Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01356

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01356

 

 

Сод тэнгэр түшээ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00951 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Сод тэнгэр түшээ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Сугарсүрэнд холбогдох

 

Орон сууцнаас албадан гаргуулах, хохирол 17 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Наранхүү

Хариуцагч: Д.Сугар-Эрдэнэ

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.Энхтөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Сод тэнгэр түшээ ХХК нь Б.Энхтөртэй бараа солилцооны гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Саншайн вилла хотхоны С блокын 2 дугаар давхрын 120 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон юм. Гэвч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Сод тэнгэр түшээ ХХК нь иргэн Д.Сугарсүрэн болон түүний гэргий нартай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, мөнгө төгрөг өгч авалцаагүй, огт танихгүй хүмүүс тул тэднийг уг байрнаас албадан гаргуулж өгнө үү. Манай байгууллага уг байртай ижил байрыг сар бүр 1 100 000 төгрөгөөр түрээсэлж байгаа тул Д.Сугарсүрэнгийн хууль бусаар амьдарсан 16 сарын хугацааны төлбөр, нийт 17 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Д.Сугарсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Энхтөрөөс авлагатай бөгөөд төлбөрийнхөө оронд орон сууц авахаар харилцан тохиролцсон байсан. Гэтэл Б.Энхтөр, Сод тэнгэр түшээ ХХК-ийн захирал О.Бадамцэцэг нар 2016 оны 7 дугаар сараас эхлэн хэлцэл хийж, Б.Энхтөр Сод тэнгэр түшээ ХХК-д 800 тонн барилгын арматур төмөр нийлүүлэх түүний үнийн 30 хувь болох 235 000 000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сард Хаан банкны дундын дансанд Сод тэнгэр түшээ ХХК-ийн захирал О.Бадамцэцэг байршуулж, үүний дараа Б.Энхтөр арматур төмөр нийлүүлэхээр тохиролцсон байсан. Энэхүү үйл явц нь 2016 оны 7 дугаар сараас эхэлсэн бөгөөд Сод тэнгэр түшээ ХХК-ийн өөр нэгэн захирал БНХАУ-ын иргэн Ван гэх хүнээс зөвшөөрөл авч шийдвэрлэнэ хэмээн сунжирсаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр арматур худалдах, худалдан авах гэрээний 1.2.1-т заасны дагуу Сод тэнгэр түшээ ХХК-ийн захирал О.Бадамцэцэг төлбөрийн урьдчилгаа 30 хувь болох 235 000 000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сард Хаан банкны дундын дансанд байршуулсан. Үүний дараа Б.Энхтөр арматур төмөр нийлүүлэхээр гэрээ хийсэн. Энэхүү гэрээнд дурдсанаар Сод тэнгэр түшээ ХХК-ийн эзэмшилд байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Sunshine village хотхонд 4 өрөө орон сууцыг миний нэр дээр шилжүүлэхээр болсон тул би 2016 оны 10 дугаар сард байрны төлбөрийн эхний ээлжийн 30 тонн арматур төмрийг өөрийн биеэр ачуулан О.Бадамцэцэгийн заасан барилгын талбайд буулгаж өгсөн. Үүний дараа эхний хэлцэл хийгдсэн гэж үзээд түүний барилгын инженер хийдэг гэх хүнээс байрны түлхүүрийг авч тус байранд нүүж орсон. Сод тэнгэр түшээ ХХК 2017 оны 10 дугаар сард гэрлийг нь тасалсан тул энэ хугацаанаас хойш амьдрах боломжгүй болж өөр газарт байгаа. Нэхэмжлэгч, хариуцагч миний бие болон Б.Энхтөр нарын хооронд хамгийн сүүлд харилцан тохиролцож хийсэн хэлцлийн дагуу Б.Энхтөрийн нийлүүлсэн арматур төмрийг надад өгвөл миний бие тус байрнаас өөрийн эд хөрөнгийг авахад татгалзах зүйлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан гэм хорын төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Энхтөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Сод тэнгэр түшээ ХХК-ийн захирал О.Бадамцэцэгтэй түүний хүсэлтийн дагуу 2016 оны 7 дугаар сараас эхлэн хэлэлцээ хийхээр тохиролцсон боловч Сод тэнгэр түшээ ХХК-ийн өөр нэгэн захирал БНХАУ-ын иргэн Ван гэх хүнээс зөвшөөрөл авч шийдвэрлэнэ хэмээн сунжирсаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Миний бие Сод тэнгэр түшээ ХХК-д 800 тонн барилгын арматур төмөр нийлүүлэх түүний үнийн 30 хувь болох 235 000 000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сард Хаан банкны дундын дансанд Сод тэнгэр түшээ ХХК-ийн захирал О.Бадамцэцэг байршуулж, үүний дараа би арматур төмөр нийлүүлэх нөхцөлтэй гэрээ хийсэн. Энэхүү гэрээнд дурдсан Сод тэнгэр түшээ ХХК-ийн эзэмшилд байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Sunshine village хотхонд байрлах 4 өрөө орон сууцыг гэрээнд дурдсан тооцоо дууссаны дараа Д.Сугарсүрэнгийн нэр шилжүүлэхээр О.Бадамцэцэгтэй харилцан тохиролцсон юм. Дээр дурдсан арматур худалдах, худалдан авах гэрээний 1.2.1-т заасны дагуу Сод тэнгэр түшээ ХХК-ийн захирал О.Бадамцэцэг төлбөрийн урьдчилгаа 30 хувь 235 000 000 төгрөгийг дундын дансанд өнөөг хүртэл байршуулж чадаагүй ч Сод тэнгэр түшээ ХХК-ийн захирал О.Бадамцэцэгт өнөөгийн ханшаар 174 000 000 төгрөгийн арматур төмөр нийлүүлсэн. 2017 оны 10 дугаар сард Сод тэнгэр түшээ ХХК-ийн захирал О.Бадамцэцэг Д.Сугарсүрэнгийн амьдарч байсан байрны цахилгааныг хариуцсан СӨХ-д албан бичиг өгч таслуулаад, надтай тооцоо нийлэхгүй зугтаагаад алга болсон. Сод тэнгэр түшээ ХХК-ийн захирал О.Бадамцэцэг нь цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байх хугацаандаа давхар иргэний хэргийн шүүхээр намайг биш Д.Сугарсүрэнгээс гэм хор, түрээсийн төлбөр нэрээр 17 600 000 төгрөг нэхэмжилж байгаа нь бусдыг зальдах санаа агуулж байна хэмээн үзэх хууль зүйн үндэслэлтэй болох нь дээр дурдсан үйл явдал болон хэрэгт хавсаргасан гэрээ, арматур төмөр нийлүүлсэн тухай баримт, уулзалтын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэтэл Д.Сугарсүрэнг тус байрны түлхүүрийг нь надаас авч хууль бусаар суусан гэж шүүхэд худал нэхэмжлэл гаргаж буй нь шударга бус байна. Хариуцагч Д.Сугарсүрэнд түрээсийн төлбөр төлөх үүрэг хариуцлага анхнаасаа үүсээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Сод тэнгэр түшээ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Сугарсүрэнд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 332 дугаар байр, 202 тоот хаягт байршилтай, 120.7 м.кв талбай бүхий орон сууцнаас албадан гаргуулах, гэм хорын хохирол 17 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Сод тэнгэр түшээ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сод тэнгэр түшээ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү давж заалдах гомдолдоо:

... "Сод тэнгэр түшээ" ХХК иргэн Д.Сугарсүрэн ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд гуравдагч этгээд болох Б.Энхтөрд гэрээний үүргээ биелүүлээгүй Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасан шаардлалыг ханган үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад цоо шинэ байранд орж болно гэсэн хэлцэл хийсэн, уг хэлцлээр хүлээсэн үүргээ Б.Энхтөр биелүүлээгүй үлдэгдэл төлбөрөө хийх талаар удаа дараа шаардсан боловч гэрээний үүргийг эс биелүүлж "Сод тэнгэр түшээ" ХХК-д хохирол учруулж буй нь хэрэгт авагдсан байхад баримтаар тогтоогдож байхад шүүх харин ч эсрэгээрээ "Сод тэнгэр түшээ" ХХК нь иргэн Д.Сугарсүрэн, Б.Энхтөр нарт өртэй мэт дүгнэж, хэт нэг талыг барьсан буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Манай нэхэмжлэлийн шаардлага нь иргэн Б.Энхтөрийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс "Сод тэнгэр түшээ" ХХК-д учирсан хохирол биш, харин "Сод тэнгэр түшээ" ХХК-ийн өмч болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ гудамж 332 дугаар байрны 202 тоотод байрлах орон сууцнаас гэрээний үүрээ биелүүлээгүй тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхгүй, гуравдагч этгээдэд эзэмшүүлж ашиглуулахгүй байх гэсэн шаардлага байсан. Гэрээний үүргийн дөнгөж 25 хувийг биелүүлээд байгааг харуулахаас гадна уг гэрээний үүргээ гуравдагч этгээд Б.Энхтөр биелүүлээгүй тул 2016 оны 10 дугаар 18 өдрийн АГ20161018 тоот гэрээг цуцалж, "Сод тэнгэр түшээ" ХХК гэрээ ёсоор түлхүүрийг нь өгсөн байраа буцаахтай холбоотой худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дахин шинээр хийсэн.

Энэ хоёр гэрээний үүргийг алийг нь ч иргэн Б.Энхтөр биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хариуцагч өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөөд байрыг сулласан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт ...Иргэний хуулийн 497 дугаар зүлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа байдал нотлох баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийг нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй болно гэжээ. Гэтэл гуравдагч этгээд Б.Энхтөртэй хийсэн 2017 оны 6 дугаар сарын 14-ний гэрээнд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд захиран зарцуулах эрхтэй байхаар тодорхой дурдсан байсныг шүүх анхаарч үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хэрэгт авагдсан нотлох баримтад өгсөн үнэлэлт, дүгнэлтийг өөрчлөн дүгнэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Сод тэнгэр түшээ ХХК нь хариуцагч Д.Сугарсүрэн, Ц.Ганчимэг нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 332 дугаар байрны 202 тоот хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх, гэм хорын хохиролд 14 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Ганчимэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, гэм хорын хохиролд нэхэмжилсэн үнийн дүнгээ 17 600 000 төгрөг болгон нэмэгдүүлжээ. Хариуцагч Д.Сугарсүрэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй, гуравдагч этгээд Б.Энхтөрөөс авах авлагадаа тооцож уг орон сууцыг авсан гэсэн үндэслэлээр тайлбарласан байна.

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэг талаас Сод экспресс ХХК-ийн захирал Б.Энхтөр /худалдагч тал/ нөгөө талаас Сод тэнгэр түшээ ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал О.Бадамцэцэг /худалдан авагч тал/ нар Арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Сод экспресс ХХК нь 800 тонн арматур төмрийг 784 000 000 төгрөгөөр Сод тэнгэр түшээ ХХК-д нийлүүлэх, үндсэн төлбөрийн урьдчилгаа 30 хувь болох 235 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл 70 хувь болох 548 800 000 төгрөгт тооцож Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Sunshine villa хотхоны 2 дугаар давхрын 202, 203 тоот орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцсон, уг асуудлаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 92-96 тал/

Мөн Б.Энхтөр, Сод тэнгэр түшээ ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Бадамцэцэг нар 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч тал арматурын урьдчилгаа төлбөр 70 000 000 төгрөгийг худалдан авагч талд төлж, бусад төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 84-88 тал/ Хэргийн 17 дугаар талд Сод тэнгэр түшээ ХХК болон иргэн Б.Энхтөр нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан АГ20170614 тоот гэрээний талаарх хурлын тэмдэглэл гэсэн бичгийн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд уг хурлаар анх хийгдсэн гэрээний талаарх гомдлоо Бадамцэцэг болон Ван хайжунд бичгээр гаргах, арматур худалдан авсан нотлох баримт падааныг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг үндэслэн талууд тооцоо нийлэх, 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэрээнд заасан байрыг суллаж өгөх ба хүлээлцэх акт үйлдэхээр шийдвэрлэжээ. /хх-ийн 17 тал/

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Сод тэнгэр түшээ ХХК-ийн өмчлөлийн орон сууцанд хариуцагч Д.Сугарсүрэнг хууль бусаар оршин сууж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байсан гэж дүгнэсэн нь буруу болсон байна.

Нэхэмжлэгч Сод тэнгэр түшээ ХХК маргааны зүйл болж буй 3 өрөө орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /хх-ийн 3 тал/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Д.Сугарсүрэн нэхэмжлэгч Сод тэнгэр түшээ ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг суллаж өгсөн, энэ талаар бичгийн баримт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 52 тал/

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй байдаг.

Харин гуравдагч этгээд Б.Энхтөр гэрээгээр тохиролцсон арматурыг нийлүүлсэн тохиолдолд хариуцагч Д.Сугарсүрэн маргааны зүйл болж буй орон сууцыг чөлөөлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Сод тэнгэр түшээ ХХК уг орон сууцыг түрээсэлж үр шимийг нь хүртэх ёстой байсан гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн 17 600 000 төгрөгийг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг өөрчлөн дүгнэж, тогтоох хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00951 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Сод тэнгэр түшээ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО