Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар   2025/ДШМ/24

 

          

 

 

 

 

 

 

 

2025          3            27                                                     2025/ДШМ/24                                  

 

 

                                                           

Э.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Лувсанцэрэн

Шүүгдэгч Э.Н

Шүүгдэгч Э.Н ын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Н ын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Э.Н-д холбогдох эрүүгийн 27.10 дугаар хэргийг 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд ......... оны ...... дүгээр сарын .......-нд төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологийн багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл 1, ................................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд: ............ шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ........... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ......... овогт Э.Н , регистрийн дугаар: /НЭ.........../

 

2. Э.Н  нь Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт шороон зам дээр 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Тоёота приүс-41” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн Прокурорын газраас Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.овогт Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Н ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, түүнийг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч Э.Н ын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар “...прокурор, мөрдөгч нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн үүргээ тус тус биелүүлж чадсангүй.

Анхан шатны шүүх үйл баримтын талаар хавтаст хэрэгт ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Э.Н ын Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт шороон зам дээр 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Тоёото Приус 41” маркийн ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд гэж үзэхдээ 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн дугааргүй магадалгааг бичгийн нотлох баримтаар тооцсонгүй. Гэм буруу болон хууль зүйн дүгнэлтээр шүүгдэгч Э.Н  урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Э.Н ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Лувсандондог мөрдөгчийн магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийг удирдлага болгон өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан гэсэн боловч Э.Н ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг тавихгүй өөр заалтыг бичсэн нь ойлгомжгүй байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлд: “Шүүгдэгчийн өмгөөлөгч өнөөдрийн шүүх хуралдаанд Н.Цэцэгнавч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч ял хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинээр гаргаж өгөх 5 хуудас баримт ял шийтгэлийн лавлагаа зэргийг шинжлэн судлуулж оролцоно гэв” гэж бичигдсэн нь ойлгомжгүй байна.

Миний үйлчлүүлэгч Э.Н  нь 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ............. суманд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад .............. шүүхийн шүүгчийн №454 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ............ шүүхийн №2024/ШЦТ/...... дугаар шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жилийн хугацаагаар хасуулж 5.000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгуулсны дараа 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осол гаргасан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасуулж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн юм.

Ялтан Э.Н  нь өвчтэй аав, өндөр насны тэтгэвэртэй ээж нартайгаа гурвуулаа .................... тоотод оршин суудаг. Урьд шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг бүрэн төлж барагдуулсан, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч А.Өлзийдэлгэр санал гомдолгүй. Түүний үйлдсэн хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

6. Прокурор Б.Лувсанцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Э.Н ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдсон. Тэрээр өмнө нь энэ гэмт хэрэгт торгох ял шийтгэгдэж байсан боловч дахин гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, гурван жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасан ч анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж 1 жил хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

7. Шүүгдэгч Э.Н  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байгаа учир нэмж хэлэх тайлбар байхгүй гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Н ын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Э.Н  нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 45 минутын орчим буюу өмнө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн ...........улсын дугаар бүхий “Тоёота Приус-41” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа ухрах үйлдэл хийж иргэн А.Өлзийдэлгэрийн жолоодон явсан .......... улсын дугаартай “Тoyota Harrier” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн гэх гэмт хэргийн үйл баримтын талаар тусгагдсан.

 

3. Анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Д.Н-ыг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, нэг /1/ жил хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

 

4. Хавтаст хэргийн 71-74 дүгээр талд авагдсан ................. шүүхийн ........ оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ......... дугаар шийтгэх тогтоолоос үзвэл шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэж уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.  

4.1. Шүүгдэгч Э.Н  шүүхээс оногдуулсан таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялыг бүрэн төлж биелүүлсэн нь ............ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/89 дугаар албан бичиг /хх-ийн 76-77-р тал/-ээр нотлогдон тогтоогдсон.

 

5. Дээрхээс дүгнэн үзвэл шүүгдэгч Д.Н  өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шүүхээр ял шийтгүүлсэн байхад анхан шатны шүүх түүний өмнөх хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жил /3/-ийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг цаашид хэрхэн эдлүүлэх асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь буруу байна.

5.1. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1.5-д зааснаар “эрх хасах” ял нь ялын төрөлд орж тооцогдохоор хуульчлагдсан. Гэтэл анхан шатны шүүхээс уг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэрэглэвэл зохих хуулийн зүйл хэсэг, заалтыг хэрэглэхгүй орхигдуулан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэхгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 1.3.-т тус тус заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдэд хамаарч байгаа болно.

 

6. Анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдаа, зөрчлийг давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан зөвтгөн өөрчлөх хууль зүйн боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Н ын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүйг болон хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаагаар шүүгдэгч Э.Н-д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн зэргийг дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.Н-д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.ТҮВШИНТӨГС

 

                                         ШҮҮГЧИД                                                А.ЦЭРЭНХАНД

                                               

                                                                                                М.МӨНХДАВАА