орчинд явагдаагүй, шинжилгээ хийх нөхцөл хангаагүй тул хөдөлгүүрийн хүч муутай эсэхийг тогтоох боломжгүй. Тухайн хөдөлгүүрийн хийн компрессорыг сольсон байна. Хөдөлгүүр, авцуулах холбоо, хурдны хайрцгийн гадна тал тос, шороо мэт зүйлээр бохирлогдсон байгаа нь ашиглалтын явцад хөдөлгүүр бусад эд ангийн халалт, хөрөлтийн нөлөөгөөр нягтруулагч резин жийрэг хатуурах, гадна орчны нөлөөгөөр үүсэх боломжтой. Торх солигдсон эсэхийг тогтоох боломжгүй, бэхэлгээ боолтууд дутуу, өөр өөр гайк, боолтоор боосон байна. Шинжилгээнд ирүүлсэн автомашины 12 дугуй хийтэй, ил харагдах гэмтэлгүй, шинжилгээнд харьцуулах загвар ирүүлээгүй тул дугуйнуудыг солигдсон эсэхийг тогтоох боломжгүй. Хэргийн оролцогч нараас асуулт ирүүлээгүй байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.7-д заасны дагуу хариулах боломжгүй. Уг автомашины хөдөлгүүр гадна тал ил харагдах гэмтэлгүй байна. Туршилтаар тогтоох боломжтой. Шинжилгээнд тос, тослох материал, тусгай шингэн сольж байсан талаарх нотлох баримт ирүүлээгүй. Уг автомашин байрнаас урагш хөдөлж, ухарч байна. Үзлэг шинжилгээний явцад нэмэлт зүйл илрээгүй” гэсэн боловч тээврийн хэрэгсэл худалдан авахаас өмнө доголдолтой байсан гэдгээ нэхэмжлэгч нотлоогүйгээс гадна үүнд хариуцагчийн буруутай байдал тогтоогдохгүй байна. /хэргийн  тал 53-77/

7. Тээврийн хэрэгслийг Д.Ж.. нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн шалтгаанаар итгэмжлэлийн үндсэн дээр Ж.Б худалдан борлуулсан боловч Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дахь хэсэгт “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно.”, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” тус тус зааснаар тээврийн хэрэгсэл нь хөдлөх эд хөрөнгийн хувьд хариуцагчийн эзэмшилд байсан тул тээврийн хэрэгслийн өмчлөл нэхэмжлэгчид шилжжээ.

8. Түүнчлэн нэхэмжлэгч С ХХК болон хариуцагч Ж.Б нар 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ... маркийн тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт 240,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

9. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй боловч нэхэмжлэгч нь ...км замд ашигласан тээврийн хэрэгслийг буцааж, түүний хариу төлбөрийг эргүүлэн авах хүсэл зоригоо илэрхийлэхдээ гэрээнээс татгалзах ерөнхий журмыг баримтлах шаардлагатай гэж үзлээ. Гэрээнээс татгалзах журмыг дагах нь процессын шинжтэй шаардлага бөгөөд уг шаардлагыг хангаж гэмээнэ эд хөрөнгийн солилцоо хийгдэж, хэрэгжсэн гэрээний тухайд эдийн засгийн үр ашигтай, харилцан тэнцвэртэй байдлыг хангахад ач холбогдолтой юм.

Тухайлбал, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзаж эрхтэй.”, 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн эрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй” тус тус зааснаар гэрээнээс татгалзсан боловч нэмэлт хугацаа тогтоож, доголдлын талаар хариуцагчид мэдэгдэх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд “Аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэнэ.” заасан журмыг баримтлаагүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авахдаа доголдолтой болохыг мэдсэн тохиолдолд ямар эрхтэй болохыг зохицуулсан, худалдан авагчийн гэрээний эрх, үүрэгтэй холбоотой асуудыг зохицуулсан тул нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсаны үр дагавар шаардахдаа Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах журмыг баримтлахыг шаардана.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах журмыг баримтлан гэрээнээс татгалзаж байгааг тухайгаа хариуцагчид мэдэгдэж, үүрэг гүйцэтгэх /солиулах, засварлуулах гэх мэт/ нэмэлт хугацаа тогтоосноор гэрээнээс татгалзаж буй үндэслэлийн талаартайлбар гаргах, гэрээ биелснээс олсон ашиг болон тээврийн хэрэгслийн элэгдэл, хорогдлыг харилцан тооцох боломж бүрдэх тул нэхэмжлэгч С ХХК-ийн гэрээнээс татгалзаж, түүний үр дагаварт 240,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн хуульд заасан үндэслэл журмаар гэрээнээс татгалзах, доголдолтой холбоотой гэрээний үүрэг шаардах эрхийг хөндөхгүйг дурдах нь зүйтэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй болжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Бд холбогдох 240,000,000 төгрөг гаргуулах С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.ЗҮМБЭРЭЛ