| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0247/Э |
| Дугаар | 288 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
улсын яллагч Ж.Энхжаргал,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ ҮД:06-90 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, З овогт Г.Б
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Г.Б холбогдох эрүүгийн 1803 0000 10015 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Г.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө 02:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Мянган оюутны байрны хойд замд Н.Дулмаагийн эзэмшлийн “Хьюндай Портер” /Hyundai Porter/ маркийн 59-96 ТӨА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Оюунсамбууг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, дээрх авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Талуудын хүсэлтээр хавтас хэргээс:
- Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Оюунсамбуугийн: Би осолд орсон өдрийн үйл явдлыг огт санахгүй байгаа. Би осолд ордог өдөр архи уусан эсэхээ санахгүй байна. Одоо миний байдал дунд зэрэг, ухаан санаа зүгээр байгаа. Ослын улмаас миний доод эрүү хугарсан, үүрсэн, гурав дөрвөн хэсэг болсон, шүд, дээд, доод баруун тал нь булгарч унасан. Хэл хэрчигдсэн байсан, тархиндаа битүү гэмтэл авсан, баруун гарын шууны яс хугарсан, баруун дунд чөмөг, дээд хэсгээрээ бутарч, хугарсан, хуучин хиймэл түнхний яс цуурч салсан, баруун хөлийн тавхайн арьс мэдээгүй болсон. Өөрөөр гэмтэл гайгүй. Жолооч миний эмчилгээнд 1.242.000 төгрөг өгсөн. Мөн нэг хонины мах өгсөн. Эмнэлгээс гаргасан баримтаар 16.700.000 төгрөг, баримтаар өөрсдөө авсан. Эм тарианы төлбөрт ойролцоогоор 3.000.000 орчим төгрөг болсон. Баримт байгаа. Жолооч осолд орсны маргааш ухаангүй хэвтэж байхад манай гэр бүлийн хүмүүстэй нэг удаа уулзсан. Мөн манай ар гэрийн хүнтэй 2-3 удаа утсаар ярьсан байсан. Жолооч залуугийн ээж нь сүүлийн үед нэг ч удаа биеийн байдал асууж ярьсангүй. Би эмчилгээндээ зарцуулсан мөнгө төгрөгөө гаргуулан авмаар байна. Өөрөөр гомдол санал байхгүй…
…Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Миний биеийн байдал өдөр өдрөөр сайжирч байна. Би осолд орсон өдрийнхөө үйл явдлыг сайн санахгүй байна. Надад одоогоор жолооч эмчилгээний мөнгө төгрөг нэмж өгөөгүй. Би баримтаар гаргаж өгсөн эмчилгээний мөнгөө авбал иргэний нэхэмжлэлтэй холбоотой гомдол санал байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 28-34 дүгээр тал/,
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 18 дугаар тал/,
- Мөрдөн байцаалтанд гэрч Э.Сугарын: …Би 2017 оны 09 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн “Верна” маркийн автомашиныг жолоодон Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр Мянган оюутны байрны хойд замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй автобусны буудал дээр такси үйлчилгээнд явах гээд хүн хүлээгээд зогсож байтал Мянган оюутны автобусны буудал дээр байдаг “Хаан бургер” гэх нэртэй хоолны газраас нэг ах нилээн согтуу байдалтай гарч ирсэн. Тэр үед нөгөө ах шууд ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй зам хөндлөн гарч яваа харагдсан. Тэгтэл ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй замын хоёрдугаар эгнээнд явж байсан цагаан өнгийн ТӨА гэсэн дугаартай “Портер” маркийн автомашин явган зорчигчийг жолооч талаараа мөргөөд ослын газраар зогсолгүй шууд яваад өгсөн. Тэр үед би өөрийнхөө 86992775, 89992775 дугаартай гар утсаараа цагдаагийн 102, түргэн тусламжийн 103-т дуудлага өгчихөөд нөгөө ахыг дахиад өөр автомашин ирээд мөргөчихөж магадгүй гэж бодоод ослын гурвалжин тэмдэгээ байрлуулж тавьсан. Тэгээд би цагдаа, түргэн тусламж ирэхийг хүлээсэн. Удалгүй түргэн тусламж ирээд хохирогч ахыг харчихаад Цэргийн нэгдсэн эмнэлгийн Самбуу эмч байна гэж хэлээд шууд авч явсан. Би хэргийн газар байж байтал цагдаагийн албан хаагч нар ирсэн. Албан хаагч нар ирээд анх хүн мөргүүлсэн “А”, “Б” цэгүүдийг надаар заалгаж хэргийн газрын үзлэг хэмжилтээ хийсэн. Би гэрийн хаяг, утасны дугаараа цагдаагийн албан хаагч нарт тэмдэглүүлж үлдээгээд явсан. Гадаа харанхуй, асфальтан, шулуун тэгш, тогтуун, хуурай, автобусны буудалтай, суурингийн доторх, явган хүний гарцгүй, замын гэрэлтүүлэг асаалттай, үзэгдэх орчин чөлөөтэй, хайсгүй, хашлагатай, эерэг хөдөлгөөнтэй, 4 эгнээ зам байсан. Би ослыг нүдээрээ харсан. Би автомашиныхаа хажууд тамхи татаад зогсож байтал “Хаан бургер”-ээс гарсан ах зам хөндлөн ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй алхаж байсан. Тэр үед ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан цагаан өнгийн “Портер” маркийн ТӨА гэсэн серийн дугаартай автомашин явган зорчигчийг жолооч талаараа мөргөх үед түс хийх дуу чимээ гарсан. Явган зорчигч зам хөндлөн гарахдаа алхаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/,
- Мөрдөн байцаалтанд гэрч О.Саранцэцэгийн: …2017 оны 09 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө би гэртээ ээжийнхээ хамтаар унтаж байтал шөнийн 02 цаг 30 минутын үед ээжийн утас дуугараад Цэргийн төв эмнэлгээс Ганбаа гэдэг эмч яриад нөхөр чинь зам тээврийн осолд орсон юм шиг байна, эмнэлэг дээр ухаангүй хүргэгдэж ирсэн байна гэж ярьсан. Тэгэхээр нь ээж бид хоёр гэрээсээ Цэргийн төв эмнэлэг рүү явж очтол аав маань сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байдалтай хүргэгдэж ирсэн байсан. Тэнд байсан эмч нар аавыг Мянган оюутны байрны хойд зам дээр автомашинд мөргүүлээд түргэнээр хүргэгдэж ирсэн ба биеийн байдал нь хүнд, хэлээ тас хазсанаас болоод цус их алдсан, яаралтай компьютер томографид харуулах шаардлагатай гэж хэлээд эрчимт эмчилгээнд орж хэлийг нь оёод зургаа авахуулж шаардлагатай эмчилгээнүүдийг хийсэн. Би яг нарийн сайн мэдэхгүй байна, ямар ч байсан эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн эм тариа, эмчилгээний төлбөр нь 6.000.000 төгрөг болсон…гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,
- Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Нямгаравын: …Тэгтэл маргааш өглөө нь ирэхгүй болохоор нь санаа зовоод байж байтал манай хүргэн Улаанаа гэрт ирээд Баттунгалагийн ээж нь над руу яриад хот руу явсан нөгөө хоёр чинь хотод асуудалтай болчихсон юм шиг байна, цагдаагаас асуугаад байна гэж ярьсан. Тэгэхээр нь би айлын утсаар Баттунгалагийн ээж рүү нь залгаж ярьтал Баттунгалаг, Энхдөл хоёр машинтайгаа шөнө хотод явж байгаад хүн мөргөчихөөд явчихсан юм байна гэж хэлсэн. Тэгээд болсон хэргийн талаар дуулж мэдсэн. Болсон хэргийн талаар би сайн мэдэхгүй байна. Нөхөр Энхдөл болон Баттунгалаг хоёр болсон хэргийн талаар надад ямар нэгэн юм яриагүй. Баттунгалаг нь ажилсаг, хүнд тусархуу, үг дуу цөөнтэй сайн залуу байгаа юм. Ямар нэгэн муу зуршилгүй, согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй ба архи ууж хүнтэй муудалцаж байхыг нь харж байгаагүй. Аав ээжийнхээ хамтаар амьдардаг, гэрийнхээ хамаг ажлыг зохицуулдаг залуу байгаа юм…гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар тал/,
- Мөрдөн байцаалтанд иргэний хариуцагч Н.Дулмаагийн: …”Хьюндай- Портер /Hyundai Porter/” маркийн 59-96 ТӨА улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг бөгөөд манай гэр бүлийн дундын өмч юм. Манай хүү Г.Б нь ойр зууртаа унадаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө миний төрсөн хүү Г.Б нь миний эзэмшлийн автомашиныг жолоодон саахалт айлын залуу Б.Энхдөлийн гуйлтаар Улаанбаатар хот орж “Хүчит шонхор” захад адууны мах зарахаар Төв аймгийн Баян сумаас явсан юм. Би хохирогчийн эмчилгээнд 1.300.000 төгрөг бэлнээр, нэг хонь өгсөн байгаа. Цаашид эмчилгээнд гарсан бүх зардлыг төлж барагдуулах болно…гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар тал/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 8937 дугаартай дүгнэлтэнд:
1.2. Шинжилгээнд ирүүлсэн “Н.Оюунсамбуу 46 эр” гэж хаягласан цусанд 1,9 промилли спиртийн агууламж илэрсэн. Илэрсэн 1,9 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч А.Батбаяр гэх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар тал/,
- Хохирогч Н.Оюунсамбуугийн өвчний түүх /хх-ийн 78-149 дүгээр тал/,
- Мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн Г.Б ийн: …Би 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр буюу Даваа гарагт 19 цагийн үед Төв аймгийн Баян сум 3-р баг Цавчир гэх хөдөө гэрээсээ ээж Н.Дулмаагийн нэр дээр байдаг 59-96 ТӨА улсын дугаартай цагаан өнгийн портер машиныг жолоодоод Улаанбаатар хот руу явах гээд нутгийн ах болох Энхдөлийн гэрт очиж гаргаж бэлтгэсэн нэг адууны махыг машин дээрээ ачаад Энхдөлийн хамтаар хоёулаа сумаасаа 22 цаг өнгөрч байхад хот руу хөдөлсөн. Баянзүрхийн товчоогоор орж ирээд явсаар байгаад Офицеруудын ордонгоос баруун эргээд цайзын замаар өгсөөд гэрэл дохиотой уулзвараар зүүн эргээд зүүнээс баруун чиглэлтэй Мянган оюутны байрны хойд замаар 2-р эгнээгээр явж байтал гэнэт зам дээр хүн явж байхыг хараад тоормозоо гишгэтэл машины баруун талын салхины шил болон толь хэсгээр мөргөгдөж цаашаа унах шиг болсон. Тэгээд машинаа зогсоох гэсэн боловч тухайн үед сандарч балмагдсан болохоор зогсолгүй шууд цааш яваад өгсөн юм. Тэгээд цааш замдаа явж байхдаа болсон хэргийн талаар Энхдөл ахыг сэрэхэд нь хэлсэн. Тэгээд шууд Дарь-Эхийн замаар яваад хойгуураа Дамбаар болон 7 буудлын замаар яваад Дэнжийн мянгад хамаатны ах болох Цолмонбаатарын гэрт очиж машинаа тавьсан…гэх мэдүүлэг /хх-ийн 174-175 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн Г.Б ийн: …Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мэдүүлгээр дамжуулж хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Хохирогчийн бодит хохирлыг ойрын хугацаанд нөхөн төлж барагдуулна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөж төлөх болно. Хавтаст хэрэгт байгаа 13.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэх тодорхойлолт нь эргэлзээтэй байгаа учир энэ талаар нотлох баримтаар хэрэгт авахуулах хүсэлтэй байна. Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрч байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 182-183 дугаар тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-10 дугаар тал/,
- Телекамерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /22-23 дугаар тал/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн 11927 дугаартай дүгнэлтэнд:
1. Н.Оюунсамбуугийн биед уушигны няцрал, цээжний хөндийд шингэн хуралт, эрүү, баруун шуу, дунд чөмөгний далд хугарал, баруун зовхи, хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний гадна, хацар, эрүү, хоёр өвдөг, зүүн шагай, тавхайд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, хэлний тасрал, баруун дээд 2, 3-р шүд булгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Б.Ганзориг гэх дүгнэлт /хх-ийн 61 дүгээр тал/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5798 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн, “Хьюндай- Портер /Hyundai Porter/ “маркийн 59-96 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Уг автомашины салхины шил баруун талдаа цуурч хагарч хонхойсон; урд бамбайн баруун доод буланд цуурч хагарсан, будаг ховхорч унасан; урд нүүр хэсгийн баруун талд хонхойсон гэмтэлтэй; баруун дохионы, оврын гэрэл байхгүй; урд зүүн оврын гэрэл, зүүн арын гэрлүүд, дугаарын гэрэл асахгүй; жолооны хүчлүүрийн шингэний төвшин бага, эргүүлэхэд жолооны хүрд гацна; дуут дохио ажиллахгүй; тоормос бүрэн ажиллахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
3. Бүхээгний баруун урд талд үүссэн эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүсэх үндэслэлтэй бөгөөд осолд нөлөөлөхгүй. Гэрэлтүүлэх хэрэгсэл, дуут дохио, жолоо, тоормосны механизмын бүрэн бус ажиллагаа ашиглалтын явцад үүснэ. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо, гэрлийн чадлын үзүүлэлт, тоормосны хүч, идэвхжилтийг шалгаж тодорхойлох багажгүй тул осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй.
4. Хьюндай Портер /Hyundai Porter/ маркийн 59-96 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шингэний дамжуулгатай, энгийн тоормосны системтэй. Хуурай бетон зам дээр тоормослоход хойд дугуйн тоормосны мөр үүсэхгүй тул тоормос бүрэн ажиллахгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй.
5. Хуурай бетон зам дээр тоормослоход урд дугуйнуудаас тоормосны мөр үүснэ.
6. Тоормос шалгах зорилгоор хурдлуулж жолоодох явцад спидометр заахгүй байна. Спидометрийн ажиллагаа осолд нөлөөлөхгүй. Автотехникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэслэгч Г.Цэндсүрэн гэх дүгнэлт /хх-ийн 155-157 дугаар тал/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 60, 211-214 дүгээр тал/,
- Шүүгдэгч Г.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг ял шалгах хуудас /хх-ийн 192 дугаар тал/,
- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 195 дугаар тал/,
- Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 236-237 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд: Г.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө 02:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Мянган оюутны байрны хойд замд Н.Дулмаагийн эзэмшлийн “Хьюндай Портер“ /Hyundai Porter/ маркийн 59-96 ТӨА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж явган зорчигч Н.Оюунсамбууг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, дээрх авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө 02:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Мянган оюутны байрны хойд замд Н.Дулмаагийн эзэмшлийн “Хьюндай Портер“ /Hyundai Porter/ маркийн 59-96 ТӨА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Оюунсамбууг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, дээрх авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл ,гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын талаарх камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Тээврийн Прокурорын газраас Г.Б ийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Б ийн гэм буруугийн болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Б нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 193-р тал/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас , эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах,нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Хохирогч Н. Оюунсамбуу нь 13.000.000 төгрөгийг нэхэмжилж байсан боловч энэ нь эмнэлэгээс гарсан эмчилгээ тул нэхэмжилэхгүй, Г. Баттунгалаг түүний ар гэрээс 4.300.000 төгрөгийг бэлнээр авсан тул одоо нэхэмжилэх зүйлгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул шүүгдэгчийг одоогоор хохирогчид баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-н 235-р тал/
Хохирогч Н.Оюунсамбуу нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Г.Б ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Г.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан гэмт хэрэг гарахад хохирогч согтуугаар , гарцгүй газраар гарч хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногт шилжүүлэн тооцохоор хуульчилсан тул шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг хоногт шилжүүлэхэд 30 хоног болж байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. З овогт Г.Б-г автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Г.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хасч 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 7 /долоон/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг хоногт шилжүүлэн 30 хоног буюу 1 нэг сарыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Г.Бт 8 /найман/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Хохирогч Н. Оюунсамбуу нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл уг ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хураагдан ирсэн Г.БВ, С, Д ангилалын ¹695299 дугаарын тэээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсарган үлдээхээр шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст хүргүүлэхээр шийдвэрлэсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба Г.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Б цагдан хорихоор таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ