Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 335

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

          улсын яллагч И.Ариунсанаа,

          шүүгдэгч А.Т, А.О,

          шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батболд ҮД:08-99,

        шүүгдэгч нарын орчуулагч Ц.Энхцэцэг,

          насанд хүрээгүй хохирогч Е.К, түүний хууль ёсны төлөөлөгч Д,

        хохирогчийн өмгөөлөгч Д.Тамир ҮД:06-51,  

        хохирогчийн орчуулагч Н.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А.Т, А.О нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2017 2501 0898 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1. Оросын Холбооны Улсын иргэн, А.Т

           2. Оросын Холбооны Улсын иргэн, А.О

           Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

         А.Т, А.О нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, РЦНК-д 15 настай эмэгтэй Е.Ктай 5 дугаар ангийн хүүхдийг нь доромжилсон гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Я.А.Тнь Е.Кгийн гараас барьж, Я.А.О нь нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт Я.А.О мэдүүлэхдээ: 02 дугаар сарын 26-нд битүүний өдөр манай эгч Орос байранд ирээрэй гэсэн ба би ажлаасаа гараад хоцорч ирсэн. Хоол идсэн. Дараа нь дуусаад машин руу очиход буланд эмэгтэй сууж байсан. Гэтэл манай хүү ээжээ энэ эмэгтэй намайг байнга зоддог гэсэн. Хүүгийн маань толгой доргисон байсан, дүгнэлт гаргасан. Би эмч бөгөөд хүнтэй хэрэлддэгггүй. Би О байна, битгий манай хүүхдийг зодоорой гэхэд намайг хараалын үгээр доромжилсон. Тэгээд зугтаасан. Би ороод гарч ирэхэд манай эгч байсан. Бид араас нь очсон. Манай эгчийг цээж рүү нь цохисон. Тойроод намайг зодох гээд байсан. Миний шүд хугарч, би шүдээ авахуулсан. Чи яаж байгаа юм бэ гэхэд 2 эгч Д, жижүүр эмэгтэй нарыг зодоод, түлхээд байсан. Д гэх эгч нь намайг цохисон. Тэр үед К буланд суусан. Би эмч хүн, зүрх муутай тул тонгойгоод Кгаас яасан бэ гэхэд миний гэдэс рүү өшиглөж, хөл рүү өшиглөсөн. Хөл хавдаж явахад хэцүү байсан. Миний кесовер хагалгааны сорви руу өшиглөсөн. Тэр эмэгтэй орилоод биднийг зодсон. К яваад өгсөн. Хойно нь манай 2 хүүхэд байсан, 2 эмэгтэй байсан. Хаанаас гэрч нар гарч ирсэн бэ? Энэ баярын өдөр та нар нүгэл хийж байна, боль л доо гэж хэлсэн. Та нар болиоч эвлэрье гэж хэлсэн. Бид нарыг хөөсөн тул бид нар гадаа гарсан. Би одоо хүртэл умайгаасаа цус алдаж байгаа. Би “Гурван гал” эмнэлэгт кесовер хийлгэсэн. Улсын эмнэлгүүд хүлээж авахгүй байсан. 2 удаа кесовер хагалгаагаар төрсөн. Би бүтэн жил цус тогтоох эм ууж байгаа. Би дахиад “Гурван гал” эмнэлэгт эмчлүүлэх ёстой. Би айгаад хүүхдээ сургуулиас нь гаргасан. Манай хүүхдийг Монгол гээд дарамталж, зоддог. Дараачийн 7 хоногт нь цагаан сарын баяр тул 7 хоног амарсан. Бид над шүүх эмнэлэгт очиход 72 цаг өнгөрсөн гээд хэн ч хүлээж аваагүй. Тэгээд бид нар хувийн эмнэлэгт очих гэхэд шүүх дээр тооцохгүй гэсэн тул очоогүй. Бид нар адилхан хувийн эмнэлэгт очоод баримт гаргуулж болох байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Я.А.Т мэдүүлэхдээ: Би ерөөсөө ойлгохгүй байна. Бүх үнэнээ сайн санаж байна. 2017 оны 02 дугаар сарын 26 өдөр бүтэн сайн өдөр байсан. ОХУ-д энэ бол 2 давхардсан баярын өдөр тул баяр дээр очоод тэмдэглэсэн. Тэрний өмнө манай дүүгийн хүүхэд нь энэ охин намайг дандаа зодоод байдаг гэж хэлсэн. 24-ний өдөр О очоод Тимурыг өрхийн эмнэлэгт үзүүлж байсан. Сургууль дээрээ 24-ний өдөр Кд зодуулсан. Тимур ээждээ хэлсэн. Толгой руу нь зоддог гэсэн. О очоод чи К юу гэхэд тийм гэсэн. Яагаад манай хүүг гомдоогоод байна вэ гэсэн. Гэхдээ баярын өдөр учир огт хэрүүл хийж болохгүй. Гэтэл К маш олон хараалын үгнүүд хэлсэн. Тэгээд ирсэн. Манай дүү О аав ээжтэй нь уулзъя гэсэн. Явахад нь би араас нь хараад жижигхэн биетэй тул дайрах байх гэж бодоод араас нь явсан. РЦНК-н үүдэнд хэсэг зогсоод оръё гэсэн. 2-р хаалганы бариулыг би авах гэж байхад К гүйж гарсан. Ярилцъя гэж хэлэх гэж байхад миний цээж рүү маш хүчтэй цохисон. К каратегийн сургалтанд явдаг байсан. Би яаж ч чадахгүй, хөдөлж чадахгүй зогсож байхад Кгийн гар нь миний хажуугаар зүүн хацар дээр нь хүчтэй цохисон. Тэгээд би яана гэж бодоод гараа өргөж, дундуур нь орсон. РЦНК-с 3 эмэгтэй гүйж гараад намайг нүдэж, зодож эхэлсэн. Орилоод зодсон. К тэр үед алхаж булан руу яваад жүжиглээд унаж эхэлсэн. Бид нар огт гар хүрээгүй. Гэтэл булан руу унаад намайг хөл рүү өшиглөсөн. Тэр үед манай дүү тонгойгоод К чи яасан бэ гэж асуухад гэдэс рүү нь том гутлаараа гэдэс, хөл рүү нь өшиглөж зодсон. Би 3 эмэгтэй хүнийг барих гээд манай дүүг алах байх гэж айгаад зогсож байсан. К РЦНК руу орсон. Бид нар араас нь ороод ярих гэхэд 1 эрэгтэй хүн биднийг хөөгөөд байсан. Кгийн эмээд бид ярилцъя, баярын өдөр хэрэлдэж болохгүй гэхэд олон хараалын үгээр хэлээд байсан. Өөр байнга оршин суудаг хүмүүст хэлэхэд цагдаад хэл гэсэн. Тэгээд шүүх эмнэлэгт очсон. Эргээд цагдаад ирэхэд К аавын хамт цагдаагийн газарт байсан. Ийм зүйл болсон гэв.

         Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч Е.Кгийн: 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Оросын холбооны улсын хаварын баяр буюу бие биенээсээ уучлалт гуйдаг баярт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд оршин РЦНК буюу Оросын холбооны улсын элчин сайдын яамны дэргэдэх Шинжлэх ухаан соёлын төвд   баярт оролцож байхад 2017оны 02 дугаар сарын 26 өдөр 15:00 цагийн үед гадаа тоглож байтал Якимова Татьяна, Якимова О нар ирэн К мөн үү гэж асууж би мөн байна гэж хэлэхэд О гэх эгч өөрийгөө О гэж танилцуулж би танилцахад таатай байна гэж хэлэхэд О надад таагүй байна гэж хэлээд чи яагаад манай хүүг цохиж зодоод байгаа юм бэ гээд манай сургуулийн 5-р анги сурагч хүүг дагуулчихсан надад хэлсэн. Би 9 дүгээр анги, танай хүү 5-р анги би түүнийг зодож цохих шаардлага байхгүй гэж хэлэхэд О манай хүү чамайг өдөр болгон цохиж зоддог гэж надад хэлсэн гээд хэлэхэд хажуунаас нь тэдэнтэй хамт байсан Тэгч намайг чи биеэ зөв авч яваач гэж хэлэхээр н ь эхлээд өөрийнхөө хүүхдийг биеэ авч яваа байдалд нь анхаараарай гэж хэлээд цааш үүд рүү явж байтал араас О, Тхоёрын аль нэг  нь намайг тэнэг гичий гэх мэт Орос хэлээр баахан харааж би эргэж хараад зайлцгаа та нар өөрсдөө тийм шүү дээ гэж хэлээд РЦНК-ын дотогш эмээгийнхээ ажлынх нь өрөө рүү ороход эмээ байхгүй буцаж гараад үүд рүү явж байтал эгч П.Дтай тааралдаж болсон явдлын талаар хэлэхэд тэнэг хүмүүсийг битгий тоо гэж хэлээд байж байтал найз Таня утас руу залгаж хаана байна, РЦНК-н гадаа ирээч гэхээр нь гадагш гарах гээд эхний хаалгаар гараад дараагийн хаалгаар гарах хаалганы дунд завсарт О, түүний эгч Таня нартай таарахад Таня энгэрээс маань заамдаж булан руу хана руу түлхэж зогс новш оо гэж хэлээд түлхэхээр нь би гарыг нь тавиулж эргэхэд ардаас Таня цүнхнээс маань татаж зогсоож О мөн ирэн миний энгэрээс заамдаж барьж аван гараараа эрүү рүү цохиж би газар унахдаа шал толгойгоороо мөргөж унасан. Тэгтэл Таня ирэн босооч новш оо гээд намайг дээш босгох гэж оролдож энэ үед эгч П.Д хүрч ирэхэд О надаас уучлалт гуйж намайг босгох гээд оролдож би гарыг нь холдуултал О нь Дд хандаж намайг энэ хүүхэд биеэ хэрхэн авч яваа нь харагдаж байна шүү дээ гэж хэлж энэ үед зүс таних ах Давид таарч намайг үүднээс буцаж оруулж коридорт сандал дээр суулгаад ус өгч уулгаад жижүүрийн өрөөнд оруулж би тайвширч байгаад гарч ирэхэд Тэгч намайг цээж рүү нь цохисон мэт зүйл яриад О эгч надад нотлох байгаа гээд тэнд явсан хүмүүст худал хэлээд яваад байсан ба бид түүнээс хойш маргалдаагүй салсан. Би хаалганы үүдэнд дотогш зугтааж гүйж орох гэж байхад Тэгч миний араас цүнхнээс зуурч татаж хойноос 2 мөр орчим 2 гарын булчингаас 2 гараараа барьж би хөдлөх боломжгүй байхад О эгч намайг заамдаж гараараа зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиж би газар унахдаа хана, шал мөргөж гэмтсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

            Мөрдөн байцаалтанд гэрч Ф.И.Давидын: …2017.02.26-ны өдөр 15:00 цагийн үед шиг санаж байна РЦНК буюу Оросын соёлын төвд хаварын баярт уригдаж гаднаас үүдээр ороход үл таних 15 орчим насны нэг Орос охиныг жижиг хар үстэй, бие жижиг эмэгтэй гараараа цохиж унагаж харагдсан. Би больцгоо гээд 2 эмэгтэйг хойш болгож нөгөө охиныг газраас босгож үүдээр авч дотогш орон сандал дээр суулгаад яасан, юу болоод байгаа юм бэ гэтэл тэр охин огт юм дуугараагүй чичрээд уйлаад энэ үед үл таних эмэгтэй ирээд юу болов гээд манай захирал хойноос ирэн намайг явъя гээд би цааш яваад өгсөн. Би үүдээр ороход хар үстэй Монгол царайтай Орос хэлээр ярьж байсан эмэгтэй гараараа цохиж унагаж харагдсан. Өөр зүйл харагдаагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,

            Мөрдөн байцаалтанд гэрч П.В.Дгийн: …2017.02.26-ны өдөр 14-15 цагийн үед шиг санагдаж байна манай ажил дээр Орос улсын Хаварын баяр болж олон хүн РЦНК-д ирсэн байсан ба би ажил дээрээ байсан. Тэгтэл захирал орж ирэн шорлогонд явсан хүн ирээгүй байна уу гэж асууж би гадагш гарахаар үүдэн дээр ирэхэд давхар хаалганы голд шилэн хаалтны цаана 3-4 хүн бололтой хэсэг хүн буланд овоорсон харагдсан. Тэгтэл манай дүүгийн хүүхэд Кг Тараас нь цүнхнээс нь зулгааж татаж араас нь 2 гараараа гарыг нь хөдөлгөхгүй булчингаас нь барьж харагдсан ба би хаалгаар орж очих хооронд О дүүг маань гараараа шанаадаж хойш газар унаж харагдсан. Би ойртож очиход Тгараа алдлаад намайг ойртуулахгүй чи хэн юм бэ гээд эндээс зайл гэхээр нь би энэ миний хүүхэд гээд бид 2 маргаж байхад зүс таних Давид дүүг маань газраас босгоод дотогш авч орсон. Би Татьяна, О нараас яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гэтэл танай хүүхэд бид нарыг харин зодлоо гээд хоёулаа над руу хэл амаар доромжилж бид хоорондоо хэрэлдэж маргаад учраа олохгүй болохоор нь би ажил руугаа буцаж явж ороход Кгийн завьжнаас нь цус гарсан байдалтай байсан. Уйлж байсан ба би болсон явдлын талаар эцэг, ахад нь хэлж мэдэгдэж орой цагдаагийн газар хамт ирсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Н.Ен: …2017.02.26-ны өдөр 14-15 цагийн үед шиг санаж байна манай ажил дээр Оросын Хаварын баяр болж манай захирал шорлогонд яваад ирээч гээд би шорлогонд яваад буцаж орох гээд үүдэн дээр ирэхэд 2 хаалганы голд шилэн хаалтны цаана манай ач охин Кг О гараараа 1 удаа шанаадаж цохиж газар унагаж харагдсан. Би шууд хаалгаар явж орон юу болоод байна гээд Татьяна, О нарт хэлж асуухад манай охин Д хажууд ирсэн байсан ба мөн яаж байна гэж хэлээд Д байсан болохоор нь би цааш захирлын шорлогийг аваачиж өгөхөөр дотогш ороод өгчихөөд буцаж гарч ирээд О, Тхоёртой үүдэн дээрх уулзахад О манай 5-р ангийн хүүг танай охин К цохиж зодсон байна гэж хэлэхээр нь би та нар яагаад нийлж охиныг маань цохиж, зодож байгаа юм бэ, эцэг, эхэд нь энэ талаар хэлж болно шүү дээ гэж хэлэхэд О нь 2 хүүхдээ бид эвлэрүүлэхийг хүсэж байна гэж хэлэхэд Тнь бид нар гомдолтой байна цагдаа дуудна гэхэд О нь хэлэхдээ К бид нарыг хараалын үгээр харааж, намайг цохисон гэж надад хэлж Кг дуудчих 2 хүүхдээ эвлэрүүлчихье гэж хэлээд Д үүдэнд таарч Кг асуухад манай өрөөнд байгаа гэж хэлж К дээр ганцаараа ирэхэд Кгийн царай нь цайчихсан, толгой эргээд байна гээд өрөөнд хэвтэж байсан ба амны завьжнаас нь цус гарсан байхаар нь нойтон салфетка өгч арчуулан юу болсон талаар асууж К намайг хүүхдийг нь зодсон гээд О гэх эмэгтэй гараараа цохисон гэж хэлсэн…гэх мэдүүлэг /36-37 дугаар тал/,

            Мөрдөн байцаалтанд гэрч Н.Мн: …2017.02.26-ны өдөр Шар тосны баяраар РЦНК-н талбай дээр босон шар тосны баяр дээр найзуудын хамт ирсэн юм. Тэгээд РЦНК-н барилга дотор байрлах нойл руу орохоор явсан. Ойролцоогоор 10 минутын дараа РЦНК-н үүдэн хэсэг рүү ирээд шилэн хаалганы цаана нас биенд хүрсэн хоёр эмэгтэй нэг охиныг дундаа хийгээд нааш цааш сэгсчээд байсан. Би хувьдаа бодохдоо ээж нь эмээтэйгээ хүүхдээ загнаж байна гэж бодоод би тоогоогүй тэр хоёр эмэгтэйгийн нэг нь тэр охиныг цохихыг харсан. Тэр цохилтоос болоод охин унасан. Тэр охиныг хэн газраас өргөснийг мэдэхгүй тухайн охин РЦНК руу орж байхад нь харахад уруул нь хавдчихсан, нүүр нь улайчихсан, үс нь сэгсийчихсэн байсан. РЦНК руу нөгөө охин орж ирээд шууд жижүүрийн цаана очоод зогссон. Тэр охины араас нөгөө хоёр эмэгтэй мөн хүү, охин хоёр орж ирсэн мөн гадаа байсан улсууд мөн зогсож байсан. Уг хоёр эмэгтэй хүүхдээ дагуулан орж ирээд олон нийтийн газар маш бүдүүлгээр хараалын үг урсган хоёр давхар руу гарах гэж байхад би уг хоёр эмэгтэйг зогсоогоод юу болсон талаар тайлбарлахыг хүссэн боловч тэр хоёр эмэгтэй үргэлжлүүлэн хараалын үгээ хэлж байсан. Арай залуухан эмэгтэй тэр намайг зодсон, миний хүзүүг маажсан гэж хэлж байсан. Тэгэхэд нь юун зодуулах вэ та хоёр дөнгөж сая жоохон хүүхэд нийлээд зодчихлоо гэж хэлэхэд би маажсан хэсгийг чинь харъя гэж хэлсэн. Тэгтэл ямар ч маажсан ул мөр байгаагүй байсан. Тэгтэл уг хоёр эмэгтэй одоо цагдаа дуудлаа энэ охиныг шоронд суулгана гэж орилсоор байсан. Тэгэхэд нь би цагдаагаа дууд гэж хэлсэн. Цагдаа ирээд энэ охиныг хараад та хоёрыг хараад хэн зодуулсныг, хэн ямар байдалтай байгааг ойлгох байлгүй гэсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 135 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3210 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Е.Кн биед тархи доргилт, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар тал/,

            -Хохирлын баримт /хх-н 86 дугаар тал/

            - Шүүгдэгч А.Т ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /117 дугаар тал/,

            - Шүүгдэгч Я.А.О гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /118 дугаар тал/,

            - Компьютер томографын шинжилгээ, эмчийн үзлэгийн тэмдэглэл /107-109, 133 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Т, А.О нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, РЦНК-д 15 настай эмэгтэй Е.Ктай 5 дугаар ангийн хүүхдийг нь доромжилсон гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Я.А.Тнь Е.Кгийн гараас барьж, Я.А.О нь нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  1.10 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-д ... энэ хуулийн тусгай ангид  хорих ялын дээд хэмжээг  нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил,  түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт  хэрэг үйлдсэнээс  хойш  нэг жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт  заасан гэмт хэрэгт  дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас доллон зуун хорин цаг хүртэл  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл  нэг сараас зургаан сар  хүртэл хугацаагаар зорчих эрхийг хягаарлах ялаар шийтгэхээр хуульчилжээ.

 Баянзүрх дүүргийн Прокуророос А.Т, А.О нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн байна.

 А.Т, А.О  нар  нь 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, РЦНК-д 15 настай эмэгтэй Е.Ктай 5 дугаар ангийн хүүхдийг нь доромжилсон гэх шалтгаанаар маргалдаж нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх  ба  түүнээс  хойш  нэг жил өнгөрсөн тул  шүүгдэгч  нарт  эрүүгийн  хариуцлага хүлээлгэн хөөн хэлэлцэх  хугацаа өнгөрсөн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг томографын зургийг хохирогчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Т, А.О нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Хохирогч Е.К нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн баримтуудаас 620.000 төгрөгийн баримт нотлох баримтын  шаардлага хангаж байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 310.000   төгрөгийг гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй гэж үзлээ. /хх-н 54, 86-р тал/

 Харин хохирогчоос ирүүлсэн бусад хохирлын баримтууд нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Е.К нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч А.Т, А.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. А.Т, А.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  1.10 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-д зааснаар А.Т, А.О нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн томографын зургийг,   хохирогч Е.У.Кристинад буцаан олгох, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, А.Т, А.Онар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            4. Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,  510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  А.О310.000 /гурван зуун арван мянган/ төгрөгийг,  А.Т310.000 /гурван зуун арван мянган/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Е.К.Уд /ЮД:01261400/ олгосугай.

            5. Хохирогч Е.К нь учирсан хохирлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  А.Т, А.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шүүхийн шийтгэх тогтоолыг  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.Т, А.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ