| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 2426000000176 |
| Дугаар | 2025/ДШМ/18 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | А.алтангэрэл |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/18
2025 оны 4 сарын 15 2025/ДШМ/18
П.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв,
Шүүгдэгч П.О,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч Д.Цэцэгээ, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Б.Бат-Ерөөлт, Т.Оюунчимэг нарын гомдлоор П.О-т холбогдох эрүүгийн 2426000000176 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** гэх газарт оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн П.О /РД: ***/.
П.О нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** гэх газарт тус сумын Ардчилсан намын байрны өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б-ийн хүзүү рүү өшиглөж бамбай мөгөөрсний хугарал, ховч ясны хугарал, дууны хөвч, хүзүүний зүүн хажуугийн булчин, зүүн гүрээний артерийн салстад цус хуралт, хоолойн урд хэсгийн булчинд цус харвалт, баруун, зүүн чихний дэлбэнд шарх, хүзүүний зулгаралт бүхий хохирол учруулан амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: *** овгийн П.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9, 2.14-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч *** овгийн П.О-т Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.14-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *** овгийн П.О-ыг хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-д зааснаар шүүгдэгч Тойн овгийн П.О-ыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ын цагдан хоригдсон 193 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч П.О нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д-д 20,000,000 төгрөгийг төлсөн, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-аас гэм хорын хохиролд 3,698,404 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 99,000,000 төгрөг, нийт 102,696,404 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д-д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 21,802,507 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 11,879,639 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д хэлэлцэхгүй орхисон 21,802,507 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий СD 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч П.О-ын өмсөж явсан хар өнгийн 1 хос хромон гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Б.Бат-Ерөөлт, Т.Оюунчимэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: П.О нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** гэх газарт тус сумын Ардчилсан намын байрны өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б-ийн хүзүү рүү өшиглөж бамбай мөгөөрсний хугарал, ховч ясны хугарал, дууны хөвч, хүзүүний зүүн хажуугийн булчин, зүүн гүрээний артерийн салстад цус хуралт, хоолойн урд хэсгийн булчинд цус харвалт,баруун, зүүн чиний дэлбэнд шарх хүзүүний зулгаралт бүхий хохирол учруулан Б.Б-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 15 жил хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд хүнийг алах гэмт хэргийн ойлголтыг хуульчилсан байх ба тус зүйлийн 2.9 дэх хэсэгт эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алсан гэдгийг хүндрүүлэх шинж болгон заажээ.
Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алсан гэж эрхэлсэн ажил, хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаатай нь холбогдуулан өөрийг нь эсхүл түүний ойр дотны хүнийг алсныг ойлгоно. Эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж гэдэгт оюун санааны шинжийн хувьд хүний амь насыг эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хохироох нийгмийн хор аюулыг ухамсарлаж ойлгосон, гарах хор уршгийг мэдсэн, хүсэл зоригийн шинжийн хувьд ажил албан үүргээ гүйцэтгэсэн ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан, гаргасан шийдвэрийнх нь хүрээнд уг хор уршигт хүсэж хүргэсэн байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл тухайн үйлдлийг хэрэгжүүлсний эцэст албаны үйл ажиллагаа тасалдах, зогсох, ямар нэгэн байдлаар ашиг хонжоо олох, эсвэл давуу байдлыг өөртөө тогтоохын тулд өмнөөс зорьсон зорилго нь гүйцэлдэж байх гэмт хэрэг үйлдэх зорилгыг шаарддаг.
Дээрх Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл эрх зүйн дүгнэлтээс үзэхэд миний үйлчлүүлэгч П.О-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-д заасан хүндрүүлэх хууль зүйн шинж тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг эргэлзээгүйгээр тогтоохоор заасан байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд уг гэмт хэрийг үйлдсэн гэдгийг эргэлзээгүй тогтоож чадахгүй байна. Дээрх нөхцөл байдлуудын хүрээнд миний үйлчлүүлэгч П.О-ын үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, тухайн нөхцөл байдалд тохиолдлоор үүссэн мөн уг маргаан нь ч, эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж бус хоорондын таарамжгүй байдал, хувийн шалтгаанаас болсон нь гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтын эрүүгийн хуулийн хэрэглээ, үндэслэлийг бүрэн дүүрэн тогтоогүй гэж үзэх үндэслэл бүхий байна.
Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэх хуульд заасан үндэслэлийг хуульчлан заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг.
Миний үйлчлүүлэгч П.О-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-т зааснаар хүндрүүлэх хууль зүйн шинж тогтоогдохгүй байх тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокуророос шүүгдэгч П.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9, 2.14-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.14-т заасныг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-д заасан хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж алсан гэх зүйл ангиар зүйлчилж хэргийг шийдвэрлэсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь тухайн нөхцөл байдалд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хүнийг алсан гэж үзсэн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан 22 төрлийн нотлох баримтуудад хувийн таарамжгүй харилцаатай байсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Хохирогч Б.Б тухайн үед Өвөрхангай аймгийн *** сумын морин спорт уяачдын холбооны даргаар ажиллаж байсан ба энэ талаараа шүүгдэгчтэй харилцаж байгаагүй. Харин сонгуулийн үеэр эрхэлж байгаа ажил, албан үүргээрээ харилцаж байсан. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 16.2 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал, нотлогдвол зохих байдал бүрэн тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.14-т заасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй маргаагүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр өдөр 45-н хүний бүрэлдэхүүнтэй хүмүүсийг ажилд нь гаргах гээд хүлээгээд сууж байсан. Миний хань 2011 оноос хойш тасралтгүй намын ажил хийж ирсэн. Намын дарга хийгээгүй байсан бол өдийд амьд байх байсан. Энэ 2 хүний дунд хувийн таарамжгүй харилцаа байгаагүй. Миний хань хүнтэй таарамжгүй харилцаа үүсгэх хүн биш. Би шүүгдэгчийг алуурчин гэж хэлмээр байна. Энэ хүн тухайн үед зорьж очсон. Яагаад гэвэл эхнэртэйгээ явж байгаад буцаж ирсэн юм чинь зориуд очсон гэж бодож байна. П.О нь малчин хүн бөгөөд миний ханийг сумын Уяачдын холбооны дарга гэдгийг мэднэ. Олон жил сумын Уяачдын холбооны дарга хийж сум, орон нутагтаа наадам болгоноор олон эрчүүдтэй уулзаж морины асуудлыг шийдвэрлэнэ гээд явдаг байсан. Тэгэхээр багийн дарга болоход нь саад болж ийм зүйл хийсэн гэж өөрийнхөө хувьд дүгнэж байна. Би өмнөх шүүх хуралдаанд П.О-ыг өөр хүнийг хүртэл зодож байсан гэдгийг хэлсэн. Би маш их гомдолтой байна. Прокурортой санал нэг байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Энэ хэрэгт гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилгыг тогтоогоогүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг судлахад шүүгдэгч П.О нь Өвөрхангай аймгийн *** сумын Ардчилсан намын байранд өөрийн идэвхтэй үйлдлээр явж очоод хамаатан гээд байгаа хүнтэйгээ мэнд мэдээд, дараа нь амь хохирогч Б.Б дээр очиход намын байрандаа байгаагүй. Гэтэл хоёр дахь удаагаа буцаж очсон. Энэ 2 хүн гудамжинд явж байгаад таараагүй, зорьж очсон. Энэ гэмт хэргийг ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан алсан гэж хүндрүүлэн зүйлчилж байгааг зөв гэж үзэж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ тухайн үйл явдал болохоос 9 хоногийн өмнө Өвөрхангай аймгийн *** сумын Ардчилсан намын байранд ажилладаг М гэдэг хүнийг шүүгдэгч П.О цээжин дээр нь гишгэж, дэвсэж, хавиргыг нь хугалсан үйл явдал болсон талаар хэлсэн. Үүнээс харахад зорьж очиж Ардчилсан намын сонгуулийн үйл ажиллагааг тасалдуулах зорилготой байсан гэдэг нь харагдаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд оюун санааны шинжийн хувьд хүнийг эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хохироох, нийгмийн аюулыг ухамсарлаж ойлгосон, гарах хор уршгийг нь мэдсэн, хүсэл зоригийн шинжийн хувьд ажил, албан үүргээ гүйцэтгэсэн ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан, гаргасан шийдвэрийнх нь хүрээнд хор уршгийг хүсэж хүргэсэн байхыг ойлгоно гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт тухайн үйлдлийг хэрэгжүүлсний эцэст албаны үйл ажиллагаа тасалдах, зогсох ямар нэгэн байдлаар ашиг хонжоо олох эсвэл давуу байдлыг өөртөө бий болгох зорилгыг шаарддаг. Мөн Эрүүгийн хуулийн тайлбарт ч энэ талаар тайлбарласан. Тэгэхээр энэ гэмт хэрэг үйлдэгдсэн эцсийн зорилго нь биелсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл амь хохирогч Б.Б гэдэг хүн 1994 онд Ардчилсан намд идэвхтэй гишүүнээр элсэж 2011 оноос хойш нас барах хүртлээ 14 жил Ардчилсан намын дарга болон сумынхаа иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчээр удаа дараа сонгогдож ажиллаж байсан олны дунд нэр хүндтэй, зохион байгуулах чадвартай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байсан. Шүүгдэгчийн очиж яриа өдөж байгаа сэдэл нь чи хурлын дарга хийж чадахгүй, намын дарга ч хийж чадахгүй, би багийн Засаг дарга болмоор байна гэсэн үгийн утгаас нь харахад улс төрийн зорилготой, хийж байгаа ажилд нь илт дургүйцсэн шинж, сэдэл харагдаж байна. Үүний улмаас Өвөрхангай аймгийн *** сумын Ардчилсан намын дарга амь насаа алдаж үйл ажиллагаа нь тодорхой хэмжээгээр тасалдан зогссон. Ингээд дараагийн хүнийг нь томилох, хүсэж байсан үр дүн нь бий болсон гэж харагдаж байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолтыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокуророос П.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9, 2.14-т зааснаар зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-д заасан гэмт хэргийн шинж нь албан үүрэгтэй нь холбогдуулан өөрийг нь болон түүний ойр дотны хүнийг алсан буюу тухайн үйлдлийг хэрэгжүүлсний эцэст амь хохирогчийн эрхэлж байсан албаны үйл ажиллагаа тасалдах, түүнийг зогсоох, ямар нэгэн байдлаар эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох юм. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.14-т заасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэд нотлох баримтын сурвалж гэж заасан нотлох баримтууд нь зүйлчлэлийн хувьд өмгөөлөх талын шинжлэн судлуулах нотлох баримттай давхцаж байсан. Хэрэгт гэрч С, М, Ц нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч П.О-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд тус тус авагдсан. Шүүгдэгч П.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээх үүрэггүй боловч бусад нотлох баримтуудаар мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон тохиолдолд шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг хуульд заасан.
Тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, нөхцөл байдлуудыг гэрч нарын мэдүүлгээс дүгнэж болно. Шүүгдэгч П.О-ын үйлдэл нь урьд нь төлөвлөөгүй, шууд санаатай, гэрчүүдийн мэдүүлгээр архи уучихаад очсон гэдэг. Маргаан эхэлж байгаа үйл явцад ажил, албан үүрэгтэй нь холбогдуулсан биш хоорондын таарамжгүй харилцаанаас болсон. Миний үйлчлүүлэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсантай бид маргаагүй. Амь хохирогч Б.Б-ийн үзүүлж байгаа хариу үйлдэл, үг, өгүүлбэр, харилцан холбогдсон нөхцөл байдлууд нь амь хохирогч болон шүүгдэгч нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа байсан гэдэг нь харагдаж байна. Үүнээс болж шүүгдэгч амь хохирогчийг өшиглөж гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэх шалтгаант холбоотой байна. Энэ 2 хүний хувийн таарамжгүй харилцаа буюу хэрүүл маргаан дунд чи энэ ажлыг хийж чадахгүй байна, чи энэ ажлыг хийсэн юм уу гэдэг үгэнд акцент өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-д заасан хүнийг ажил, албан тушаалтай нь холбогдуулан алсан гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг зайлшгүй тогтоохоор хуульчилсан. П.О амь хохирогч Б.Б-ийг өшиглөж амь насыг нь хохироосон үйлдэл нь хохирогчийн ажил, албан үүрэгтэй нь холбоогүй гэж дүгнэж байна. Ямар нэгэн хувийн өс хонзонгоор хандсан зүйл байхгүй. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, нөхцөл байдал буюу сонгуулийн үед чи ажил хийж чаддаг юм уу гэдэг маргаан үүссэн болохоос ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон шалтгаант холбоо байхгүй. Үүнийг тогтоосон хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийг 2.9-т заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-д заасан хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан алсан гэж зүйлчлэхдээ гэмт хэргийн субьектив шинжийг үндсэн шинж болгож гэмт хэргийн зорилгоор нь хүндрүүлж зүйлчилсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг заавал тогтооно гэж хуульчилсан. Хэрвээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-д заасан хүнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан алсан гэдэг нь бүрэн тогтоогдохгүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой.
Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн талаар маргадаггүй. Зөвхөн хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-д заасан гэмт хэргийн шинж буюу зорилго эргэлзээгүйгээр тогтоогдсон эсэхэд мэтгэлцсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тусгахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн зорилго тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-д зааснаар зүйлчлэх ёстой. Өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-д заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан алсан гэх сэдэлт, зорилго тогтоогдоогүй гэж дүгнэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч П.О нь хохирогч Б.Б-ийг хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас алсан гэж мэтгэлцсэн боловч шүүхээс ямар нотлох баримтаар эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүнийг алсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тохиолдолд улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл буюу шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хүнийг санаа бодлоо хэрэгжүүлсний хариуд хүрэхийг хүссэн үр дүн, хохирогчийн эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан гэмт хэргийг үйлдэж түүнийхээ үр дүнд өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох зэрэг зорилго тогтоогдоогүй. Чи сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хийж чадаагүй, намын дарга хийж чадахгүй, би багийн Засаг дарга болмоор байна гэж хэлсэн гуравхан өгүүлбэрээр л шууд эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан алсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байгаа нь нотолгооны хувьд хангалтгүй, эргэлзээтэй, хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хувийн таарамжгүй харилцаа гэж дандаа муудалцдаг байсныг ойлгохгүй. Хувийн таарамжгүй харилцаа гэдэг нь гэнэт тааралдаад муудалцсан ч хувийн таарамжгүй харилцаа гэж үздэг. Тийм учраас таньдаг хүмүүсийн хооронд хувийн таарамжгүй харилцаа үүснэ, танихгүй хүмүүсийн хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсэхгүй гэж тайлбарлаж болохгүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа нь сонгууль болж байх үед гарсан. Шүүгдэгч П.О-ыг улс төрийн намын ухуулагчаар бүртгүүлсэн гэдэг боловч үнэмлэх авч ухуулагчийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй болох нь хангалттай нотлогдон тогтоогддог. Хуулиараа ухуулагчаар бүртгүүлснээс хойш үнэмлэх авч улс төрийн үйл ажиллагаа явуулдаг. П.О нь хөдөө амьдардаг, малчин, сургууль төгсөөгүй хүн. Өөрөөр хэлбэл багийн Засаг дарга хийх нэгжийн удирдлагын хуулийн шаардлагыг боловсролын хувьд ч хангахгүй, ямар нэгэн улс төрийн сонгуулийн үйл ажиллагаанд оролцоогүй хүн. Тухайн өдөр ноосоо тушаачихаад танилындаа очиж архи уусан. Тэгээд дэлгүүр орох гээд явж байгаад хохирогчтой санаандгүй байдлаар тааралдаж хувийн шинжтэй таарамжгүй харилцааны улмаас маргаан болсон нь хангалттай нотлогдон тогтоогддог. Улсын яллагчийн зүгээс тухайн өдөр улс төрийн сонгуульд өрсөлдөж байгаа намын сурталчилгааны уулзалт, цуглаан, чуулган болж байсантай холбогдуулж өрсөлдөгч намынхаа үйл ажиллагааг тасалдуулахаар шүүгдэгчийг Өвөрхангай аймгийн *** сумын төвд очиж гэмт хэрэг үйлдсэн мэтээр тайлбарлаж байгаа нь эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгсэл, нотолгооны ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтаар тогтоож чадаагүй. Тийм учраас шүүгдэгч П.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.О-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж 4-н хүүхэдтэй, ар гэрийн байдал хүндхэн байгаа, хүнлэг ёсны зарчим, хувийн байдал, гэмт хэрэгтээ гэмшсэн байдал, бодит хохирлыг нөхөн төлсөн, шүүхээс тогтоосон хэмжээгээр сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч П.О-ын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь сонгуулийн эхний өдөр байсан гэдэгт акцент өгөөд байгаа болохоос биш хэргийн бодит байдал нь хоёр хүний таарамжгүй харилцаанаас эхлэлтэй. Өвөрхангай аймгийн *** сумын Ардчилсан намын байрны үүдэнд шүүгдэгч П.О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой үл ялиг зүйлээр маргалдаж, харилцан зодолдсон бөгөөд шүүгдэгч П.О мөн биедээ хөнгөн гэмтэл авсан. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог.
Гэмт хэргийн шинж болон гэмт хэрэг үйлдэж буй хүний оюун санааны шинжийг зайлшгүй үндэслэлтэй нотлох баримтаар тогтоох ёстой. Тухайн гэмт хэрэг нь сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор гарсан үйлдэл биш. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй. Шүүгдэгч П.О нь ямар нэгэн намын идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй, амь хохирогчтой чи иргэдийн хурлын дарга хийж чадахгүй, намын дарга ч хийж чадаагүй гэж ярьсан нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогддог.
Прокурор хувийн таарамжгүй харилцааны улмаас хүний амь насыг хохироосон гэж яллах дүгнэлтдээ дурдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч 2 удаа зорьж очиж Ардчилсан намын үйл ажиллагааг тасалдуулах зорилготой байсан гэж байна. Анхан шатны шүүх прокуророос шилжиж ирсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэхээр хуульчилсан. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй нотлох баримтуудыг дурдаж байна.
Иймд хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг анхаарч үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Б.Бат-Ерөөлт өмгөөлөгч болон Б.Ганпүрэв өмгөөлөгч нартай санал нэг байна гэв.
Шүүгдэгч П.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өмгөөлөгч нарынхаа гомдлыг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв, Т.Оюунчимэг нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв, Т.Оюунчимэг нараас давж заалдах шатны шүүхэд ... Хохирогч Б.Б-ийг эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан алсан гэх гэмт хэргийн шинж хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Шүүгдэгч П.О нь тухайн нөхцөл байдалд үүссэн хоорондын таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Б-ийг алсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү ... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
П.О нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б-ийн хүзүү рүү өшиглөж бамбай мөгөөрсний хугарал, ховч ясны хугарал, дууны хөвч, хүзүүний зүүн хажуугийн булчин, зүүн гүрээний артерийн салстад цус хуралт, хоолойн урд хэсгийн булчинд цус харвалт, баруун, зүүн чихний дэлбэнд шарх, хүзүүний зулгаралт бүхий хохирол учруулан амь насыг нь хохироосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн ... Тухайн өдөр талийгаач Б намынхаа үйл ажиллагааг явуулж байгаад орой 17 цагийн орчимд надтай хамт хөдөө Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг руу айлд очоод орой 22 цагийн орчимд сумын төв дээр ирээд шууд намын байрны урд зогссон чинь талийгаач намайг буулгаад, дугуйны хий гарч байна гээд намайг гэр рүү хүргэж өгөөд, гэр рүү орчхоод байж байсан чинь манай охин З, хүргэн О нар 2 хүүхэдтэйгээ ирэхээр нь хоол халааж хамт идчихээд, талийгаач хүүхдүүдээ үнсчхээд өвөө нь намынхаа байрыг түгжээд тэнд байгаа хүмүүсээ тараачхаад ирье гээд миний улаан машиныг унаад явсан. Тэгээд тун удалгүй штаб дээр ажиллаж байсан С манай охин З руу залгаад М ах хүнд зодуулчихлаа, ирээрэй хурдлаарай гэхээр нь хүргэнтэй хамт яваад очиход намын байрны гадаа сандал дээр суугаад 2 гараараа сандлаасаа зуурчихсан хоолой нь сонин дуугараад өшиглөчихлөө гээд хоолой хэсэг рүүгээ гараараа заахаар нь харсан чинь хүзүү нь улайсан, хоолой нь цаашаа хонхойж орсон харагдсан. Тэгээд би тэвэрч аваад туслаарай гэж орилоход царай руу нь харахад уруул нь харлаад царай нь хар харагдаад байсан. Тэгээд би хүргэндээ эмч дуудаарай гээд явуулсан. Тэгээд ойр орчмоо харсан чинь гэрэлд М, эхнэр нь Ш машинаас зайтай хараад зогсож байсан. О бид хоёрын 2 талд гараад яваад байсан. Би туслаарай гээд байхад туслаагүй. Тэгтэл удалгүй Э эмч ирээд нь зүрхний пульс үзээд эмнэлэг рүү аваад явъя гээд түргэний машинд суулгаад аваад явсан. Тэгээд эмнэлэг рүү ороход С эмч байсан. Бас сувилагч нар нь байсан. Талийгаачийг хэвтүүлж болохгүй гэхээр нь хүргэнээр араас нь тэврээд хагас суулгасан байдалтай байлгаж байгаад хамар руу нь хүчил төрөгч өгсөн. Тэр үедээ би юу болоод байгаа мэдэхгүй байсан. Тэгээд талийгаачийн царай нь шаргалтаад эхлэхээр нь гайгүй болчихлоо гэж бодтол нас барсан байсан. Эмнэлэгт ороод нээх удаагүй нас барсан. Б, О нар нь хоорондоо урьд нь хэрүүл маргаан болж байгаагүй. Би О-ыг Монгол ардын намын ухуулагч хийдгийг нь мэднэ. Манай нөхөр ардчилсан намын дарга хийдэг тэрнээс л болж үзэл бодлын зөрөөнөөс болсон байх гэж бодож байна. Тэрнээс өөр ямар нэгэн өш хонзонтой зүйл байхгүй. Талийгаач бид 2 О-тай ямар нэгэн ураг төрлийн холбоо байхгүй. Ардчилсан намын дарга гэдэг нь л хүйтэн харагдсан байх. Би гомдолтой байна. Би хайран сайхан ханиа алдчихлаа. Миний амьдрал оронгоороо эргэчихлээ. Миний охин зүрх муу сая ажил явдлаар нь 3 удаа унасан, унаж татаад байгаа 2 хүү нь гэртээ ч орж чадахгүй аавынхаа хөргийг ч харж чадахгүй байна. Би үнэхээр гомдолтой байна. Голдоо ортол гомдож байна. Сэтгэл санааны хувьд хэцүү байна ... гэх мэдүүлэг /1хх-ийн 92, 94-95 хуудас/,
Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн ... 2024 оны 6 дугаар сарын 15-ны шөнийн 23 цаг 24 минутад манай багийн иргэн С *** дугаарын утаснаас залгаад “Ардчилсан намын ухуулгын байрны гадаа хүн хоолой нь боочихлоо” гэж ярьсан. Тэгээд Б-ийн хүргэн манай гэрийн гадаа машинтай ирээд авч явсан. Ардчилсан намын байрны гадаа очсон чинь эхнэр нь гадаа нь түшээд сууж байсан. Өвчтөн царай нь хөхөрсөн, амьсгал боогдсон, бачуурсан, амьсгаадсан байдалтай сууж байсан. Тэгээд хүчилтөрөгч өгье гээд яаралтай тусламж руу хүргэсэн. Тухайн газар нь их ойрхон замд байсан. Яаралтай тусламж дээр аваачиж хүчилтөрөгч залгаад яаралтай эм тариа хийж эрхлэгч эмч С-г дуудсан. С эмч 4 минутын дараа ирсэн. Талийгаач Б-ийн судсаар дексаметазон, адреналин, хүчилтөрөгч өгсөн, эуфиллин, сальбутамол цацлага хоолойд цацсан, өвчин намдаах анальгин димедрол хийсэн, натрихлорид 0.9%-г 250 граммыг судсаар хийсэн, зүрхэнд массаж, зохиомол амьсгал хийгээд үр дүн өгөөгүй 00 цаг 15 минутад нас барсан. Амьсгал бачууралтад хүчилтөрөгч яаралтай өгөх ёстойг өгсөн. Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс зөвлөгөө авахад “зүрхэнд адреналин 3 минут тутамд давтан хий” гэсний дагуу натрихлорид хийсэн. Хүзүүний урд хэсэг, цээжний дээд хэсэгт улайсан байсан. Хамт байсан хүмүүс нь өшиглөсөн гэж яриад байсан. Нилээн хүчтэй өшиглөсөн байх 20 минутын дараа улайж хөхөрсөн байсан ... гэх мэдүүлэг /1хх-ийн 97 хуудас/,
Гэрч Ө.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн ... Би дэлгүүр ороод гараад ирэхэд П.О, Б.Б 2 ноцолдоод П.О доор нь орчихсон Б.Б дээр нь дарсан байхаар нь салгаад байж байхад хажууд С, Ц өөр хүмүүс байсан. Би салгаад яваад өгсөн. П.О архи уусан байсан, Бийг мэдэхгүй байна. Хэрэглээгүй байсан байх. Миний хувьд Б.Б-тэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би Б.Б-ийн талаар мэдэхгүй. Харин манай сумын Ардчилсан намын дарга гэдгээр нь л мэднэ. Миний мэдэхээр Б.Б нь Сант сумын хурлын даргаар 2012 оны үед ажиллаж байсан юм. Харин П.О нь манай эхнэрийн үеэл дүү байгаа юм. Би энэ залууг ойр саахалт айл учраас ерөнхийд нь мэддэг гэж хэлж болно. П.О нь төлөв дагуу зантай, согтууруулах ундаа хэрэглэдэг, согтуу үедээ хүмүүстэй хэрүүл уруул хийгээд яваад байгаа харагддаг боловч зодоон цохион хийж байсан удаа байхгүй. П.О эхнэр, 4 хүүхдийн хамт тус сумын 3 дугаар багт мал маллан амьдардаг. 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн орчимд Улсын Их хурлын сонгуультай холбоотойгоор Монгол Ардын намаас мөрийн хөтөлбөр танилцуулах хурал хийнэ гэсэн учраас П.О болон түүний эхнэр Х, мөн би өөрийн эхнэр О нарын хамт Сант суманд П.О-ын машинтай орж ирсэн. П.О бид нарыг дагуулж явсаар М-тай замдаа уулзаж түүний гэрт очсон. Гэрт нь очиход М-н эхнэр хүүхдүүд нь байсан. М нэг шил архи гаргаж ирж задлаад П.О, М бид гурав хувааж уугаад сууж байхад Г гаднаас орж ирээд архинаас ганц, нэг удаа татчихаад гараад явсан. Ингээд хурал эхлэх цаг болсон бөгөөд 19 цаг өнгөрч байхад М-н гэрээс гарч Соёлын төв дээр ирж хуралд суух гэсэн боловч хүн их учраас сууж чадаагүй. Эргээд М-н гэрт очсон. М-н гэрт очиход М дахин нэг шилийг гаргаж ирж бид хувааж ууж суухад гаднаас Т, Ц, Г нар орж ирээд хамт архи ууж байгаад 20 цаг өнгөрөөд 21 цагийн орчимд бид гэр гэртээ харихаар гарцгаасан. Замд явж байгаад сумын төвийн баруун мухарт байх *** гэх нэртэй шатахуун түгээх газраас бензин авах гээд зогсож байхад П.О эргээд яв, би С-той уулзчихаад явъя гэж шалсаар байгаад эргээд сумын төвд байх Ардчилсан намын байрны үүднээс 100 орчим метрийн зайд зогссон. Тэгээд П.О машинаас бууж Ардчилсан намын байрны гадаа сууж байсан С-той уулзаж байсан. Энэ үеэр би тамхи авах гээд дэлгүүр орсон. Намайг дэлгүүр дотор байхад буюу 10 орчим минутын дараа манай эхнэр хүн ноцолдоод байна салгаач ээ гэж орилохоор нь би гараад харахад П.О, Б.Б нар дээр доороо оролцоод ноцолдож байсан. Би шууд очиж Б.Б-ийг араас нь тэвэрч татахад Б.Б хоолой нь гяхтнаад амьсгалж чадахгүй байгаа юм шиг дуугараад байсан. Энэ үед П.О Б.Б рүү дайраад байхаар нь би Б.Бийг тавьж зөрүүлээд П.О-ыг барьж авсан. Би тухайн үед маш их сандарсан бөгөөд юу болоод байгааг ойлгохгүй байсан. Ямар ч байсан Б.Б эмч, эмч гээд байх шиг байсан. Б.Б-ийн эхнэр ирээд Б.Б-ийг тэврээд сууж байсан. Б.Б амьсгалж чадахгүй байгаа нь илт харагдаж байсан. Удалгүй эмч ирээд Б.Бийг эмнэлэг рүү авч явсан боловч тусламж үзүүлж чадалгүй нас барсан. 6 дугаар сарын 15-ны өдөр *** суманд 18 цагийн үед орж ирээд П.О-тай хамт П.О-ын ахын гэрээр орсон боловч эхнэр нь байсан. Дараа нь М-н гэрт орж архи уугаад Соёлын төв орчихоод буцаад М-н гэрт эргэж очоод шууд тэндээсээ сумын төвийн баруун хязгаарт байх шатахуун түгээх станц руу очиж шатахуун аваад эргээд Ардчилсан намын байрны гадаа ирсэн юм. Тухайн зодооны үед Б.Б, П.О нараас өөр хүмүүс зодолдсон зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /1хх-ийн 103, 105 хуудас/,
Гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би гэрийнхээ гадаа тамхи татаад зогсож байхад хуралд сууж байгаад гараад ирлээ гээд П.О, Ц, Ш түүний эхнэр нар манайд ирээд гадаа байж байсан чинь Ц ах таараад манайд бүгдээрээ орсон. Тэгээд би хөдөө явах гээд авсан байсан Голд нэртэй архийг гаргаж өгөөд уугаад сууж байхад Г гээд манай найз жоохон хүүхэдтэйгээ орж ирсэн. П.О, Ц, Ш эхнэрийн хамтаар нэг машинтай хөдлөөд явсан. Олон байшингийн гадаа дөнгөж очоод зогсож байхад Ц манай эхнэр лүү залгаад та хэд хаана явна, П.О хүнтэй маргалдаад хүнтэй зодолдоод байна хүрээд ирээч гэхээр нь Ардчилсан намын үүдэнд байдаг дэлгүүрийн үүдэнд очсон. Очиход Б.Б газар сууж байсан. Нэлээн амьсгаадаад байх шиг байсан. П.О нөгөө хүнээсээ нэлээн хол зайтай зогсож байсан. Тэгээд би П.О-тай хамт уулзаад зогсож байхад эмнэлэг ирээд нөгөө хүнийг аваад явж байх шиг байсан. Тэгээд би П.О-тай эмнэлэг рүү хамт алхаж очоод эмнэлгийн гадаа зогсож байгаад хэсгийн төлөөлөгч Ц-тай цагдаагийн хэсэг дээр ирсэн. П.О гэрт архи уусан согтуу нь согтуу байсан ... гэх мэдүүлэг /1хх-ийн 109-110 хуудас/,
Гэрч Ч.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн ... 2024 оны 6 дугаар сарын 15-ны орой 22 цаг 30 минутын үед Ардчилсан намын байран дээр штабын ажилтны ажил үүрэг гүйцэтгэж байсан. Намын байран дотор байж байгаад гарч ирэхэд П.О, С-той намын байрны үүдэн дээр хамт сууж босоод машин руугаа явсан. Би С-ын хажууд очоод суусан. Б.Б дарга намын байрнаас миний араас гарч ирээд миний хажууд довжоон дээр ирж суугаад тамхи задлаад татаад сууж байхад П.О буцаж ирээд миний урд талд цаашаа хараад зогсож байсан. Цэ-ыг мөрөөрөө хүчтэй түлхээд С-ын баруун гар талд нь суусан. Тэгээд Б.Б дарга руу чи хурлын дарга хийж чадаагүй, намын дарга ч хийж чадахгүй гэсэн үг хэлэхэд Б.Б дарга би чамтай өнөөдөр юм ярихгүй, ярих юм байгаа бол дараа яриарай гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр намын талаар юм яриад байсан. Би зарим зүйлийг нь сонсоогүй. Тэгтэл П.О Б.Б даргад би 3 дугаар багийн дарга болмоор байна гэхэд Б.Б дарга болно шүү дээ, тэгэхгүй юу чи гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаж байгаад П.О машиныхаа зүг рүү явж байгаад Б.Б даргыг хэтрээд явчихлаа гэж бодож байтал гэнэт П.О хөндөлдөж ирээд баруун хөлөөрөө Б.Б даргын урд тал руу өшиглөсөн. Би харахдаа эрүү юм уу, нүүр хэсэг рүү өшиглөсөн гэж харсан. Тэгээд Б.Б дарга өшиглүүлчихээд босож ирээд П.О-ыг барьж аваад түлхэхэд тэр хоёр 2 метр зай хиртэй яваад газар давхарлаад унасан. Тэр хоёрыг унахад Цэ гүйгээд очсон. Баруун талаас Ш гүйж ирээд дээд талын хүнийг нь татаж босгосон. Дээд талд нь байсан хүн Б.Б байсан. Б.Б босоод байшингийн мухарт буюу хайсны хажууд очоод Б ахаа би амьсгалж чадахгүй байна гээд муухай дуугараад хоолой нь хяхтнаад эмч, эмч гэж хэлэхээр нь Цэ бид 2 С эмч рүү яваад эмчийг аваад намын байрны үүдэнд ирэхэд хүмүүс байхгүй байсан хаачсан юм бэ гэж штаб дээр сууж байсан хоёр охиноос асуухад эмнэлэг аваад явсан гэхээр нь эмнэлэг ороод С эмч эмнэлэг рүү ороод би гадаа нь үлдсэн. П.О архи уусан байсан. Б.Б эрүүл байсан. П.О өшиглөсний дагуу Б.Б тэвэрч аваад газар унасан ... гэх мэдүүлэг /1хх-ийн 116-118, 122-123 хуудас/,
Гэрч О.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн ... 10-20 минутын дараа ахиад П.О, П.О-ын эхнэр, Ш, О нар ирээд П.О түрүүлээд машинаас бууж ирээд Цэ бид хоёрын дунд суугаад Цэ-ыг тохойгоороо нудраад Б.Б рүү хандаж чи хурлын дарга ч хийж чадахгүй, намын дарга ч хийж чадахгүй, чам шиг юм болимоор юм. Чамд хэмхэрхий машинаас өөр юу байгаа юм гээд агсрахаар нь Б.Б миний юу хийх нь чамд хамаагүй, чамтай өнөөдөр юм ярихгүй, ярих юм байдаг бол дараа нь ярь гэж хэлэхэд П.О босож ирээд миний баруун талд гараад хэрэлдээд байсан. Тэгээд П.О, Цэ, Ц бид гурвын урдуур зүүн тийш машин руугаа явж байхад нь гэнэт тас гэсэн дуу гарахаар нь харсан чинь Б.Б босож ирээд П.О-тай барилцаж аваад газарт унаад барилцаж байхад Цэ ах босоод Б.Б-ийг татсан. Тэгтэл Г-ын дэлгүүрээс Ш гарч ирээд Б.Б-ийг татаад босгосон. Б.Б-ийг татаж босгосны дараа Б.Б Цэ ахад нэг юм хэлээд байсан. Тэгэхдээ хоолойгоо дараад яаралтай түргэн дууд гэж хэлсэн байсан. Ажил албан тушаалтай холбоотой маргалдаад байсан. П.О би 3 дугаар багийн дарга болмоор байна гэхэд Б.Б чи болбол бололдоо, болохгүй юм байхгүй шүү дээ гэж хэлсэн. Б.Б согтууруулах ундаа хэрэглээгүй байсан, П.О нэлээн халамцуу согтуу байсан ... гэх мэдүүлэг /1хх-ийн 125-127, 129 хуудас/,
Гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн ... Би П.О-ыг манай нөхөр М-н багийн найз гэдэг утгаараа гэр бүлийн хүрээнд 2018 оноос хойш ойр дотно найзалж байна. Харин амь хохирогч Б.Б нь миний үеэл эгч С.Д-ийн нөхөр байгаа юм. Энэ хүнийг 2010 оноос эхлэн мэддэг болсон. Миний мэдэхээр П.О-ын хувьд хүнтэй тоглоом наадам хийж, инээж хөөрч явдаг. Хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, тохитой томоотой хүн шиг л санагддаг. Б.Б-ийн талаар би тийм ч сайн мэдэхгүй. Ямар ч байсан *** сумын засаг захиргаанд л ажилладаг гэдгийг нь мэддэг байсан. Хэдийгээр Б.Б манай үеэл эгчийн нөхөр ч гэсэн бид тийм ч ойр дотно харилцаатай байгаагүй. 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр би нөхөр М-н хамт 16 цагийн үед *** суманд ирж хураасан ноолуураа борлуулж мөнгөөр нь шатахуун авахаар явж байсан. Ингээд *** сум руу явж байхад П.О-ын эхнэр Х (Ц) *** гэсэн дугаараас миний утас луу залгаад мэнд мэдээд ойр зуурын зүйл ярьсан. Би утсаар ярьж байхдаа *** сум руу ирж байгаа талаараа хэлсэн. Ингээд ноолуураа борлуулаад мөнгөөр нь шатахуун аваад *** суманд явж байгаад би нөхөр хүүхдийн хамт ***-д байдаг гэртээ орж ирсэн. Нөхөр эргээд гараад явсан бөгөөд удалгүй П.О болон түүний эхнэр мөн Ш болон түүний эхнэртэй хамт гэрт орж ирсэн. Ингээд тэд нар гэрт орж ирээд ойр зуурын гэр орны зүйл, мал ахуйн талаар ярилцаж байгаад М гэрт байсан архинаас нэгийг гаргаж ирээд тэр гурав хуваагаад ууж эхэлсэн. Би гэрт гэрийн ажил хийгээд гарч ороод явж байсан. Тэгтэл 20 цагийн орчимд П.О, Ш нар эхнэрүүдээ дагуулаад Монгол Ардын Намын сонгуулийн хуралд сууна гээд манайхаас явцгаагаад 22 цагийн орчимд эргээд манай гэрт хурал тарсан гээд хүрээд ирсэн. Тэгтэл М миний авсан байсан архинаас дахиж нэг шилтэй архийг нь задлаад тэд нар хувааж ууцгааж байгаад 23 цагийн орчимд тэд нар гэртээ харилаа гээд П.О-ын аллион маркын суудлын автомашинтай яваад өгсөн. Ингээд би нөхөр хүүхдүүдийн хамт Г-тай уулзаад 5 орчим минутын дараа Х над руу залгаад П.О нэг хүнтэй ноцолдоод нөгөө хүн нь сонин болчихлоо гэж хэлсэн. Тэгээд тэндээс Г, М бид нар шууд Ардчилсан намын байрны гадаа очиход Б.Б газарт амьсгалж чадахгүй, хүчээр амьсгалах гээд чадахгүй байгаа юм шиг чимээ гаргаад байж байсан. Дэргэд нь С.Д эгч ирчихсэн уйлаад эмнэлэг түргэн дуудаач гээд сандраад байж байсан. Тэр газарт хэсэг хүмүүс цуглачихсан яах учраа олохгүй байсан. Тэгтэл удалгүй сумын эмч машинтай ирээд Б.Б-ийг аваад эмнэлэг руу явсан. Бид нар ч гэсэн дагаад эмнэлэг дээр очиход эмч нар Б.Б-ийг аврах гээд хамаг байдгаараа хичээсэн боловч яаж ч чадахгүй бие нь улам муудсаар байгаад нас барсан. Эхнэр нь П.О-тай зууралдсан тэгсэн чинь нөгөө хүнийх нь бие нь муудчихлаа гэж хэлсэн. Нөгөө хүн гэдэг нь Б.Б-ийг хэлсэн юм байна лээ. Тэрнээс биш би өөрөө нүдээрээ юу болсон харсан, үзсэн зүйл байхгүй. Г болон түүний эхнэр Ж, манай нөхөр М бид дөрөв хамт очсон. Намайг тэнд очиход Ардчилсан намын байрны гадаа Ц, С, Ш болон эхнэр нь байсан өөр ямар хүн байсан талаар санахгүй байна. Эдгээр хүмүүс намайг Ардчилсан намын байрны гадаа ирэхэд ирчихсэн байсан. Тэнд байсан хүмүүс Б.Б-д хамаг анхаарал нь хандчихсан байсан бөгөөд би ч гэсэн тийм л байдалтай байсан. Тэнд хүмүүс юу ярьж байгааг би анзаараагүй ... гэх мэдүүлэг /1хх-ийн 134-135 хуудас/,
Гэрч Ч.Цэ-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Ардчилсан намын байрны үүдэнд талийгаач Б.Б, С, Ц бид дөрөв дэмий юм яриад сууж байсан чинь зүүн талаас П.О эхнэртэйгээ, Ш эхнэртэйгээ, М нар ирж байгаа харагдсан. Миний хажуугаар П.О гарахдаа намайг мөрлөсөн. Би яаж байгаа юм болоо гээд гайхаад эргээд хартал согтуу байгаа харагдсан болохоор нь би юм дуугаралгүй цаашаа очоод Ардчилсан намын байрны урд довжоон дээр сууж байсан чинь П.О цаашаа яваад С, Ц хоёрын хажууд сууж байснаа талийгаач Б.Б-өөс чи хурлын дарга хийж чадаагүй байж намын дарга хийж чадах уу гэх зэргээр хэрүүл гуйгаад байгаа бололтой байсан. Тэгээд П.О босоод талийгаач бид хоёрын урдуур гарч байснаа гэнэт эргэж хараад талийгаачийг урдаас нь хөлөөрөө өшиглөсөн чинь талийгаач Б.Б босож ирээд П.О-ыг барьж аваад газар давхраараа уначихаар нь би наанаас нь, Ш цаанаас нь бид хоёр одоо боль, яаж байгаа юм гээд өндийлгөөд ирсэн чинь талийгаач өндийгөөд босоод хэсэг алхаж байснаа хоолойгоо бариад амьсгалж чадахгүй байна, эмч дуудаарай хөөе гээд орилоод байсан. Тэгэхээр нь би Ц-г хоёулаа яваад эмч дуудаад ирье гээд би машинаа асаагаад бид хоёр явсан. Би юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. П.О хүрч ирээд Б.Б-өөс чи хурлын дарга хийж чадаагүй байж намын дарга хийлээ гээд маргалдаад байсан. Б юм уугаагүй байсан. П.О хэрэглэсэн байсан. Гэхдээ тийм аймаар согтоогүй байсан ... гэх мэдүүлэг /1хх-ийн 139-140 хуудас/,
Гэрч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2024 оны 6 дугаар сарын 15-ны орой 23 цаг 16 минутын үед Өвөрхангай аймгийн *** сумын Ардчилсан намын байранд штаб дээр У-ын хамт гарч байтал гадаа хүмүүс орилолдоод байхаар нь юу болов гээд гараад харсан чинь талийгаач Б.Б ах зүс таних П.О гэх манай нутгийн хүнтэй маргалдаад газар дээр доороо ороод ноцолдож байсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгасан. Тэгээд би талийгаачийн эхнэр болох С.Д эгч рүү намын байранд Б.Б ах хүнтэй муудалцаад байна. Та гялс хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд утсаа салгасан цаг харахад 23 цаг 16 минут болж байсан. Намын байрны урд байх модон сандал дээр талийгаач Б.Б ах сууж байсан. Эхнэртээ амьсгал авч чадахгүй байна, хэцүү байна, би тэсэхгүй юм шиг байна гэж хэлж байсан. Тэгээд эмнэлэг рүү явсан. Б.Б ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. П.О согтуу хүн шиг гуйваад байсан болохоос би уусан эсэхийг нь мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг /1хх-ийн 142-143 хуудас/,
Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би өчигдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед Өвөрхангай аймгийн *** сумын Ардчилсан намын байранд ШТАБ дээр С-ийн хамт гарч байтал гадаа хүмүүс маргалдаад байгаа юм шиг чимээ гарахаар нь хаалга онгойлгоод хартал талийгаач Б.Б ахыг нэг цэнхэр дээлтэй эрэгтэй хүн өшиглөөд авч байгаа бололтой байсан. Би тэгээд буцаж ороод С-г дуудаад С.Д эгч рүү хурдан залга гэж хэлсэн С утсаар залгаж хэлсэн. Буцаад гадаа гарах үед тэр цэнхэр дээлтэй хүнтэй газар Б.Б ах зууралдаж байсан хажууд нь өвдөглөөд суучихсан байсан. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс салгаад намын байрны урд байх модон сандал дээр суулгасан. Удалгүй С.Д эгч нэг эрэгтэй хүнтэй хамт ирсэн. Би тэр хамт ирсэн хүнийг нь танихгүй. Дараа нь Э гэх эмч ирсэн. Ирээд эмнэлэг рүү хамт аваад явсан. Би тэрнээс хойш юу болсныг нь мэдэхгүй. Талийгаач намайг гарах үед хүмүүс түшээд сандал дээр суулгасан. Би амьсгалж чадахгүй байна. Миний амьсгал боогдоод байна гэж хэлээд байсан. Би намын байр луу орж гараад байсан болохоор өөр юм ярьсан эсэхийг мэдэхгүй байна. Талийгаач Б.Б П.О гэх хүнтэй юунаас болж хэрүүл маргаан хийж зодоон хийсэн талаар сайн мэдэхгүй байна. Миний харснаар ямар нэгэн ил харагдах шарх сорив байгаагүй. Би талийгаач Б.Б ахтай ямар нэгэн төрлийн холбоо байхгүй. Ардчилсан намын байранд ШТАБ дээр гэрээгээр ажиллаж байгаа. Би П.О гэх хүнийг танихгүй. Тэнд байсан нэг улаан цамцтай таргандуу эгч наад хүн чинь гайгүй юм уу гээд байсан. Тэнд байсан хүмүүс сандралдаад зарим нь эмч дуудахаар явцгааж байсан. Талийгаач Б.Б, нэг цэнхэр дээлтэй хүнтэй зууралдаж байсан С гуай, Ц нар байсан. Бусад хүмүүсийг танихгүй нэлээн хэдэн хүмүүс байсан. Би яг сайн хараагүй. Б.Б ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Цэнхэр дээлтэй хүн харахад нэлээн согтуу байх гэмээр харагдаж байсан. Ам хамрыг нь бол би үнэрлээгүй ойртоогүй ... гэх мэдүүлэг /1хх-ийн 144-145 хуудас/,
Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 1995 онд Анагаах Ухааны Дээд сургуулийг Хүүхдийн их эмч мэргэжил эзэмшиж төгсөөд Өвөрхангай аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвд 1995 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 29 дэх жилдээ хүүхдийн эмчээр ажиллаж байна. Би тус эмнэлэгт 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн төвийн даргаар одоог хүртэл ажиллаж байна. Тухайн өдөр Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуулийн сурталчилгааны арга хэмжээ 19 цагт сумын Соёлын төвд зохиогдохоор зарлагдсан байсан. Ингээд би 20 цагийн орчимд Соёлын төвийн байранд ирэхэд Монгол ардын намын нэр дэвшигч Улсын Их хурлын гишүүн Занданшатар, нэр дэвшигч батлан хамгаалахын сайд Сайханбаяр, нэр дэвшигч Г.Тэмүүлэн, нэр дэвшигч Г.Г, нэр дэвшигч А.Ц нар иргэд сонгогчидтой уулзалт зохион байгуулах арга хэмжээ эхэлсэн. Тухайн арга хэмжээнд маш олон хүн оролцсон бөгөөд Соёлын төв дүүрсэн байсан. Ингээд уулзалтын арга хэмжээ 22 цаг өнгөрч байхад өндөрлөсөн. Уулзалтын үеэр буюу 21 цаг өнгөрч байхад миний гар утасны цэнэг дуусчихсан юм. Арга хэмжээ дуусаад 22 цаг 40 минутын орчимд гэртээ ирж гар утсаа цэнэглээд хэвтэж байсан. Тэгтэл сумын Ардчилсан намын байрны жижүүр Ц манай гэрт 23 цаг өнгөрч байхад ирээд эмчээ намын байран дээр хүн зодуулаад хоолой нь сонин дуугараад байна гэж хэлсэн. Тэгээд би шууд хувцсаа өмсөөд Ц болон жолооч Цэ нарын хамт 23 цаг 30 минутын орчимд ирээд намын байр луу орох гээд гүйж байхад тэр хүнийг эмнэлэг рүү аваад явсан гэж тэнд байсан хүмүүс хэлсэн. Тэгээд би эмнэлэг рүү очих гээд машинд суухад манай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан эмч Э над руу 23 цаг 31 минутад залгаад нөгөө хүн чинь бие нь муу байна та яаралтай ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би шууд эмнэлэг дээр гүйж очоод “яаралтай тусламжийн өрөөнд ороход *** сумын ерөнхий боловсролын сургуульд 1985 онд манай доод ангид сурдаг. Манай *** сумын иргэн Б.Б царай нь хар хөх болсон, орчиндоо хариу үйлдэл үзүүлэх чадваргүй, амьсгалахгүй байдалтай байсан. Тэгээд би шууд ороод Б.Б-ийн зүүн гарт даралтын аппарат зүүлгэн даралт шалгахад дээд даралт 100 доод даралт 60-тай захын хүчил төрөгчийг шалгахаар зүүн гарын долоовор хуруунд зориулалтын багаж хийж шалгахад 38-тай зүрхний цохилтыг шалгахад 1 минутад 45 удаа буюу маш бүдэг цохилттой байсан. Энэ үед би Э-ээс ямар арга хэмжээ авсан талаар асуухад зүрх судас дэмжих, даралт нэмэгдүүлэх арга хэмжээ авсан гэж хэлэхээр нь би Б.Б-ийг сэхээн амьдруулах зорилгоор зүрх судасны үйл ажиллагааг дэмжих зориулалттай дексаметазон 12мл-ыг 100-тай натритай дуслын хамт хийсэн. Адреналин дахин давтаж 1мл булчинд давтаж хийсэн. Ингээд Б.Б-ийн биеийн байдал дээрдэхгүй байсан учраас аймгийн төвийн яаралтай тусламжийн 103 төв рүү холбогдож зөвлөгөө авсан. Ингээд надад өгсөн зөвлөгөөний дагуу би 500 мл натрихлорид, анальгин, демидрол, гуурс тэлэгч, салпутамолын цацлагыг хоолойд цацсан боловч захын пульс мэдрэгдэхгүй болсон. Харин зүрх маш сул цохилж байсан учраас аппаратаас хиймэл амьсгал өгсөн боловч биеийн байдал сайжрахгүй байсаар 00 цаг 05 минутаас эхлэн зүрс судасны үйл ажиллагаа зогссон. Ингээд 00 цаг 15 минутад Б.Б нас барсан. Намайг эмчилгээ хийж байх үед хэсгийн төлөөлөгч Ц орж ирээд би нөгөө хүнийг барья гээд гараад явсан. Би 103 руу залгаж зөвлөгөө авах үед төвөнхийг шалга гэсний дагуу Б.Б-ийг төвөнхийг тэмтэрч шалгахад мэдрэгдэхгүй байсан бөгөөд улайж хавдсан байдалтай байсан учраас төвөнх чихэгдэж амьсгал боогдсон гэдэг онош тавьсан. Энэ гэмтлийг механик гэмтэл гэж үздэг. Миний хийсэн эмчилгээ шинж тэмдгийг тогтоох зорилготой эмчилгээ байсан ... гэх мэдүүлэг /1хх-ийн 150-153 хуудас/,
Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед өөрийн нөхөр Ш болон П.О түүний эхнэр Х нарын хамт хөдөө гэрээсээ П.О-ыг С-той уулзах хэрэг байна гэснээр сумын төв дээр орж ирсэн юм. П.О Б.Б нар хоорондоо намын талаар хэрэлдэж эхэлсэн. Миний харснаар гэнэт Б.Б-ийг сууж байхад нь П.О хүзүүний урд хэсэгт нь нэг удаа өшиглөхөд Б.Б босож ирээд П.О тэр хоёр бие биеэ заамдаж газарт унаж дээр доороо оролцон ноцолдож эхэлсэн. Энэ үед Ш Б ахын дэлгүүрт орсон байсан учраас би тэр хоёрыг салгаарай гээд орилоход Ш гүйж гарч ирээд Б.Б-ийг араас нь тэврээд татаж босгоход П.О Б.Б-ийг зодох гээд дайраад байсан учраас Ш Б.Б-ийг тавьж зөрүүлэн П.О-ыг хоёр гарыг нь дарж тэвэрсэн. Гэтэл Б.Б амьсгалж чадахгүй байна, эмч, эмч гэж хэлж байгаа нь сонсогдсон ... гэх мэдүүлэг /1хх-ийн 156-157 хуудас/,
Гэрч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би тухайн өдрийн өглөө 08 цаг 30 минутаас Б гэх сувилагчаас ээлж хүлээн авч 24 цагийн үүрэг гүйцэтгэж *** сумын эрүүл мэндийн төвд хоносон. Тухайн орой 23 цаг 10 минутын орчимд манай төрсөн ээж Мандах хөдөөнөөс сонгуулийн хуралд суухаар ирсэн гээд нэг давхрын өдрийн эмчилгээний өрөөнд даралтыг нь үзэж өгөөд юм яриад сууж байтал Э эмч над руу утсаар залгаад яаралтай тусламжийн өрөөнд хүчил төрөгчөө залгаад бэлэн байдалд байж бай гэж хэлсэн. Би хэлснийх нь дагуу хүчил төрөгчөө залгаж бэлдээд удаагүй байтал гаднаас Э эмч С.Д эгч, түүний хүргэн, С ах нар өвчтөн болох Б.Б-ийг авч ирсэн. Би эмчийн заавраар хүчил төрөгч залгаж 2 гарт нь уян зүү тавьж 100 мл-тэй натри декса 3-ыг хийсэн. Адреналин гэх тариаг гарын булчинд 10 минутын зайтай 4 удаа хийсэн ... гэх мэдүүлэг /1хх-ийн 160-161 хуудас/,
Гэрч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би Улаанбаатар хотоос 2024 оны 6 дугаар сарын 14-ний орой 19-20 цагийн орчимд *** сумаар дайраад *** сумаас 25 км-ын зайд нутаглах гэртээ ирсэн. Намайг дүү П.О хүргэж өгсөн юм. Тэгээд би 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн орой гэртээ ирчихээд хаашаа ч явалгүй гэртээ байсан. 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 06 цагийн орчимд манай гэрт манай нутгийн залуучууд болох Г, М, П.О-ын эхнэр Х /бид нар Ц гэж дууддаг/ нар ирсэн. Манай гэрт ирээд П.О-ын эхнэр надад өчигдөр П.О нэг хүнтэй маргалдаад тэр хүн нь өнгөрчихлөө. Таныг аваад ир гэж байна гэж хэлсэн. Би ямар нэгэн зүйл дуугараагүй. Тэгээд *** сумын төв дээр эхнэр Ц-ийн хамт ирсэн. Тэгж мэдсэн. Тэрнээс өмнө би мэдээгүй. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна. Улаанбаатар хотоос өглөөний 10 цагийн орчимд гараад оройн 19-20 цагийн орчимд *** сумаас 23 км-ын зайд байх гэртээ ирсэн. Бид нар эхээс тавуулаа. Би том ах нь. Манай дүү П.О отгон дүү маань байгаа юм. П.О нь 1984 онд Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн. Бага насандаа цэцэрлэгээр хүмүүжээгүй. Хөдөө аав ээжийн хамт мал дээр өссөн. Нэгдүгээр ангид *** суманд ороод 8 дугаар анги төгссөн. Бүрэн бус дунд боловсролтой. 2003 онд Улаанбаатар хотод 013 дугаар ангид 1 жилийн цэргийн алба хаасан. 2004 онд цэргээс халагдаж ирээд мал дээр аав, ээжийн хамт мал малладаг байсан. 2007 онд эхнэр Х-тай гэр бүл болж 4 хүүхэдтэй, Өвөрхангай аймгийн ***сумын *** дугаар багт амьдардаг байсан. Одоо ч *** сумын *** дугаар баг *** гэх газарт амьдарч байна. Найз нөхөдтэйгөө хааяа архи дарс уучихдаг явж л байдаг юм. Агсан согтуу тавиад байгаа зүйл харагддаггүй. Архи уусан үед ийм тийм зан ааш гаргалаа гэж дуулдаад байдаггүй юм. Гайгүй л байх гэж бодож байна. Миний хажууд тэр бүр архи дарс уугаад байдаггүй. Найз нөхөдтэйгөө архи ууж байгаа дуулддаг боловч янз бүрийн ааш гаргаж байгаа талаар сонсогдож байгаагүй. Аав П 2013 онд нас барсан, ээж М *** сумын *** дугаар багт амьдардаг. *** настай. Миний дүү П.О нь *** сумын 10 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Одоо *** суманд оршин суудаг Г, М нартай нөхөрлөдөг юм ... гэх мэдүүлэг /1хх-ийн 166-167 хуудас/,
Гэрч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг *** гэх газраас сумын төв орж МАН-н хуралд оролцохоор 20 цагийн үед ирсэн. Намайг ирснээс хойш удалгүй МАН-н хурал эхэлсэн. Би тухайн хуралд оролцсон. Хурал сумын соёлын төвд болсон. Хурал үргэлжлээд 23 цагийн үед тарсан. Хурлаас гараад М гэх айлд ортол М эхнэртэйгээ Ш эхнэртэйгээ, П.О эхнэртэйгээ сууцгааж байсан. Би гэрт орж хүмүүстэй мэнд мэдээд сууж байтал М 0.5 литрийн Gold нэртэй архи гаргаж ирсэн. Тэр архиа задлаад тойруулсан. Би тэр архинаас 2 хундага уучихаад гараад МАН-н байр луу явсан. Удалгүй гишүүд яваад би гэр лүүгээ буцсан. Гэрт ороход П.О-ыг юм уучихсан юм уу гэж харсан. М зүгээр байсан. Эхнэрүүд нь юм уусан эсэхийг мэдэхгүй байна. Би М-н гэрээс хэдэн цагт гарсныг мэдэхгүй байна. Цаг хараагүй. Тэр айлд 10 орчим минут болсон. Намайг хуралд орох гээд байж байхад соёлын төвийн гадаа П.О таараад мэнд мэдэхэд жаахан архи үнэртэж байсан. Хуралд орсон эсэхийг би мэдэхгүй байна. Би П.О-ыг танихаас цаашгүй. Хааяа таарахаар архи уучихсан явж байдаг. Уухаараа авиртай юм шиг харагддаг. Намайг гэрт ороход ямар нэг сэдвээр яриагүй. Намайг гараад явахад П.О явъя гээд араас гарч ирээд би хойшоо явсан. Хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /1хх-ийн 176-177 хуудас/,
Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би тухайн өдөр өглөөгүүр гэртээ байж байгаад 18 цагийн үед Өвөрхангай аймгийн *** сум руу МАН-н гишүүдтэй уулзах хуралд суух гэж яваад 19 цаг өнгөрч байхад сумын төв ороод эгч У-ийн гэрт ус авч өгчихөөд 20 цаг болж байхад соёлын төвд очсон. Соёлын төвд хуралд сууж байхад манай хүү Ө уйлаад байхаар нь аав Г-т нь өгөөд гаргасан. Би хуралд сууж байгаад 22 цаг өнгөрч байхад хурал тараад гарч ирж нөхөр хүүхэдтэйгээ машиндаа хүмүүс явж шингэрэхийг хүлээж сууж байгаад хүн багасахаар нь хөдлөөд дэлгүүр ороод колонк орсон. Тэгээд П.О-ын хадмын гадаа байж байсан чинь О-ийн утас руу Х залгаад П.О хүн өшиглөчихлөө гэж ярьсан. Тэгээд Г, М, О нар яваад би үлдсэн. П.О, Б.Б нарыг нэг нутгийн хүмүүс учраас танина. Тэд нарыг хуралд суусан эсэхийг би мэдэхгүй. Урдуур сууж байсан болохоор анзаарч хараагүй. Хүн ихтэй байсан. Би хүүхдээ авах гээд М-н үүдэнд очиход тэднийхээс гарч байгаа харагдсан, уулзаагүй ... гэх мэдүүлэг /1хх-ийн 208-209 хуудас/,
Гэрч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Тухайн өдөр би хөдөө байж байгаад орой 19 цаг 40 минутын үед *** сумын төв рүү орсон. Би мал эмнэлэг дээр 3 хүн буулгаад соёлын төв дээр очиход гадаа нь хэсэг хүмүүс бас туг барьсан хүмүүс байсан. Тэгээд би соёлын төв рүү ороход хурал нь эхлээгүй байхаар нь хүүхэдтэйгээ гадагш гарсан. Тэгээд би соёлын төвийн хажуугаар хүүхдээ харж явж байгаад гэгээ тасраад харанхуй болоход 22 цагийн орчимд М-н гэрт орсон. Намайг ороход М, О, Ш, О, П.О, Ц буюу Х, Ц нар нэг шар шилтэй 0.5 литрийн архи уугаад дуусаж байсан. Тэгээд надад М архи хийж өгөхөөр нь амсчихаад гарсан. Тэгээд би гадуур хүүхдээ харж байгаад эхнэрийг хурлаас гарч ирэхээр нь хүмүүс явахыг хүлээж байгаад бензин аваад М-тай хамт хөдөө явах гэж байсан чинь О лүү Х утсаар яриад П.О хүн өшиглөчихсөн чинь босохгүй байна гэж хэлэхээр нь хэдүүлээ очъё гээд Ардчилсан намын байран дээр очсон. Очиход сая өнгөрдөг Б гуай сандал дээр суучихсан эмч Э ирсэн байсан. С гуай түшиж байгаад эмнэлэг рүү аваад явсан. Тэнд байсан С, Ц нар хоолой нь эвгүй болчихлоо гээд хоорондоо яриад байсан. Тэгээд Б.Б-ийг эмнэлэг рүү аваад явахаар нь араас нь эмнэлгийн гадаа ирсэн. Тэгээд байж байтал эхнэр Б дугуй хагарчихлаа гэхээр нь мал эмнэлгийн тэнд очиж жаахан байж байгаад эмнэлэг дээр ирсэн чинь гадаа байсан хүмүүс яваад өгсөн байсан. Би Б гэдэг айлд очиж хоноод өглөө нь 06 цагийн орчимд М, О 2 цагдаагийн үүдэнд хүрээд ир гэхээр нь очсон чинь М Х нар цагдаагийн байрны гаднаас зүүн тийш хөдөлж байхаар нь зогсоочихоод Х хөдөө яваад Х ахыг аваад ирье гэхээр нь цуг суугаад явсан. Тэгээд Б гэх айлын гадаа очоод Х ах гэртээ байгаа юм уу гээд Х уйлаад байхаар нь юу болсон юм бэ гэж асуухад П.О-ын маргалдсан хүн нас барчихсан байна гэж хэлэхээр нь мэдсэн. Бид хоёр нэг машинтай явж байсан. Би Ардчилсан намын байрны гадаа П.О-тай уулзсан. Уулзахад Б.Б намайг Ардын намын угаадасны шавхруу долоочихоод юун сэхчихсэн юм гэж хэлэхээр нь өшиглөчихсөн гэж хэлж байсан. Жаахан халамцуу байсан. Их согтуу биш байсан. Би тэр хоёрыг өмнө нь маргаантай байсан эсэх талаар мэдэхгүй. Сонгуультай холбоотой зүйл яриагүй ... гэх мэдүүлэг /1хх-ийн 211-213 хуудас/,
Гэрч А.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2024 оны 6 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед Улаанбаатар хотоос эхнэр хүүхдүүдтэйгээ Өвөрхангай аймгийн *** суманд ирээд хадам аав, ээжтэйгээ уулзаад хоол цай идэж уугаад байж байсан. Хадам аав төв рүү ороод намын байраа цоожилчхоод ирнэ гээд явсан. Тэрнээс хойш удалгүй байж байтал манай эхнэр З-ийн утас дуугараад хүнтэй яриад байсан. Утсаа салгаад аав хүнд зодуулчихлаа гэнээ гэж хэлээд би хадам ээж Д-г аваад намын байрны урд ирсэн чинь Ардчилсан намын байрны урд сандал дээр царай нь хар хөх болчихсон байдалтай сууж байсан амьсгалж чадахгүй байсан. Хадам ээж намайг хурдан яваад эмч дууд гэж хэлсэн. Би яваад Э гэж эмчийг гэрээс нь авч ирсэн. Намайг эмч аваад үзчихээд эмнэлэг рүү аваад явна гээд бид нар эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд эмнэлэг дээр эмчилгээ үйлчилгээ хийгээд байсан. Намайг хадав аавын гэрт байх үед манай эхнэр З-аас аав хүнд зодуулчихлаа гэж хэлсэн байсан. Надад нэр усыг нь хэлээгүй. Би тухайн үед болсон асуудлын талаар сайн мэдээгүй зүгээр хоорондоо маргалдсан л байх гэж бодсон. Манай хадам аав намын байрны урд царай нь сонин болчихсон сууж байсан нэг цэнхэр дээлтэй танихгүй залуу нэлээн зайтай зогсож байсан. Өөр хэн хэн байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Намайг тухайн үед очих үед цус гарсан зүйл харагдаагүй. Эмнэлэг дээр очих үед хоолой нь хүрэн болчихсон байсан. Өөр зүйл ажиглагдаагүй. Би П.О гэх хүнийг танихгүй урьд нь харж байгаагүй. Б.Б, П.О нар нь урьд нь хэрүүл маргаан хийж байсан эсэх талаар би мэдэхгүй ... гэх мэдүүлэг /1хх-ийн 215 хуудас/,
Гэрч Б.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2024 оны 6 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед С гэх хүн утсаар залгаад Б.Б ах хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Би тэр тухайгаа ээж С.Д, нөхөр О нарт хэлсэн чинь юу яриад байгаа юм бэ гэж хэлээд гараад явсан. Би гэртээ хоёр хүүхдээ хараад үлдсэн. Удалгүй манай нөхөр над руу залгаад очиж авна гээд ирж аваад эмнэлэг рүү очсон. Намайг эмнэлэг дээр ирэх үед манай аавын царай нь хар хүрэн болчихсон эмч нар эмчилгээ хийгээд байж байсан. С Ардчилсан намын байранд байж байх хугацаанд намын байрны урд Б.Б ах хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Надад нэр усыг нь хэлээгүй би тэр талаар асуугаагүй. Миний харснаар царай нь хар хүрэн өнгөтэй болсон байсан. Бусдыг нь би сайн хараагүй. Би П.О гэх хүнийг танихгүй урьд нь харж байгаагүй. Б.Б, П.О нар нь урьд нь хэрүүл маргаан хийж байсан эсэх талаар би мэдэхгүй ... гэх мэдүүлэг /1хх-ийн 217 хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Талийгаачид учирсан ховч яс, бамбай мөгөөрсний хугарал, дууны хөвч, хүзүүний зүүн хажуу, урд булчин, зүүн гүрээний тараагуур судасны ханын цус хуралт ба рефлексийн бүсийн гэмтэл нь ямар ч тохиолдолд амь насыг аврах боломжгүй, бусад аль ч шатны эмнэлэгт тусламж үзүүлсэн амь насыг аврах боломжгүй гэмтлүүд юм ... гэх мэдүүлэг /2хх-ийн 93-94 хуудас/,
2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн цогцост үзлэг хийсэн ... 172 см урт толгойд 8 см буурал орсон, хүрэн бор өнгийн үстэй, биеийн хөгжил зөв, өөхөн эдийн хөгжил сайтай, 54 настай гэх эрэгтэй хүний цогцос байв. 2 нүдний зовхи аниастай, хүүхэн хараа жигд өргөссөн, эвэрлэг тунгалаг, зовхины салст улаан ягаан өнгөтэй, хамрын яс мөгөөрс тэмтрэлтээр бүтэн, 2 чихний дэлбэн бүтэн, ам хаалттай, уруул хөхөлбий, завжны салст хөхөлбөр ягаан, үзэгдэх шүд бүрэн, чихний хөндийгөөс гарсан зүйлгүй, амны хөндийгөөс бор саарал өнгийн зүйл урсан гарна, цээж хэвлийн хэлбэр зөв, цогцос хөрсөн, хөшилт биеийн бүх булчинд тод үүссэн, цогцсын толбо биеийн ар нуруугаар тод үүссэн, дарахад цайж 14 секундийн дараа эргэж хивэндээ орно. Хүзүүний дунд урд хэсэгт 3х1 см талбайд улаан хүрэн өнгийн зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт 0.5х0.3, 0.3х0.8, 1.5х0.3, 1х0.4, 0.5х0.3, доод хэсэгт 0.5х0.4, баруун чихний дэлбэнгийн дотор дунд хэсэгт 0.5х0.2, ар дунд 0.7х0.5, доод хэсэгт 0.3х0.2см хаталт үүссэн хүрэн улаан өнгийн шархнуудтай, баруун бугалгын гадна дээд хэсэгт 1 ширхэг, зүүн сарвууны гадна хэсэгт 1 ширхэг зүүний хатгалтын оромнуудтай. 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг 44 минутын байдлаар нас бараад 6-8 цаг болж байх боломжтой ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 22-26 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 79 дугаартай ... Талийгаач Б.Б-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр бамбай мөгөөрсний хугарал, ховч ясны хугарал, дууны хөвч, хүзүүний зүүн хажуугийн булчин, зүүн гүрээний артерийн салстад цус хуралт, хоолойн урд хэсгийн булчинд цус харвалт, баруун, зүүн чиний дэлбэнд шарх хүзүүний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд, талийгаачийг амьд ахуйд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.20, 4.1.11-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цогцост хийсэн гадна үзлэгээр 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг 44 минутын байдлаар нас бараад 6-8 цаг болсон байх боломжтой. Талийгаач Б.Б нь рефлексийн бүсийн гэмтлүүдийн улмаас амьсгал дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн цус, ходоодны шингэн, шээсэнд спиртийн агууламж илрээгүй ... гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 220-236 хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2112 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмдөнд 15мм хэмжээтэй, татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт байна. Хар өнгийн өмдөнд үүссэн ханзралт хэдэн удаагийн үйлчлэлээр, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй ... гэх шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 02-03 хуудас/,
Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 891 дугаартай ... 2024 оны 7 дугаар сарын 17-ны Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 79 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Амь хохирогч Б.Б-ийн ховч яс, бамбай мөгөөрсний хугарал, дууны хөвч, хүзүүний зүүн хажуу, урд булчин, зүүн гүрээний тараагуур судасны хананд цус хуралт, хоёр чихний дэлбэнд шарх, хүзүүнд гэмтлүүд учирчээ. Дээрх ховч яс, бамбай мөгөөрсний хугарал, дууны хөвч, хүзүүний зүүн хажуу, урд булчин, зүүн гүрээний артерийн судасны цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.11, 4.1.20-д зааснаар хохирлын хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх үхэлд хүргэсэн гэмтэл нь хүзүүн тус газарт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүснэ. Эдгээр гэмтлүүд нь амьддаа үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг 44 минутын цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд нас бараад 6-8 цаг болсон байжээ. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Амь хохирогч нь ховч яс, бамбай мөгөөрсний хугарал, дууны хөвч, хүзүүний зүүн хажуу, урд булчин, зүүн гүрээний тараагуур судасны хананы цус хуралтаас рефлексийн бүсийн гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ ... гэх шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 79-85 хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Прокуророос *** овгийн П.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9, 2.14-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.14-т заасан үзэл бодлоор нь үзэн ядаж хохирогч Б.Б-ийг алсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн П.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-д зааснаар хохирогч Б.Б-ийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар хангалттай хүрэлцэхүйц нотлогдон тогтоогдоогүй, нотлох баримтад үндэслэсэн байх, хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтоох талаар хуульд заасан шаардлагыг хангаагүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.О нь тухайн нөхцөл байдалд үүссэн хоорондын таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Б-ийг алсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иймд прокуророос шүүгдэгч *** овгийн П.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9, 2.14-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм буруугийн хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-т анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 82 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
а/. 1 дэх заалтыг бүхэлд нь “Шүүгдэгч *** овгийн П.О-т холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9, 2.14-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж,
б/. 2 дахь заалтыг бүхэлд нь “*** овгийн П.О-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
в/. 3 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овгийн П.О-ыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,
г/. 4 дэх заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-т оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 82 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ