Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01355

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01355

 

 

Г.Буяннэмэхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00691 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Буяннэмэхийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Энжил скин ХХК-д холбогдох

 

Арьс, гоо заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Буяннэмэх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Буяннэмэх нь тус байгууллагад 2014 онд арьс, гоо заслын эмчээр ажилд ороод 2016 оноос эмнэлгийн даргын ажлыг давхар хийх болсон. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Тэрээр 2017 оны 6 сарын дундуур 3 жил гаран тасралтгүй ажилласан, эмнэлэг хариуцан ажиллаж байгаагийн хувьд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээгээр ажиллах, цалин хөлсөө нэмүүлэх санал гаргахад боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш удалгүй 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 17/06 тоот тушаалаар Г.Буяннэмэхийг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа харилцан тохиролцсон гэсэн байсан. Г.Буяннэмэх цалингаа нэмүүлэх шаардлага гаргасан болохоос ажлаас гарах тухай хүсэлт гаргаагүй. Эмнэлгийн дарга байсан учир компанийн болон эмнэлгийн тамгыг өөртөө хадгалж байсан. Өөрөө Оосава сантай яриад ажлаас халагдах тушаалаа гаргуулсан. Энэ асуудал дээр бол ерөөсөө захирлын албан тушаалыг түдгэлзүүлж, тамгаа шилжүүлж өгөх л хүсэл зориг байсан. Учир нь хөдөлмөрийн гэрээгээр зөвхөн эмч гэсэн албан тушаалд ажиллахаар тохирсон. Иймд цаашид эмчийнхээ ажлыг л хийе, хөдөлмөрийн гэрээнд заагаагүй эмнэлгийн даргын ажлыг гүйцэтгүүлж байна. Хэрэв хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил гүйцэтгүүлэхээр бол хөлсөөр ажиллах гэрээ юм уу эсхүл ямар нэгэн гэрээ хийж миний цалинг нэмэгдүүлж өг гэсэн шаардлага тавьсан. Иймд арьс, гоо заслын эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсанчлан 2016 оноос эмнэлгийн даргаар давхар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ буюу гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдаагүй. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хүртэл нэхэмжлэгч нь арьс, гоо заслын эмч албан тушаалд ажиллаж байсан. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Г.Буяннэмэхээс цалин хөлсөө нэмүүлэх санал гаргахаар нь зөвшөөрөхгүйгээр шууд ажлаас халсан зүйл огт байхгүй. 2017 оны 6 сараас хойш ажил үүргээ гүйцэтгэж, ээлжийн амралтаа авч, буцаж ажилдаа орж ажилласан байсан. Г.Буяннэмэх нь цалингаа нэмүүлэх саналтай хэвээр байсан учраас ажил олгогчийн зүгээс ийм өндөр цалин өгч ажиллуулах боломжгүй гээд нэхэмжлэгчид одоо байгаа цалингаараа ажиллаж чадахгүй гэж байгаа бол 9 дүгээр сарын 1-ний өдрөөс ажилдаа ирэхгүй байж болно гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын сүүлээс эхлэн өвчтэй гэдэг шалтгаанаар ажилдаа ирэхээ больсон. Г.Буяннэмэх нь 2017 оны 9 дүгээр сараас эхлэн ... ажлаас чөлөөлөгдөх албан ёсны тушаал гаргаж өгнө үү гэж компанийн удирдлага руу и-мэйл явуулж, компанид үргэлжлүүлэн ажиллахгүй тухайгаа мэдэгдсэн байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхжаргал миний удирддаг өмгөөллийн нөхөрлөл нь хариуцагч Энжил скин ХХК-д хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд компанийн үйл ажиллагаанд шаардлагатай эрх зүйн баримт бичгийг боловсруулан бэлдэж, хянаж өгдөг. Нэхэмжлэгч Г.Буяннэмэх нь над руу удаа дараа утасдаж ажлаас гарах тушаал гаргаж өгнө үү, Оосава захирал хариу өгөхгүй байна. Та энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэх мэтчилэн ажлаас гарах тухайгаа хэлж, ажлаас чөлөөлсөн тушаалаа авах талаар мессеж явуулж, утсаар ярьж байсан. Миний зүгээс үйлчлүүлэгч компанийн удирдлагаас лавлахад Г.Буяннэмэхтэй харилцан тохиролцоод гэрээг нь дуусгаад ажлаас чөлөөлөх тушаал гаргаж өгнө үү гэснийх нь дагуу ажилтан цааш ажиллах хүсэлгүй байгаа ба ажил олгогч нь мөн ажиллуулахгүй гэж харилцан тохиролцсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан талууд харилцан тохиролцсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаалыг боловсруулж, гаргаж өгсөн. Нэгэнт нэхэмжлэгч ажлаас гарах тухайгаа мэдэгдэж, ажлаас чөлөөлөх тушаалаа авах тухай асууж, ажил олгогч мөн үүнийг дэмжсэн учраас ажилтан ба ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Г.Буяннэмэхийн шүүхэд гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймээс Г.Буяннэмэхийн Энжил скин ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Г.Буяннэмэхийг Энжил скин ХХК-ийн Киото эмнэлгийн арьс, гоо заслын эмчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 12 062 500 төгрөгийг хариуцагч Энжил скин ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Г.Буяннэмэхэд олгож, холбогдох хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Энжил скин ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 сарын 24-ний өдөр төлсөн 144,950 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Г.Буяннэмэхэд буцаан олгож, хариуцагч Энжил скин ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 207,950 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхжаргал давж заалдах гомдолдоо:

... Шүүх нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн 2016, 2017 онд төлсөн шимтгэл төлөлтүүдийн дүнг хэрэгт ач холбогдолтой талаас нь огт үнэлээгүй алдаатай дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үзлэгээр талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох талаар хийсэн тохиролцоо тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхжаргал миний 99069665 дугаарын утас руу нэхэмжлэгчийн 99094931 утаснаас 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх албан ёсны тушаалаа гаргаж өгөх талаар асууж бичсэн мессежэнд мөн адил үзлэг хийсэн. Нэхэмжлэгч энэхүү мессежээр ажлаас чөлөөлөх албан ёсны тушаалыг ажил олгогчоос асуухад өмгөөлөгч таныг бэлдэж өгнө гэсэн утгатай мессеж бичиж над руу утсаар залгаж ажлаас чөлөөлсөн тушаалаа байнга асуудаг байсан. Энэхүү тушаал гэдэгт тамга тэмдэг хүлээлгэн өгөх тушаал эсхүл ямар нэгэн эмнэлгийн дарга, захирлын үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлөх тийм утгатай тушаал огт асуугаагүй бөгөөд гагцхүү эмчийн ажлаас чөлөөлөх, ажлаа хүлээлгэн өгөх тушаал асууж нэхэж шаардаж байсан. Шүүх үзлэг хийсэн энэхүү мессеж, үзлэгийн тэмдэглэлийг огт үнэлж. дүгнэлт өгөөгүй. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ажил хүлээлцсэн акт дээр арьс гоо заслын эмчийн ажил, үүргээ хүлээлгэн өгч хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Г.Буяннэмэх өөрөө гарын үсэг зурсан байдаг. Мөн ажил хүлээлцсэн актыг үйлдэхэд ажил хүлээн авсан "Энжил скин" ХХК-ийн оффис менежер Г.Буянжаргалд зориуд хэлж актад "эмнэлгийн дарга" гэдэг үгийг нэмж оруул гэсээр байгаад хүчээр нэмж оруулан акг үйлдсэн байдаг. Хариуцагчаас шүүхэд гарган өгсөн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны нэхэмжлэгч Г.Буяннэмэхийн ажилдаа ирсэн явсан цагийн бүртгэлийг шүүхэд гарган өгч, шүүхээс цаг бүртгэлийн Кing of time програмд үзлэг хийсэн. Энэхүү цаг бүртгэлээр 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс хойш нэхэмжлэгч Г.Буяннэмэх нь ажилдаа огт ирээгүй ажил үүргээ гүйцэтгээгүй байдаг. Хэдийгээр ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг ажил тасалсан гэж ажлаас халаагүй ч нэхэмжлэгч нь ерөөсөө тухайн үед авч байсан цалин хөлсөөрөө цаашид "Энжил скин" ХХК-д ажиллах хүсэлгүй тиймдээ ч ажилдаа ирж ажлаа хийхгүй байсан болох нь энэхүү цаг бүртгэлийн хуудас, үүнд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогддог. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 181/ШШ2018/00691 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Буяннэмэх нь Энжил скин ХХК-д холбогдуулан арьс, гоо заслын эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргасан байна. Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...нэхэмжлэгч нь ажлаас гарах хүсэлтийг гаргаж, талууд харилцан тохиролцсон гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Энжил скин ХХК нь нэхэмжлэгч Г.Буяннэмэхтэй 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг арьс, гоо заслын эмчийн албан тушаалд ажиллуулахаар тохиролцсон байна. /хх-ийн 5-11 тал/

Ажил олгогч Энжил скин ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17/06 дугаар тушаалаар ажилтан Г.Буяннэмэхтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэжээ. /хх-ийн 12 тал/

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажил хүлээлцсэн акт гэсэн бичгийн баримт үйлдэж, уг баримт бичигт Энжил скин ХХК-ийн эмнэлгийн дарга, арьс гоо заслын эмчийн ажлын байр, албан тушаалд ажиллаж байсан Г.Буяннэмэх нь ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан ажлууд, баримт бичиг, материалыг компанийн оффис менежерийн албан тушаалтан Г.Буянжаргалд хүлээлгэн өгөв гэж бичсэн байна. /хх-ийн 13 тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээнд арьс, гоо заслын эмч гэж зааж, бямба гаригт ажилласны илүү цагийн нэмэгдэл хөлс төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 5-11 тал/ Хэргийн 14-17 дугаар талд ажлын байрны тодорхойлолт авагдсан байх бөгөөд Г.Буяннэмэхийг Киото эмнэлгийн даргын үндсэн ажилд, арьс, гоо заслын эмчийн хавсран ажиллах ажилд ажиллуулахаар тодорхойлж, ажлын байрны тодорхойлолтыг баталж, танилцуулсан эрх бүхий албан тушаалтан Энжил скин ХХК-ийн гүйцэтгэх захирал Оосава Шигэюки, тодорхойлолттой танилцаж зөвшөөрсөн эмнэлгийн дарга, эмч Г.Буяннэмэх нар 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зуржээ. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл байгуулж, гарын үсгээ зурсан нь хуульд нийцжээ.

 

Анхан шатны шүүх хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох харилцан тохиролцоог талууд бичгээр үйлдээгүй байх тул ажилтан, ажил олгогч нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг талуудын тохиролцоогоор дуусгавар болгоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Г.Буяннэмэхийн Энжил скин ХХК-ийн гүйцэтгэх захирал Оосава Шигэюкид хандан бичсэн мэйл, түүнд шүүхээс үзлэг хийсэн тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд уг баримтад нэхэжлэгч Г.Буяннэмэх захирлын ажлаа хүлээлгэн өгөх албан ёсны тушаал гаргуулахаар хандаж байжээ. /хх-ийн 55 тал/

 

Мөн нэхэмжлэгч Г.Буяннэмэх нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй болох нь хэрэгт авагдсан өдөр тутмын цагийн бүртгэлийн мэдээллийн талаарх баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 66-67 тал/

Нэхэмжлэгч Г.Буяннэмэх нь хариуцагч Энжил скин ХХК-ийн удирдлагад хандан эмнэлгийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх бөгөөд эмнэлгийн даргын үндсэн ажлаас чөлөөлөгдсөнөөр хавсран ажиллаж байсан арьс, гоо заслын эмчийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй тул түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх хүсэлтээ илэрхийлснийг хариуцагч байгууллага зөвшөөрснөөр ажлаас чөлөөлсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар талуудыг харилцан тохиролцож гэрээ цуцлагдсан гэж үзнэ.

 

Ажил олгогч Энжил скин ХХК нь ажилтан Г.Буяннэмэхтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байх тул энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00691 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Г.Буянэмэхийн Энжил скин ХХК-д холбогдуулан гаргасан арьс, гоо заслын эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Энжил скин ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж. ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО