Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
Хэргийн индекс | 186/2016/0059/э |
Дугаар | 641 |
Огноо | 2016-10-06 |
Зүйл хэсэг | 096.2.1, 147.2., 245.1., 261.1., |
Улсын яллагч | З.Энхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 641
Д.Амаржаргал, Ж.Мягмаржав, С.Чулуунцэцэг
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Энхжаргал,
ялтан Д.Амаржаргалын өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
ялтан Ж.Мягмаржав, шүүгдэгч С.Чулуунцэцэг нарын өмгөөлөгч Г.Баярмаа,
нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ж.Мягмаржавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Амаржаргал, Ж.Мягмаржав, С.Чулуунцэцэг нарт холбогдох 201525031682 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Бодонгууд овгийн Должингийн Амаржаргал, 1971 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; ахын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23 дугаар гудамжны 400 тоотод оршин суух,
1989 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
1990 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сар хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоосон. /регистрийн дугаар: ХЕ71092412/
2. Бодон овгийн Жамсрангийн Мягмаржав, 1967 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, “100 айл” гудамжны 6-23 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23 дугаар гудамжны 400 тоотод оршин суух,
2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон,
2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, суллагдсан. /регистрийн дугаар: ХЕ67080816/
3. Баяжих овгийн Сэсрэнгийн Чулуунцэцэг, 1970 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эх баригч эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 2 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: МЗ70052001/
Ж.Мягмаржав, Д.Амаржаргал нар бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23 дугаар гудамжны 400 тоот гэртээ хохирогч Э.Бямбацогтын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж 10,000 төгрөг, 335,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт,
Ж.Мягмаржав нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23 дугаар гудамжны 400 тоот гэртээ хохирогч Д.Батбаярыг танхайн сэдэлтээр зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн түр хүлээлгийн танхимаас оргон зайлсан гэмт хэрэгт,
С.Чулуунцэцэг нь 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Ж.Мягмаржавыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн түр хүлээлгийн танхимаас оргуулж мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ж.Мягмаржавын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар, Д.Амаржаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, С.Чулуунцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Мягмаржавыг танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгө авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, биед нь хөнгөн гэмтэл учруулж, эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэг, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг,
Д.Амаржаргалыг бусдын эд хөрөнгө авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, биед нь хөнгөн гэмтэл учруулж, эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэг,
С.Чулуунцэцэгийг мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
Прокуророос С.Чулуунцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
Ж.Мягмаржавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял,
Д.Амаржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ж.Мягмаржавт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг тус тус багтааж, биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Д.Амаржаргалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, мөн зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ж.Мягмаржавд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Ж.Мягмаржавын цагдан хоригдсон 242 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Ж.Мягмаржаваас 2,125,438 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Батбаярт 446,039 төгрөгийг, хохирогч Э.Бямбацогтод 1,679,399 төгрөгийг, Д.Амаржаргалаас 1,679,399 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Бямбацогтод тус тус олгуулж, хохирогч Э.Бямбацогтын нэхэмжлэлээс 2,795,001 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Д.Амаржаргал нь цагдан хоригдсон хоноггүй, С.Чулуунцэцэг нь 19 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “СD”-ийг хэрэгт хавсаргаж, мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр үйлдсэн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоолыг хэвээр үлдээж, Ж.Мягмаржавын өмчлөлийн орон сууцнаас түүнд оногдох хэсгээс хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэжээ.
Ялтан Ж.Мягмаржав давж заалдах гомдолдоо: “... Миний бие С.Чулуунцэцэг, Д.Амаржаргалын хамт амьдарч байсан. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө гэртээ ганцаараа унтаж байтал гаднаас хүн орж ирээд ... нэг юм эрж хайгаад байх шиг болохоор нь “Юун хүн бэ” гэж асуутал хариу дуугараагүй. Тэгэхээр нь босоод очтол тэр хүн гарч зугтаах гээд хаалганы хажуу талд байдаг жижиг цонхыг мөргөөд, хаалга олохгүй надад баригдсан. Тэр хүн урьд зүс таних Батбаяр гэгч байсан ба “Жагай ахаа архи байна уу” гэхээр нь “чи өөрөө зөндөө уусан юм биш үү” гэж хэлсэн. Тэгэхэд манай гадаа цагдаагийн автомашин ирээд, 2 цагдаа орж ирэхэд Батбаяр “Аргалаарай Жагаа ахаа” гээд миний орон дээр гараад буруу хараад хэвтээд өгсөн. Тэр 2 цагдаа орж ирээд “Яагаад дуудлага өгсөн юм бэ” гэхэд нь би “мэдэхгүй, манайхаас дуудлага өгөөгүй” гэсэн. Мөн Батбаярыг юун хүн юм бэ? гэж асуухад нь манай дүү гэж хариулсан. Тэгээд цагдаа нарыг явахад Батбаяр босч ирээд “Чука эгчийг би олоод ирье” гээд гараад явсан. Тэгэхэд Батбаяр бид хоёр хоорондоо муудалцаж, зодоон хийгээгүй. Ингээд 10 гаруй хоногийн дараа Батбаярын худал мэдүүлгээр намайг энэ хэрэгт холбогдуулсан. Гэтэл миний хамтран амьдрагч Чулуунцэцэг нь Батбаярыг манай гэрээс хулгай хийлгэх гэж оруулаад өөрөө гадаа нь үлдэж, улмаар хэрэг биш болж Батбаярыг надад баригдах үед цагдаад дуудлага өгсөн байдаг. Чука, Батбаяр хоёр эртнээс нууц амрагийн харилцаатай байсан нь надад мэдрэгддэг. Түүнчлэн тэр хоёр миний дүү /тахир дутуу/ Амаржаргалын халамжийн мөнгөөр 2, 3 хоног архидан хонож байхдаа Чука нь хохирогч Бямбацогтын “I phone-4” загварын гар утсыг хулгайлсан байдаг. Чука тэр үед над дээр ирэхдээ “Ахындаа хонож байгаад ирлээ, дунд охин Энхмаа надад энэ гар утсыг барьж бай гээд өглөө” гэхээр нь би итгээд л өнгөрсөн. Дараа нь уг гар утсыг худалдахаар бид “Монтел” төв очиход нэг ченж хүүхэн “Наад гар утас чинь манай хамаатны алдсан утас байна, өг” гэхэд Чука “юу яриад байна, миний охин өгсөн” гээд бөөн хэрүүл болж салсан. Удалгүй гар утсыг зарчихлаа гээд ирсэн. Би тэр талаар мэдэхгүй. Харин тэр үед л Бямбацогтоос хулгайлж авсан болохыг мэдсэн. Би Чукаг эхнэр гэдэг утгаар нь итгэж, хайрлаж түүний хулгайлсан гар утсыг хашааны хажуугаас олсон гэж аргалж байсан нь үнэн. Харин өдөр нь хохирогч Бямбацогт, дүү Амаржаргал нар ноцолдсон бололтой гэрт орж ирсэн. Ингээд дүүгээсээ дохион яриагаар юу болсныг асуухад “Архи уусан, энэ миний мөнгийг авсан” гэсэн. Би Бямбацогтыг “Чи яагаад дээрэлхэж архи авхуулж уучихаад, мөнгийг нь авдаг юм бэ” гээд 2-оос 3 удаа цохиход “Жагаа ахаа, би аваагүй ээ” гэсэн. Тэгээд Бямбацогтыг “Одоо яв” гэхэд гэрээс гараад явсан. Тэгэхэд түүний нүүр ам нь жаахан хавдсан байсан. Миний дүү Амаржаргал түүнд гарах хүрэх нь бүү хэл өөрийгөө яая гэж яваа зэрэмдэг хүн. Хэрвээ зодолдож чаддаг байсан бол тэр хоёр гэрт орж ирэхээсээ өмнө гадаа зодолдчих байсан. Ийм хүнд зодуулсан гэж худал хэлж байгаа хохирогчид гомдолтой байна. Иймээс хэргийг үнэн зөвөөр шалгаж, Амаржаргалын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Ялтан Д.Амаржаргалын өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтан Д.Амаржаргалын эрх ашгийг хамгаалан оролцож байна. Д.Амаржаргал нь дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй. Хохирогч Э.Бямбацогт тухайн үед согтуу байсан гэдэг бөгөөд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй байна. Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгах шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс Д.Амаржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд зааснаар ял оногдуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Д.Амаржаргал “өөрийнх нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг өөрчилж бичсэн байна. Би ийм мэдүүлэг өгөөгүй” гэдэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан эрхийг нь хангаагүй гэж үзэж байна.” гэв.
Ялтан Ж.Мягмаржав, шүүгдэгч С.Чулуунцэцэг нарын өмгөөлөгч Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Мягмаржавын хохирогч Д.Батбаярыг зодсон, мөрдөн байцаалтын шатанд оргосон үйлдэлд маргах зүйлгүй. Харин Ж.Мягмаржав нь Д.Амаржаргалтай бүлэглэн Э.Бямбацогтын эд зүйлийг дээрэмдсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Амаржаргал нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээ “би ийм зүйл яриагүй” гэж үгүйсгэдэг. Д.Амаржаргал нь хэргийн газарт байсан эсэх нь тогтоогдоогүй. Харин Ж.Мягмаржав нь гэнэт шүүхийн хэлэлцүүлэгт “Д.Амаржаргал, Э.Бямбацогт нар зодолдож байсан” гэх мэдүүлэг өгсөн. Яагаад ийм мэдүүлэг өгөх болсныг сайн мэдэхгүй байна. Э.Бямбацогт нь “Д.Мягмаржав нь Амараа гээд орилоход Д.Амаржаргал миний дагз руу алхаар 3 удаа цохьсон” гэж худал мэдүүлсэн. Э.Бямбацогт араасаа цохиулсан болохоор алхаар цохьсон эсэхийг харах боломжгүй. Мөрдөн байцаалтын шатанд юугаар цохьсон болохыг тогтоогоогүй. Тухайн үед Э.Бямбацогт нь нилээд согтуу Ж.Мягмаржавын гэрт орж ирсэн байдаг. Сүүлд Э.Бямбацогтын ар гэр эд зүйлс нь алга болсон гэж хэлсэн болохоос өөрөө дээрэмдүүлсэн талаар мэддэггүй. Тиймээс Ж.Мягмаржавыг хохирогч Э.Бямбацогтод хувийн сэдэлтээр гэмтэл учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасч өгнө үү.” гэв.
Прокурор З.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ж.Мягмаржавд оногдуулсан ял шийтгэл нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд нь тохирсон гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрмийн гэмт хэрэг нь нотлогдож, тогтоогдсон. Ж.Мягмаржав сэжигтэн, яллагдагчаар татагдаж мэдүүлэг өгөхдөө “гал тогооны өрөөнд Д.Амаржаргал нөгөө залуутай зодолдоод байсан... Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн. Мөн “Д.Батбаяртай зодолдсон гэж бодож байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би барьцалдаж аваад ноцолдож байснаа санаж байна. Д.Батбаяр манай гэрт орж ирээд архины хоосон шил барьчихсан архи нэхэж байсан. Би нэг мэдэхэд тэр залууг зодсон байсан. Д.Батбаярт гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн. Д.Амаржаргал “сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Ж.Мягмаржав нь эхнэрээ өмөөрч өөр хүнтэй хардаад тэр залууг барьж аваад зодоод эхэлсэн. Би ахыгаа өмөөрөөд тэр залууг цохьсон. Манай ах Ж.Мягмаржав гар утас, мөнгөн гинж зэрэг эд зүйлийг нь авсан. Би энэ үйлдэлд оролцоогүй” гэж мэдүүлсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Мягмаржав нь тус гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Ж.Мягмаржав, Д.Амаржаргал, С.Чулуунцэцэг нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байна.
1. Хохирогч Э.Бямбацогт нь Ж.Мягмаржав, Д.Амаржаргал нарт зодуулан Гэмтэл, согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байхад нь зүүн нүд хараагүй болсон тухай мэдүүлжээ. /1-р хх 74-75/
Хохирогчид учирсан гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №408 /1-р хх-134-135/, №4288 /1-р хх-144-445/, №461 /2-р хх-101-103/ дугаар шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд зүүн нүдний хараагүй болсонд гэмтлийг зэрэг тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл уг гэмтэл Ж.Мягмаржав, Д.Амаржаргал нарын үйлдэлтэй холбоогүй гэж ойлгогдохоор дүгнэсэн байна.
Гэтэл 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №4288 дугаар шинжээчийн дүгнэлтэд “... Үзлэгт: ... хүүхэн харааны хэлбэр хоёр талд ижил, хэлбэр зөв дугираг, гэрлийн урвалд жигд оролцоно...” гэж тэмдэглэгдсэн бол 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 408 дугаар шинжээчийн дүгнэлтэд “... Болор мэлмий эмнэлгийн 309/8810 тоот өвчний түүхээс ... Зүүн нүдний даралт сул, өнгө танилт буурсан, хүүхэн хараа зүүн талд бага зэрэг өргөссөн, гэрлийн урвал суларсан, зүүн нүдний болор бага зэрэг бүдэгшилтэй...” гэсэн байгаа нь хохирогч зодуулсны дараа эмнэлэгт эмчлүүлж байх үед нүдний хараа буурсан байдал тогтоогджээ.
Мөн нүдний эмч Ц.Мөнхзаяа “... 2014 оны 3 дугаар сарын сүүлээр анх үзүүлэхэд нүдний торлог бүрхэвч том хэмжээтэй ханзарч, бүрэн ховхорсон байсан тул яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай болж, 2014 оны 4 дүгээр сарын 4-ний 21 цагт Болор мэлмий эмнэлэгт мэс засал хийлгэсэн. Уг гэмтэл мохоо хүчний үйлчлэлээр битүү цохилт авсны улмаас үүссэн байх магадлалтай. Э.Бямбацогтын зүүн нүдний эвэрлэг бүрхэвч хүүхэд байхдаа нэвт хатгагдсан сорвитой, нүдний болор цайлттай, цөцгий эвэрлэгийн наалдацтай байсан гэж картанд тэмдэглэгдсэн. Энэ нь сүүлд авсан гэмтлээр сэдрэх боломжгүй. Тухайн үед /2014 онд/ иргэн Э.Бямбацогтын торлогийн ховхролт нь шинэ байсан нь гэмтэл авсантай шууд холбоотой...” /2-р хх 53-54/ гэж мэдүүлсэн.
Дээрх байдлаас дүгнэж үзвэл хохирогч Э.Бямбацогтын зүүн нүд хараагүй болсон нь Ж.Мягмаржав, Д.Амаржаргал нарт зодуулсантай шалтгаант холбоотой байж болзошгүй байна.
Нөгөө талаар №461 дугаар шинжээчийн дүгнэлтийн 3 дахь заалтад “Бямбацогт нь хүүхэд байхдаа нүдэндээ гэмтэл авч байсан байх бөгөөд одоо эвэрлэгийн төвд хуучин сорвитой байна. 2014.03.18-ны торлогийн ховхролт гэмтэл нь хүүхэд байхад зүүн нүдэндээ гэмтэл авч байсантай холбоогүй юм” гэсэн атлаа 8 дахь заалтад “Бямбацогт нь хүүхэд байхдаа зүүн нүдэндээ гэмтэл авч байсан гэх бөгөөд гэмтэл авснаас хойш харааны чадвар хэд байсан нь тодорхойгүй. 2014 онд хийгдсэн мэс засал амжилттай болсон хэдий ч дараагийн ээлжийн сликон тос авах, хиймэл болор суулгах мэс засал хийгдэх ёстой байсан боловч хяналтанд үзүүлэлгүй явсаар нүдний даралт ихсэлт, харааны мэдрэлийн хатингаршил өвчний улмаас зүүн нүдний хараа сэргэх магадлал буурсан...” гэж илт зөрчилтэй заалт бүхий дүгнэлт гаргажээ.
Иймд хохирогч Э.Бямбацогтын зүүн нүд ямар хүчин зүйлийн улмаас хараагүй болсныг, эмчилгээ, оношлогоог цаг тухайд нь хийсэн тохиолдолд хараа сэргэх боломж байсан эсэхийг, хараагүй болсон нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бусдад зодуулсан үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг нарийвчлан шалгаж, тогтоох зорилгоор нүдний нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй.
2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч болон сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлэгт Ж.Мягмаржав нь хамтран амьдрагч С.Чулуунцэцэгийг гэртээ Э.Бямбацогтыг дагуулан орж ирснээс болж хардалтын улмаас Э.Бямбацогтыг зодсон байж болзошгүй асуудлын талаар мэдүүлсэн байх тул гэмт хэргийн сэдэлтийг эргэлзээгүй тогтоож, Ж.Мягмаржав, Д.Амаржаргал нар Э.Бямбацогтыг хардалтын улмаас зодох явцдаа эд зүйлийг нь дээрэмдсэн үү, эсхүл анхнаасаа бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэсэн санаа зорилготой байсан уу гэдгийг нарийвчлан шалгах шаардлагатай.
Мөн С.Чулуунцэцэг яллагдагчийг оргуулж мөрдөн байцаалтад санаатай саад учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч тэрээр чухам ямар үйлдэл хийснээрээ уг гэмт хэрэгт холбоотой болсон нь тодорхой бус, яллах дүгнэлтэд энэ талаар тусгаагүй, оргосон цаг хугацаанд яллагдагчтай хамт явсан нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл болох талаар тодорхой хууль зүйн дүгнэлт өгөөгүй байх тул түүний холбогдсон хэргийн талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг гүйцэд шалгаж ирүүлэх нь зүйтэй.
3. Прокурорын яллах дүгнэлтэд Ж.Мягмаржав нь 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж оргосон гэх боловч уг гэмт хэрэг хэзээ төгссөн болохыг заалгүй орхигдуулсан, дээрэмдсэн хөрөнгийг “... эд зүйл...” гэсэн хэт ерөнхий агуулгаар тусгасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн шаардлагад нийцэхгүй гэж үзнэ.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Амаржаргал, Ж.Мягмаржав, С.Чулуунцэцэг нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүх, Д.Амаржаргал, Ж.Мягмаржав нарын холбогдсон бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд өршөөлд хамрагдахаар байхад хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Ж.Мягмаржав цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж оргосон байтал “...мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн ...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, гэм бурууг тогтоохдоо бүлэглэсэн гэсэн шинжийг орхигдуулсан, И.Болормааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу орчуулагчаар томилсон шийдвэр гаргалгүй шүүх хуралдаанд орчуулагчаар оролцуулсан, “...бусдын биед танхайн сэдэлтээр хүнд гэмтэл учруулсан...”, “... бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн ...” хүнд гэмт хэргүүд, “... цагдан хорих байрнаас оргосон ...” хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн Ж.Мягмаржавд ямар учраас хөнгөн ялыг хүндэд нь багтаах журмыг сонгон хэрэглэсэн үндэслэлээ тогтоолдоо дүгнэн заагаагүй, Д.Амаржаргалын ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлсэн боловч холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй, Ж.Мягмаржавын цагдан хоригдсон хугацаанд оргосон хугацааг оруулан тооцсон зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасныг цаашид онцгой анхаарвал зохино.
Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан ялтан Ж.Мягмаржавын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Амаржаргал, Ж.Мягмаржав, С.Чулуунцэцэг нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол Ж.Мягмаржав, Д.Амаржаргал нарт урьд авсан цагдан хорих, С.Чулуунцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйболохыгдурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
М.ПҮРЭВСҮРЭН