Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/00294

 

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/00294

 

 

 

С.Равданбазарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/01213 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Равданбазарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д холбогдох

 

УБЦТС ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/535 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мягмарсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: С.Равданбазар нь Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тоолуурын хэсгийн монтёроор 2012 онд ажилд орсон бөгөөд УБЦТС ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/535 тоот тушаалаар захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн. С.Равданбазар нь тус ХК-ийн хуулийн зөвлөх н.Төрболдын шаардлагаар хэсгийн ахлагч н.Батжаргалд мэдэгдэж өөрийн хувийн байдлыг тодруулах зорилгоор өмнө нь ажиллаж байсан 2 компаниас тодорхойлолт гаргуулахаар 2016 оны 09 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд ажилдаа очоогүй байна. Уг асуудлыг мэдэж байсан хуулийн зөвлөх болон хэсгийн ахлагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас тасалсан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ноцтой зөрчил гэдгийг шалгаж, нягталж тогтоогоогүй байна. С.Равданбазар нь хувийн байдлаа тодруулах тодорхойлолт авах болсон үндэслэл нь ажиллах хугацаанд нь хэсгийн ахлагч Батжаргал нь С.Равданбазарыг үг хэлээр байнга доромжилдог, үндэслэлгүйгээр хулгайд сэрдэн хамт олны дунд нэр хүндийг нь унагааж байсантай холбоотой бөгөөд энэ талаар байгууллагын удирдлагуудад гомдол гаргасантай нь холбогдуулж үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Чөлөө авсан гэж ойлгоод хурууны хээ дараагүй. 09/13-ны өдөр хэсгийн монтеруудын хурал болсон. Тэр хурлаар Равданбазарын өргөдлийг хянан хэлэлцсэн. Маргааш нь 9/14-ний өдөр ажлаа хийж байсан. Мөн 9/15-ны өдөр УБЦТС төв дээр хурал болоход энэ шийдвэр гараагүй, нэхэмжлэгч нь төвийн захиргаа хүний нөөцөд өргөдөл гаргасан учраас Равданбазар ажлаа хийгээд явж байсан. Гэтэл Төрболд 10/20-ний өдөр ажлаас халсан тушаалыг өгсөн байдаг. Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэсгийн ахлагчдаа мэдэгдэж ажлын байраа 2 хоног орхисон нь Хөдөлмөрийн гэрээний 5.6-д зааснаар ажил тасалсанд тооцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлгүй. Иймд ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Равданбазар нь 2016 оны 09 дүгээр сарын 02, 07-ны өдрүүдэд захиргаанд өргөдөл гаргаж, хэсгийн ахлах Б.Батжаргал нь хэл амаар доромжилж, хулгайд сэрдсэн тул хуучин ажиллаж байсан компаниудыг шалгуулахыг хүсэж байна гэсэн. Тус өргөдлийг шалгаж, С.Равданбазарын ажиллаж байсан Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежерийн зөвлөлийн хурлаар асуудлыг шийдвэрлэх үүрэг даалгавар өгсний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 13-нд менежерийн зөвлөлийн хурал, 09 дүгээр сарын 15-нд тоолуурын хэсгийн хамт олон хурал хийсэн бөгөөд хурлын шийдвэрээр С.Равданбазарын өргөдөл гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн.

Манайх 1800 ажилтантай, энэ бол төвийн 1 хэсэг дээр монтёр, байцаагч 2 хүний л хоорондын маргаан үл ойлголцол юм. Нэхэмжлэгчийг хулгайд сэрдээгүй, хэсгийн ахлагч Батжаргал нь ажлаа чанартай хийлгэхийн тулд ажлаар шахдаг, Равданбазарыг ялгаж харьцаагүй нь 2 удаагийн хурлаар тодорхой болж түүний өргөдлийг үндэслэлгүй гэж үзсэн. Равданбазар нь 2 өдөр ажил тасалсан. Хөдөлмөрийн гэрээний 2.4, 2.4.2, дотоод журамд зааснаар хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсаныг ноцтой зөрчилд тооцохоор заасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/535 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн С.Равданбазарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан дараах баримтуудаас үзэхэд шүүх нотлох баримтуудыг бүх талаас нь нарийвчлан хянаж үзээгүйгээс нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэвэл зохих хуулиудыг хэрэглэлгүйгээр шүүхийн шийдвэр нь бодит байдалд нийцсэн хуульд заасан үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Инженер Б.Батжаргал нь С.Равданбазарыг үндэслэлгүйгээр буруутгаж хулгайд сэрдэх, хэргээ хүлээхгүй улайчихсан гэсэн утгаар "улаан хацарт, улаа бутруулсан" гэж байнга ёжилж доромжилдог зэргээр байнгын сэтгэл зүйн дарамтанд байлгаж гадуурхаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. Энэ байдалд халширсан С.Равданбазар энэхүү дарамтыг зогсоож, ойлголцуулж өгөхийг хүсч захиргаандаа гаргасан гомдлыг нь шийдвэрлэх талаар байгууллагын удирдлагаас өгсөн үүргийг хуулийн зөвлөх Н.Төрболд гүйцэтгээгүй. Н.Төрболд болон Улаанбаатар цахилгаан сүлжээ ХХК-ийн эрх баригчид нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5, 5 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 3, 5, 6, 16 дугаар зүйлийн 1 гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

...Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежерийн зөвлөлийн 2016 оны 9 сарын 13-ны өдрийн хурлын протоколоос үзэхэд сахилгын зөрчил авах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн асуудлуудыг ярьж түүнийг буруутгах бүх зүйлсийг тоочсон байх бөгөөд ажилтантай холбогдох асуудлыг хэлэлцэхэд байгууллагын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчийг оролцуулаагүй түүнд мэдэгдээгүй. Үүний дээр уг хурлын протоколд "Шийдвэрлэсэн нь: С.Равданбазар нь ЗХНХ-т өргөдөл гаргасан учраас Захиргаа хүний нөөцийн хэлтсээр шийдвэрлүүлэхээр шийдвэрлэв гэж бичсэн байхад хариуцагчийн тайлбарт С.Равданбазарын өргөдөл гомдлыг хамт олны хурлын шийдвэрээр үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байсан гэж зөрүүтэй бичжээ. Мөн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26/241 дугаар албан бичгээр С.Равданбазар нь 2 өдөр ажил тасалсан тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн бичиг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК-д ирүүлсэнээс үзэхэд түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж өгөх санал ирүүлсэн гэж үзэхээргүй байна.

С.Равданбазарыг ажлаас халсан тушаал гаргахдаа байгууллагын дэргэдэх үйлдвэрчний байгууллагын төлөөллийг оролцуулаагүй, ҮЭ-д мэдэгдээгүй. Түүнд арга хэмжээ авах асуудлыг ажил олгогч ямар нэгэн хурлаар хэлэлцээгүй, ажилтныг өөрийг нь оролцуулаагүй, хэлэлцэж шийдвэрлэсэн нотлох баримтгүй байна. Энэ нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК, түүний дэргэдэх Үйлдвэрчний эвлэл болон ажилтны төлөөлөгчидтэй 2015 онд байгуулсан Хамтын гэрээний 1.8, 1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1.11, Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг тус тус зөрчжээ.

Ажил олгогчоос Хөдөлмөрийн гэрээний 2.4.2-г баримталж ажлаас халсан уг гэрээний 5.6-д заасан заалт нь зохих зөвшөөрөл аваагүй, гадаад, аялал жуулчлалаар явсан гэх мэт зөрчлийг зохицуулсан заалт гэж хариуцагчийн тайлбарт бичсэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 2.4.2-т ажил тасалсан хоногийг заагаагүй атлаа гэрээний 5.6-ын заалт хамаарахгүй гэсэн нь ажиллагсдад адил бус нөхцөл тогтоосон, тодорхой бус заалт оруулж ажил олгогч болон ажиллагсадын төлөөлөгчдийн хооронд байгуулсан хамтын гэрээний заалтыг зөрчсөний дээр гэрээ байгуулахад мөрдвөл зохих хуулиудыг зөрчжээ.

С.Равданбазар нь 2016 оын 09 сарын 07-ны өдөр зохих журмаар чөлөөний хуудсаар чөлөө авч хуулийн зөвлөх Н.Төрболдын дуудсанаар очиж уулзсан байх тул Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам"-ын 10.3.12-т "Чөлөө авсан ажилтан чөлөөний хугацаа дуусснаас хойш 3 ба түүнээс дээш өдрийн хугацаа өнгөрч ажилдаа ирээгүй шалтгааныг мэдэгдээгүй бол ажил тасласанд тооцож ажлаас халах хүртэл хариуцлага тооцно" гэсэн заалтыг хэрэглээгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Б/535 дугаартай тушаал хууль зөрчөөгүй байна гэж дүгнэлээ" гэж заасан нь дараах хэрэглэвэл зохих дараах хуулийн заалтуудыг хэрэглээгүйн дээр шийдвэрийн тогтоох хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуулийн ...69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай" гэж заасан нь шийдвэр гаргах өөр хуулийг хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 21 дүгээр зүйлийн 21.4, 21.5, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хоорондын хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Равданбазар хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д холбогдуулан тус банкны 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/535 дугаартай тушаалыг хүчингүй болгуулан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, С.Равданбазар нь хүндэтгэх шалтгаангүйгээр 2 өдөр ажил тасалсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж маргажээ.

 

Ажил олгогч буюу хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ажилтны гаргасан зөрчил нь удирдлагаас чөлөө олгохыг зөвшөөрсөн зөвшөөрөл авсны дараа ажлын байрыг орхих бөгөөд зөвшөөрөл олгоогүй байхад 2016 оны 9 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд ажил тасалсан тул гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/535 дугаар тушаалаар С.Равданбазарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 4 дүгээр зүйлийн 4.42, 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.5.2, Хөдөлмөрийн гэрээний 2.4.2-т заан ажлаас чөлөөлсөн байна. /хэргийн 4 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч С.Равданбазар нь 2016 оны 09 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд ажилдаа ирээгүй явдлыг хуулийн зөвлөх н.Төрболдын шаардлагаар хэсгийн ахлагч н.Батжаргалд мэдэгдэж өөрийн хувийн байдлыг тодруулах зорилгоор өмнө нь ажиллаж байсан 2 компаниас тодорхойлолт гаргуулахаар явсан, энэ талаараа байгууллагадаа мэдэгдсэн тул хүндэтгэн үзэх шалтгаантай гэж тайлбарласан боловч 2016 оны 09 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд ажилтанд чөлөө олгосныг нотолсон үйл баримт тогтоогдохгүй байна. 

 

Энэхүү 2016 оны 09 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд ажилтан С.Равданбазарын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журам-ын 4 дүгээр зүйлийн 4.42, 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.5.2, Хөдөлмөрийн гэрээний 2.4.2-т заасантай нийцэх тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан дагуу хөдөлмөрийн гэрээгээ цуцласныг буруутгах боломжгүй юм.

 

Дээрх зөрчил нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 2.4.2-т хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

 

Хэргийн 50 дугаар талд авагдсан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн менежер Г.Доржсүрэнгээс Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хандсан албан тоот болон зохигчдын тайлбар /хх-17, 76, 77/-аар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.3.5-д ...ажилтан чөлөө авахаар товлосон өдрөөсөө 3-аас доошгүй хоногийн өмнө удирдлагадаа мэдэгдэж шийдвэрлүүлсэн байна", 11.1.6-д өдөр ажлын цагаар гадагш явах болон өглөө шууд гадуур ажилд явах ажилтнууд удирдлагын зөвшөөрлийг тухайн өдөрт нь цаг бүртгэгчид тэмдэглүүлэх үүрэгтэй ба тэмдэглүүлээгүй бол 2 өдөрт багтаан цаг бүртгэгчид өгч бүртгүүлнэ, энэ хугацаанд тэмдэглүүлээгүй бол хүчингүйд тооцно гэж заасан үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан болон Хөдөлмөрийн гэрээний 2.4.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн С.Равданбазарыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн гүйцэтгэх захиралын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/535 дугаартай тушаал хууль зөрчөөгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/01213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Равданбазарын төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ