| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/1075/Э |
| Дугаар | 1121 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 1121
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням, улсын яллагч /томилолтоор/ О.Багшбаяр, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б Б холбогдох эрүүгийн 1806020001278 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар xoроо 13 дугаар хороололын нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл” хотхоны орчим иргэн Б.Д эзэмшлийн делл брендийн зөөврийн компьютерийг түр хэрэглээд өгье гэж хэлэн авч, хэрэглэж байх явцдаа ломбарданд тавьж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.
Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Д хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 9-10/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 18-19/, Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 21/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байн гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар xoроо 13 дугаар хороололын нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл” хотхоны орчим иргэн Б.Д эзэмшлийн делл брендийн зөөврийн компьютерийг түр хэрэглээд өгье гэж хэлэн авч хэрэглэж байх явцдаа ломбарданд тавьж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Б.Д эзэмшлийн “Делл” брендийн зөөврийн компьютерийг түр хэрэглээд өгье гэж хэлж, хэрэглэж байх явцдаа итгэмжлэн хариуцуулсан компьютерийг нь ломбарданд тавьж завшиж, түүнд 510.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Д өгсөн: “...Би 2014-2016 оны хооронд Оросын холбооны улсад сурч байсан ба 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр надтай Оросод хамт сурч байсан Б нь над руу мессеж бичиж зөөврийн компьютероо 2 хоног хэрэглүүлээч, хийх юм байна гэж гуйхаар нь би зөвшөөрсөн ба 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 22 цагийн үед Б манай гэрийн гадаа ирж миний Делл ай 5 загварын саарал өнгөтөй зөөврийн компьютерийг хоёр мөрөвчтөй хар өнгийн цүнхтэй хамт авсан. Тэгээд хоёр хоногийн дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед фейсбүүк чат ашиглан Б холбогдож компьютераа авъя гэж хэлэхэд орой өгье гэж хэлсэн. Ингээд 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Б фейсбүүк чатаар холбогдоход би хөдөө байна, нөгөөдөр хотод очно, би найздаа чиний компьютерийг аваачаад өгөөрэй гэж хэлээд чиний утасны дугаарыг найздаа өгсөн, чамд өгөөгүй байгаа юм уу гэж хэлсэн. Үүний дараа 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк чатаар дахин Б холбогдоход манай найз чиний зөөврийн компьютерийг ломбарданд тавьчихсан гэж байна. Би найзтайгаа холбоо барьж чадахгүй байна гэж хэлсэн ба үүнээс хойш Б огт холбоо барьж чадахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-н 12/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 17/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Шүүхээс дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсаг эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.