Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 313

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

          улсын яллагч М.Хэрлэнчимэг,

          шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д овогт Г.Ц яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0068 50239 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Г.Ц

          Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

         Г.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Их Монгол” хороололын 905 дугаар байрны 126 тоотод иргэн Б.Аминаг бусадтай хардан маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 03 цагийн үед хамтран амьдрагч Оргил нэг жоохон охин дагуулаад ороод ирсэн. Нөгөө охин нь хөл дээрээ ч тогтож чадахгүй согтуу байсан. Тэгээд би яв гэсэн. Орцонд ийм зүйл болоогүй, яв гэж хэлээд түлхэж байх явцад ийм гэмтэл учирсан гэв.

         Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Аминагийн: …2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Миат” ХХК-н шинэ жилийн баяр болсон юм. Тэгээд манай хэлтсийн 6 хүн нийлээд Хүүхдийн 100-н тэнд байрлах “ZU” нэртэй бааранд ороод манай хэлтсийн Оргил гэх ахын танил хүмүүс нь тааралдаад Оргил ах нилээн согтчихсон. Тэгээд бид ойролцоо гэр нь байдаг нэгэнтэйгээ нийлээд салаад явцгаасан. Тэр үед Оргил ах манай гэрийн ойролцоо байдаг учраас бид хоёр хамт явсан юм. Оргил ах нилээн согтсон байсан учраас би гэрийнх нь үүдэнд хүргэж өгчихөөд явах гэж байтал гэрээс нь нэг танихгүй эмэгтэй гарч ирээд намайг шууд үгийн зөрүүгүй үсдээд газарт унагаагаад гараараа нүүр болон толгой руу цохиод, хөлөөрөө нилээн олон удаа өшиглөөд байсан. Тэгтэл би найз руугаа залгах гээд утсаа гаргаж иртэл миний утасны цэнэг дуусчихсан байсан. Тэгтэл тэр эмэгтэй миний гарнаас утсыг минь булааж аваад хана руу шидээд газарт уначихсан байхад нь дээрээс нь дэвсээд дэлгэцийг нь хагалчихсан. Тэгээд Оргил ах ирээд салгаад цааш нь аваад явтал над руу пивоны лааз шидээд дахиж ирээд намайг үсдсэн. Би тэр үед доошоо харчихсан байхад миний нүүр рүү өшиглөөд миний хамрыг гэмтээчихсэн. Тэгээд Оргил ах дахиад ирж салгахаар нь би зугтаасан. Би тэр эмэгтэйд гар хүрээгүй, маргалдсан зүйл ч байхгүй. Намайг явах гэж байхад ямар ч үг хэлэлгүй шууд үсдээд зодсон. Тэр Г.Ц гэх эмэгтэй надаас уучлалт гуйсан, миний хамар хагалгаа хийлгэх шаардлагатай мөнгө болон миний Ай фоне-7 плас утсыг минь засуулж өгсөн. Нийт 4.800.000 төгрөгийг надад өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй…

…Тухайн үед Г.Ц намайг цохиж, зодож байхад миний гарт байсан гар утас газарт уначихсан. Тэгээд Г.Ц бид хоёр зууралдаж байхад Г.Ц газарт уначихсан байсан гар утсыг санаандгүй гишгэчихсэн. Улаан өнгийн “Ай фоне-7 плас” маркийн гар утас байсан. 2017 оны 09 дүгээр сард Бээжин хотоос Монгол мөнгөөр 2.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ямар нэгэн сэв зураас байхгүй. Тухайн үед цэнэг нь дууссан асахгүй байсан. Тэгээд сүүлд нь засварын газарт очиж үзүүлээд асаасан. Засварын газар очиход гар утсанд ямар нэгэн гэмтэл байгаагүй. Миний хамрын таславч мурийсан байсан. “Эм Жи Жи” эмнэлэгт очиж асуухад хагалгааний зардал 2.000.000 төгрөгөөс 4.000.000 төгрөг болно гэсэн. Дээр нь ор, хоног болон нэмэлт эмчилгээний зардал нэмэгдэнэ гэсэн. Эмчилгээний зардалд 4.800.000 төгрөг авсан. Одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 17-19, 54-55 дугаар тал/,

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Оргилын:..2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой “Миат” ХХК-н шинэ жил “Шангрилла”-д болоод тэндээсээ гараад Хүүхдийн 100-д бааранд ажлын хамт олонтойгоо орсон. Тэгээд 12 дугаар сарын 28-ны 03 цагийн орчим хамт ажилладаг Аминагийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 905 дугаар байрны 126 тоот гэртээ ирсэн. Тухайн үед гэртээ ороход Г.Ц ирсэн байсан. Г.Ц д гэрийн 1 түлхүүр байдаг байсан. Тэгээд гэртээ ороход Г.Ц хэнтэй орж ирж байгаа юм, согтуу эмэгтэй хүн дагуулж орж ирлээ, чи бас өөрөө согтуу байна, энэ эмэгтэйгээ явуул, шөнө согтуу эрэгтэй хүн дагаж орж ирдэг ямар учиртай юм гэж хэлж уурласан. Тухайн үед Амина бид хоёр пиво бариад орж ирсэн. Гэрийн үүдний хэсэгт Амина зогсож байхад Г.Ц гаргах гэж бие рүү нь гараараа түлхээд байсан. Г.Ц нилээн ууртай байсан. Амина ямар нэгэн санаа байхгүй гэж тайлбарлаж байсан. Би манай ажлын газрын хүн гэж хэлж байсан. Тэгээд би согтуу эмэгтэй хүнийг яаж явуулах юм гэхэд Г.Ц такси дуудсан. Такси иртэл хүлээсэн. Тэгээд Г.Ц такси ирчихлээ гээд Аминаг аваад гарсан. Маргааш нь Г.Ц тай ярихад Аминаг таксинд суулгах гэсэн жолооч нь согтуу хүн гээд авахгүй байсан. Жолоочоос нь аваад яваач гэж гуйсан гэж хэлж байсан. Тухайн үед Г.Ц Аминаг хүчээр гаргах гэж бие рүү нь гараараа түлхэж байсан. Манай гэрт ирэхээс өмнө Аминагийн биед ямар нэгэн ил харагдах шарх, сорви байгаагүй. Маргааш нь Аминатай ярихад зургаа тухайн үед над руу явуулж байсан. Аминагийн хамар хэсэгт шалбарсан байсан. Гар утас нь эвдэрсэн гэж хэлж байсан. Би сүүлийн 1 жил орчим Г.Цтай ойр дотно холбоотой байсан. Одоо ямар нэгэн холбоогүй байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлийг эрүүл байсан хүн шиг нэг бүрчлэн сайн санахгүй байна… гэх мэдүүлэг /хх-н 23-25 дугаар тал/,

             Мөрдөн байцаалтанд яллагдагч Г.Ц ын: …Би тогтоолтой танилцлаа, санал хүсэлт байхгүй. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Аминагийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Аминагийн гар утсыг Оргилын халааснаас аваад Аминад өгөхөд Амина авах гээд гараа сунгахад би ч өгөх гээд гараа сунгасан. Тэгтэл гар утас нь газарт уначихаар нь газраас авч өгсөн. Ямар нэгэн байдлаар эвдэрч гэмтсэн зүйл байгаагүй. Би Аминагийн гар утсыг эвдэж гэмтээсэн асуудал огт байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 832 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.2. Б.Аминагийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, цус хуралт, хамрын таславчийн мурийлт, уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 29-31 дүгээр тал/,

            - Шүүгдэгч Г.Цын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34 дүгээр тал/,

            - Шүүгдэгч Г.Цын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Ц нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Их Монгол” хороололын 905 дугаар байрны 126 тоотод 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө иргэн Б.Аминаг бусадтай хардан маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       Г.Ц д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар   шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч Г.Ц нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Их Монгол” хороололын 905 дугаар байрны 126 тоотод 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө иргэн Б.Аминаг бусадтай хардан маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Цнь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Хохирогч Б.Амина нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт  ирүүлээгүй ба Б.Амина цаашид гарах эмчилгээний зардалд 4.800.000 төгрөг нэхэмжилнэ гэснийг Г.Ц нь прокурорын шатанд төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.Ц ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 60 дугаар тал/

Шүүгдэгч Г.Г.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч Г.Г.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

  1. Д овогт Г.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ц д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ц д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.         

             5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Цнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си-Ди-г тогтоол хүчин төгөлдөр болохоор хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган  үлдээхээр шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүүлсүгэй.

            7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Г.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

             9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ