Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 202/МА2020/00033

 

 

 

 

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 136/ШШ2020/00384 дүгээр шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: Д овогт Д-ын Г-ын нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Д.Г-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Дорноговь аймгийн Хөвсгөл суманд 1981-1982 онд малчин байсан. 1983-1986 онд Барилгын цэргийн 187 дугаар ангид цэргийн алба хаасан. 1987 оны 8-11 дүгээр сар, 1988 оны 05 дугаар сар, 1990 оны 10, 11 дүгээр сар, 1992 оны 9-10 дугаар сарын нийгмийн даатгал төлөгдөөгүй, бусад сар төлөгдсөн болно. Иймд 1981, 1982, 1987-1992 он хүртэл Дорноговь аймгийн Хөвсгөл суманд малчин байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

            Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д овогт Д-ын Г-ыг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Гэрэлт зам” нэгдэлд 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож, үлдэх 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

   Нэхэмжлэгч Д.Г давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт намайг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Гэрэлт зам” нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл туслах малчнаар, 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэдгийг нотлох баримт болох хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Дорноговь аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, гэрч О.О, Д.С нарын гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдох болно. Иймд намайг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Гэрэлт зам” нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл туслах малчнаар, 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 136/ШШ2020/00384 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

                 

ХЯНАВАЛ:

 

 Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Д.Г-ын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлоогүй, улмаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Г нь 1981-1982 онд, 1987-1992 онуудад Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Гэрэлт зам” нэгдэлд моторчин, малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэгт цалингийн тодорхойлолт архивын лавлагаа баримт авагдаж, гэрч О.О, Б.С нар мэдүүлэг өгчээ.

 

Эдгээр нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Г нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Гэрэлт зам” нэгдэлд 1987 оноос 1992 оныг дуустал хугацаанд буюу нийт 6 жилийн хугацаанд тасралтгүй моторчин, малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдсон байхад шүүх зарим хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоогоогүй нь хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүйн гадна нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй гэж үзнэ.

 

Тодруулбал нэхэмжлэгч Д.Г нь хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж байхгүй болсон, ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал олдохгүйгээс шүүхээр энэхүү ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн ба хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолт баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь  зарим саруудад цалин аваагүйгээр тэмдэглэгдсэн байх боловч 1987 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Гэрэлт зам” нэгдэлд моторчин малчнаар тасралтгүй ажиллаж байсан нь тогтоогдсон байна.

 

Харин тэрээр 1981-1982 онд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Гэрэлт зам” нэгдэлд моторчин, малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, гэрч О.Отгонбаяр тухайн цаг хугацаанд хамт ажиллаж байгаагүй, гэрч Б.Сугир тухайн цаг хугацаанд /1981-1982 онд/ хамт ажиллаж байсан гэх боловч түүний мэдүүлгийг хэрэгт цугларсан бусад нотлох баримттай харьцуулан үзэхэд дээрх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.Г-ын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасан тул түүний гомдол гарахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 136/ШШ2020/00384 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г-ыг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Гэрэлт зам” нэгдэлд 1987 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал нийт 6 жилийн хугацаанд моторчин, малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас  1981-1982 онд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Гэрэлт зам” нэгдэлд ажиллаж байсныг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Г-ын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Д.Г-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                                 ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                                       Н.БАТЧИМЭГ