Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01547

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.М нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00917 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.М хариуцагч С холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 127 924 384 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигч талуудаас талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагч Г.С, түүний өмгөөлөгч Ү.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Л.Мөнхтулга нь 2018 оны 07 сард Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумбагранд хотхон, Туул гол гудамж, 32 дугаар байр, 12 тоот хаягт байрлах 156 м.кв талбай бүхий орон сууцыг хамаатан Д.Мөнхболдын эхнэрийн төрсөн эгчийн хүү Г.С 1 м.кв-ыг 1 550 000 төгрөгөөр, мөн 2 ширхэг авто машины дулаан зогсоолын хамт нийт 241 800 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Энэ үед Д.Мөнхболд хамт байсан гэрээг бичгээр байгуулаагүй. Харин дараа нь буюу 2018 оны 09 сарын 14-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ипотекийн 8 хувийн зээлд хамрагдахын тулд орон сууцны м.кв-ыг багасгасан байдлаар гэрээг хийсэн. Г.Сэр-Од нь 8 хувийн ипотекийн зээлд хамрагдаагүй.

2018 оны 08 сарын 06-ны өдрөөс 2018 оны 11 сарын 16-ны өдрийг хүртэл нийт 137 200 000 төгрөг өгсөн. Гэвч үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Сэр-Одын нэр дээр шилжүүлснээс хойш үлдэгдэл төлбөр болох 104 600 000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй. Мөн тэрхүү байрыг 2 сарын өмнөөс хүмүүст түрээслүүлэн ашиг олж байна. 2019 оны 08 сарын 22-ны өдөр Л.Мөнхтулга үлдэгдэл мөнгөө авахаар Г.Сэр-Одын аав Д.Ганбатын гэрт очтол гэрээс гар гэж хөөн, мөнгөө авч чадахгүй байснаас үүдэн маргаан үүсэж Д.Ганбатын биед хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Д.Ганбат нь мэдүүлэхдээ ...одоо үлдэгдэл 90 000 000 төгрөгийг н.Тулгад өгөх ёстой... хэмээн дурдсан байдаг.

Мөн шинээр Хан-Уул дүүрэг Хүннү 2222 хотхонд нийт 347 598 500 төгрөгөөр 117.83 м.кв талбайтай байр худалдан авахаар болсон. Үүнээсээ 264 000 000 төгрөг төлж үлдэгдэл 83 598 500 төгрөгийг төлөөгүй. Гэвч төлбөрөө төлж дуусаагүй учир энэхүү байрыг өөрийн нэр дээр шилжүүлж чадахгүй байгаа. Г.Сэр-Од нь худалдан авсан байрны төлбөрөө бүрэн өгөөгүйгээс үүдэн мөнгөгүй болсон тул шинэ орсон байрныхаа банкны зээлийг төлөхийн тулд 2018 оны 11 сарын 16-ны өдөр Их гифт финанс ББСБ ХХК-д Хан-Уул дүүрэг, Зайсангийн гудамж, 25/3-р байрны 3 тоот хаягт байрлах 208.4 м.кв талбай бүхий хувийн орон сууцаа барьцаанд тавьж сарын 3.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар 50 000 000 төгрөг зээлсэн. 2019 оны 11 сарын байдлаар зээлийн хүү 21 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2 324 384 төгрөг, нийт 23 324 384 төгрөг болсон байсан. Иймд хариуцагчаас байрны үлдэгдэл төлбөр 104 600 000 төгрөг болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 23 324 384 төгрөг, нийт 127 924 384 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Л.Мөнхтулгаас 2018 оны 09 сард Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 32-р байрны 12а тоот хаягт байрлалтай 77 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, 12 тоот хаягт байрлалтай 79 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын 12, 13 тоотод байрлах нийт 30 м.кв талбай бүхий авто зогсоолыг нийт 230 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. 30 хувь болох 69 000 000 төгрөгийг төлөх, үлдэх мөнгийг ипотекийн 8 хувийн зээл авч төлөхөөр тохиролцсон. Харин Л.Мөнхтулга надад нийт 4 өрөө 154 м.кв талбай бүхий орон сууцаа ББСБ-д барьцаалж зээл авсан байсан учраас барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлт тавьсан. Л.М хүсэлтийн дагуу байрыг барьцаалсан ББСБ-ын зээлийн барьцаанаас чөлөөлөхийн тулд нийт 87 200 000 төгрөгийг Л.Мөнхтулгад төлсөн. Нийт 4 өрөө 154 м.кв талбай бүхий орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт 77 м.кв болон 79 м.кв орон сууц болгон гэрчилгээ гаргуулах зорилгоор нийт 15 000 000 төгрөгийн засварыг хийсэн. 2018 оны 09 сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Л.Мөнхтулга татварт бага мөнгө төлөхийн тулд үнийн дүнг бууруулан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Банк хуучин байр гэсэн үндэслэлээр 8 хувийн зээл олгохоос татгалзсан. Энэ талаар миний бие даруй мэдэгдэж, үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй байгаа талаар хэлэхэд Л.Мөнхтулга энэ нөхцөл байдлыг огт анхаарч үзэлгүй, харилцан тохиролцсон байдлаа умартан мөнгөө нэхэж эхэлсэн. Миний бие аргагүйн эрхэнд 79 м.кв байраа барьцаалан ББСБ-аас 50 000 000 төгрөгийн зээл авч Л.Мөнхтулгад өгсөн. Л.Мөнхтулга бас л мөнгөө нэхэн 2019 оны 08 сард миний ээж аавыг гэртээ байхад нь ирж зодон гэмтэл учруулж улмаар анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэн гэм буруутайд тооцогдон торгуулан ял хүлээсэн. Худалдах, худалдан авах гэрээнээс болих, өгсөн авснаа буцаах тухай ярихад миний төлсөн 137 200 000 төгрөгийг бүрэн буцааж өгөхгүй бууруулан 130 000 000 төгрөгийг өгнө гэж зүтгэж эхэлсэн. Миний бие засварын 15 000 000 төгрөг, ББСБ-д сар бүр төлж буй хүү 1 750 000 төгрөг, ашиглалтын зардалд төлж байгаа мөнгө зэргийг нийт төлсөн 137 200 000 төгрөг дээрээ нэмж тооцоогүй бөгөөд зөвхөн хүлээлгэн өгсөн мөнгөө буцаан авахаа хэлсэн. Одоо миний бие төлбөрийн үлдэгдэл 92 800 000 төгрөгийг Г.С төлөх саналтай байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Сэр-Одоос 104 462 192 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Мөнхтулгад олгож, үлдэх 23 462 192 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 797 572 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Сэр-Одоос улсын тэмдэгтийн хураамжид 680 260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Шүүх хариуцагчаас 23 324 384 төгрөгийн хохирлын 50 хувийг гаргуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа буюу үлдэгдэл 11 662 192 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан хохирлын 50 хувь болох 11 662 192 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Г.Сэр-Одоос хохирол 11 662 192 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь анх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, хэдэн төгрөгөөр тооцох, хэрхэн яаж төлбөрийг төлөх тухайд бүгдийг шүүхэд үнэн зөвөөр мэдүүлсэн, харин Л.Мөнхтулга шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө өөрөө гэрээнээсээ татгалзаж, төлсөн мөнгийг өгөлгүй удаасан, мөн байрыг суллаж өгөхийг шаардсан учир чөлөөлж өгсөн зэргийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 11 662 192 төгрөгийг хассан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Л.Мөнхтулга нь хариуцагч Г.С холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 127 924 384 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан тайлбараа хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагаас 92 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэжээ. /хх 1-3, 38-40, 87-88/

 

Зохигчид 2018 оны 08 сард орон сууц худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулж, хариуцагч Г.Сэр-Од нь нэхэмжлэгч Л.М өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Бумбагранд хотхон, Туул гол гудамж, 32 дугаар байр, 12 тоот хаягт байршилтай 156 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг мөн хаягт байршилтай зоорийн давхрын 12, 13 тоот авто зогсоолын хамт худалдан авахаар харилцан тохиролцсон, худалдан авагчийн зүгээс худалдагч Л.Мөнхтулгад нийт 137 200 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байх ба энэ талаар маргаагүй. Харин уг гэрээний үнийн дүнг нэхэмжлэгч нь 241 800 000 төгрөг гэж, хариуцагч нь 230 000 000 төгрөг гэж харилцан адилгүй тайлбарласнаар гэрээний үнийн дүнгийн хэмжээ маргааны гол зүйл болсон байна.

 

Хэргийн 22 26 дахь талд авагдсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/681 тоот тогтоолын тодорхойлох хэсэгт тусгагдсан ....Г.Сэр-Одын эцэг хохирогч Д.Ганбат нь ...одоо үлдэгдэл 90.0 сая төгрөгийг Тулгад өгөх ёстой... гэсэн мэдүүлгийг Л.Мөнхтулга нь нэхэмжлэлдээ иш татсан байх тул орон сууц, авто зогсоолуудыг нийт 230 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон, үлдэгдэл 92 800 000 төгрөг байгаа гэсэн агуулга бүхий хариуцагч талын тайлбарыг үнэн зөв гэж үзлээ.

 

Гэрээний зүйл болох орон сууц, авто зогсоолууд 2018 оны 09 сарын 14-ний өдөр Л.М өмчлөлөөс Г.Сэр-Одын өмчлөлд шилжсэн байна /хх 15/. Өөрөөр хэлбэл талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй ч худалдан авагч нь худалдагч талд гэрээний үнийн тодорхой хэсгийг шилжүүлсэн, худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар болон эрхийн хувьд худалдан авагчид шилжүүлсэн нь тогтоогдсон тул гэрээ хэрэгжсэн гэж үзэхээр байна.

 

Талууд гэрээний үлдэгдэл төлбөрийг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар тохиролцсон нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан ...2019 оны 08 сарын 22-ны өдөр Л.Мөнхтулга би үлдэгдэл мөнгөө авахаар Г.Сэр-Одын аав Д.Ганбатын гэрт очтол... гэсэн тайлбар, хариуцагчийн хариу тайлбартаа дурдсан ...Л.Мөнхтулга бас л мөнгөө нэхэн 2019 оны 08 сард миний ээж аавыг гэртээ байхад нь ирж... гэсэн тайлбар зэргээс дүгнэхэд худалдагч нь худалдан авагч талаас 2019 оны 08 сарын 22-ны өдөр үлдэгдэл төлбөрөө шаардсан гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч Г.Сэр-Од үлдэгдэл төлбөрийг 2019 оны 09 сарын 02-ны өдөр төлөх үүргийг хүлээнэ хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Л.Мөнхтулга нь 2018 оны 11 сарын 16-ны өдөр Их гифт финанс ББСБ ХХК-аас 50 000 000 төгрөгийн зээл авч 2019 оны 11 сарын 16-ны өдрийн байдлаар 21 000 000 төгрөгийн зээлийн хүү, 2 324 384 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлжээ. /хх 9-10, 13/ Иймд худалдан авагч Г.С худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг үүсэхээс өмнө худалдагч Л.Мөнхтулга нь бусдаас зээл авсан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч Г.Сэр-Од нь нэхэмжлэгч Л.М зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн төлбөрийг хариуцах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн 347 598 500 төгрөгөөр орон сууц авах, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах нь нэхэмжлэгч Л.М өөрийн сонголт бөгөөд түүний хийсэн сонголтын өмнөөс Г.С хариуцлага хүлээлгэх нь зүйд нийцэхгүй. Банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нь зээлдэгч Л.М үүрэг юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00917 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...104 462 192... гэснийг ...92 800 000... гэж, ...23 462 192... гэснийг ...35 124 384... гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...680 260... гэснийг ...621 950... гэж тус тус өөрчилж, ...56.1... гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Сэр-Одоос гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амундрагаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Сэр-Одоос давж заалдах гомдол гаргахдаа 2020 оны 05 сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амундрагаас давж заалдах гомдол гаргахдаа 2020 оны 05 сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.НЯМБАЗАР