| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 102/2016/04809/И |
| Дугаар | 210/МА2017/00319 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2017/00319
| 2017 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 210/МА2017/00319 |
Ч.Бат-Ирээдүйн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/05917 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ч.Бат-Ирээдүйн нэхэмжлэлтэй
Хариуцагч Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, үйл ажиллагаа хариуцсан захирлын 171-09/15 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин болон 9 сарын цалин, ээлжийн амралтын мөнгө, авто машины түрээсэнд төлсөн мөнгө гаргуулах, нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сугар, Ш.Батдорж
Хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-д 8 жил ажиллахдаа дадлагажигчаас эхлээд агуулахын туслах ажилтан, сэлбэгийн мэргэжилтэн, сэлбэг болон засвар үйлчилгээний төлөөлөгчийн ажлуудыг хийж ирсэн. Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 171-09/15 тоот тушаал гарч Компанийн эд хөрөнгийг хулгай хийх үйл ажиллагаанд оролцож хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас гэнэт халсан. Дээрх хулгайн хэрэгтэй холбогдуулан надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянгол дүүргийн прокурорын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 93 дугаартай тогтоол гарсан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, үйл ажиллагаа хариуцсан захирлын 171-09/15 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин 29 619 088 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын мөнгө 2 906 288 төгрөг, 9 сарын цалин 4 454 288 төгрөг, авто машинд төлсөн мөнгө 3 000 000 төгрөг нийт 39 980 000 төгрөгийг гаргуулж, компанийн дотоод сүлжээгээр дамжуулан миний нэр төрийг сэргээж өгнө үү.
Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн хувьд дээрх прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргаагүй нь Ч.Бат-Ирээдүйг уг хэрэгт холбогдолгүй гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа. 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр прокурорын тогтоол гарсныг Ч.Бат-Ирээдүй 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр гардаж аваад 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ өгсөн. Ч.Бат-ирээдүйн цалинг хөдөлмөрийн гэрээнд 1 сая төгрөг гэж бичсэн байгаа боловч нэхэмжлэгч цалин орлогоо нэхсэн байгаа. Ч.Бат-Ирээдүй уг байгууллагынхаа үүдний самбар дээр залруулга хийж тавиулах хүсэлтэй байгаа боловч уг мэдээг тараасан хэлбэрээр нь залруулга хийж, нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байгаа гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу нэхэмжлэгч ажлаас халсан тухай шийдвэрийг мэдсэнээс хойш 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь шүүхэд хандах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй. Ажил олгогч ажлаас халах тухай сахилгын шийтгэл оногдуулж байгаагаа 2015 оны 9 дүгээр сарын 22-нд мэдэгдээд, ажлаас халсан тушаалыг мөн өдөр гаргасан байхад нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хугацаа хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасныг үндэслэл болгосон бөгөөд Ч.Бат-Ирээдүй, С.Энхбат нар компанийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй дур мэдэн агуулахын хашаанаас гаргасан нь тооллого болон ажилтнуудын илтгэх хуудас, дүрс бичлэг, санхүүгийн баримт зэргээр нотлогдсон. Бид Бат-Ирээдүй, С.Энхбат нарыг ажлаас халсны дараа Цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд Цагдаагийн байгууллага шалгаад Ч.Бат-Ирээдүйд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь түүний үйлдлийг гэмт хэргийн хэмжээнд авч үзэх асуудал биш гэж үзсэн болохоос, ажил олгогчийн хөрөнгөд халдсан, ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тодорхой зөрчил гаргасныг үгүйсгэх баримт биш юм. Хөдөлмөрийн гэрээнээс харахад түүний 1 сарын хөдөлмөрийн хөлс 1 000 000 төгрөг байхаар тохиролцсон байх бөгөөд гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч өөрийн цалин дээрээ гүйцэтгэлийн урамшууллыг нэмж тооцсон бол энэ нь зөвхөн тухайн ажилтан ажлаа зохих журмын дагуу хийж гүйцэтгэсэн тохиолдолд олгодог. Гэтэл нэхэмжлэгч ажлаа 2015 оны 9 сараас хойш хийгээгүй бөгөөд тодорхой гүйцэтгэл хийгдээгүй учраас дээрх урамшуулал олгогдохгүй. Ч.Бат-Ирээдүйд ажил олгогчийн зүгээс 2015 оны 4 дүгээр сард ээлжийн амралт болон ажиллаж байсан хугацааны цалин, борлуулалтын урамшуулал зэргийг тооцож түүнээс холбогдох суутгалуудыг хассан. 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан сургалтын гэрээний дагуу Ч.Бат-Ирээдүй байгууллагын зардлаар Испани улсын Малага хотод суралцсан бөгөөд сургалт дууссанаас хойш 18 сарын турш тогтвортой ажиллах ёстой байсан. Нэхэмжлэгч ажлаас халагдсан учраас сургалтын зардлыг ажилтнаар буцаан төлүүлэхээр гэрээнд заасны дагуу түүний хөдөлмөрийн хөлснөөс дээрх зардлыг суутгасан.
Ч.Бат-Ирээдүйг эгүүлэн ажилд авах боломжгүй, 2 дах удаагаа хэрэгт холбогдсон байгаа, ээлжийн амралтын мөнгийг өгсөн, 2015 оны 9 дүгээр сарын цалинг олгосон, Ч.Бат-Ирээдүй байгууллагын авто машиныг хувийн хэрэгцээндээ ашиглаж байсан тул байгууллагын журамд заасны дагуу 3 сая төгрөгийг түүний цалингаас суутган тооцсон. Байгууллагад дотоод сүлжээнд Ч.Бат-Ирээдүйг хулгай хийгээд ажлаас халагдсан гэх мэдээлэл тавиагүй, хэлтсийнх нь Ч.Бат-Ирээдүйн ажлыг хүлээн авсан мэргэжилтэн, менежер, хүний нөөц, хуулийн ажилтанд л мэдэгдсэн байгаа, ажилгүй байсан хугацааны цалинг өгөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар Ч.Бат-Ирээдүйн ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХКомпанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 171-09/15 тоот тушаалыг хүчингүй болгож, Чүнсрээгийн Бат-Ирээдүйг Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХКомпанийн бүтээгдэхүүн дэмжих газрын сэлбэг ба худалдааны төлөөлөгчийн ажилд эргүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХКомпаниас 48 531 566 төгрөгийг гаргуулан Ч.Бат-Ирээдүйд олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар зааснаар Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХКомпаниас 4 461 272 төгрөгийг гаргуулан Ч.Бат-Ирээдүйд олгож,
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХКомпаниас 3 000 000 төгрөгийг гаргуулан Ч.Бат-Ирээдүйд олгож,
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар Ч.Бат-Ирээдүйн нэр төр сэргээлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжийн 437 914 /дөрвөн зуун гучин долоон мянга есөн зуун арван долоон/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг эргэлзээгүй, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж дүгнээгүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гарсан гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Ч.Бат-Ирээдүйн ажлаас буруу чөлөөлсөн гэх гомдол гаргах хугацааг сэргээх нь зүйтэй" гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3-т заасныг заасныг үндэслэл болгосон бөгөөд нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй байхад ийнхүү шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Нөгөөтэйгүүр ажлаас чөлөөлөх шийдвэр гарснаас хойш 8 сарын дараа шүүхэд хандсан байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхэд хүргэж байгаа юм.
Ажил олгогч нь Ч.Бат-Ирээдүйг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 болон 40.1.5-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн байтал шүүх зөвхөн 40.1.5-д заасан үндэслэлийг авч үзэж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд компанийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй, байгууллагын дотоод дүрэм журмыг зөрчиж гаргасан болох нь тодорхой харагддаг. Мөн ИХШХШТХ-д 37 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн журмаар цуглуулсан нотлох баримт болох гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж дүгнээгүй нь "нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулаагүй" гэж үзэх үндэстэй байгаа юм.
Ажил олгогчоос ажилтанд 2015 оны 9 дүгээр сард цалинд4 454 288 төгрөг бодсон нь түүний 2015 оны ээлжийн амралтын мөнгө болон урамшуулал, ажилласан өдрийн хөлсийг оролцуулан тооцсон нийт үнийн дүн бөгөөд үүнээс холбогдох суутгалыг хийж, гарт олгох ёстой байсан нийт үнийн дүнгээс сургалтын гэрээнд заагдсан төлбөрөөс үлдэх хувийг хасаж нийт 2 793 870 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон. Гэтэл шүүх нэхэмжлэгчид 2015 оны ээлжийн амралтын олговрыг өгөөгүй, мөн тус оны 9 дүгээр сарын цалинг дутуу олгосон гэж үзэн шийдвэрлэсэн нь хариуцагчаас гаргаж өгсөн баримт болон тооцооллыг буруу үнэлж дүгнэсэн. Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нийт 48 531 566 төгрөг хэмээн тогтоосон нь ямар хугацааны мөнгө болох нь тодорхойгүй байх тул уг үнийн дүнг үнэн зөв бодогдсон гэж үзэхэд эргэлзээ төрж байгаа юм.
Шүүх нэхэмжлэгчийн цалингаас 3 000 000 төгрөг автомашины төлбөрт суутгасан нь ..үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь ажлын бус цагаар ажил олгогчийн өмчлөлийн автомашиныг хувийн хэрэгцээндээ ашигласны төлбөр болгож өөрийн цалингийн тодорхой хувийг суутгуулсан бөгөөд баримт байхгүй байхад шүүхээс 3 000 000 сая төгрөг суутгасан нь "үнэн" гэж шийдвэр гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. ИХШХШТХ-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ нотолсон баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байхад эсрэгээр нь хариуцагчийг энэ тухайгаа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болсон юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ч.Бат-Ирээдүй нь хариуцагч Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-д холбогдуулж, хариуцагч байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирлын 2015 оны 171-09/15 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 48 531 566 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын мөнгө 2 906 288 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын цалин 1 164 184 төгрөг, авто машинд төлсөн 3 000 000 төгрөг нийт 55 602 038 төгрөг гаргуулах, нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 171-09/15 тоот тушаалаар Ч.Бат-Ирээдүйг компанийн эд хөрөнгийг хулгай хийх үйл ажиллагаанд оролцож хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Хариуцагч дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дугаар зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, компанийн дотоод журмын 2.1.5, 3.11.4, 3.11.12, хөдөлмөрийн гэрээний 5.4.8 дэх заалтуудыг тус тус үндэслэжээ.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил, мөн хуулийн 40.1.5.-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй тус тус гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй ба ийнхүү зөрчил, буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон байх ёстой.
Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.4.8-д Компанийн эд хөрөнгө болон бусад ажилтнуудын эд зүйлс хулгай хийсэн, хулгайлахаар завдсан, байгууллагын эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй авч явах, бусдад дамжуулсан, ашиглуулсан болон санаатайгаар дутаасан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор талууд тохиролцсон байна.
Анхан шатны шүүх хариуцагч нь Ч.Бат-Ирээдүй нарыг эрүүгийн журмаар шалгах тухай өргөдлийг цагдаагийн байгууллагад 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 93 тоот прокурорын тогтоолоор Ч.Бат-Ирээдүйд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг тогтоолыг тэрээр 2016 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр гардан авч шүүхэд 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэл гаргасан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан шаардлагад нийцжээ.
Прокурорын дээрх тогтоолоор Ч.Бат-Ирээдүйд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнийг компанийн эд хөрөнгийг хулгай хийх үйл ажиллагаанд оролцож хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж тушаалд заасан үндэслэл үгүйсгэгдэж байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т тус тус зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцалж түүнийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүх хариуцагч байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирлын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 171-09/15 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Ч.Бат-Ирээдүйг Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХКомпанид эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 48 531 566 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын үндсэн дээр гарсан прокурорын тогтоолоор Ч.Бат-Ирээдүйг хулгайлах гэмт хэрэгт холбогдолгүй гэж шийдвэрлэсэн тул эрүүгийн хэргийн гэрчийн мэдүүлэг, харуулд өгсөн хуурамч баримт зэрэг эрүүгийн журмаар цугларсан нотлох баримтыг үнэлээгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Ч.Бат-Ирээдүй нь бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Шүүх хэрэгт авагдсан баримтад /хх-ийн 176-177/ үндэслэн хуульд заасан үндэслэлгүйгээр нэхэмжлэгчээс суутгасан 3 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр төр гутаагдсан гэж үзэх боломжгүй гэж үзэж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар дутуу олгогдсон 1 660 418 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан шийдвэрлэсэн нь буруу биш боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэж байгаа тохиолдолд ээлжийн амралтын олговрыг гаргуулсан нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн тохирох заалтыг баримтлаагүй орхисон, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 357 850 төгрөг төлсөн байхад зарим хэсгийг буцаан олгоогүй, улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан байгааг тус тус залруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, үйл ажиллагаа хариуцсан захирлын 171-09/15 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин болон 9 сарын цалин, ээлжийн амралтын мөнгө гаргуулах зэрэг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бол нэр төр сэргээлгэх нэхэмжлэлд 70 200 төгрөг, 3 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд 62 950 төгрөг төлөх ёстой гэж үзэхэд 133 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж илүү төлсөн 224 700 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас 62 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн 400 607 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/05917 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 128.1 гэснийг 128.1.2 гэж, 3 дах заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-иас дутуу олгосон цалин хөлс 1 660 419 төгрөгийг гаргуулан Ч.Бат-Ирээдүйд олгож, ээлжийн амралтын олговорт 2 800 854 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 6 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 850 төгрөгийн 133 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 224 700 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, хариуцагч Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-иас 62 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид 400 607 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-иас төлсөн 437 914 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Н.БАТЗОРИГ