| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/04403/И |
| Дугаар | 192/ШШ2025/06851 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/06851
2025 09 04 192/ШШ2025/06851
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, **** тоот хаягт байрлах “М” ХХК /РД:**** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын ам, Наадамчдын зам ***** хаягт байрлах, Н,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын ам, Наадамчдын зам *** хаягт байрлах, Н холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 103,878,620 /нэг зуун гурван сая найман зуун далан найман мянга зургаан зуун хорин/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. “М” ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Нүнэт цаасны хөрөнгө оруулалтаар 1,213,203,786 төгрөг бүхий “Эгудамжийг Тголын гудамжтай холбох авто зам” НЗХГ/22-А132-2 дугаартай гэрээг Нтай байгуулан авто замын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байнгын ашиглалтанд оруулж, ЗБ-24/04 дугаартай актаар Улсын комисст хүлээлгэн өгсөн. Ажлын гүйцэтгэлийн явцад 2022-2023 онуудад Авто замын 2 дугаар хэсэг ПК0+195~ПК0+320 хүртэлх 125м урт авто зам трасст “А гал” ХК-ийн эзэмшил газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлт огт хийгдээгүй, талууд шүүхийн маргаантай, шүүхийн шийдвэр хүлээсэн байдалтай байсан тул дээрх гэрээг 2022.11.01-ний өдрийн НЗХГ/22-А132-2-1 дугаартай “Эгудамжийг Тголын гудамжтай холбох авто зам”-ын нэмэлт гэрээгээр, 2023.11.06-ны өдөр НЗХГ/22-А132-2-3 дугаартай нэмэлт гэрээгээр тус тус зам барилгын ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөх хугацааг сунгасан. 2022.10.25-ны өдөр газар чөлөөлөгдөөгүй 125м урт трассаас бусад хэсэгт бид зам барилгын ажлыг бүрэн дуусгаж, авто замын хөдөлгөөнийг нээсэн бөгөөд барилга угсралтын ажлын гүйцэтгэл 87% буюу 1,055,625,833 төгрөгийн санхүүжилтийг авч, 157,577,953 төгрөгийн санхүүжилт үлдсэн. 2024 оны хавар Нзасаг дарга Х.Н “А гал” ХК-ийн төлөөллүүдтэй удаа дараа уулзалт хийсний үр дүнд Эгудамжны авто замыг Тгол гудамжны авто замтай холбох боломжийг “А гал” ХК зөвшөөрч газрыг чөлөөлөхөөр болж 2024.03.30-ны өдөр Н холбогдох удирдлагууд “М” ХХК-ийн удирдлагыг оролцуулан хурал хийж, авто замын трассыг өөрчилж, авто замын барилга угсралтыг яаралтай хийж гүйцэтгэх тухай шийдвэр гарч, улмаар холбогдох мэргэжилтнүүд, авто замын зураг зохиогч, гүйцэтгэгч байгууллагуудад газар дээр нь үүрэг өгч шийдвэрлэсэн бөгөөд 2024.04.11-ний өдөр “А гал” ХК тухайн газрыг чөлөөлсөн.
Манай компани зураг зохиогчийн гаргаж өгсөн авто замын өөрчлөлтийн зураг, тоо хэмжээний дагуу авто замын барилга угсралтын ажлыг НЗХГ-ын хяналтын дор бүрэн хийж гүйцэтгэн 2024.07.09-ний өдөр авто замын хөдөлгөөнийг нээсэн. Авто замын трасс өөрчлөхтэй холбоотойгоор авто замын барилга угсралтад дараах нэмэлт ажлууд хийгдсэн. Үүнд: Авто зам трасс 80м-ээр уртасч 205м болж өөрчлөгдсөн. Авто замын өөрчлөгдсөн трассын төгсгөлд ПК3+88 дээр 16ш цахилгааны 10кВт өндрийн кабель гарч ирснийг хамгаалах бэхлэх, нөөц сувагчлал хийх ажил хийгдсэн. Ф159мм 72-м, Ф219мм 24м урт бүхий трубагаар нөөц сувагчлал хийж өгсөн. Авто замын өөрчлөгдсөн трассын ПК2+42 “А гал” ХК, Орхон их сургуулиудын цэвэр, бохир, дулааны шугамыг хамгаалах бэхлэх. Авто замын 2ш орц гарц нэмэгдсэн зэрэг ажлууд нэмэлтээр хийгдэж, зураг зохиогч зургийн өөрчлөлтийн дагуу тухайн үед мөрдөгдөж байсан норм үнэлгээг үндэслэн нэмэлт ажил, авто замын трасс өөрчлөхтэй холбоотойгоор авто зам 80м уртассан, мөн инженерийн байгууламжуудыг хамгаалахтай холбоотойгоор төсөвт өөрчлөлт орж, үлдэгдэл 157,577,953 төгрөгөөс гадна нэмэлтээр 258,878,620 төгрөгийн төсөв гаргасныг Н удирдлага, холбогдох мэргэжилтэн, авто замын зураг зохиогч, гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл 2024.07.04-ний өдрийн хурлаар шийдвэрлэж баталгаажуулсан.
Дээрх нэмэлт ажлын зардлаас 182,000,000 төгрөгийг нь төсвийн үнийн дүнгийн 15% хүртэл дүнгээр нэмэлт гэрээг хийх заалтын дагуу шийдэж, НЗХГ24-А/1325-3 тоот гэрээг 2024.12.02-ны өдөр Нтай байгуулж, санхүүжилт авсан бөгөөд одоо 103,878,620 төгрөгийн санхүүжилт огт хийгдээгүй. Бид үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлүүлэх талаар Н албан бичгээр 2025.02.21-ний өдөр, Нзасаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нт 2025.03.21-ний өдөр тус тус хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй, биднийг цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохироож байна. Иймд “М” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл санхүүжилт 103,878,620 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.
1.2. Эхний гэрээ бол зөвхөн зам, явган зам, ногоон байгууламж барих төсөвт өртөгтэй байсан. Явцын дунд нэмэлт ажил гарч, замын явцад өртсөн байгаа дулааны шугам сүлжээг шилжүүлэх ажил хийх шаардлагатай болж, уг ажилтай холбоотойгоор нэмэлт ажлын 182,000,000 төгрөгийн төсөв гарсан. Хариуцагч нар уг төлбөрийг төлөхгүй байгаа шалтгаанаа төсөв байхгүй, төсөвт суугаагүй байна гэдэг. Нэгэнт гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээж авсан учир Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар төлбөрийн үлдэгдлийг шаардах эрх “М” ХХК-д үүсэж байгаа. Гэрээг Нзасаг даргын тамган газартай байгуулж НЗ гэрээнд хяналт тавьдаг. Хариуцагч НЗ нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар хариу тайлбар гаргасан. Харин хариуцагч Нзасаг даргын тамгын газрын хувьд нэхэмжлэлийг гардаж авсан боловч хуульд заасан хгуацаанд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2. Хариуцагч “НЗ” УТҮГ-ыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.Т нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд тус авто замын ажил тендер зарлагдаж “М” ХХК шалгарч, 2022.07.08-2022.10.31-ний хооронд хийж гүйцэтгэхээр 1,213,203,786 төгрөгийн өртөг бүхий НЗХГ/22-А132-2 тоот гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн. Тус ажлын хүрээнд 0,64км урт авто зам, авто замын зорчих хэсэг 2 эгнээ 7м явган зам 2 талдаа 1,5-2,25м, замын 2 талаар борооны ус зайлуулах шугамын ажил хийхээр төлөвлөгдсөн. Барилгын ажлын тэг тэнхлэг хүлээлцэж, 2022.08.04-ний АЭЗ/ЗБ-22/21 дугаартай ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгосон. Зам барилгын ажил 2022.08.04-нд эхлэж, борооны ус зайлуулах шугамын ажил, авто замын хуучин хашлагыг авч шинээр солих, явган хүний замын дүүргэлтийн ажил, авто замын хучилтын ажил эхний 500м хэсэгт бүрэн хийгдсэн. 2022.09.07-ны өдрөөс эхлэн “А гал” ХК ажилчдаа жагсааж газар чөлөөлөлт хийлгэхгүй гэсэн шалтгаанаар авто замын ажлыг саатуулж удаашруулсан. Тус явдал даамжирсаар тухайн хэсэгт хийгдэх явган зам, борооны ус зайлуулах шугам, ногоон байгууламж зэргийг хийхэд хүндрэл үүсэж ажил зогссон. “А гал” ХК нь НГЗБА болон НЗТГ-ын Газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж, Газар албадан чөлөөлөх захирамжийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүхийн шийдвэр гарах хүртэл зам барилгын ажил зогссон тул ажлын гэрээг 3 удаа сунгасан.
Улмаар 2024.01.08-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч “А гал” ХК шүүхэд ялалт байгуулсан. 2024.03.29-ний өдөр Нудирдлагууд болон “А гал” ХК-ийн төлөөллүүд зөвшилцөж газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн. Зөвшилцөлд хүрснээр зураг төсөл болон төсөвт өртөгт өөрчлөлт орохоор болсон тул зураг төслийн зохиогч “Брос проперти” ХХК-тай зохиогчийн хяналтын гэрээг байгуулж зураг төслийн өөрчлөлтийг хийхээр болсон. Улаанбаатар хотын захирагчийн үүрэг даалгавраар тус авто замын ажлын гүйцэтгэгч “М” ХХК нь зураг төслийн магадлалын дүгнэлтийг хүлээлгүй зам барилгын ажлыг дуусган байнгын ашиглалтад оруулсан. Зураг төслийн өөрчлөлтөөр 285,878,620 төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон.
НЗХГ-ын зүгээс худалдан авах тухай хуулийн 36.1.4-т “нээлттэй тендер шалгаруулалтын аргаар худалдан авсан ажлын нэмэлт ажлын өртөг анхны гэрээний үнийн 15 хувиас хэтрэхгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол” гэж заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 15 хувь буюу 182,000,000 төгрөгийн нэмэлт гэрээг байгуулсан. Гэрээний үнэ болох 1,213,203,786 төгрөг болон нэмэлт гэрээний үнэ 182,000,000 төгрөгийн санхүүжилтийг тус тус 100 хувь олгосон. Үлдэгдэл 103,878,620 төгрөгийн санхүүжилтийг олгох эх үүсвэр тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд манай талаас татгалзах зүйл байхгүй байна...гэжээ.
3. Хариуцагч Нзасаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу хариу тайлбар бичгээр гаргах үүргээ биелүүлээгүй байна.
4. Нэхэмжлэгч талын гаргасан баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.07.08-ны өдрийн НЗХГ/22-А132-2 тоот Э гудамжийг Т гол гудамжтай холбох авто замын ажлын гэрээний эх хувь, 2022.11.01-ний өдрийн НЗХГ/22-А132-2-1 тоот нэмэлт гэрээний эх хувь, 2023.01.03-ны өдрийн НЗХГ/22-А132-2-2 тоот нэмэлт гэрээний эх хувь, 2023.11.06-ны өдрийн НЗХГ/22-А132-2-3 тоот нэмэлт гэрээний хуулбар, 2024.12.02-ны өдрийн НЗХГ24-А/1325-3 тоот Эгудамжийг Тгол гудамжтай холбох авто замын нэмэлт ажлын нэмэлт гэрээний эх хувь, Эгудамжийг Тгол гудамжтай холбох авто замын нэмэлт ажлын төсвийн эх хувь, 2024.08.21-ний өдрийн ЗБ-24/04 тоот Авто зам, замын байгуламжийг ашиглалтад авах ажлын хэсгийн акт, дүгнэлтийн эх хувь, 2024.03.30-ны өдрийн Эгудамжийг Тгол гудамжтай холбох авто замын ажлын хурлын тэмдэглэлийн эх хувь, 2024.07.04-ний өдрийн “Эгудамжийг Тгол гудамжтай холбох авто замын ажлын трасс өөрчлөгдсөнтэй холбоотой төсвийн өөрчлөлтийн хурлын тэмдэглэл”-ийн эх хувь, 2024.08.09-ний өдрийн авто замын ажлыг байнгын ашиглалтанд хүлээж авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн эх хувь, 2024.11.15-ны өдрийн “Нзасаг даргын А/1325 захирамжийн хүрээнд нэмэлт гэрээ байгуулах тухай хурлын тэмдэглэл”-ийн эх хувь, Санхүүжилтийн тооцоо, Нэгдсэн төсвийн тооцоо, Авто замын төслийн барилга угсралт гүйцэтгэл, “М” ХХК-иас Н 2025.02.21 өдөр хүргүүлсэн албан бичгийн эх хувь, уг бичгийг хүргүүлсэн шуудангийн баримт, “М” ХХК-иас Нзасаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нт 2025.03.12-ны өдөр хүргүүлсэн албан бичгийн эх хувь,
5. Хариуцагч талын гаргасан баримтууд: “З” УТҮГ-ын гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Нзасаг даргын тамгын газраас төлөөлөгчид олгосон итгэмжлэл,
ҮНДЭСЛЭХ нь:
1. “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Н, “НЗ” УТҮГ нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 103,878,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.1. Нэхэмжлэлийн үндэслэлээ “ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн, төлбөрийн үлдэгдлийг гаргуулахаар шаардсан, гэрээт ажлын хугацаанд харилцан тохиролцсоны дагуу нэмэлт ажил хийсэн. Гэрээг Нтай хийсэн боловч Н захиалгаар, тус байгууллагын хяналт дор ажлыг хийж гүйцэтгэсэн учир хариуцагч нар нэхэмжлэлийг хамтран хариуцна” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч “НЗ” УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Харин хариуцагч Нзасаг даргын тамгын газраас нэхэмжлэлийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй учир мөн хуулийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
4.1. “М” ХХК нь Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Эгудамжийг Тгол гудамжтай холбох авто замын ажлын тендерт шалгарч, 2022.07.08-ны өдөр НЗХГ/22-А132-2 тоот гэрээг Нтай байгуулж, уг гэрээний дагуу захиалагч талаас 1,213,203,786 төгрөгийн хөлс төлөх, гүйцэтгэгч “М” ХХК нь уг авто замыг 2022.10.31-ний өдөр ашиглалтанд оруулахаар тохиролцсон байна.
4.2. Газрын маргааны улмаас дээрх гэрээний хугацааг 2022.11.01-ний өдрийн НЗХГ/22-А132-2-1 тоот нэмэлт гэрээгээр 2022.12.30-ны өдөр хүртэл, 2023.01.03-ны өдрийн НЗХГ/22-А132-2-2 тоот нэмэлт гэрээгээр 2023.10.01-ний өдөр хүртэл, 2023.11.06-ны өдрийн НЗХГ/22-А132-2-3 тоот нэмэлт гэрээгээр 2024.08.01-ний өдөр хүртэл тус тус сунгаж, 2024.03.29-ний өдрөөс газар чөлөөлөлтийн ажил эхлэн, “М” ХХК нь зам барилгын ажлыг дуусган байнгын ашиглалтанд оруулжээ.
4.3. Замын барилгын ажлын явцад зураг төсвийн өөрчлөлт орсноор 285,878,620 төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай болж 2024.12.02-ны өдрийн НЗХГ24-А/1325-3 дугаар нэмэлт гэрээгээр 182,000,000 төгрөгийн нэмэлт ажлын талаар харилцан тохиролцсон байна.
4.4. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч талаас 1,055,625,833 төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгч “М” ХХК-д олгож, үлдэгдэл 157,577,953 төгрөг олгогдоогүй, нэмэлт 285,878,620 төгрөгийн төсөв гарч, үүнээс 182,000,000 төгрөгийг төлж, нийт 103,878,620 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч “НЗ” УТҮГ-ын тайлбараар тогтоогдсон.
4.5. “М” ХХК-иас Нзасаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Н, “НЗ” УТҮГ-т тус тус төлбөрийн үлдэгдэл 103,878,620 төгрөгийг төлөх талаар албан бичгээр мэдэгдэж байсан байна.
5. Нэхэмжлэгч “М” ХХК нь замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг Нтай байгуулсан бөгөөд уг ажил нь “НЗ” УТҮГ-ын захиалгаар хийгдсэн, ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд тус байгууллага хяналт тавьж, ажлын үр дүнг хүлээж авсан байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид болно.
6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба мөн хуулийн 343.2 дахь хэсэгт заасны дагуу энэ гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.
7. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн бол хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн үлдэгдэл 103,878,620 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
8. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 677,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 677,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н, “НЗ” УТҮГ нараас 103,878,620 /нэг зуун гурван сая найман зуун далан найман мянга зургаан зуун хорин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 677,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н, “НЗ” УТҮГ нараас 677,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор НИргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА