Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 287

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

          улсын яллагч Г.Эрдэнэ,

          хохирогч, шүүгдэгч Ю.М, М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т овогт Ю.М, Б овогт М.Г нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0406 60150 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1. Монгол улсын иргэн, Ю.М

          2. Монгол улсын иргэн, М.Г

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Ю.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бамбино” нэртэй паабад М.Гг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт ,

   М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бамбино” нэртэй паабад Ю.Мг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.М мэдүүлэхдээ: Хэргийн талаар  ярих зүйлгүй гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч  М.Г мэдүүлэхдээ: Хэргийн талаар  ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.М мэдүүлэхдээ: Би Ганчимэгт гэмтэл учруулаагүй тул энэ гэмтлийг дахин шалгуулмаар байна. Нэхэмжлэх  зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ: Би хувиараа ажил эрхэлж гадаад улс руу явдаг. Гомдол саналгүй, нэхэмжилэх зүйлгүй гэв.

        Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн байцаалтад хохирогч М.Г: …Би 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн үед найз Хишигдаваагийн хамт ороод 0.5 граммтай “Хар Чингис” уугаад сууцгаасан юм. Ингээд 18 цагийн үед найз Ю.М /88986622/ дуудсан. Бид хоёр нэг сургуульд хамт багшилж байсан юм. Ю.М ирээд түрүүнд авсан архи хувааж уугаад Ю.М бид хоёр хоорондоо жаахан маргалдсан. Тэгтэл Ю.М намайг “Бамбино” дотор нүүрийг маажиж, газар унагааж толгой хэсэг рүү өшиглөсөн. Цээжин хэсэг хумсаараа маажиж гэмтээсэн, мөн үснээс татаж чирсэн. Мөн манай найз эмэгтэй Хишигдавааг цохиж зодож гэмтээсэн. Би тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа нар дагаад яв гэж хэлчихээд хаяад явчихсан юм. Би нөхөр рүүгээ залгаад ирээд аваадах гэж хэлээд гэртээ хүргүүлээд гэртээ очиж байгаад цагдаагийн байгууллагад ирж өргөдөл өгч байна. Дух хавдсан, нүүр хэсэг зулгарч гэмтсэн, хүзүү болон цээжин хэсэг, гар зулгарч шалбарч гэмтсэн. Одоо толгой маш их хөндүүрлэж өвдөөд байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү… гэх мэдүүлэг /хх-н 10-12 дугаар тал/,

          Мөрдөн байцаалтанд хохирогч Ю.М: …Би 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагийн орчим сургууль дээрээ хичээлтэй байж байтал миний найз М.Г 96960429 дугаараасаа над руу залгаж чи хаана байна аа сургууль дээрээ байгаа бол баруун талынхаа “Бамбино”-д хүрээд ир, би найзтайгаа хамт байна гэсэн. Яг тэр үед нь хичээлтэй байсан болохоор цаг зав гарч өгөлгүй байсаар 18:30 цагийн орчим зав гараад түүний хэлсэн “Бамбино” руу орсон чинь М.Г миний хальт таньдаг Хишигдаваатай хамт дундаа 1 шил архи авчихсан нилээн халамцуу болчихсон сууж байсан. Ингээд би тэр хоёртой хамт суугаад ойр зуур юм ярьж, нөгөө архийг нь ууж дууссан. Намайг ороход нөгөө архи нь талаасаа доогуур болчихсон байсан бөгөөд би ч нэг их уугаагүй байхад архи дуусчихсан. Тэр үед М.Г надад хэлэхдээ би 2-3 хоног үргэлжлүүлж уусан, би дайлна аа чамайг гэсэн утгатай юм ярьж байснаа архи дуусаад баарны тооцооны хуудас ирсэн чинь мөнгө төгрөггүй болоод явчихаар нь уур хүрээд та нар юу яриад байгаа юм бэ, хүн ажилтай байхад дуудаж ирүүлчихээд гэсэн утгатай юм ярьсан чинь нөгөө Хишигдаваа нь гэнэт над руу хандаж чи Баттулга багштайгаа нийлж мөнгө авсан биз дээ гэхээр нь чи юун мөнгө төгрөг яриад байгаа юм, тийм юм бол Баттулгыг чинь дуудаж асууя гээд утсаараа нэг сургуульд багшилдаг Баттулга руу залгаад завтай байвал “Бамбино” руу ороод ирээч гэсэн. Тэгтэл хажууд сууж байсан М.Г босч яваад гэнэт над руу ирээд миний үснээс зулгааж доошоо дараад элдвээр хэлж чи хүнтэй суугаагүй, хүүхэд гаргаагүй биз дээ гэх мэтээр орилж доромжлоод байхаар нь чи арай ч дээ найз байж ийм зүйл хэлээд байхдаа яах вэ дээ гээд гомдоод уйлсан чинь М.Г намайг орхиод цаашаа явж байгаад хажуу талын ширээ мөргөөд уначихсан. Тэгээд босч ирэхдээ дух нь хавдчихсан, босч ирээд чи намайг зодлоо гээд хашгираад байсан чинь тэнд байсан хүмүүс чи өөрөө ширээ мөргөж унасан биз дээ гэж байх хооронд гаднаас Баттулга орж ирэхээр нь түүнд хандаж энэ хоёр чи бид хоёрыг мөнгө төгрөг авсан энэ тэр гээд байна гэсэн чинь Хишигдаваа би худлаа ярьсан юм аа гэхээр нь би уурлаад та нар ямар учиртай юм бэ гэсэн утгатай юм гэж хэлээд Баттулгыг дагуулаад гарах гэтэл М.Г гаргахгүй байсан бөгөөд энэ үед араас Хишигдаваа нь ирээд үснээс татаж зулгаагаад доош суулгатал тэнд байсан хүмүүс ирээд салгаж авсан. Тэгж байж арай гэж салаад Баттулга бид хоёр гараад гэр рүүгээ явцгаасан. Тэгээд маргааш өдөр нь над руу М.Г залгаад чи намайг аймаар зодсон байна гэхээр нь чи юу яриад байгаа юм, өөрөө явж байгаад ширээ рүү уначихсан шүү дээ гэсэн чинь эгч нь гэх хүн утсыг нь аваад намайг хэлэх хэлэхгүйгээр загнаад цагдаад өгнө гээд байсан. Түүнээс хойш би ч юм бодоогүй явж байтал цагдаагаас байцаагч дуудаад байхаар нь хүрээд иртэл М.Г надад зодуулсан гээд өргөдөл гаргасан байхаар нь би мөн адил зодуулсан гэдгээ хэлж шүүх эмнэлгийн тогтоол гаргуулж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би уг нь айхтар сүртэй юм бодоогүй яваад байсан чинь М.Г өөрийг нь намайг зодсон мэтээр өргөдөл гаргаж өгсөн байсан. Бид гэмгүй сайхан найзууд учраас урьд нь муудалцаж байсан зүйл огт байхгүй. Би М.Г тэй уулзаагүй бараг 1 жил болж байна. Надад учирсан уг гэмтлийг М.Г намайг өшиглөж зодох явцдаа учруулсан. Хишигдаваа бол сүүлд намайг гарах гэж байхад араас ирж үснээс зулгааж хойш суулгасан бөгөөд өшиглөсөн, цохисон зүйл байхгүй. Уг нь тухайн үед надад энэ гэмтлээс өөр тархи хөдөлсөн байсан бөгөөд би хувиараа гадуур явж эмчлүүлсэн. Миний зүгээс Хишигдаваа, М.Г нарт үнэхээр гомдолтой байна. М.Гт зодуулснаас болж тархины томографын шинжилгээ хийлгэсэн 500.000 төгрөгөө нэхэмжлэх болно…гэх мэдүүлэг /хх-ийн 13-18 дугаар тал/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Баяржаргалын: …Тэр өдөр намайг ажил дээрээ байж байтал үдээс хойш 16:00 цагийн орчим гаднаас нилээн халамцуу согтуу бололтой 40 орчим насны 2 эмэгтэй орж ирээд яг миний ажилладаг текний урд талын ширээн дээр сууж 1 шил архи, 2 ус захиалан авч ууж эхэлсэн. Ингэж байгаад хэсэг хугацааны дараа гаднаас манай хажуу талын Их Засаг Олон Улсын Их Сургуулийн багшаар ажилладаг Ю.М гэдэг эгч орж ирээд тэр хоёртой хамт суусан. Тэгж байгаад нөгөө авсан архи нь дууссан бололтой тооцоогоо авъя гээд нөгөө анх согтуу орж ирсэн 2 эгчийн нэг нь хэлэхээр нь тэдний тооцоо болох 40.000 орчим төгрөгийн тооцооны хуудсыг тэдэн дээр аваачиж өгсөн чинь нөгөө эгч чинь Ю.М эгч рүү хандаж чи энэ тооцоог төл гэсэн чинь Ю.М нь уурлаад би яалаа гэж та нарын уусан архины мөнгийг төлөх ёстой юм гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Гэтэл нөгөө танихгүй согтуу эгч гэнэт Ю.М ийн үснээс зулгаагаад эхэлсэн чинь Ю.М нь чи зүгээр бай л даа гэж байснаа хоорондоо ноцолдоод эхлэхээр нь би дундуур нь ороод та нар болиоч гэсэн. Тэр эгч намайг өшиглөөд зодох гээд дайраад байхаар нь би тэр хоёрыг орхичихсон чинь нэг хэсэг гайгүй болсноо дахин мөнгө төгрөгийн асуудал яриад буцаад маргаад эхлэхээр нь бид нар цагдаа дуудаж зохицуулсан бөгөөд хэсэг хугацааны дараа анх орж ирдэг эгчийн нөхөр нь бололтой эрэгтэй хүн хүрч ирээд авч явсан. Уг нь эхлээд зүв зүгээр сууж байснаа миний аваачиж өгсөн тооцоог Ю.Мийг хий гэснээс болж маргаан эхэлж сүүлдээ бие биенээ үстэлцээд, зууралдаад газарт унаад янз бүрийн л юм болж байгаа харагдсан. Эхэндээ нөгөө хамт ирсэн эгч нь зүгээр байснаа сүүлдээ тэр хоёр дээрээ очиж байгаа харагдсан. Ямар ч байсан тэгж байхдаа тэр согтуу эгч манай 1 ширээг мөргөөд унасан бөгөөд босч ирэхдээ дух  нь хавдчихсан байсан, миний хувьд өөрөө унасан уу, Ю.М нь түлхэж унагаасан уу гэдгийг сайн хараагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Хишигдаваагийн: …Би одоо санахдаа 2017 оны 11 дүгээр сарын 08-ны үед байх орой ажил тараад найз М.Гтэй тааралдаж ойрд уулзаагүй гээд хоолны газар орж хоол идэнгээ 100, 100 грамм архи уугаад харихаар гарсан. Ингээд гараад харих замдаа М.Г би ойрд Ю.Мтэй уулзсангүй, цаадах чинь намайг тоосонгүй энэ тэр гээд үг хаяаад байна лээ, хоёулаа замаар хальт уулзаад гарах уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэндээсээ шууд яваар Их Засаг Их Сургуулийн хажуу талын “Бамбино” гэдэг газар ороод Ю.М рүү залгаад хаана байгааг нь асуухад ажил дээрээ байна гэхээр нь түүнийг дуудахад хүлээх зуураа 1 шил архи бас бус зүйл аваад хүлээж байтал удалгүй гаднаас Ю.М орж ирсэн. Миний хувьд Ю.Мтэй урьд нь 1-2 удаа таарч байсан, түүнийг Их Засаг их сургуулийн багшаар ажилладаг талаар хальт мэддэг бөгөөд ойрын үед огт уулзаагүй. Тэгээд Ю.М орж ирээд надтай мэнд мэдээд М.Гтэй хавьд уулзаагүй гээд хоорондоо юм яриад байсан бөгөөд би ч нэг их ярианд нь оролцоогүй утсаараа оролдоод архиа л ууж байсан. Гэнэт л нөгөө архины тооцооноос болсон уу яасан М.Г нь би яахаараа тооцоо хийдэг юм, гэхэд нөгөөх нь чи өөрөө дуудаж ирүүлчихээд яагаад би төлөх ёстой юм гэсэн утгатай зүйл яриад хоорондоо маргаж Ю.М, М.Г хоёр босоод үсдэлцээд барилцаад хана мөргүүлээд газар унаад зодолдоод эхлэхээр нь би сандраад тэдэн дээр очиж Ю.Мийг үснээс нь татаж М.Гээс холдуулсан чинь над руу эргэж хараад үснээс зулгаагаад хана руу мөргүүлсэн чинь миний гар, толгой маш их өвдөж зөөгч өө эднийг салгаач ээ гэж орилсон. Тэрнээс хойш би тэр хоёрын хоорондох зодоонд нь оролцоогүй. Тэр хоёр л бужигналдаад байсан бөгөөд нэг их удалгүй зөөгч нар нь ирж салгасан. Ингээд харахад М.Гийн нүүр нь нэлэнхүйдээ улаан болоод өөрөө уйлчихсан би ч чи муу энергитэй хүн дээр авчирч ийм асуудал болголоо, ямар ч байсан нөхрөө дууд гээд дуудуулсан бөгөөд энэ үед ба тэд нарын найз гэх эрэгтэй хүн орж ирээд Ю.Мийг яаж байгаа юм гэхэд та өөрөө юу болсныг мэдэхгүй байж гээд байсан бөгөөд би ч тэр хүнд хандаж та наад хүнээ аваад гар, дахиж маргаж магадгүй гээд явуулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14045 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. М.М.Гийн биед тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, хүзүү, цээж, баруун шуу, баруун алга, баруун, зүүн өвдөгт цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, хүзүү, цээжинд зулгаралт, дух, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухйн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Шинжээч эмч Б.Долгормаа гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн нэмэлт материалаар хийсэн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 242 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Хохирогч Ю.Ю.Мийн 2017.11.29-ний өдөр Натур эмнэлгийн толгойн КТГ-н шинжилгээний дүгнэлтээр гавал яс, 2 нүдний ухархайн ясанд гэмтэлгүй, хамрын таславч хуучин мурийлттай, тархины эдэд голомтот болон бүтцийн өөрчлөлт тогтоогдоогүй байна. Тухайн үед хийсэн мэдрэлийн үзлэгээр тархи доргилтын шинжүүд илрээгүй байх тул КТГ-н хариунд илэрсэн тархины бор цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай гэсэн нь дангаараа тархины доргилт гэмтлийн шинж болохгүй.

2. Ю.Ю.Мийн биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Г.Энхбаатар гэх дүгнэлт /хх-ийн 72-73 дугаар тал/,

          - Шүүгдэгч Ю.Ю.Мийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54 дүгээр тал/

          - Шүүгдэгч Ю.Ю.Мийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/

          - Шүүгдэгч М.М.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/

          - Шүүгдэгч М.М.Гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар тал/,

            - Хохирогч М.М.Гийн хохирлын баримт /63-66 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ю.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бамбино” нэртэй паабад М.Гийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бамбино” нэртэй паабад Ю.М-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Ю.М, М.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч Ю.Мнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бамбино” нэртэй паабад М.М.Гийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч М.Гнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бамбино” нэртэй паабад Ю.Ю.Мийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ю.М, М.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Хохирогч М.Г нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байх боловч шүүгдэгч нар хэн алинаасаа хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэх тул одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Ю.М, М.Г нар нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч Ю.М, М.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч Ю.М, М.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

  1. Т овогт Ю.М, Б овогт М.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ю.М 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр,  М.Гийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ю.М, М.Гнар нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын дотор төлөхийг тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ю.М, М.Г нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ю.М, М.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Хохирогч Ю.М, М.Г нар нь учирсан хохирлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ю.М, М.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Шүүхийн шийтгэх тогтоолыг  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ю.М, М.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ