Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/17

 

  2025 оны 4 сарын   08                                                 2025/ДШМ/17                       

 

М.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

                                         Прокурор Л.Галбадрах,

                            Нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн дээд шатны прокурорын эсэргүүцлээр М.Б-д холбогдох эрүүгийн 2526000000003 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, *** овгийн М.Б /РД: ***/.

М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэж Цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээллийн дагуу очсон албан хаагч, цагдаагийн дэслэгч Г.Б-ийг лалрууд өмнөх ажлаа барахгүй байж хүний амьдралд оролцох хэрэггүй гэж хэл амаар доромжлон хөлөөрөө нэг удаа өшиглөх байдлаар биед нь халдаж, хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос *** овгийн М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс *** овгийн М.Б-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Дэнсмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолоор Найдал Лхам овгийн М.Б-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагад нийцээгүй. Учир нь: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Найдал Лхам овгийн М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган торгох ялаар шийтгэсүгэй, 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно, 5 дахь хэсэгт ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэж тус тус хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлогыг харгалзан хугацаа тогтоох бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих зохицуулалттай бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, улмаар шүүхийн шийдвэрээр оногдуулсан ял заавал биелэгдэх учиртай. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар шийдвэрт тусгахаар зохицуулсан.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт шүүхээс оногдуулсан 2700 нэгжийн торгох ялыг ямар хугацаанд хэрхэн биелүүлэх талаар тодорхой тусгаагүй атал шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол гэсэн нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолд “21. Заалт нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай” гэсэн өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ

Шүүгдэгчийн өмгөөлөГч Б.Энхтуяа дээд шатны прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: М.Б-д ял оногдуулсан 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах дээд шатны прокурорын эсэргүүцэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

М.Б-ын эрх зүйн байдалд тохирсон ял буюу Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөх шаардлагагүй гэж үзэж торгох ялын хугацааг заагаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т зааснаар ялтан хугацаандаа биелүүлээгүй бол хорих ялаар солих ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа юм. Харин прокурор эсэргүүцэлдээ ял заавал биелэгдэх учиртай гэсэн нь шүүгдэгч шийтгэх тогтоол хүчинтэй болсон өдрөөс биелүүлэх ёстой гэж үзэж 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр торгуулиа төлсөн, ял биелэгдсэн гэж үзэж байгаа тул Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Прокурор Л.Галбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой гэж заасан. Дээрх хуулийн шаардлагад нийцүүлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор *** овгийн М.Б-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох, тогтоолгох чиг үүрэгтэй бөгөөд шийдвэр хэзээ биелэгдэх нь тодорхой байх ёстой. Анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг ямар шалтгааны улмаас тогтоогоогүй талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой байтал үүнийг орхигдуулсан.

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд, хэрхэн биелүүлэх, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий байгууллагад ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Б-д торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр тусгахаар хууль тогтоогчоос хуульчилж өгсөн. Дээрх хуулийн заалттай холбоотойгоор шүүх шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулсан тохиолдолд ямар хугацаанд төлөхийг тодорхой заах ёстой. Үүнийг тусгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтуудыг тусгахаар хуульчилсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокурор болон өмгөөлөгчөөс дүгнэлт, саналын үндэслэлээ болгон шинжээчийн дүгнэлт, хохирогч Г.Б-ийн хүсэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Харин шийтгэх тогтоолд дээрх баримтуудыг шинжлэн судалсан байдлаар тусгаагүй атлаа хэрэгт хамааралтай гэж үзэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үндэслэл болгосон.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйл болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох талаар мэдүүлэг авахад ажил хийж байхад миний биед халдаж, хэл амаар доромжилсон, харин сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх мэдүүлгийг өгсөн нь хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан. Хавтаст хэргийн 77 дугаар хуудсанд шүүгдэгч М.Б-д ямар нэгэн гомдол, санал байхгүй гэх хохирогчийн хүсэлт авагдсан байгаа боловч энэ нь “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-д заасны дагуу баталгаажиж хэрэгт авагдаагүй, уг хүсэлт дээрх хохирогчийн гэх гарын үсэг нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө зурсан гарын үсгээс илтэд өөр байхад дээрх баримтыг үндэслэн шүүгдэгч М.Б-ыг бусдад төлөх төлбөргүй, хохирол нөхөн төлсөн энэ нь хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шийтгэх тогтоолд хохирогчийн овгийг мөн зөрүүтэй бичсэн.

Шийтгэх тогтоолд шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэсэн байгаа боловч торгох ялыг ямар хугацаанд биелүүлэх талаар шийдвэрлээгүй байдлаар шийтгэх тогтоолд бичигдсэн. Гэтэл шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлтэд /хх-ийн 100 дугаар хуудас/ шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу 90 хоногийн хугацаанд эдлүүлэхээр шийдвэрлэсэн талаар бичигдсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь тэмдэглэлийг хөтөлж, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулахаар хуульчилсан. Гэтэл шүүх хуралдааны бичлэгт дуу бичигдээгүй, тэмдэглэл дуу-дүрсний бичлэг зөрүүтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байгаа учир анхан шатны шүүхээс торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна. Шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдээгүй буюу хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, энэ талаарх дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Б-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авч шийдвэрлэлээ.

Мөн хавтаст хэргийн 66 дугаар хуудаст авагдсан Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/139 дүгээр таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад яллагдагч М.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч 2 дахь заалтад М.Б-д гэж яллагдагчийн нэрийг зөрүүтэй бичсэн,

Өмгөөлөгч Б.Энхтуяагаас яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг нэн даруй зарлуулах тухай хүсэлт гаргасан ба шүүгчийн туслахаас уг хүсэлтийг танилцуулсан тухай Баримт№32-ыг үйлдэхдээ хэнээс, хэдэн хуудас баримт ирүүлсэн болохыг тодорхой бичээгүй, мөн шүүгдэгчид уг хүсэлтийг танилцуулаагүй /хх-ийн 70 дугаар хуудас/,

Өмгөөлөгч Б.Энхтуяагаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргийн 87-98 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг шинээр гаргаж өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа ба уг нотлох баримтуудыг танилцуулсан тухай Баримт№32-ыг үйлдэхдээ хэнээс, хэдэн хуудас ирүүлсэн болохыг тодорхой бичээгүй, шүүгдэгч, хохирогч нарт танилцуулаагүй,

Анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг хохирогч Г.Б-д танилцуулаагүй, мөн шийтгэх тогтоолыг гардуулсан тухай Баримт№12а-д оролцогч нарт шийтгэх тогтоолыг гардуулсан огноо засвартай,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг оролцогч нарт танилцуулсан тухай Баримт№19а-д шүүгдэгчид шүүхийн бичиг хүргэгчээр дамжуулан танилцуулсан талаар тэмдэглэсэн боловч шүүгдэгч нь аймгийн төвд оршин суудаггүй, Өвөрхангай аймгийн *** суманд хаягтай,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ гэж заасан. Гэтэл хавтаст хэргийн 121 дүгээр хуудаст авагдсан торгох ялыг төлсөн гэх баримтаас үзэхэд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байгааг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.  

2. Шүүгдэгч М.Б-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ЭНХМАА

                                            ШҮҮГЧИД                                   Л.НЯМДОРЖ

                                                                                            Б.ЦЭРЭНПҮРЭВ