Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/00104

 

“Аннасэцэн майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06136 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1926 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Аннасэцэн майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-д холбогдох,

Гэрээ цуцласнаас учирсан хохиролд 826 706 174 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгсайхан, Ц.Нарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батжаргал, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Засаг чандмань майнз” ХХК-тай зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан өөрийн компанийн зөвлөх АНУ-ын иргэн Paul Korpi-г үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд ажиллуулсан. Энэ хугацаанд Paul Korpi нь өөрийн уул уурхайн салбарт ажилласан туршлага мэдлэгээ ашиглан “Засаг чандмань майнз” ХХК-д зөвлөх үйлчилгээ үзүүлэн амжилттай ажиллаж олон сая ам.долларын хөрөнгө босгож компанид өөрийн хувь нэмэр оруулсан. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний 4 дүгээр зүйлд гэрээ нь талууд сунгахаар харилцан тохиролцоогүй бол гарын үсэг зурсанаас хойш 36 сарын дараа дуусгавар болно, гэрээний 15 дугаар зүйлд зөвлөгч ямар нэг байдлаар албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гэж сэжиглэгдсэн тохиолдолд шалгалт хийн бодит үнэнийг тогтоох хүртэл компанийн хүсэлтийг үндэслэн Зөвлөх нь гүйцэтгэгчийн үүргээ түдгэлзүүлнэ, 16 дугаар зүйлийн 2-т зөвлөх үйлчилгээ авч буй компанийн зүгээс гэрээг цуцласан тохиолдолд 6 сарын цалинтай дүйцэхүйц хэмжээний мөнгөн дүнг зөвлөхөд бөөнөөр төлсний дараа гэрээ цуцлагдсан гэж үзнэ гэсэн заалтуудын дагуу гэрээ хэдий хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх, хэзээ ямар тохиолдолд түр түдгэлзүүлж болох, ямар нөхцөлд хугацаанаас өмнө цуцлагдах зэрэг хугацаатай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан.Гэтэл 2016 оны 6 дугаар сарын 02-ны өглөө 11 цагт захирал Д.Буянтогтох нь манай компанитай байгуулсан гэрээг цуцлаж байгааг мэдэгдсэн. “Засаг чандмань майнз” ХХК албан бичгээр хариу өгөөгүй бөгөөд бид ажлын хөлс нэхэмжилсэн нэхэмжлэх хүргүүлэхэд мөн хүлээн аваагүй, уулзаж ярилцаагүй. “Засаг чандмань майнз” ХХК-ийн захирлын амаар хэлсэн мэдэгдлүүд болон түүнээс хойш үүссэн нөхцөл байдлыг дүгнээд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг нэг талын санаачлагаар цуцласан гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна. Гэрээний 15 дугаар зүйлийн дагуу 2016.06.02-ны өдрөөс зөвлөхийн ажлыг түдгэлзүүлсэн хугацааны төлбөр 22 916 30 ам.доллар, гэрээний 16 дугаар зүйлийн 2-т зааснаар гэрээг цуцласан тохиолдолд 6 сарын цалинтай дүйцэхүйц хэмжээний мөнгөн дүнг зөвлөхөд бөөнөөр төлсний дараа гэрээ цуцлагдсан гэж үзнэ гэсэн заалтын дагуу 125 000 ам.долларыг төлөх үүрэгтэй. Гэрээг “Засаг чандмань” ХХК нэг талын санаачлагаар цуцалж байгаатай холбогдуулан өмнө үүссэн өр зээлийн асуудлыг цэгцлэх шаардлага үүссэн. “Засаг чандмань майнз” ХХК нь 2016.01.13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 218 380 ам.доллар, түүний хүү 6 сарын 13 102 ам.долларыг төлөх үүрэгтэй.Манай компани өмгөөлөгч хөлсөн ажиллуулж байгаа бөгөөд “Засаг чандмань майнз” ХХК зардлыг төлөх ёстой. Иймд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэрээгээр ажлын хөлс 22 916 30 ам.доллар, мөн гэрээний 16.2 дахь заалтын дагуу төлөх нөхөн олговор 125 000 ам.доллар, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх 218 380 ам.доллар, хүү 6 сарын 13 102 ам.доллар, нийт 379 401 3 ам.доллар буюу 765 468 680 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 61 237 494 төгрөг, бүгд 826 706 174 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрээг “Засаг чандмань майнз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Эрдэнэбатхаан “Анна сэцэн майнинг” ХХК-ийн захирал Х.Тэмүүлэн нар байгуулсан, цуцлах, дуусгавар болгох эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал Т.Эрдэнэбатхаан, түүний зүгээс болон “Засаг чандмань майнз” ХХК-ийн зүгээс гэрээг цуцлаагүй, Пол Корпид цуцлах мэдэгдэл өгөөгүй, үүрэгт ажлаа гүйцэтгэхийг зогсоогоогүй, хөөж явуулаагүй. Пол Корпи нь “Засаг чандмань майнз” ХХК-ийн зөвлөх Д.Буянтогтохын зүгээс ажлын талаар тавьсан шаардлага, шүүмжлэлийг хүлээж авалгүй, ажлаа дур мэдэн орхиж явсан.Гэрээний 15 дугаар зүйлд заасан гүйцэтгэгчийн үүргийг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүсээгүй, компанийн зүгээс зөвлөхийн үүргийг түдгэлзүүлэх хүсэлт тавиагүй, Пол Корпи нь гэрээнд заасан зөвлөх үйлчилгээгээ үзүүлээгүй тул 2016 оны 06 дугаар сарын 01-ээс 30-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 22,916.30 ам.долларыг манайх төлөх үндэслэлгүй. Түүнчлэн компанийн зүгээс гэрээг цуцлаагүй, нэхэмжлэгчийн ...нөхөн олговор олгосноор гэрээг цуцалсанд тооцно... гэсэн гэрээний заалтыг иш болгож, шаардлагын үндэслэлээ тодорхойлсноос харахад компанийн зүгээс “Анна Сэцэн майнинг” ХХК-д гэрээний 16 дугаар зүйлийн 16.2-т заасан нөхцлөөр нөхөн олговор болгож, 125,000 ам.доллар олгох хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлд хавсаргасан тодруулга авах тухай бичгээс үзэхэд зөвлөх компани болон гүйцэтгэгч нь гэрээний дээрхи заалтуудыг ашиглан үндэслэлгүйгээр ажлын хөлс, нөхөн олговор авах санаа зорилго агуулж, гэрээ цуцлагдаагүй байхад үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, компанийн ажлыг орхиж явсан болох нь харагдаж байна.Манай компанид “Анна сэцэн майнинг” ХХК нь нэхэмжлэлд дурдсан шиг олон сая ам.долларын хөрөнгө оруулалт босгож өгөөгүй, тийм үүрэг ч гэрээгээр хүлээгээгүй, тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. “Засаг чандмань майнз” ХХК нь “Анна сэцэн майнинг” ХХК-аас нэг ч ам.доллар зээлж аваагүй тул зээл болон хүү төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд зээл олгосон баримт, зээлийн гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэлд хавсаргаж өгсөн зээл төлөлтийн гэрээ гэсэн орчуулгын үнэн зөвийг баталсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэгч компани өмгөөлөгч авах эсэх нь түүний эрхийн асуудал бөгөөд “Анна сэцэн майнинг” ХХК-ийн гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн гэрээний үүргийг манай компани хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм. Өмгөөллийн үйлчилгээний хөлс нь нэхэмжлэгчээс гарах зайлшгүй зардал биш бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд маргаан үүссэн тохиолдолд өмгөөллийн хөлсийг манай компани хариуцан төлөх үүрэг хүлээгээгүй. Мөн өмгөөллийн хөлсөнд 61 237 494 төгрөг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй. Зөвлөх нь хөдөлмөрийн гэрээгээр бус харин зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06136 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-д холбогдох нийт 826 706 174 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Анна сэцэн майнинг” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 291 481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1926 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Анна сэцэн майнинг” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 291 481 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй баримтаа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Шүүхийн зүгээс энэхүү үүргээ биелүүлэх боломжит хугацааг олгосон боловч нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь “нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага” гэж шүүхэд гаргасан хэдий ч нэмэгдүүлсэн шаардлагын агуулга нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, өөр хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлага байсан ба уг шаардлагынхаа хариуцах этгээдийн хаягийг тодорхойлоогүй байсан юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “нэхэмжлэлд хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газрыг тусгасан байна” гэж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 -д “энэ хуулийн 62-р зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал шүүгч захирамж гарган, түүнийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасан бөгөөд мөн хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу 65.1.11-д заасан үндэслэлээр гарсан захирамжид гомдол гаргах эрхгүй байхаар хуульчилсан байдаг. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй нь түүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд энэ үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан шүүгч захирамждаа гомдол гаргах эрхгүй гэж заасан нь хуулийн үндэслэлтэй байтал давж заалдах шатны шүүхээс дээрх хуулийн заалтыг буруу хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “...хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд оролцох эрхтэй” гэж заасан ба энэ нь хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулахыг шүүхэд үүрэг болгосон хуулийн заалт биш юм. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгч нь шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсноо нотлох баримт болон хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй. Хэргийн оролцогч нь хуульд заасан эрхээ эдлэх эсэх нь түүний эрх учир хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болсон тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчдын хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зарим алдаа гаргасан нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо дөрвөн үндэслэл заажээ.

1.Нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг анхан шатны шүүх “хэрэгт хамааралтай болох нь тогтоогдоогүй” гэсэн хуульд заагдаагүй үндэслэлээр хангахаас татгалзсан нь буруу гэж давж заалдах шатны шүүх үзжээ.

Нэхэмжлэгч “Анна сэцэн майнинг” ХХК нь хариуцагч “Засаг чандмань майнинг” ХХК-д холбогдуулан зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу ажлын хөлс, зээлийн гэрээний дагуу төлбөр, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гаргуулахыг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаарх шаардлагаа өөрөө нотлож чадахгүй байгаа шалтгаанаа 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний эх 2 хувь бүгд хариуцагч талд хадгалагдаж байгаа гэж тайлбарлан гэрээний эх хувийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ \хх-ийн 70 дугаар тал\. Хариуцагч “Засаг чандмань майнинг” ХХК нэхэмжлэгч “Анна сэцэн майнинг” ХХК-иас нэг ч ам.долларын зээл аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй гэж шүүхэд хариу тайлбар гаргасан байх ба нэхэмжлэгчийг шаардлагаа нотлоогүй болохыг дурджээ \хх-ийн 74 дүгээр тал\.

Зээлийн гэрээ огт байгуулагдаагүй гэж тайлбарлаж буй хариуцагч талаас зээлийн гэрээний эх хувийг гаргуулахаар нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангах нь логик уялдаагүйгээс гадна маргааны зүйлийн талаар талуудын нотлогооны үүргийн хуваарилалтад нийцэхгүй юм. Зээлийн гэрээ нэхэмжлэгчид байхгүй ба хариуцагч ийм гэрээ огт байгуулагдаагүй гэж мэтгэлцэж байгаа тохиолдолд нэхэмжлэгч гэрээ байгуулагдсан болохыг өөр бусад арга хэрэгслээр нотлох үүрэгтэй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хангах боломжгүй, нэхэмжлэгч зээл олгосон баримтаар шаардлагаа нотлох боломжтой гэж үзэж, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн 101\ШЗ2016\29411 дугаар захирамжийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргажээ \хх-ийн 106 дугаар тал\. Уг захирамжид “хэрэгт хэрхэн хамааралтай болох нь тогтоогдоогүй” гэх үндэслэл тусгагдаагүй байна.

Харин нэхэмжлэгч “Анна сэцэн майнинг” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч уг шаардлагаа буцаан авсан тул нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг \”Засаг чандмань майнз” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гаргуулах, хувьцаа эзэмшигчид болон захирлын зөвлөлийн гишүүдийн оршин сууж буй хаягийг тодруулах\ анхан шатны шүүх “хянагдаж байгаа хэргийн нэхэмжлэлийн шаардлагад хүсэлтэд дурдсан баримтууд хэрхэн хамааралтай болох нь тогтоогдохгүй”, “ирээдүйд гаргах шаардлагатай холбоотойгоор нотлох баримт гаргах боломжгүй” гэж үзэн, шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101\ШЗ2016\29410 дугаар захирамжаар хангахаас татгалзжээ \хх-ийн 104-105 дугаар тал\.

Давж заалдах шатны шүүх нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн хоёр өөр хүсэлтийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хоёр өөр захирамжийн үндэслэл, агуулгыг андуурч, магадлалдаа ташаа тусгаснаас гадна “хуульд заагдаагүй үндэслэл” гэж ойлгомжгүй заасан нь алдаатай болжээ.        

2.Нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангахаас татгалзахдаа, мөн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа анхан шатны шүүх шүүгчийн захирамжид “гомдол гаргах эрхгүй” гэж заасан нь алдаатай боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

Нэхэмжлэгч “Анна сэцэн майнинг” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-ийн энгийн хувьцааны 5%-ийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, уг хувьцааг хариу төлбөргүй гаргуулах, шинэчилсэн дүрмийг батлуулах, хувьцаа шилжүүлэх гэрээ хийх, баримт бичгийг бүрдүүлэн өгөхийг шаардсан \хх-ийн 71-72 дугаар тал\ боловч шаардлагаа “нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрдүүлэх үүднээс татан авсан” \хх-ийн 75 дугаар тал\ тул анхан шатны шүүх шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101\ШЗ2016\18694 дүгээр захирамжаар шүүх хуралдаан хойшлуулахдаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Шүүх хуралдаан хойшлуулах болон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах асуудлыг шүүгчийн нэг захирамжаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй боловч шүүх захирамждаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг давхар баримтлаагүй нь алдаатай болжээ. Тухайлбал, шүүх уг хуулийн 123 дугаар зүйлийн 123.1., 123.3.-т заасан зохицуулалтаас гадна нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг заасан хуулийн 65 дугаар зүйлийн холбогдох заалт, хэсгийг удирдлага болгох учиртай. Ингээгүйгээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан эрх зүйн үндэслэл тодорхой бус болсоны зэрэгцээ уг захирамжид гомдол гаргах эрхтэй эсэх нь тодорхой бус болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1.-д зааснаар хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1.-65.1.8., 65.1.10.-т заасан шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохоор зохицуулсан байна.

Угтаа нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч уг шаардлагаа “татан авсан” бол уг нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаагүй гэж үзэх боломжтой тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шаардлагагүй байжээ.

Шүүгчийн дээрх захирамжид “гомдол гаргах эрхгүй” гэж заасан нь буруу боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны уг алдаа хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлаагүй, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн хоёр хүсэлтийг анхан шатны шүүх шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101\ШЗ2016\29410, 101\ШЗ2016\29411 дүгээр захирамжуудаар хангахаас татгалзан шийдвэрлэхдээ \хх-ийн 104-106 дугаар тал\ мөн “захирамжид гомдол гаргах эрхгүй” гэж заасан нь алдаатай болжээ. Эдгээр захирамжаар хариуцагчаас нотлох баримт шаардан авах үндэслэлгүй гэж үзэн, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан шүүхийн ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д заасан зохицуулалтад хамаарах юм. Энэ зүйлд “шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заажээ.

Шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан захирамждаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй нь алдаатай болсон ба энэ нь хүсэлтийг хангахаас татгалзсаны эрх зүйн үндэслэлийг тодорхой бус болгосны зэрэгцээ уг захирамжид гомдол гаргах эрхтэй эсэхийг тодорхой бус болгосон байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д заасныг захирамжид удирдлага болгосон бол мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1.-д заасан 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрх тодорхой болох байжээ.

Гагцхүү нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамжийн үндэслэл дээр дурдсанаар зөв гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн гаргасан эдгээр алдаа шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

3.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй, “хэргийн 13-19 дүгээр талд авагдсан гэрээг Пол Эй Корпи өөрөө гарын үсэг зурж байгуулсан” байхад “түүний нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх нэхэмжлэгч компанид байгаа эсэхийг анхаарах нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх магадлалдаа заажээ.

Хэргийн 13-19 дүгээр талд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ биш харин хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-иас Пол Эй Корпид хүргүүлсэн  “үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлын албан тушаалд ажилд авах санал” авагдсан байна. Харин “Засаг чандмань майнз” ХХК болон “Анна сэцэн майнинг” ХХК-ны хооронд 2015 онд байгуулагдсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ \орчуулга\ хэргийн 27-43 дугаар талд авагджээ. Энэхүү гэрээг нэг талаас “Засаг чандмань майнз” ХХК, нөгөө талаас “Анна сэцэн майнинг” ХХК байгуулсан болох нь гэрээнд тусгагдсан байх ба нэхэмжлэл гаргах эрхийн талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болсон байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг “сөрөг нэхэмжлэл гаргах эрх тухайлан олгогдоогүй” гэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн ажиллагааг давж заалдах шатны шүүх буруу гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон О.Батжаргалд хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Эрдэнэбатхаан 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр итгэмжлэл олгосон байх ба уг итгэмжлэлд төлөөлөгчид тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх бүх шатны шүүхийн ажиллагаанд өөрийн компанийг бүрэн төлөөлөн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 26 дугаар зүйлд заасан хариуцагчийн эдлэвэл зохих бүх эрхийг эдлэх, үүргийг хэрэгжүүлэх, эвлэрэх, бүх шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг тодорхой тусгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Анна сэцэн майнинг” ХХК-д холбогдуулан зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу өмнө шилжүүлсэн ажлын хөлсийг буцаан гаргуулахаар 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан \хх-ийн 88-90 дүгээр тал\ боловч анхан шатны шүүх хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө “сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг тусгайлан олгоогүй” гэж үзэн, шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101\ШЗ2016\29520 дугаар захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ \хх-ийн 116-117 дугаар тал\.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т  хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах эрх тусгагдсан байх ба хариуцагч “Засаг чандмань манз” ХХК-ийн гүйцэтгэх захирлын итгэмжлэлд хуулийн “26 дугаар зүйлд заасан  хариуцагчийн эдлэвэл зохих бүх эрхийг эдлэх, үүргийг хэрэгжүүлэх” гэж тодорхой заасан байхад шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзсэн нь буруу байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ “...гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой асуудлаар жич нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрх нээлттэй гэж үзэж, захирамжид гомдол гаргахгүйгээр хэргийг ... хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн байх тул анхан шатны шүүхийн дээрх алдаа шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм \хх-ийн 109 дүгээр тал\.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч “Анна сэцэн майнинг” ХХК нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу ажлын хөлс, зээлийн гэрээний дагуу төлбөр, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гаргуулах тухай “Засаг чандмань майнз” ХХК-д холбогдох шаардлагаа баримтаар нотолж чадаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1926 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 4 291 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН