| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/07782/И |
| Дугаар | 192/ШШ2025/09815 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/09815
| 2025 11 24 | 192/ШШ2025/09815 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т СӨХ
Хариуцагч: Ж.Б
Нийтийн эзэмшлийн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С.., түүний өмгөөлөгч Б.Д.., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Л.., түүний өмгөөлөгч Ц.Э.., шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах Туул гарден хотхон нь М..ХХК-ийн захиалгаар 14 давхар.. автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй... айлын хүчин чадал бүхий үйлчилгээтэй, орон сууцны зориулалтай барилгыг ажлын зургийг Онцгой байдлын байгууллагаар хянуулж ...дугаартай дүгнэлт авч, 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн .. дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулсан. Тус хотхоны орон сууцны Сууц өмчлөгчдийн холбооны даргаар “Г..ХХК-ийн барилгын инженер н.Э.. нь 2018 оноос 2023 он хүртэлх хугацаанд ажиллуулсан СӨХ-ны дарга н.Э..нь Т..гарден хотхоны зоорийн ..давхрын үндсэн барилгын төлөвлөлтийг өөрчилж, барилгын зурагт тусгагдаагүй нэмэлтээр зогсоол үүсгэж, зогсоол тойруулж гурван агуулах /склад/ барьсан. Хариуцагч Ж.Б.. тухайн барилгын зоорийн давхрын автомашины дулаан зогсоолд өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй буюу эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхгүй байж нийтийн эзэмшлийн зам талбайд олон тооны буюу таван ширхэг автомашиныг орц, гарцанд байрлуулж, бусад оршин суугчидын автомашиныг таглаж оршин суугчдын орох гарах хөдөлгөөнд өнөөдрийг хүртэл саад учруулж байна. Энэ асуудлаар өөрт нь шаардлага тавьж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх талаар хэлэхээр огт хүлээж авдаггүй, мөн түүнчлэн автозогсоол дотор агуулах барьж /склад/ дур мэдэн эзэмшиж, ашиглаж байна. Нэхэмжлэгч компани нь энэ асуудлаар Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хяналт шалгалтын газар, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Онцгой байдлын Ерөнхий газарт хандсан. Онцгой байдлын Ерөнхий газар Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн дүгнэлтээр Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж дүгнэн, Цаашид Барилга хөгжлийн төвөөс 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтийн ... дугаартай магадлал хийсэн дүгнэлт, Онцгой байдлын ерөнхий газрын .. дугаартай дүгнэлттэй ажлын зургийн дагуу тухайн барилгыг ашиглах нь зүйтэй гэсэн хариу хүргүүлсэн. Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл хугацаанд нийтийн эзэмшлийн автомашины дулаан зогсоолд 5 ширхэг автомашин дур мэдэн байрлуулж, бусдад түрээслэдэг, ашиг олж оршин суугчдын орох гарах, хөдөлгөөнд саад учруулж, барилгын ажлын зургийн дагуу тухайн барилгыг ашиглах боломжгүй болгож байна. Иймд хариуцагчийн эзэмшиж байгаа автомашинууд, агуулах /склак/-ыг нийтийн эзэмшлийн зам талбайгаас албадан чөлөөлүүлж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Ж.Б.. миний нэр дээр Т...-оос 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Нийтийн эзэмшлийн зам талбайгаас миний эзэмшлийн автомашинууд, агуулах /склад/-ыг хууль бусаар эзэмшиж байгааг албадан чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэл гаргаж хүргүүлснийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гардаж авсан билээ. Иргэн Ж.Б.. миний бие 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Б.. Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “Т.. гарден” хотхоны .. байрны доорхи .. автозогсоолуудыг “Э.. ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэж худалдах, худалдан авах гэрээг байгуулж төлбөрийг үе шаттай төлж байгаа билээ. Мөн 19 тоот автозоол буюу агуулах /склад/-ыг анх барилгыг барьж ашиглалтанд оруулсан “Г.. ХХК-иас худалдаж авсан юм. Дээрх авто зогсоолуудын үл хөдлөхийн гэрчилгээ албан ёсоор эрх бүхий байгууллагаас гараагүй байгаа тул тухайн автозогсоол, агуулах нь Ж.Б..миний эд хөрөнгө мөн болно. Миний дээрх автозогсоол, агуулахыг зориулалтын дагуу өөрт ноогдсон хэмжээнд захиран зарцуулж байгаа билээ. Ямар нэгэн байдлаар бусад оршин суугч иргэдийн эрх ашгийг зөрчиж дур мэдэн орц, гарц хааж таглаагүй мөн галын аюулгүй байдалтай холбоотой ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй болно. Иргэн Ж.Б.. намайг барилгын зоорийн давхарын автозогсоолд өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй байж нийтийн эзэмшлийн зам талбайд олон тооны буюу 5 автомашин орц, гарцанд байрлуулж бусад оршин суугчдын орох, гарах хөдөлгөөнд өнөөдрийг хүртэл саад учруулж байна гэж илтэд худал нэхэмжлэл гаргасан байна. Мөн 2025 оноос эхлэн Ц.О..гэх хүн өмнө нь ажиллаж байсан С.О..гэх хүнээс Т.. СӨХ-ны даргын ажлыг тус байрны оршин суугчдын ямар нэг зөвшөөрөл, хурал, санал хураалтгүйгээр авч өнөөдрийг хүртэл тус ажлыг хийж байгаа нь хууль, дүрэм зөрчиж үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Ц.О.. нь иргэн оршин суугч бидний эрхийг зөрчиж илтэд худал нэхэмжлэх гаргаж байна. Иймээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Т...СӨХ-ийн гэрчилгээ, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хяналт шалгалтын газрын 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 01/103 дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ..дугаар албан бичиг, Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн..1 дугаар дүгнэлт, орон сууцны барилгын ажлын зураг, хариуцагчаас Ж.Б.. Хаан банкны дансны хуулга, худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр үзлэг хийжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь нийтийн эзэмшлийн автомашины дулаан зогсоолд 5 ширхэг автомашин дур мэдэн байрлуулж, бусдад түрээсэлж, оршин суугчдын орох гарах хөдөлгөөнд саад учруулж байх тул автомашинууд болон дур мэдэн барьсан агуулахыг нийтийн эзэмшлийн талбайгаас чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Б.М.. .. дугаар зогсоолын худалдаж авсан, ..автомашин нийтийн эзэмшлийн талбайд байрлуулаагүй, худалдаж авсан агуулахыг өөрт ногдсон хэмжээнд ашиглаж байгаа гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримтууд тогтоогдлоо.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай Монгол Улсын хуулийг үндэслэн Нийслэлийн Хан-Уул... байруудыг хамруулан Т..сууц өмчлөгчдийн холбоог бүртгэн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэрчилгээ олгожээ. /хэргийн 5 тал/
М..ХХК-ийн үйлчилгээтэй, орон сууцны барилын зургаас үзэхэд ..дугаартай автозогсоолыг ханаар тусгаарлаж агуулах болгосон байх бөгөөд ..дугаарын зэргэлдээ хоосон талбайг .. дугаараар тэмдэглэж, тээврийн хэрэгсэл байршуулдаг болох нь үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 9, 54-62 тал/
Гэхдээ эрхийн улсын бүртгэлийн .. дугаартай, ..автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.М.. бүртгэгджээ./хэргийн 38 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь ямар 5 тээврийн хэрэгсэл нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсныг, М..ХХК-ийн үйлчилгээтэй, орон сууцны барилын зурагт тэмдэглэсэн..дугаарын зэргэлдээ хоосон талбайг /18 дугаараар тэмдэглэсэн/ эрхийн улсын бүртгэлийн .. дугаартай,.., автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө биш болохыг, хариуцагч нь агуулахын зориулалтаар босгосон ханыг зохих зөвшөөрөлтэй барьсныг баримтаар нотлоогүй байна.
7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ” зааснаар Т..СӨХ нь , Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/, чингисийн өргөн чөлөө гудамж, ..байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах эрхтэй этгээд мөн боловч М..ХХК-ийн үйлчилгээтэй, орон сууцны барилын зурагт тэмдэглэсэн ..дугаарын зэргэлдээ хоосон талбайн / дугаараар тэмдэглэсэн/ өмчлөгч гэдэг нь тогтоогдохгүй байна.
Энэхүү талбайг Б.М..н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн .. дугаартай, .. автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч Ж.Б..худалдан авсан талаар худалдах, худалдан авах гэрээ ирүүлжээ. М.. ХХК-ийн үйлчилгээтэй, орон сууцны барилгын зургаас үзэхэд ханаар тусгаарлаж агуулах болгосон 18 дугаартай автозогсоол 30 м.кв талбайгүй нь илэрхий бөгөөд ..дугаарын зэргэлдээ хоосон талбайг / дугаараар тэмдэглэсэн/ гэрчилгээжүүлсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” зааснаар М.. ХХК-ийн үйлчилгээтэй, орон сууцны барилын зурагт тэмдэглэсэн.. дугаарын зэргэлдээ хоосон талбайг /..дугаараар шинээр тэмдэглэсэн/ дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэхгүй юм.
Нэхэмжлэгч нь Б.М..н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ..дугаартай, .. автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь М..ХХК-ийн үйлчилгээтэй, орон сууцны барилын зурагт тэмдэглэсэн дугаартай автозогсоол мөн гэж үзвэл талбайн хэмжээг өөрчлүүлэх, .. дугаарын зэргэлдээ хоосон талбайг / дугаараар шинээр тэмдэглэсэн/ хууль бусаар гэрчилгээжүүлсэн гэвэл түүнийгээ шалгуулах, бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхийг энэхүү шийдвэр хөндөхгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иймээс хариуцагч Ж.Б.нь М.ХХК-ийн үйлчилгээтэй, орон сууцны барилын зурагт тэмдэглэсэн .дугаарын зэргэлдээ хоосон талбайг /. дугаараар шинээр тэмдэглэсэн/ хууль бусаар эзэмшиж байгаа байдал тогтоогдоогүй, дээрх талбай нь нийтийн эзэмшлийн талбайд хамраахгүй, ямар төрлийн хэдэн тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ.
8. Харин М. ХХК-ийн үйлчилгээтэй, орон сууцны барилын зурагт тэмдэглэсэн . дугаартай автозогсоолын зориулалтыг өөрчилж, агуулахын зориулалтаар Ж.Б ашиглаж байгаа тул агуулахыг чөлөөлөхийг даалгах нь зүйтэй байна.
Автомашины зогсоолд агуулах бий болгох нь галын ослын үед чөлөөтэй байх бүсийг хязгаарлахаас гадна Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт ”Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно.” заасантай нийцэхгүй, бусдын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлтэй болжээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан М..ХХК-ийн үйлчилгээтэй, орон сууцны барилын зурагт тэмдэглэсэн 18 дугаартай автозогсоолд барьсан агуулахыг нийтийн эзэмшлийн талбайгаас чөлөөлөхийг хариуцагч Ж.Б-д даалгаж, үлдэх нийтийн эзэмшлийн зам талбайгаас хариуцагчийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ