Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 18

 

 

    2025       04          22                                            2025/ДШМ/18

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Энхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 сарын 11ий өдрийн 2025/ШЦТ/51 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2536000140043 тай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1995 оны 03 сарын 26-нд Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* ******* ******* ******* оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* ******* ******* *******Цэцэгжаргал, ,

2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө Ховд аймгийн Жаргалант ******* Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Петровисын шатахуун түгээх станцын ойролцоогоос хохирогч ийн өмчлөлийн Samsung galaxy Z Flip6 загварын гар утсыг олж авч, ашиглан бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Ховд аймгийн прокурорын газраас дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ******* овгийн *******Цэцэгжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан "гээгдэл эд хөрөнгө завшсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар тутам 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарлаж,

4.5 Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

4.6 Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор эсэргүүцэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/51 тай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2.4-т “Энэхүү хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж...” гэж тодорхойлсон атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бусдад төлөх хохирол төлбөртэй эсэх талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...шийтгэх тогтоол тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг хангаагүй байна. Улсын Дээд Шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20- ны өдрийн 29 дүгээр тогтоолын 2 хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоол боловсруулах аргачлалын 3 дахь хэсэгт заасан 3.1-т “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон тухай дүгнэлт, түүнд оногдуулсан ял болон хэргийн талаар шүүхээс гаргасан бусад шийдвэрүүдийг заана.

Ийнхүү заахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсгийг заасан дарааллыг баримтална...” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар тусгана гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь мөн хуулийн 39.8 зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих зөрчилд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө Ховд аймгийн Жаргалант ******* Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Петровис шатахуун түгээх станцын ойролцоогоос хохирогч ийн өмчлөлийн Samsung galaxy Z Flip6 загварын гар утсыг олж авч, ашиглан бусдын гээгдэл эд хөрөнгийг завшиж, хохирогч т 3,514,905 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

5. Ховд аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

6.Шүүгдэгч *******ын үйлдэл нь хэрэгт авагдсан “хохирогч ийн мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл з******* үзүүлэлт, яллагдагч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг” зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

7. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  дээрх торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг дурдаж, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарлаж, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

8.Прокурор эсэргүүцэлдээ: “ Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бусдад төлөх хохирол төлбөртэй эсэх талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шийтгэх тогтоол тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх цагаатгах тогтоол боловсруулах аргачлалд заасан “шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсэгт заасан дарааллыг баримтална”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д хохирогчид хохирол хор уршгийг төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, хэдий хэмжээгээр хийх талаар тусгана гэсэн заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байх тул тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

 8.1 Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2.4 хэсэгт шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй талаар дүгнэж бичсэн боловч тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар тусгаагүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын бүх хэсэг нь хоорондоо харилцан уялдаа холбоотой тул тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсгийн үргэлжлэл бөгөөд тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсэгтэй зөрчилдөхгүй, мөн тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлийг дарааллын дагуу заавал нэг бүрчлэн тусгасан байх нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцнэ.

9. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн эсэх, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

10. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/51 тай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг "Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,  түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй." гэж, тогтоох хэсгийн 6 дахь заалтыг "Шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.”  гэж тус тус бүхэлд нь өөрчлөн найруулж, тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Н.ТУЯА

 

     ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР  

 

     ШҮҮГЧ                                            Ж.ОТГОНХИШИГ