Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 55

 

Д.Н-гийн нэхэмжлэлтэй,

СБА-ийн ЦГ-т холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, Танхимын тэргүүн:М.Батсуурь,

            Шүүгчид:                                   Г.Банзрагч,

                                                               Д.Мөнхтуяа,

                                                               Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                          П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:            Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: СБА-ийн ЦГ-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах,

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 122/ШШ2019/0021 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 544 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, Г.Цоодол нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Өмнөх шүүхийн шийдвэр:

  1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 122/ШШ2019/0021 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.8, 62 дугаар зүйлийн 62.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, 81.4.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СБА-ийн ЦГ-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Цагдаагийн ахлагч Д.Н-г албанаас халах тухай Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Н-г СБА-ийн ЦГ-ын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаагийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,  Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Н-д 4559408 / дөрвөн сая таван зуун тавин есөн мянга дөрвөн зуун найман/ төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг СБА-ийн ЦГ-ын даргад даалгаж шийдвэрлэжээ.
  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 544 дүгээр магадлалаар: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 122/ШШ2019/0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ “нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулахдаа гаргасан зөрчлийн шинж байдал, хор хохирол, давтагдах байдал зэргийг харгалзан сонгох боломжтой, сахилгын шийтгэл хүндэдсэн” гэж дүгнэж буй нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн тухайд хэдийгээр ажлын бус өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн хэдий ч өөрийгөө удирдан жолоодох чадваргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож осол гаргаж буй нь цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг болон нэхэмжлэгчийн эрхэлж буй ажил үүрэгтэй харш үйлдэл болно.
  2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээс учрах хор уршиг нь урьдчилан таамаглах боломжгүй бөгөөд зөрчил гаргах үедээ нэхэмжлэгч нь 1,96 хувийн согтолттой буюу өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, айлын хашаа мөргөж бусдын эд хөрөнгөнд хохирол учруулж байгаа зэрэг шинж нь шийтгэлийг хүндрүүлж үзэх нөхцөл байдал болохоор байна.
  3. Дээрх нөхцөл байдлуудад анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгчийн ахуй нөхцөлийг харгалзан үзэх байдлаар захиргааны байгууллагын үндэслэл бүхий шийдвэрийг хүчингүй болгож буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 106.2-т заасантай нийцээгүй.
  4. Цагдаагийн байгууллага нь алба хаагчдынхаа хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангаж, Төрийн албаны тухай хуульд заасан “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх” зарчмыг хангаж ажиллах ёстой хэдий ч мөн хууль болон Цагдаагийн албаны тухай хуулиар хүлээсэн “хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх, алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журам, алба хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргээ биелүүлээгүй алба хаагчид хуульд заасан шийтгэл ногдуулах нь хууль ёсны үйл ажиллагаа юм.
  5. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түүнд ногдуулсан сахилгын шийтгэл хүндэдсэн талаар бус, гаргасан зөрчлийн дагуу Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан атлаа Цагдаагийн албаны тухай хуульд заасан сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй талаар дурдаж маргасан атал анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн маргааны гол зүйлийн талаар дүгнэлт хийлгүй хэргийн оролцогчийн маргаагүй асуудлын талаар буюу сахилгын шийтгэл хүндэдсэн, үгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  заасныг зөрчсөн.
  6. Үүнээс үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ нь:

  1. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
  2. Нэхэмжлэгч Д.Н-гээс СБА-ийн ЦГ-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээсэн тул шийтгэлийг давхардуулсан, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчөөгүй, ажлаас халахгүйгээр өөр бусад сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байсан” гэж тайлбарлажээ.
  3. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь /сануулах, цалин бууруулах, ажлаас халах/ сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.3.2-т ““ноцтой зөрчил гэж” Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж заасан, тухайн тохиолдолд Д.Н- нь дээр дурдсан зөрчлийг гаргаагүй байна.
  4. Харин мөн дүрмийн 2.4.8-д “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх” гэж нэрлэн заасан, уг зөрчлийг ноцтой зөрчилд тооцоогүй байх тул Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар “цагдаагийн ахлагч Д.Н-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж шийдвэрлэсэн нь дүрэмд нийцэхгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэжээ.
  5. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллага нь Д.Н-д сахилгын шийтгэл ногдуулахдаа түүний зан чанар, хувийн байдал, ажилласан туршлага, ур чадвар, анх удаа зөрчил гаргасан байдлыг нь харгалзан үзэж шийдвэрлэх ёстой.
  6. Нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл цагдаагийн албанд 12 жил ажиллаж байгаа, мөн эхнэр, бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь өвчтэй, эмчилгээ хийлгэдэг, удаа дараа зөрчил гаргасан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй буюу түүнийг “ноцтой зөрчил гаргасан” гэж үзэж, хамгийн хүнд сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэлгүй байх тул түүнд ногдуулсан 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл нь зөрчлийн шинж байдалд нь тохироогүй гэж үзэхээр байна.
  7. Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан нь гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэл ногдуулах үндсэн зарчимтай тул шүүхээс нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах шийтгэл нь зөрчлийн шинж байдалд нь тохирсон эсэхэд дүгнэлт өгснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн” гэж үзэхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй юм.
  8. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 122/ШШ2019/0021 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 544 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

       ШҮҮГЧ                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ