Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2018/0282

 

Г.Х-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Ш нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0190 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Х-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:
   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0190 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Х-ийн “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/201 дүгээр захирамжийн иргэн Д.Л-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Г.Х нь “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/201 дүгээр захирамжийн иргэн Д.Л-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн талийгаач эцэг О.Г нь 2004 оноос эхлэн ашиглаж байсан, улмаар өмчилж авсан газар дээрээ 2015 оны 8 дугаар сараас эхлэн барилгын суурь тавьж, 2015 оны 12 дугаар сарын сүүл гэхэд барьж дуусгасан байсан. Талийгаач нь энэ байшингаа өөрийн өмчлөлийн газар дээрээ барихдаа байшингаа гүний худагтайгаа холбоход ойрхон байрлалыг сонгож өөрийн газартай хил залгаа бусдын ашиглалт, эзэмшил, өмчлөлд байгаагүй сул газар руу барилгын суурийг бага зэрэг хэмжээгээр оруулж барьсан байдаг.
Анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ уг газар нь бусдын ашиглалт, эзэмшил, өмчлөлд шилжээгүй, төрийн мэдлийн газар байсан болохыг зөв дүгнэсэн боловч тухайн газар дээр талийгаачийн байшин баригдсаны дараа түүний барилга байрлаж буй газрыг иргэн Д.Л-т Нийслэлийн Засаг дарга өмчлүүлсэн нь хуульд нийцэж байна гэж дүгнэсэн нь хууль бус болсон гэж үзэж байна.
Маргаж буй газар нь барилга барих үед хэн нэгний эзэмшилд ороогүй газар байсан тул талийгаач О.Г нь уг газар руу байшингийнхаа 44,26 м.кв талбайг оруулж барьсныг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй, энэ байдал нь бусдын болоод төрийн эрх ашгийг хохироогоогүй байх тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм аа. Тиймээс ч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/525 дугаар захирамжаар иргэн Д.Л-т талийгаач О.Г-ын барьсан барилгын талбайг оруулан газар эзэмшүүлэхээр хууль зөрчин шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрч, уг хууль бус захирамжаа хүчингүй болгосон байдаг.
Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн заалтаар иргэн Д.Л нь бусдын барилга байрлаж буй талбайг хамруулан тухайн газрыг эзэмших, улмаар өмчлөх эрх хүссэн хүсэлтийг гаргах эрхгүй, энэхүү хуульд нийцэхгүй хүсэлтийг нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэл Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдоогүй байна. Гэтэл шүүх Нийслэлийн Засаг даргын энэхүү хууль зөрчсөн үйл ажиллагааг зөвтгөж, талийгаач О.Г-ыг хууль ёсоор ашиглах, эзэмших эрх аваагүй атлаа маргаан бүхий газар дээр байшин барьсан нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2, Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасантай нийцэхгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй төдийгүй эдгээр хуулийн хэрэглээ нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж үзэж байна.
Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэгчийн өвийн дагуу хүлээн авсан 169.01 м.кв талбайтай байшингаа улсын бүртгэлд бүртгүүлэн, өмчлөгч болох эрх нь зөрчигдөөгүй мэтээр дүгнэж байгаа нь алдаатай шийдвэр болсон. Гуравдагч этгээд Д.Л-ын өмчлөхөөр хүсэлт гаргасан газар нь өөр этгээдийн ашиглаж, эзэмшиж буй газартай давхцалтай байгаа эсэхийг эзэмших шийдвэр гаргасан Сонгинохайрхан дүүргийн газрын алба, өмчлүүлэх шийдвэр гаргасан Нийслэлийн Газрын алба нь шалгаж, хянаж үзэх үүргээ биелүүлэлгүй шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/201 дүгээр захирамжийн иргэн Д.Л-т холбогдох хэсэг хууль зөрчсөн байгаа болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд тайлбар гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч Нийслэлийн Засаг даргад газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох эрх хуулиар хязгаарлагдсан тул шүүхээр уг асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа маш тодорхой илэрхийлсэн байдаг. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/106 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж иргэн Д.Л-т газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгон шийдвэрлэсэн нь Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж тайлбарласан.
Иймд гомдолд дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 128/ШШ2018/0190 дүгээр шийдвэрийг хянан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
                                                                            ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааныг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай” А/201 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2003-2014 онуудад баталсан нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний дагуу нэгдүгээр хавсралтад заагдсан 508 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нь нэг удаа өмчлүүлэх”-ээр шийдвэрлэсний дотор гуравдагч этгээд Д.Л багтаж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 7 дугаар гудамж, 16б тоот хаягт байрлах 162 м.кв газрыг өмчлөх эрхтэй болжээ.
Нэхэмжлэгч Г.Х нь “...аав маань өөрийн өмчлөлийн газраасаа бага зэрэг урагш илүү гарган байшингаа барьсан, ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/525 дугаар захирамжаар манай байшин урагш илүү гаран байрлаж буй хэсэгхэн газрыг иргэн Д.Л-т эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өмчлүүлсэн, ...иргэн Д.Л-т өмчлүүлсэн газрыг давхцалтай, өөр этгээд ашиглаж, эзэмшиж буй эсэхийг Сонгинохайрхан дүүргийн болон Нийслэлийн Газрын алба хянаагүй...” гэсэн үндэслэлээр маргаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/201 дүгээр захирамжийн Д.Л-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, гуравдагч этгээд Д.Л-ыг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 7 дугаар гудамж, 16б тоот хаягт байрлах 162 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргах үед уг газар нь бусдын хууль ёсны эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаагүй, харин нэхэмжлэгчийн аав О.Г өөрийн өмчлөлийн газраас хэтрүүлэн байшин барьсан болох нь тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь “тухайн газар дээр талийгаачийн байшин баригдсаны дараа барилга байрлаж буй газрыг Д.Л-т Нийслэлийн Засаг дарга өмчлүүлсэн нь хууль бус” гэх боловч түүний аав О.Г нь маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу хууль ёсоор эзэмшээгүй, өөрөөр хэлбэл, хууль ёсны эзэмшигч биш тул уг газрыг бусдын эзэмшил, ашиглалтад байсан гэж үзэхгүй.
Нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх зөрчигдсөн гэж гуравдагч этгээд Д.Л-т өмчлүүлсэн 162 м.кв газрын эрхийг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа. Гэтэл Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан 0.7 га газраас 695 м.кв газрыг нэхэмжлэгчийн аав О.Г өмчилж авсан байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “...бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газар...” гэдгийг иргэн, хуулийн этгээд тухайн газрыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу өөрийн эзэмшил, өмчлөлдөө авсан байхыг ойлгоно.
Тиймээс захиргааны байгууллагыг шийдвэр гаргахдаа тухайн газарт бусдын хөрөнгө байгааг шалгаагүй гэж буруутгах үндэслэлгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол маргаан бүхий актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөлтэй бөгөөд энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны акт нь дээр дурдсан хуулиудад нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул хүчингүй болгох үндэслэлгүй, мөн энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчээс “гуравдагч этгээд Д.Л-т газар өмчлүүлсэн дээрх шийдвэрийн улмаас өөрийн хөрөнгөөр барьсан байшинг өмчилж авах, эзэмших, ашиглах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх боломжгүй болоод байна” гэж тайлбарлан маргах боловч энэхүү нөхцөл байдал нь хуульд нийцсэн захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
                                                                         ТОГТООХ нь:
   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0190 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Х-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР