| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2017/0080/Э |
| Дугаар | 325 |
| Огноо | 2018-03-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
улсын яллагч Ч.Батбаяр,
өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганзориг ҮД:24-46,
өсвөр насны шүүгдэгч С.Т, түүний хууль ёсны төлөөлөгч О.Отгончимэг,
хохирогч Д.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт С.Т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0187 40429 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, С.Т
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
С.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцэст байрлах хохирогч Д.Отгонбаярын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Улиастай” нэртэй хүнсний дэлгүүрээс бэлэн 700.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ: Нямбаяр бид хоёр танихгүй 2 ахтай нийлээд архи уусан. Бүр орой болчихсон байсан ба тамхигүй байсан тул Нямбаяр намайг хоёулаа автобусны буудал руу гарчихаад ирье гэсэн. Мөнгө байхгүй байсан. Нямбаяр автобусны буудлаас цааш явж байсан ба би ард нь байсан тул хаалга нь онгорхой амбаарыг түлхэж уг дэлгүүр рүү ороод 4 хайрцаг тамхи авсан. Би ганцаараа орсон. Тэгээд эргээд гараад ирэхэд Нямбаяр цаана зогсож байсан ба авсан зүйлсээ буцаагаад хий гэсэн. Би буцааж хийхгүй гэхэд Нямбаяр орилоод байсан тул хүн ирчих байх гэж бодоод хийлээ гэсэн. Тэгээд би цаана нь коридор шиг газарт зогсож байгаад буцаж гарч ирэхэд Нямбаяр байхгүй байсан. Авсан бүх зүйл надад байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгончимэг мэдүүлэхдээ: Нас нь бага хүүгээ шоронд явуулмааргүй байна. Одоо ухаарсан байх гэж бодож байна. Манай нөхрийн ээж нь хорт хавдартай болсон тул эмчилгээний мөнгө хэрэгтэй болсон ба хохирол төлж чадаагүй. Хохирол яг 700.000 төгрөг биш бөгөөд хохирогч 1 өдрийн орлогоо авъя гэсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Отгонбаяр мэдүүлэхдээ: Тэр шөнө би орлогоо далд хийгээгүй явсан байсан. Уг нь дандаа далд хийдэг. Нүүрсний амбаар цоожгүй, түлхүүр нь эвдэрсэн байсан ба дотор талдаа цонхтой. Уг цонх дэлгүүр рүү ордог тул тэр цонхоор орсон байсан. Лангуун доор байсан 1.300.000 төгрөг аваагүй байсан. Бүхэл мөнгөнөөс 180.000 төгрөг үлдсэн байсан. 700.000 төгрөгийн хохирол учирсан гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Отгонбаярын:…2017 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө хулгай орсон байна гэж зүүн ТҮЦ-ний хүн хэллээ гэж эгчийн бага банди Ариунболдоос мэдээд “Улиастай” хүнсний дэлгүүр дээрээ очтол мөн цагдаа нар ирсэн байсан. Манай дэлгүүрийн нүүрсний амбаараар дотогш орж дотор талын жижиг цонхоор дамжин дэлгүүрт хулгай орсон байсан. Дэлгүүр уг нь камертай. Миний хувьд унтрааж явсан. Яаж ажиллуулдаг талаар нь сайн мэдэхгүй тул унтраадаг байсан юм. Ингээд дэлгүүртээ ортол тухайн өдрийн орлого болох бэлэн нийт 700.000 төгрөгийг нь авсан, цаана нь бүхэл 20.000 төгрөгийн дэвсгэртээр 160.000 төгрөг үлдсэн байсан. Бараанаас аваагүй байсан. Шалан дээр 1 хайрцаг, 2 ширхэг бэлэн гоймон унасан байсан. Уг нь орлогоо өөр газарт нуудаг юм. Тухайн өдөр нь кассанд орхисон байсан юм. Тухайн өдөр дэлгүүртээ би ганцаараа гарсан тул мөнгөө өөрөө тоолсон. Дэвтэр дээрээ бүхэл 690.000 төгрөгөө бичсэн бөгөөд бусад 1000, 500, 100, 50 төгрөгөө задгай мөнгө гээд тоолоогүй үлдээсэн. Ойролцоогоор 100.000 төгрөгөөс 150.000 төгрөг орчим байсан. Энэ мөнгө нь утасны нэгж, автобусны карт, барааны орлого байсан…
…Ойролцоогоор энэ дэлгүүр ашиглалтанд ороод 10 орчим жил болж байна. Миний хувьд энэ дэлгүүрт ажиллаад 7 жил болж байна. Хулгай ордог өдөр миний ээлж таарсан байсан. Ингээд тэр өдрийн орлого лангууны кассны шургуулганд нийт 900.000 төгрөг өгөх байсан 1.300.000 төгрөг нь үлдсэн байсан. Манай дэлгүүрийн орлого доод тал нь 1.000.000 төгрөг, дээд тал нь 1.300.000 төгрөг ордог юм. Манай орлогыг хар дэвтэрнээс маань харж болно. Сүүлийн 4-5 жилийн дэвтрүүд нь байгаа. 2007 онд 6 нэрийн дэлгүүрээр ажиллаж байгаа, татварт сардаа 30.000 төгрөг төлдөг юм…гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 30 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Г.Нямбаярын: …Би 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байж байтал манай найз С.Т миний утас руу залгаад тойрог дээр гараад ир, жоохон юм ярьж сууя гэхээр нь гараад очсон. С.Т уулзаад С.Т утсыг зарахаар болсон. Би эхэндээ наад утсыг чинь зарж болох юм уу гэхэд болно гээд Улиастайн хуучин эцэс дээр очоод зарах гэсэн боловч зарагдахгүй байсан. Тэгтэл танихгүй 40 орчим насны 2 ах ирээд наад утсыг чинь 15.000 төгрөгөөр зараад өгье, 2 ах нь 5.000 төгрөгийг нь аваад та хоёр 10.000 төгрөгийг нь авчих гэж хэлж тохироод утсаа хуучин эцэс дээр байдаг “АСИО-2” гэдэг дэлгүүр рүү нэг ах нь ороод зарчихлаа гээд гараад ирсэн. Тэгэхээр нь бид хоёр тэр хоёр ахтай нийлээд 1 том пиво, 2 шил 0.5 литрийн хэмжээтэй архи аваад 3 саарал байшинд байдаг нэг ахын гэрт нь ороод уусан. Тамхигүй болчихоод С.Тбид хоёр гарч тамхи авахаар хуучин эцсийн буудал руу явсан. С.Т миний урд явж байсан бөгөөд хуучин эцсийн буудал дээр байдаг дэлгүүрийн ар талаар нэг хаалгаар нь яваад орчихсон. Тэр хаалга нь онгорхой байсан бололтой шууд татаад орчихсон. Би дэлгүүрийн хойно байдаг нарийн гудамжны үзүүр дээр зогсож байсан бөгөөд гайхаад хойноос 4 орчим минутын дараа тэр хаалгаар нь шагайтал С.Т дотор нь байсан бөгөөд төмөр тороор торолсон цонхны завсраар гартаа тамхи мөнгө барьчихсан гарч ирсэн. Зарим мөнгөө цамц руугаа хийчихсэн байсан. Тэгээд бид 2 буцаж нарийн гудамжны тэнд очоод түүнээс юун мөнгө юм бэ, хаанаас авсан юм бэ гэж асуухад С.Т эндээс авчихсан юм аа гэхээр нь би түүнд буцаагаад хийгээч пизда минь, гай болно шүү гэж хэлэхэд С.Т би хийхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би шоронд орох гээд байгаа юм уу гэхэд за за мань нь буцаагаад хийчихээд ирье гээд буцаад орсон. Тэр хойгуур нь би тэндээс явсан бөгөөд газарт уначихсан 1 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, мөн 2 ширхэг 5.000 төгрөгийн дэвсгэрт бас 100-тын дэвсгэрт байхаар нь аваад гэр рүүгээ харьсан. Тэгээд гэрт ороод гэрээс шүдэнз аваад халаасанд байсан 1 ширхэг тамхиа асаагаад хуучин эцэс дээр байдаг ТҮЦ-ээс тамхи авахаар ТҮЦ-нд ортол нэг танихгүй ах намайг барьж аваад чи байж бай, цагдаа дууд гэсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Ариунболдын: …2017 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө гэртээ унтаж байсан. 04:00 цагийн үед Улиастайн хуучин эцэс дээр байдаг манай дэлгүүрийн баруун талын дэлгүүрийн Сараа эгчийн нөхөр нь манай гэрт ирээд дэлгүүрт чинь хулгай орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би босоод шууд дэлгүүр дээр ирээд гадаа нь ирсэн. Тэгээд Сараа эгчийн нөхөр нь надад танай энэ нүүрсний амбаар талаар чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгтэл нэг намхан залуу засмал замын хажуугаар ТҮЦ рүү алхаж явж байсан чинь Сараа эгчийн нөхөр тэр залууг хараад энэ залуу танай дэлгүүрийн нүүрсний амбаараас гараад явж байсан залуу мөн байна гээд бариад авсан. Тэгээд цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Энхтөрийн: …Би 2017 оны 09 дүгээр сарын 13-аас 14- нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцсийн буудал дээр байдаг Их Аргалант нэртэй дэлгүүр дээрээ эхнэр Сарантуяагийн хамт хонож байсан. Тэгээд шөнө 03:00 цагийн орчим манай эхнэр Сарантуяа намайг сэрээгээд манай зүүн талын дэлгүүрийн хаалга нь дуугараад түжигнээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод дэлгүүрийн хойд талын цонхоор хартал цагаан пүүзтэй, хар цамцтай, саравчтай малгайгаа хойш нь харуулаад дараад өмсчихсөн, 160 см орчим өндөртэй бага насны бололтой эрэгтэй хүүхэд манай дэлгүүрийн хойд талд байдаг айлын хашааны гадна зогсож байсан. Тэр хүүхэд наашаагаа хараад хэн нэгэн хүнд авсан мөнгөө буцаагаад бүгдийг нь хийгээрэй гэж хэлээд зогсож байсан. Тэгээд тэр айлын хашаа руу халааснаасаа нэг цаас бололтой зүйл цацаад байсан. Тэгээд тэр хүүхэд цаана байдаг нарийн гудамжны үзүүр дээр очоод наашаа хараад зогссон. Би тэгэхээр нь манай хажуу талын дэлгүүрт хулгай орчихсон байна гэж шууд ойлгоод хувцасаа өмсөөд байж байтал хажуугийн дэлгүүрийн хойд нүүрсний амбаарын хаалга нь дуугараад хүн гарах шиг чимээ сонсогдохоор нь би буцаж цонхоор шагайтал хажуугийн дэлгүүрээс ногоон өнгийн куртиктай, доогуураа бариу өмдтэй хүүхэд бололтой хүн гараад гүйсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс дүгнэхэд С.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцэст байрлах хохирогч Д.Отгонбаярын хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Улиастай” нэртэй хүнсний дэлгүүрээс бэлэн 700.000 төгрөг хулгайлсан үйл баримт болсон байна.
Өсвөр насны шүүгдэгч С.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцэст байрлах хохирогч Д.Отгонбаярын хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Улиастай” нэртэй хүнсний дэлгүүрээс бэлэн 700.000 төгрөг хулгайлсан буюу бусдын хөрөнгийг хууль бусаар авсан болох нь хохирогчийн болон өөрөө хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Т гийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Өсвөр насны шүүгдэгч С.Т нь хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Улиастай” нэртэй хүнсний дэлгүүрт шөнийн цагаар цонхоор нь нэвтрэн орж эд хөрөнгийг нь хууль бусаар авсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Прокуророос шүүгдэгч С.Т гийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч С.Тнь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 10 хоногтой байсан болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна./ хх-н 21 дүгээр тал/
Иймд шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар … бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Өсвөр насны шүүгдэгч С.Т нь хулгайлан авсан 700.000 төгрөгийг хохирогчид төлөөгүй байх тул өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч С.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт С.Т хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар С.Т-г 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Т 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Т /РД:УЗ00290438/, түүний хууль ёсны төлөөлөгч О.Отгончимэг нараас 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Дашийн Отгонбаярт /РД:УР73041601/ олгосугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ