| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/03684/И |
| Дугаар | 192/ШШ2025/06827 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/06827
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, өөрийн байранд байрлах “Х б” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт оршин суух, Б овогт Жын Э /РД: /,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, тоот хаягт оршин суух, Б овогт Ж Ж /РД: / нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17,078,069.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Х б” ХК нь хариуцагч Ж.Э, Ж.Ж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,078,069.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Зээлдэгч Ж.Э, Ж.Ж нар нь Х б ХК-ийн спортын төв ордон тооцооны төвтэй 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 317201642812131 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг жилийн 18 хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авч уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3Г/201642812131 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 6,746,546 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,148,782 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 551 төгрөг нийт 7,895,879 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул б зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд б талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4,5.1.5, 5.1.7,5.1.10,6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Б эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Ж.Э, Ж.Ж нараас 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/201642812131 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 5,253,454.29 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,569,016.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,230,599.25 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 17,078,069.67 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
2. Хариуцагч Ж.Э, Ж.Ж нар хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зээлдэгч Ж.Э, Ж.Ж нар нь "Х" б ХК-ын спортын төв ордон тооцооны төвтэй 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/201642812131 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж.../-гэжээ.
Тус бнаас авсан цалингийн зээлийн гэрээ нь 2016.10.03-ны өдөр байгуулагдаж 2019.10.02-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргаж байгаа хугацаа 2025.04.17-ны өдөр байна. Иргэний хууль 76 дугаар зүйл 76.1. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.4.Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно, мөн хуулийн 75 дугаар зүйл 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;-гэжээ.
Иймд Зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн үеэс 8 жил, гэрээний хугацаа дууссан үеэс 5 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйл 82.1. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй;-гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна. Шүүх хуульд заасны дагуу шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төлбөрийн баримт, Барьцаат зээлийн гэрээ, Х бны гүйлгээний баримт, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, Х б ХК-д гаргасан хүсэлт, Зээл хүсэгчийн анкет, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газраас Х б ХК-д гаргасан Тодорхойлолт, 2016 оны Цалингийн карт, Ж.Эрдэнийн Х б ХК-д гаргасан Тайлбар, Зээл төлөх мэдэгдэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч нараас Хариу тайлбар, Итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “Х б” ХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул б зээлийн гэрээний 5.1.2-т заасны дагуу зээлийн төлбөрийг зээлдэгч нарын харилцах данснаас суутган авч байсанд хариуцагч нар бинд хандаж эсэргүүцээгүй, хүлээн зөвшөөрч байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Иймд хариуцагч нараас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/201642812131 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 5,253,454.29 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,569,016.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,230,599.25 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 17,078,069.67 төгрөгийг шаардах эрхтэй.” гэжээ.
3. Хариуцагч Ж.Э, Ж.Ж нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Тус бнаас авсан цалингийн зээлийн гэрээ нь 2016.10.03-ны өдөр байгуулагдаж, 2019.10.02-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч мэдэгдлийг авч байгаагүй. Иймд Зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн үеэс 8 жил, гэрээний хугацаа дууссан үеэс 5 жил 6 сарын хугацаа өнгөрсөн, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Хариуцагч Ж.Э, Ж.Ж нар нь “Х б” ХК-тай 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг 1 жилийн 18%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлж авах, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хамтран төлөх, нэхэмжлэгч “Х б” ХК нь зээлийн мөнгийг хариуцагчид шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /хх11-13/
4.2 Нэхэмжлэгч “Х б” ХК уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагчийн ирээдүйд орж ирэх цалин орлого болон 2,500,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшлыг тус тус барьцаалсан байна.
5. Зохигчдын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 189 дүгээр зүйлийн 189.1, Б, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2-т заасан шаардлагад нийцжээ.
6. Нэхэмжлэгч “Х б” ХК нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1.2, 2.1.3, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар зээлийн 12,000,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Ж.Эд шилжүүлж, үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлсэн байх бөгөөд хариуцагч Ж.Э, Ж.Ж нар нь зээлийг ашиглаж эхэлснээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар, гэрээний хугацаанд үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүрэгтэй байна. /хх-14/
Дээрх үүргээс хариуцагч нар үндсэн зээлээс 6,746,546 төгрөг, үндсэн хүүнээс 1,148,782 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 551 төгрөг, нийт 7,895,879 төгрөгийг төлсөн байх боловч 2017 оны 6 дугаар сараас үндсэн зээл, хүүг төлөх үүргээ зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1, 4.2.4, 4.2.9, 4.2.11, 4.3, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй, зээлийн график зөрчигджээ. /хх-16/
7. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.7-д зааснаар зээл, хүү төлөхийг шаардан 2021 оны 10 дугар сарын 01-ний өдөр, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус тус Зээл төлөх мэдэгдэл албан бичгийг хариуцагч нарт шуудангаар хүргүүлж байсан боловч зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна. /хх25-26/
8. Талуудын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний 5.1.2-т “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу болон хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг Бин дахь харилцах данснаас, харилцах данс дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, эдгээр данснаас төлбөр хийх боломжгүй бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж Бин дахь хугацаатай хадгаламжийн дансанд барилт хийн, мэдэгдэлд дурдсанаар үл маргах журмаар зээлийн төлбөрийг суутган авахаар харилцан тохиролцжээ.
Бны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дах хэсэгт “Б харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд ...үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно.” гэж заажээ. Нэхэмжлэгч нь Барьцаат зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч нараас зээлийн төлбөрийг тэдгээрийн тус бны харилцах данснаас 2018.08.31, 2019.03.13, 2020.05.04, 2024.03.25-2025.03.25-ны өдрийг хүртэлх хугацаанд суутган авч байсан бөгөөд хариуцагч нар энэ талаар нэхэмжлэгч “Х б” ХК-д гомдол гаргаж байгаагүй болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-15/
9. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэдэг нь хугацааг тасалдуулахад хүргэсэн нөхцөл байдал болохоос өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр дахин шинээр тоолохыг хэлэх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нэг үндэслэл бол үүрэг бүхий этгээд үүргээ хүлээн зөвшөөрөх явдал юм. Үүний тулд үүрэг хүлээсэн этгээдээс үүргээ хүлээн зөвшөөрсөн аливаа үйлийг ойлгох ба хуульд заасанчлан урьдчилгаа олгох, хүү төлөх ... зэрэг олон хэлбэрээр илэрч болно. Эдгээр үйлдэлд өрийн үндэслэл, хэмжээг заавал дурдсан байх шаардлагагүй.
Хариуцагч нар нь 2018.08.31, 2019.03.13, 2020.05.04, 2024.03.25-2025.03.25-ны өдрүүдэд зээлийн төлбөрөөс төлж байсан, үүнтэй холбоотой нэхэмжлэгчид гомдол, шаардлагыг гаргаж байгаагүйгээс үзэхэд зээлийн гэрээний үүргээ хүлээн зөвшөөрсөн явдал гэж үзэх үндэслэлтэй. Энэ тохиолдол бүрт хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр тоологдож эхлэх тул хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ж.Эрдэнийн “…Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан, зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна” гэх тайлбар үндэслэлгүй байна.
10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Б, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр б, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”,
Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”,
Б, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө, 26 дугаар зүйлийн 26.1-д зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ” гэж тус тус зохицуулсан.
Тодруулбал, хариуцагч Ж.Э, Ж.Ж нар нь зээлийг ашиглаж үндсэн зээл, хүү төлөх үндсэн үүргээ биелүүлээгүй байх тул зээлийг төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний 2.4.4, 2.4.6, 5.1.1, 5.1.7, 5.1.10 зааснаар нэхэмжлэгчээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж үзнэ. Мөн зээлийн гэрээний 4.3-т ...Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ ... гэж заасныг талууд харилцан тохиролцсон байх тул зээлийн гэрээний үүргээс хариуцагч Ж.Жыг чөлөөлөгдөх үндэслэлгүй.
11. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд зарцуулсан 25,000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан гэрээнээс учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй, хэргийн баримтаар тогтоогдож байх тул уг шаардлагыг хангах нь зүйтэй./хх9-10/
12. Иймд хариуцагч Ж.Э, Ж.Ж нараас үндсэн зээлийн төлбөрт 5,253,454.29 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,569,016.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,230,599.25 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 17,078,069.67 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х б” ХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
13. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э, Ж.Ж нараас 244,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х б” ХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Э, Ж.Ж нараас 17,078,069.67 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х б” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Х б” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э, Ж.Ж нараас 244,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х б” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ