| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/00360/И |
| Дугаар | 192/ШШ2025/10476 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/10476
2025 12 05 192/ШШ2025/10476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2020 оны 08 дугаар сард байрнаасаа хөөгдөх гээд байна, хүн ирж хаалга нүдэж мөнгө нэхээд дарамтлаад байна, мөнгө зээлээч гээд гуйгаад байхаар нь би өөрийн Хаан банкны ******* данснаас 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 25,600,000 төгрөг бэлнээр аван энэ мөнгөнөөс 17,000,000 бэлнээр өгсөн. Мөн 2021 оны 06 сард мөнгө зээлээч гэхээр нь би өөрийн Худалдаа хөгжлийн банкны 416001195 данснаас *******гийн Худалдаа хөгжлийн банкны 499212408 данс руу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 13,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг буюу нийт 17,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн *******г мөнгө зээлүүлээч гэж гуйхаар нь би өөрийн Хаан банкны ******* тоот данснаас *******гийн Худалдаа хөгжлийн банкны 499212410 данс руу 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 шилжүүлсэн. Миний хувьд *******д мөнгө зээлдүүлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй ба надаас зээлсэн дээрх нийт 36,000,000 төгрөгийг удахгүй өгчихнө гэж хэлсээр өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа тул *******гаас 36,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 36,000,000 төгрөг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр байгуулаагүй, иргэн хоорондын зээлийн гэрээний үүргийг шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа 36,000,000 төгрөгөөс 17,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 19,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, тэр талаарх дансны хуулгыг гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс нийт өгсөн мөнгөө буцааж авах нэхэмжлэл гаргасан. Энэ талаар хариуцагчтай бас удаа дараа ярьж, шаардаж байсан боловч хариуцагч өнөөдрийг хүртэл өгнө гэж ирсэн гэдэг тайлбар гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэрч асуух бол илүү ажиллагаа болсон гэж үзэж байна. Учир нь гэрч *******, ******* гэдэг хүмүүсийн хооронд юу болсон талаар сайн мэдэхгүй гэж мэдүүлсэн. Мөн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байна. Уг баримт бас хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Ану гэдэг нэртэй мессеж бичсэн. Тэр хүн бол манай нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй. Мөнгө шилүүлсэн утга дээр ач холбогдол өгөөд ярьж байна. Гэвч мөнгө шилүүлдэг утгаас хараад зүгээр өгсөн гэж ойлгож болохгүй, гол агуулга нь мөнгө хэрэгтэй болсон учраас хариуцагчид тусалсан. Гэхдээ мөнгөө буцааж авна гэдэг зорилгоор шилүүлсэн байдаг. Жирийн хүний хувьд бодож үзэхэд 36,000,000 төгрөгийг зүгээр өгчих зүйл гэж байхгүй учраас өгсөн мөнгөө буцааж авъя гэж байна. Мөн хариуцагч бол бид хамтран ажиллаж байсан учраас ажлын хөлсөнд авч байна гэдэг тайлбар гаргаж байна. Хэрэв тийм зүйл байсан бол хамтран ажиллах гэрээ эсхүл ажил хүлээлцсэн акт зэрэг ямар нэгэн баримт байх ёстой. Хамтран ажилласан бол талууд тооцоо нийлж, акт үйлдээд зөвшөөрсөн баримттай байх ёстой. Талуудын хоорондох харилцаа бол иргэн хоорондын нэг удаагийн зээлийн шинжтэй харилцаа үүссэн гэж үзэж байна. Магадгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн байхыг үгүйсгэхгүй. Хүнээс мөнгө аваад, өгөхгүй гэж сууж болохгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байна. Хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байх. Нэхэмжлэгчийн тайлбараар бол өөрөө өрх толгойлсон эмэгтэй, мөнгөний хэрэг гараад мөнгө төгрөгөө авах гээд зөндөө залгаж, асуугаад шаардсан боловч өгнө, өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Сүүлд нь энэ асуудлыг шүүхийн журмаар шийдүүлэхээр шүүхэд хандсан гэдэг тайлбар өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Монгол улсын хүүхдийн зөвлөх эмч хүн бөгөөд 26 жил Швейцар улсын элчин сайдын яам болон НҮБ-д гэр бүл 2 хүүхдийн хамт ажиллаж амьдарч байгаад 2010 онд Монгол улсад ирээд байж байгаа. ******* нь миний хүү *******той 2020-2022 онуудад хамтран амьдарч хадам ээж, бэрийн харилцаатай болсон байдаг. Энэ хугацаанд ******* нь короно вирусийн халдвар тархсан үед Хятад улсаас 250-300 сая төгрөгийн өртөгтэй амны маск, 1 удаагийн резин бээлий оруулж ирсэн юм. Энэ бараануудыг та надад зарж өгөөд 10 хувийг нь аваарай гэж тохирсны улмаас би өөрийн танил гэдэг хүний агуулахад 3 сар хадгалуулан худалдсан. Агуулахын төлбөр болох 1 сарын 2,5 сая төгрөгөөр тохирсон, нийт 7,5 сая төгрөгийг өгөөгүй байдаг. Иймээс ******* нь надад багадаа бараа зарж өгсний 25,000,000 төгрөг, агуулахын 7,5 сая төгрөг, нийт 32,500,000 төгрөг өгөх ёстой байснаас миний дансаар 17,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Үүнээс 2,000,000 төгрөгийг намайг охин руугаа Лондон явахад ээж сайн яваарай үлдсэн мөнгийг чинь араас чинь явуулна гээд үлдсэн байдаг. Би энэ 2,000,000 төгрөгөөр нь ******* болон 2 хүүд нь хувцас хунар авч явуулсан байдаг. Үүнийг зургаар хавсаргана. Энэ хугацаанд би үнэлж баршгүй сэтгэлийн бэлэг өгч байсан. Үүнд: *******д хар сувдтай бөгж, шинэ ноолууран цамцнууд зэргийг бэлэглэж байсан. Эдгээрийг ойролцоогоор 2,000,000 төгрөгөөр тооцож байна. *******гаас маск, бээлий зарж өгсөн 250,000,000 төгрөгийн 10 хувь болох 25,00,000 төгрөгөөс 13,000,000 төгрөг өгснийг суутгаад 12,000,000 төгрөг аваагүйгээ нэхэмжилж байна. Мөн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******гийн дансанд 1,000,000 төгрөг хийсэн. Бас 1,000,000 төгрөг хийснээ санаж байна. Дансны хуулгаар гарч ирнэ. Ингээд нийт 14,000,000 төгрөгийг *******гаас нэхэмжилж байна. Би *******гаас 17,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй, холбогдох материалыг зургаар хавсаргав. Мөн агуулахын эзэн Юмжавт 7,500,000 төгрөг гаргуулж өгөх ёстой. Нийт 21,500,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. ******* бол манай бэр байсан. Хоёр жил шахам манай хүүтэй хамт амьдарсан. Гэрлэлтээ батлуулаагүй. Хамт амьдрах хугацаанд бизнес хийгээд, ******* нь 250-300 сая гаруй төгрөгийн маск, резин бэлийг Хятадаас оруулж ирсэн. Тухайн үед короно гарж байсан, коронотой үед таарсан учраас надад “… ээжээ та энэ маск, бээлийг зараад өгөөч ээ” гэсэн. Зүгээр сууж байснаас зарж өгөөд 10 хувийг нь та өөрөө ав гэдэг санал тавьсан. Тэгээд би одоо гэрчээр асуулгахаар ирсэн Д.Юмжав гэдэг хүний агуулахад нь хадгалаад, мөн найздаа амаар тохиоролцоод, бэр маань хувь өгнө гэсэн, түүнээсээ агуулахыг ашиглуулсан мөнгө төгрөгийг өгнө гэж хэлсэн байсан. Д.Саруул гэдэг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан хүн маань өвдөгний хагалгаанд орсон учраас ирж чадахгүй гэсэн. Уг найз маань хувийн эмийн сан ажиллуулдаг байсан. Түүний эмийн санд нь бас тавьж, бүх маск, бээлийг заруулсан. Бүх мөнгө төгрөгийг ******* өрөө авсан. Надад тохиролцсон ёсоор мөнгө өгөөгүй. Бэрээсээ нэхээд байх нь бас хэцүү. Тэгээд миний шүдний имплант хугарсан. Би шүдний эмнэлэг дээр эмчилгээ хийлгэхэд ******* өөрөө надад 13,000,000 төгрөг имплатны мөнгийг шилжүүлсэн. Би түүнийг надад өгнө гэж байсан 25,000,000 төгрөгөөс өгч байгаа гэж ойлгосон. Түүний дараа би Англи улс руу охин руугаа явахаар болсон. Би явах гээд онгоцны буудал дээр ирэхэд, над руу “…маам сайн яваарай” гэсэн утгатай 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхээр энэ болгоныг надаас нэхэмжилж байна гэж ойлгож байна. Би ******* руу надад мөнгө зээлээч, мөнгөгүй болчхоо мөнгө өгчих, авчих гэсэн яриа, тийм зүйл бид хоёрын хооронд ерөөсөө байгаагүй. Би Англи улсаас ирэхэд манай бэр, хүү хоёр муудалцсан. Манай хүү гэртээ ирсэн байсан. Манай хүүгийн нэр н.Бэхболд гэдэг. Намайг ирэхээр ******* надад мөнгө өгөхөө болиод эсрэгээрээ танай хүү надад мөнгө өгөх ёстой гэж дарамтлаад мөнгө нэхэж эхэлсэн. Надад ямар мөнгө байх уу, би хоёр сарын тэтгэврийн мөнгө 2,000,000 төгрөгийг шилжүүлснээ санаж байна. Түүнээс хойш бид хоёрын хооронд өөр ямар нэгэн авлага, өглөг байгаагүй. Би Англи улсаас ирснээс хойш манай хоёр хүүхэд салсан. Түүнээс хойш ер нь холбоогүй байгаад одоо гэнэт гарч ирээд ийм их хэмжээний мөнгө нэхэмжилж байна. Надад 17,000,000 төгрөгийг бэлнээр өгч байсан гэнэ, би бэрээ мэдэж байгаа. Короно туссан үед надад манай гэрийн үүдэнд ирээд жимс, ойр зуурын зүйл авчирсан байсан. Харин манай гэрт огт орж үзээгүй. Би *******гаас 17,000,000 төгрөг бэлнээр авч байгаагүй. Тийм их хэмжээний мөнгө авсан би ч бас хүн өдий хүртэл чимээгүй явахгүй байх. Бэлнээр өгсөн гэж байгаа бол хаана өгсөн, манай гэрийн тавилга ямар байрлалтай хаана байдаг, гадаа авчирч өгсөн үү, ямар ч үндэслэлгүй худал зүйл хэлээд байна. Миний хүүд гомдсон байж болно, тэр хоёрын хооронд болсон асуудлыг би мэдэхгүй, гэхдээ намайг ийм байдалд оруулж болохгүй байх гэж бодож байна. Шударга ёсны зарчмыг удирдлага болгон энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Надад шилжүүлсэн гэж байгаа мөнгөний он сарыг нь би сайн санахгүй байна. Гэхдээ 21-ний өдрийн над руу шилжүүлсэн гэж байгаа мөнгө бол миний шүдний эмчилгээнд шилүүлсэн байсан. Тэр талаар надад *******гийн бичсэн мессеж дээр байгаа. Би амласан ёсоор мөнгөө хийлээ гэсэн мессеж дээр бичээтэй байгаа. Харин 2,000,000 төгрөгийг салгаж хийсэн гүйлгээний утга дээр “…маам сайн яваарай” гэж хийсэн байгаа. Онгоцны буудал дээр нисэх гэж байх үед хийсэн байгаа. *******гийн бүх барааг зарж өгсөн дутуу ажлын хөлсөө би нэхэмжлээгүй байхад надаас аваагүй мөнгөө нэхэмжлээд байгаа нь ямар учиртай гэдгийг ойлгохгүй байна. Тухайн үед короно гарсан, бүх эмийн сангуудаар *******гийн барааг зарж өгч байсан. Түүнийг өөрөө бас сайн мэдэж байгаа. Надтай үргэлж ярьж, мөнгө нэхэж байсан гэнэ, надтай нэг ч яриагүй. Би Лондонгоос авчирсан бэлгээ хүртэл өгч чадаагүй. Өөрөө зугтаад яваад өгсөн. Мөн энэ асуудал хэдэн жилийн өмнө болсон. 5 жилийн өмнөх асуудал, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэж байна. Надад үнэхээр мөнгө зээлсэн гэж байгаа бол шилжүүлсэн утга дээрээ зээл гэж бичих боломжтой байсан. Надаар бүх бараагаа заруулаад, эцэст нь намайг шүүхэд өгсөн. Миний насыг хүндлэхгүй байна. Цаг хугацааны хувьд хуулийн шаардлага хангахгүй байна гэв.
3.Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл/хх 1 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 3 тал/, *******гийн худалдаа хөгжлийн банкны дансны хуулга/хх 3 тал/, *******гийн хаан банкны дансны хуулга/хх 4-5 тал/, итгэмжлэл/хх 3 тал/ зэргийг,
Хариуцагч талаас: Хариуцагчийн хариу тайлбар/хх 14-16 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх 18-21 тал/, нэмэлт тайлбар/хх 56 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар/хх 7 тал/ зэргийг
Шүүхийн журмаар: “Хаан банк”-ны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 29/12472 дугаартай албан бичиг *******гийн ******* тоот дансны хуулганы хамт/хх 72-108 тал/, “Худалдаа хөгжлийн банк”-ны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 6/14131, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6/14982 дугаартай албан бичиг *******гийн 416001195 тоот дансны хуулганы хамт/хх 117-125, 126-134 тал/, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл/хх 144-161 тал/ зэрэг нотлох баримтууд цугларчээ.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
4.Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч хариуцагчид 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 17,000,000 төгрөгийг бэлнээр өгч, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 416001195 данснаас *******гийн Худалдаа хөгжлийн банкны 499212408 данс руу 3 удаагийн “ану-гаас 99112426” гэх гүйлгээний утгаар 17,000,000/13,000,000+2,000,000+2,000,000/ төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хаан банкны ******* данснаас *******гийн Худалдаа хөгжлийн банкны 499212410 данс руу “сайн яваарай” гүйлгээний утгаар 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 36,000,000/17,000,000+13,000,000+2,000,000+2,000,000+2,000,000/ зээлдүүлсэн тул уг мөнгийг буцаан нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарласан.
5.Хариуцагч ******* татгалзалдаа зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, ******* нь миний хүү *******той хамтран амьдарч байх хугацаандаа Короно вирусийн халдвар тархсан үед БНХАУ-аас 250-300 сая төгрөгийн өртөгтэй амны маск, 1 удаагийн резинэн бээлий оруулж ирж уг барааг надад зарж өгөөд 10 хувийг нь аваарай гэж тохирсны дагуу өөрийн танил Д.Юмжавын агуулахад 3 сарын турш сарын 2,5 сая төгрөгөөр хадгалуулахаар тохиролцон би бүх маск, бээлийг өөрөө эмч хүн учир танил талаараа зарж борлуулан өгч тус болсон тул *******гаас 25,000,000 төгрөг буюу 10 хувийн хөлс, агуулахын түрээсийн 7,5 сая төгрөг, нийт 32,500,000 төгрөг авахаас надад дансаар 17,000,000 төгрөг өгсөн, агуулахын түрээсийг өгөөгүй, өгсөн мөнгөнөөс 13,000,000 төгрөгийг шүдний эмчилгээнд, сүүлд шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг сайн яваарай гэсэн гүйлгээ тул буцаан авах нөхцөлгүй өгсөн мөнгө учир зээл гэж нэхэмжлэх үндэслэлгүй, *******гийн дансанд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тэтгэврийн мөнгөнөөсөө 2 удаа 1,000,000 төгрөгөөр 2,000,000 төгрөг хийсэн, түүнчлэн *******гаас 17,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй, иймд түүнд өглөг байхгүй, харин ч эмийн сан, эмнэлгүүдээр *******гийн барааг зарж өгсөн ажлын хөлсний авлагатай гээд энэ үйл баримт 5 жилийн өмнө болсон тул хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, бидний хооронд зээлийн гэрээний үүрэг хүлээсэн асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч маргажээ.
6.Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч хариуцагчид 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хооронд банкны харилцах дансаар 4 удаагийн гүйлгээгээр 19,000,000/13,000,000+ 2,000,000+2,000,000+2,000,000/ төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон./хх 4-5 тал/
7.Хариуцагч татгалзлаа нотлохоор зохигч талууд хоорондоо утсаар мессежээр харилцсан байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, мөн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны нэхэмжлэгч *******гийн хаан болон худалдаа хөгжлийн банкны дансны хуулгыг шүүхийн журмаар бүрдүүлж, зохигч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа байгаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн хүүтэй хамтын амьдралтай байсан, тэдний гэр бүлийн бизнесийг дэмжихэд өөрийн ажил мэргэжлийн давуу байдлыг ашиглан короногийн үед эрэлттэй байсан маск, резинэн бээлийг зарж өгч 10 хувийн амласан хөлсийг л авсан гэж ойлгосон, агуулахын түрээсийн мөнгийг ч эзэнд өгөөгүй алга болсон гээд ******* *******д 2020.11.23-2021.05.09 хүртэлх хугацаанд 40 удаагийн гүйлгээгээр 1.2020.11.23-45.000, 2.2020.11.26-1,000,000, 3.2020.11.27-165,000, 4.2020.11.28-120,000, 5.2020.11.30-5,000,000, 6.2020.12.01-2,800,000, 7.2020.12.02-190,000, 8.2020.12.02-1,000,000, 9.2020.12.08-2,500,000, 10.2020.12.09-5,000,000, 11.2020.12.11-5,000,000, 12.2020.12.12-820,000, 13.2020.12.13-2,700,000, 14.2020.12.13-81,000, 15.2020.12.14-1,275,000, 16.2020.12.14-54,000, 17.2020.12.25-825,000, 18.2020.12.26-4,455,000, 19.2020.12.26-640,000, 20.2021.01.14-2,000,000, 21.2021.01.14-40,000, 22.2021.01.17-2,000,000, 23.2021.01.22-2,080,000, 24.2021.01.28-600,000, 25.2021.02.01-840,000, 26.2021.02.21-360,000. 27.2021.02.28-2,040,000, 28.2021.03.25-100,000, 29.2021.03.26-160,000, 30.2021.03.27-360,000, 31.2021.03.27-240,000, 32.2021.03.31-120,000, 33.2021.04.19-2,940,000, 34.2021.04.06-40,000, 35.2021.04.21-2,940,000, 36.2021.04.22-2,870,000, 37.2021.04.23-3,000,000, 38.2021.04.27-2,800,000, 39.2021.04.28-6,808,000, 40.2021.05.09-5,212,000 тус тус төгрөгийн бээлий маск зарсан, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, ажлын хөлсөө л авсан гэж татгалзлаа нотолсон гээд хэрэв зээлийн харилцаа байсан бол нэхэмжлэгч марган аливаа шаардлага гаргах байсан боловч шаардлага гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул татгалзах эрхтэй гэж маргадаг.
8.Дээрх үйл баримт талуудын тайлбарт үндэслэн шүүх нэхэмжлэгч тал зээлсэн гэх мөнгөн хөрөнгөө буцаан байнга шаарддаг байсан гэх тайлбар гаргадаг боловч энэхүү татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
9.Хариуцагч тал гэрээний үүргээ Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар л зээлийн харилцаа байсан гэж шаардсаныг мэдсэн, энэ нь миний хүүтэй хамтын амьдрал дуусгавар болгосонтой холбоотой байсан гэх тайлбар татгалзал үндэслэлтэй гэж үзэв.
10.Шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүхэд хүсэлт, нэхэмжлэл гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой аливаа шаардлага гаргасан болох нь тогтоогдоогүй, шаардлага хүргүүлсэн тухай, хариуцагч хүлээн зөвшөөрч аливаа хэлбэрээр төлбөр урьдчилгаа тооцоо хийсэн, хүлээн зөвшөөрсөн тайлбар баталгаа гаргасан талаар нотлох баримт авагдаагүй тул хариуцагч талын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлтэй байна гэж үзлээ.
11.Мөн түүнчлэн уг хугацаанд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зогсох болон тасалдах хууль зүйн үндэслэл, цаашлаад Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар сэргээх үндэслэл адил тогтоогдоогүй.
12.Иймээс шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дах хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас 2020 оны 08 дугаар сарын 10 болон 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 3 жилийн дотор хамгийн сүүлийн хугацаа 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дотор шаардах эрхтэй байжээ, тус шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдөж болзошгүй байдлыг мэдэх ёстой байсан үеэс буюу 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс тоолоход 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс дуусгавар болсон. Мөн хугацаанаас хойш 6 сар гаруйн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, түүнчлэн мөн зүйлийн 82.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүй.
13.Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үүрэг гүйцэтгэгч татгалзах эрхтэй үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
14.Мөн түүнчлэн хариуцагч талын татгалзалд дурдсан талуудын хооронд үүссэн харилцааг хамтран ажиллах гэрээний үүргийн ашиг байсан, эсхүл ажил гүйцэтгэх/хөлсөөр ажиллах/, туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн ажлын хөлс байсан гэх татгалзалтай холбогдуулан тус шүүхийн шийдвэрт дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Учир нь шүүх нэхэмжлэл түүнтэй холбоотой үйл баримтыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул дүгнэх боломжгүй болохыг дурдав.
15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРМАА