| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0291/Э |
| Дугаар | 341 |
| Огноо | 2018-03-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ ҮД: 21-28,
хохирогчийн өмгөөлөгч М.Түмэннаст ҮД: 24-03,
хохирогч Б.Доржсүрэн,
шүүгдэгч Б.Анарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С овогт Б.А яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 2040 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.А
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Б.А нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэг дээр иргэн Б.Доржсүрэнг нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр найзуудтайгаа голын эрэг рүү ороод гарам гарч байх явцад 2-3 залуу машинд суучихсан, тусламж гуйгаад машин татаад өгөөч гэсэн. Тэгээд татах явцад хохирогчийн машин ард ирчихсэн байгааг хараагүй мөргөсөн. Даатгал дуудъя, эсхүл 100.000 төгрөг өгөөд тохирье гэхэд эхнэр нь гарч ирээд утсаараа бичлэг хийгээд, битгий хуцаад бай, бэлнээр 500.000 төгрөг, эсхүл шинэ гупер авч өг гэсэн. Манай найзтай маргалдаад байсан тул манай найз машинд орж суухад жолоочийн хаалгаар орж ирээд хэрүүл өдсөн. Боль гэж хэлэхэд эргэж хараад намайг шууд тохойлдсон. Доржсүрэнгийн эхнэр болон манай найз ирж салгасан. Би нүүрэнд нь цохисон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Дмэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэр бүлээрээ гол руу салхинд гарахаар явсан. Гол дээр зогсож байхад “Бенз” маркийн машин хар эрчээрээ ухарч ирээд мөргөсөн. Би тухайн үед 3-5 насны 2 охин, эхнэрийн хамт явж байсан. Гэтэл машинаас 3 залуу бууж ирсэн. Гупер хагалчихлаа янзлаад өгөөч гэхэд чадахгүй, засварын газарт оч, эсхүл мөнгө өгье гэсэн. Өндөр залуу болон Б.А нилээн согтуу, бүдүүн залуу эрүүл байсан. 100.000 төгрөг өгвөл их юм гуйлгачин минь, өөр мөнгө өгч чадахгүй гэсэн. Тэгээд зогсож байхад хажуу талаас нүд, нүүр рүү 3 удаа цохисон. Би газарт унасан. Намайг босоход эхнэр наад хүмүүс чинь явлаа гэсэн би босоход нүднээс цус гараад байсан. Тэгээд энэ хүмүүс гол гараад явахад нэг залуу үлдэж утасаа өгөөд бид нар алга болохгүй гэсэн. Намхан залуу ирээд хэл ам ололцохгүй байгаа тул бид нар явлаа, цагдаа дуудсан гэж хэлсэн. Тэгээд машиндаа суугаад явсан. Энэ залууг олохгүй байна гээд 3 сарын дараа машиныг нь зарлуулж байж олсон. Би 1 дүгээр эмнэлэгт очиж Төмөрбаатар гэх эмч дээр хагалгаанд орсон. Нүдний ухархайн яс хугарсан, хамарны яс хугарсан, баруун нүдний нулимсны сүв тасарсан гэсэн. Нүдний хагалгаанд орсон. Одоо баримттай эхний хагалгааны зардал 1.667.000 төгрөг гарсан. Бүх баримт байгаа. Өмгөөлөгчийн зардал ороогүй. Өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөг төлсөн. Онлайнаар Энэтхэг улсын хамгийн бага зардалтай эмнэлэгт хандахад нулисны сувгийг солино, Монголд хагалгаа хийсэн эмч муу хийсэн байна, нүдний ухархайн яс цөмөрсөн тул төмөр суулгана гэсэн. Би үүнд 9.500 ам.доллар гарна гэж тооцоолсон. Үүнийг нэхэмжилнэ. Тухайн үед Б.А 3 сарын дараа олдоод надтай ирж уулзахдаа надад 1.500.000 төгрөгийн боломж байна, энэ мөнгийг өгөөд салъя гэсэн. Би нүдээ эмчлүүлэхэд энэ мөнгө хүрэхгүй гэсэн. Эсхүл мэдүүлэгээ худлаа өгчих, би ял авах гээд байна, би унаад нүдээ гэмтээсэн байсан гээд хэлчихвэл таны хохирлыг төлж өгье гэсэн гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Доржсүрэнгийн: …2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт Богд уулын Бөөгийн модны хойд талд Туул голын эрэг дээр эхнэр Тунгалаг болон 2-4 насны 2 охины хамт гэр бүлээрээ өөрийн 52-15 УНР дугаартай “Ист “маркын суудлын машинтайгаа агаарт гараад салхилаад байж байхад16 цагийн орчимд 99-00 УНМ улсын дугаартай “Бенз” маркийн машинтай гурван согтуу залуу машинтайгаа голын хайрганд суусан жижиг суудлын машиныг татах гэж байгаа бололтой татлага нь олдохгүй байж байсан. Энэ үед би машинаасаа буугаад голын хайрганд суусан машиныг хараад өөрийн машинтайгаа уг хайргатай газраар гарч болох нь уу гээд хараад зогсож байхад миний машины дуут дохио дуугарсан. Эргээд харахад нөгөө “Бенз” машинтай хүмүүс 20 орчим метрийн зайнаас ухраад сигналь дуугаргаад байхад ухарч очоод мөргөсөн. Машинд манай эхнэр, 2 хүүхдийн хамт байсан. Эхнэр дуут дохиог өгөөд байхад сонсохгүй шууд ухарч ирээд мөргөсөн. Энэ үед би гүйгээд очиход “Бенз” машинаас жолоочтойгоо нийлээд гурван залуу бууж ирээд гупер чинь эвдэрсэн байна, бид нар янзлаад өгье гээд дээгүүрээ нүцгэн биетэй залуу хэлсэн. Жолооч Б.А намайг үгийн зөрүүгүй баруун гараараа миний баруун нүд рүү хоёр удаа цохисон, мөн зүүн нүд рүү нэг удаа цохисон. Энэ үед миний баруун нүднээс цус гарсан. Миний хувьд өөдөөс нь муудаж, маргаж зодолдож хариу үйлдэл огт үзүүлээгүй. Би машины гуперыг янзлаад өгчих гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Миний машины гуперыг янзлуул гэж намайг цохисон Б.А 223.000 төгрөг өгсөн. Би эмчилгээний зардалд 2.800.000 төгрөг зарцуулсан. Б.А эмчилгээний зардал гэж 1.000.000 төгрөг өгсөн. Намайг цохиж зодсон талаар тэнд хуушуур хийж байсан хоёр хүүхэн харж байсан. Намайг цохисон залуу надад хандаж чи муу чаддаг юм бол яваад заргалдаарай гуйлгачин минь гэж хэлээд яваад өгсөн. Б.А надад 1.000.000 төгрөг өгөхдөө чи өргөдлөө буцаагаад авчих, урьд өмнө нь нүдээ гэмтээсэн байсан гэж хэлээд энэ хүн намайг зүгээр түлхсэн гэж хэлчих, тэгэх юм бол би чамд эмчилгээний зардал өгье гэж хэлсэн. Үүнийг нь бичиж аваад утсан дээрээ буулгасан байгаа…гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Тунгалагийн: … 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед байх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний зүүн талд Туул голын урд манай 52-15 УНР дугаарын “Тоёото–Ист” маркын машинтай нөхөр 2-5 насны 2 хүүхдийн хамт зогсож байхад 99-00 УНМ дугаарын хар өнгийн бенз машинтай халамцуу гурван залуу хойшоо ухарч ирээд манай машиныг мөргөж, улмаар тэр гурван залуу бууж ирэхэд Доржсүрэн нөхөр маань гупер засаад өгчих хэрүүл маргаангүй сална гэхэд чадахгүй өөрөө машины ард зогсчихоод гэж уурлаад маргалдсан. Тэгэхэд тэр гурван залуугийн гинж зүүсэн, улаан подволкатай манай нөхөр лүү дайрч нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохисон. Улмаар манай нөхрийн нүүр нь цус болчихсон байхад тэр залуус машинтайгаа зугтаагааад явчихсан. Тухайн үед манай нөхрийг зодсон хоёр залуугийн нэг цагаан малгайтай залуу манай нөхөрт утасны дугаараа өгөөд явсан, нөгөө залуу нь дотоожноос өөр хувцасгүй шалдан байсан. Тэгээд утсаар нь залгахаар авахгүй, сүүлдээ салгачихсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрчээр Б.Б.Аийн: Тэр өдөр найзууд болох Ган-Эрдэнэ /91112263/, Пүүжээ /88099202/ нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул голын эрэг дээрээс урдаасаа хойшоо чиглэлтэй гол хөндлөн гарчихаад явах гэсэн чинь хажууд жижиг тэрэгтэй хэдэн залуучууд гол дотор суучихсан байсан. Тэд нар бид нарт хандаж машинаараа татаад өгөөч гэж гуйхаар нь буцаж ухраад явж байтал ард ”Тоёото-Ист” маркын цайвар өнгийн жижиг тэрэг ирээд зогссон байсныг анзаараагүй бага зэргийн шүргэсэн Тэгсэн машин дотроос нь 30-40 орчим насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс бууж ирээд ард чинь машин байхад хардаггүй юм уу гээд орилоод дайрсан. Тэгээд би уучлаарай даатгал дуудаад хохирлыг чинь барагдуулаад өгье гэж намайг хэлэхэд манай найз Ган-Эрдэнэ уурлаж бухимдаад яах бэ ? Машиныг чинь авч яваад засуулаад өгье, эсвэл бэлнээр 100.000/ нэг зуун мянган/ төгрөг өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь эмэгтэй нь битгий хуцаад бай, та нар “Тоёото-Ист” гэж машин мэдэх үү та нар хүний унадаггүй юм унасан юм шиг сагсалзаад бай, шинэ гупер авахуулна энэ тэр гээд хэл амаа олоход төвөгтэй байсан. Тэгсэн манай Ган-Эрдэнэ наадах чинь 100.000 төгрөгөнд хангалттай засуулна жижигхэн газар шүү дээ гэсэн чинь залуу Ган-Эрдэнэ рүү чи муу юу гээд байгаа шалдан банди вэ, буугаад ир ална шүү гээд жолооч талын хаалгыг онгойлгосон. Тэгэхээр нь би ярих зүйл байвал надтай ярь гэсэн. Тэгсэн чинь тэр залуу чи муу юу юм бэ пизда минь гээд эргэж хараад баруун гарын тохой хэсгээрээ миний нүүрний зүүүн талын шанаан тус газар нэг удаа цохихоор нь би зөрүүлээд баруун гарын нударгаа атгаж байгаад нүүр лүү нэг удаа цохисон, тэр үед манай найз Пүүжээ голын нөгөө талаас гүйж ирээд больцгоо гээд салгасан. Нөгөө залууг авгай нь аваад ийм л зүйл болоод салцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 24- р тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Д.Амарбаясгалангийн: Би өөрийн төрсөн эгч Дэлгэрсүрэнтэй 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богд уулын хойно “Бөөгийн модны орчимд Туул голын эрэг дээр хуушуур зараад зогсч байхад цагийг санахгүй байна өдөр нартай байхад хуушуур зарж байсан газрын орчимд хохирогч гэх ах жижиг мөнгөлөг өнгийн суудлын машинтай ирээд зогсоод жолооч ах буусан энэ үед “Бенз-Т-500” маркын жиптэй гурван ах машин татах гээд голд суусан жижиг машиныг гаргах гэж байгаад хохирогч ахын машиныг мөргөсөн хүчтэй бол мөргөөгүй. Хохирогч ахын эхнэр нь мөргөх гэж байх үед нь машины дуут дохиог удаан дуугаргасан боловч Бенз машины жолооч согтуу байсан болохоор сонсолгүй ухраад мөргөсөн. Миний харснаар жолооч ах согтуу харагдсан. Энэ үед хохирогч ах голын эргээс хүрч ирээд эхнэр нь машинаас буугаад “Бенз” машины хүмүүс бууж ирээд мөргөсөн машинаа хараад эхнэр нь чи согтуу байж машинаа ухрааж мөргөчихлөө гэж хэлсэн. Энэ үед нэг ах нь төлөөд өгье гэж хэлсэн. Тэгээд маргаан болсон энэ үед хохирогч ахыг үгийн зөрүүгүй улаан подволкатай ах баруун нүд рүү нь цохисон. Хохирогч ах ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Хохирогч ахын баруун нүднээс цус гараад би нойлын цаас аваачиж өгсөн. Бенз машинтай ах нар согтуу байсан. Харин цагаан малгайтай ах эрүүл байсан байж магадгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Д.Дэлгэрсүрэнгийн: …2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өөрийн төрсөн дүү Амарбаясгалантай цуг Туул голын эрэг дээр хуушуур хайрч байхад Бенз-Т-500 маркын машинтай хүмүүс голын хайрганд суусан хүмүүсийн татах гэсэн чинь татлага байгаагүй, тэгээд буцаж гарах гэж байхдаа жижиг мөнгөлөг саарал өнгийн суудлын машины гуперыг нь мөргөсөн. Тэр жижиг машины жолооч нь байгаагүй, эхнэр нь хоёр хүүхэдтэйгээ байсан. Эхнэр нь машиныг сигналдсан боловч сонсоогүй ухраад мөргөсөн. “Бенз” машиныг цагаан малгайтай цагаан цамцтай ах барьж байсан. Тэгээд тэр хүмүүс машинаасаа бууж ирээд нөгөө жижиг машины жолооч ах ирээд тэд нар маргаад байх шиг байсан. Би юу ярьсан талаар нь сонсоогүй. Машин дотор хуушуур хайрч байсан. Намайг машин дотроос гараад иртэл жижиг машины жолоочийг цохиод нүднээс нь цус гарч байсан. 99-00 УНМ машины жолооч цагаан малгайтай ах улаан подволктай залууг машиндаа суулгаад явсан. Өөр зодоон болсон талаар би хараагүй. Энэ бүхэн богино хугацаанд 5-10 минутанд болсон. Бенз машинтай гурван бүдүүн залуу байсан. Жолооч цагаан подволктай ах гайгүй, нөгөө хоёр нь согтуу байсан. Хохирогч ахыг бүлэглэж зодоогүй, хохирогч нүдээ цохиулдаг ах хариу ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 157 тоот дүгнэлтэнд:
1. Б.Доржсүрэнгийн биед тухайн үед баруун нүдний нулимсны сувгийн тасрал, зовхины цус хуралт, шарх, баруун болон зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамырн ясны хугарал гэмтэл учирчээ.
2. Б.Доржсүрэнгийн биед учирсан баруун нүдний нулимсны сувгийн тасрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Б.Доржсүрэнгийн биед учирсан зовхины цус хуралт, шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун болон зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, хамрын ясны хугарал гэмтэл нь нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарагдана.
3. Б.Доржсүрэнгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох үед үүсгэгдэнэ.
4. Б.Доржсүрэнгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр үүсгэгдсэн байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд хэрхэн нөлөөлөх эсэх нь гэмтлийн эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.
6. Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7023 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжээч эмч Н.Туяа, Ц.Бадрал, М.Золжаргал гэх дүгнэлт /хх-ийн 126-127 дугаар тал/,
- Шүүгдэгч Б.Б.А ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70 дугаар тал/,
- Шүүгдэгч Б.Б.А ийн ял шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр тал/,
- Хохирлын баримтууд /хх-н 43-53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд Б.А нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэг дээр иргэн Б.Доржсүрэнг нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэг дээр иргэн Б.Доржсүрэнг нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Б.Б.А ийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.А нь бусдын эрх чөлөөнд халдаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Прокуророос шүүгдэгч Б.Б.А ийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зайлгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.
Хохирогч Б.Днь өөрийн биед учирсан хүндэвтэр гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан гэх 1.488.100 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна. /1-р хх-н 43-53-р тал/
Шүүгдэгч Б.Ань 1.600.000 төгрөгийн хохирлыг төлсөн, одоогоор баримтаар төлөх төлбөргүй болох нь хохирогчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Харин хохирогч Б.Днь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар 2.000.000 төгрөгийг төлсөн, үүнийгээ нэхэмжилж байх тул түүнийг хохирогчид учирсан хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. /1-р хх-н 54-56-р тал/
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д...хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж хуульчилжээ
Мөн хохирогч Б.Днь Энэтхэг улсад нүдний хагалгаанд орно гэж 9500 ам.долларыг нэхэмжилж байна.
Хохирогч Б.Доржсүрэнгийн нэхэмжилж буй 9500 ам.доллар нь нотлох баримтуудаар хангалтай нотлогдож тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Агаргуулж шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хохирогч Б.Днь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Б.Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, хэсэг болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С овогт Б.А ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А ийг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б.А д оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугааар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.А 2.000.000 хоёр сая төгрөгийг гаргуулан хохирогч Б.Д /РД:ЦЕ78081018/ олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Хохирогч Б.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ