| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/05403/И |
| Дугаар | 192/ШШ2025/07063 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/07063
2025 09 10 192/ШШ2025/07063
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 25 дугаар хороо, **** дугаар хороолол, Хаппинесс таун, ***** дугаар байрны **** тоот хаягт оршин суух, Ч ургийн овогт Б овогтой А /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 25 дугаар хороо, **** дугаар хороолол, Хаппинесс таун, **** дугаар байрны ***** тоот хаягт оршин суух, Д ургийн овогт Аовогтой А /РД:*****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баясгалан, хариуцагч А.А оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбарт:
1.1. Миний бие А.А2014 оноос хамтран амьдарч, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулж, 2015 онд охин А.Ц, 2018 онд хүү А.Ц нар төрсөн. Бид үзэл бодол, хүмүүжил, зан аашийн ялгаатай байдлаас болж гэр бүлийн маргаантай, таарч тохирохгүй болсон. Нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би А.А хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулан, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бид дундаа хамтран өмчлөх Баянгол дүүргийн 25 дугаар хороо, **** дугаар хороолол, **** таун *** дугаар байрны **** тоот 3 өрөө орон сууцтай. Тус байрны үнэлгээ нь 230,000,000 төгрөг ба миний бие өөрт болон хоёр хүүхдэдээ ногдох 4 хуваасны 3-ыг гаргуулах хүсэлтэй байна.
1.2. Хамтын амьдралын хугацаанд би бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртдөг байсан. Одоо би гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээн, тэтгэлэг тогтоолгож гаргуулах, дундын эд хөрөнгийн хувьд: байраа өөрийн болон хүүхдүүдийнхээ өмчлөлд үлдээгээд, хариуцагчид ногдох хувийг гаргах хүсэлтэй байна. 2015-2020 он хүртэл би хүүхдээ хараад гэртээ суудаг байсан. Энэ үед хариуцагч нь намайг “надаар тэжээлгэдэг” гэдэг байсан. Одоо би барилгын компанид менежерээр ажилладаг. Ипотекийн зээлийг би төлөөд явж байгаа. Энэ хугацаанд А.А нэг удаа ч туслалцаа үзүүлээгүй. Харин энэ оны 06 дугаар сард хүүхдүүд аав дээрээ байх үед надаас хүүхдийн 100,000 төгрөгийн тэтгэмж, байрны ашиглалтын төлбөрийг нэхэж авч байсан. Хүүхдэдээ хэрэглээрэй гээд картанд нь хийсэн байсан 150,000 төгрөгийг хоослоод авсан байсан. Бүх юмаа хорьж цагдуулаад, бүх зүйлээ заалгаад байж чадахгүй. Анхнаасаа надад “би байраа авна” л гэж хэлж байсан. Тэрнээс биш хүүхдээ авна гэж байгаагүй. Хүүхдээс түрүүлээд ярьж байгаа зүйл нь байр байдаг. Би сүүлдээ өөрт нь “би хүүхдүүдээ авъя, чи байраа ав” гэж амыг нь дагуулж хэлж дуусгаж байсан удаатай.
Надад хариуцагч машин авч өгсөн гэж яриад байгаа. Би тэр машиныг нь заруулж идсэн зүйл байхгүй. Энэ байрны урьдчилгаанд л өгсөн. Пальто, булган шуба энэ ярианд хамаагүй гэж бодож байна. Үүнийг энд яриад байгааг ойлгохгүй байна. Би энэ хугацаанд хүүхдүүдээ харж энэ амьдралыг босголцсон. Би эцэг эхгүй айлын ганц хүүхэд болоод туслаж дэмжих хүнгүй болохоор буруутаж байгаа юмуу сайн мэдэхгүй байна. Туслахаар хамаатан садан байгаагүй нь миний буруу болсон юм шиг байгаа юм. Энэ хүн тэр байранд амьдраад, би зээлийг нь төлөөд байх утгагүй биз дээ. Хэд хоногийн өмнө 500,000 төгрөг өгснийг хүүхдүүдийн өдөр өнжүүлэхэд өгсөн. 100,000 төгрөг нь хүүхдийн жижиг сажиг хэрэгцээнд зарцуулахад дуусаж байгаа юм. Бид хоёрыг тусдаа амьдарч эхлэх үед дансанд нь арван хэдэн сая төгрөг байсан. Энэ талаар би дурсаагүй. Хүүхдүүдээ хувийн сургуульд оруулахаар хадгаламжийнх нь талаар асуухад идээд дуусгасан гэсэн болохоор хүүхдээ улсын сургуульд оруулсан. Хүүхдүүдийг нэг удаа авсан байж байгаад машинаа онхолдуулаад хүүхдүүдээ эрсдэлд оруулсан. Хүүхдэд юу ярьдгийг мэдэхгүй, аавтайгаа уулзаад ирэхдээ унжийгаад ирдэг. Манай охин бол мессеж бичиж хүнтэй харилцах дургүй гэдэг. Түүнээс биш би хорьж цагддаггүй. Надтай уулзахдаа хүртэл “би байраа авна” л гэдэг. Байрны төлөө хүүхдүүдээсээ татгалзаад эргэж харахгүй явна гэж байгаа хүнд би итгэж чадахгүй. Өмнөх шүүх хурал дууссаны дараа асууж байгаа зүйл нь байр. Аав ээжийнх нь гэж ярьж байгаа Голден паркийн байраа намайг ав гэж санал болгож л байсан. Хариуцагчийг хүүхдүүдтэйгээ сард нэг удаа уулзах журам тогтоох боломжтой...гэв.
1.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандаж, амжилтгүй болсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дундын эд хөрөнгө гаргуулахтай холбоотойгоор Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш бий болсон гэрлэгчдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болно. Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д заасны дагуу ногдох хэсгийг тодорхойлохдоо маргаантай байгаа учраас шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн. Хүүхдийг тэжээн тэтгэх, өсгөж хүмүүжүүлэх үүрэг нь гэрлэгчдэд хэн алинд нь тэгш байна. Тэтгэлгийг ааваас нь гаргуулахдаа хуульд заасан хэмжээгээр тогтоолгохоор шаардаж байгаа. Хөрөнгийн хувьд байрны үнэлгээг 230,000,000 төгрөгөөр худалдаж авсан, 144,000,000 төгрөгийг ипотекийн зээлээр авсан. Зээл авснаас хойш 14 сар буюу 1 жил 2 сарын хуагцаанд 13,219,469 төгрөгийг төлсөн. Б.А үндсэн зээлдэгч учраас данснаас нь шууд татагддаг. Урьдчилгаанд төлсөн 86,000,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд төлөгдсөн 13,219,000 төгрөг тодорхойлогдох боломжтой гэж харагдаж байна. Хуваагдах хөрөнгө нь зээлийн хэмжээгээр тодорхойлогдох байх гэж үзэж байна. Иймд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 140,932,777 төгрөгөөс тооцох боломжтой байна...гэв.
2. Хариуцагч А.А шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
2.1. Эхнэрийн зүгээс гаргасан гэрлэлт цуцлуулах шалтгааныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Гэр бүлээ бүрэн дүүрэн, тогтвортой цааш авч явахыг эцэг хүний хувьд, эр нөхрийн хувьд хичээнгүйлэн хүсэж байна. Бид харилцан тохиролцсон хэдий ч нэмэлт нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Гэр бүлээ хэвээр хадгалж үлдэх хүсэлтэй хэвээр байгаа.
2.2. Би гэр бүлээ хэнээс ч дутахгүй сайхан авч явсан гэж боддог. Б.А гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж байх шиг байна. 10 жил амьдрах хугацаанд би өөрийнхөө хийж чадах бүх зүйлийг гэр бүлийнхээ төлөө зориулсан гэж боддог. Гэр бүлээ алдахыг үнэхээр хүсэхгүй байна. Нийгмийн нөхцөл байдал ямар байгаа билээ, үнэхээр сална гэж байгаа учраас салгахгүй байна гэж байхгүй байх. Хүүхдийн асрамжийн талаар би хүүхдүүддээ эхийн хайрыг өгч чадахгүй байх. Тийм учраас ээжийнх нь асрамжид байлгахаар тохирсон. Хоёр хүүхдийн маань бүх насны хувь тавиланд өөрчлөлт орно гэж би харж байгаа. Би хоёр хүүхэдтэйгээ Пабжи тоглодог, хичээл сургуулиас нь байнга авдаг, хүүхдүүдээ гомдоож байсан зүйл нэг удаа ч байхгүй. Үүнийг гэр бүлийн хүн минь үгүйсгэхгүй байх гэж бодож байна. Нэхэмжлэгч тал эмнэлгийн магадлагаа гаргаж өгч байна. Энэ нь салах явдал болохоос 3-4 жилийн өмнөх үйл явдал гэж бодож байна. Энэ үед би санаатайгаар гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал үүсгэнэ гэж бодож, таамаглаж, санаж байгаагүй. Бидний дунд ямар нэг маргаан байгаагүй. Гэр бүл салах болсон шалтгаан бол манай гэр бүлийн хүн өмгөөлөгчгүйгээр ярьж тохиролцоод, би бүх зүйлээ үлдээгээд явахад бэлэн байна гэдгээ хэлсэн. Гэхдээ энд орж ирсэн өмгөөлөгч нь хамаарал бүхий хүн учраас энэ тайлбарыг хийе гэж бодсон юм.
Би эхнэрийнхээ найзаас эхнэрийн утсан дээр ирсэн мессежийг харснаар эхэлсэн. Найз нь эхнэрийг хуульч н.Дээгий гэдэг хүнтэй үүсгэсэн харилцаа ямар байгааг асуусан байсан. Би тэр үедээ уурлаагүй. Харин гэр бүлийн харилцаагаа авч үлдэхийн тулд гэр бүлээрээ аяллаар явсан. Энэ харилцааг нь судалсан. Зам гараад нэг буудал байсан. Буудлын хүнд мөнгө өгөөд камерын бичлэг авсан. 55 минутын бичлэг байсан. Эхнэр орж ирээд буудлын мэдээлэл аваад, эргэж орж ирээд төлбөрийг төлөөд өрөөнд орсон. Өрөөнд хоёр хүн ороод, хоёр хүн гарсан. Би гэр бүл болохдоо өөрийн нэг өрөө байр болох хуваарьт хөрөнгөтэй байсан. Миний ээж аавын надад олгосон хуваарьт хөрөнгө юм. Гэр бүл болоход хоёр талаас хамтын хөрөнгө гаргадаг. Манай эхнэр нийлэхдээ цалингийн зээл, утасны лизингтэй байсан гэдгээ санаж байгаа байх. Миний хоёр хүүхэд намайг байхгүй бол амьдралын чадамж байхгүй. Хоёр хүүхдийн асран хамгаалал дээр ямар нэгэн яриа байхгүй. Хоёр хүүхэдтэйгээ уулзах гэж очсон, уулзуулахгүй байгаа. Эхнэрээ өөр хүнтэй болсныг мэдээд сэтгэл зүйн хүнд байдалд орж сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн. Хүнд байдалд орсон. Тийм учраас хүүхдүүдээ ээжид нь өгсөн. Ванны өрөөнд живсэн байхад ээж орж ирж аварсан. Иймд хүүхдүүдээ асран хамгаалах боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Би уламжлалт сэтгэлгээтэй. Би хүүгээ өөр дээрээ авмаар байна. Манай гэр бүлийн хүн бүтэн өнчин. Миний гэр бүлийнхэн надаас илүү хайрлаж байсныг өөрөө батална. Одоо хүүхдүүдийг хэн сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч авдгийг мэдэхгүй байна. Ажил нь орой 10 цагт тардаг. Энэ хугацаанд хэн хүүхдүүдэд анхаарал хандуулдгийг мэдэхгүй байна. Сүүлийн 1 жил би эхнэрийгээ өөр хүнтэй явж байгааг авга ахаасаа сонссон. Би арай ч үгүй байлгүй гэж бодсон ч тэр хугацаанд хардалт сэрдэлтийн асуудал байсан. Гэр бүлээ авч үлдэхийн тулд тухайн үед гарч байсан бүх жүжгийг үзсэн. Ичсэн хүн хүн ална гэдэг зүйл өнөөдөр болж байна. Би 7 байгууллагад нэгэн зэрэг ажилладаг байсан. Гэртээ 10-11 гээд ирдэг байсан. Би сална гээд гэрээсээ гарсан. Дундын хөрөнгийн хувьд: Миний ээж аав хоёр намайг тусдаа гарахад 1 өрөө байр авч өгсөн. Энэ нь тэр хүмүүсийн өмч, хуваарьт эд хөрөнгө учраас буцаагаад өгсөн. 10 жил амьдрахад миний ээж аав хоёр 10 жилийн 10,000,000 төгрөгийн өвлийн идэш, мах өгсөн. Тэгэхэд тэр хүмүүс уйлж байна. Ипотекийн зээлээ төлж чадахгүй байдалд орох тохиолдол их байсан. Тэр үед миний ээж аав хоёр заримыг нь төлж байсан. Малчин хүмүүс бидний зээлийг төлж байсан үе их байсан. Гэвч энэ хүн биднийг мөнгө үйлдвэрлэгч гэж дандаа харж ирсэн. Иймд байр, машины асуудлыг хөндөж ярьж байгаа учраас энэ тайлбарыг тавьж байна. Хаппинес таун хотхоны ***дугаар байрны ***тоот байрыг худалдаж авахад миний ээж аав хоёр 45,000,000 төгрөгийг надад зээлдүүлсэн. Зээлийн баримт нь байна. Надаас зээлсэн мөнгөө авна гэсэн. Миний аав 45 градусын хүйтэнд, уулын оргилд 40 жил алаан болж амьдраад энэ боломжийг надад бэлэглэсэн. Орон сууцны зээлийн гэрээ Худалдаа хөгжлийн банк ХК-тай хийсэн. Зээлийн гэрээ 2024 оны 06 дугаар сарын 12-нд хийгдэж 140,000,000 төгрөгийн зээл авсан. Гэрээний хугацаа 26 жил юм. Орон сууцаа хамтын дундын өмчлөлдөө үлдээе гэж хүсэж байгаа. Зээлийн үлдэгдэл 140,932,777 төгрөг гэдгийг, байрны үнэлгээ 230,000,000 төгрөг гэдэгт маргаан байхгүй. Хүүхдүүдтэйгээ сард нэг удаа уулзаж байх хүсэлтэй байна...гэв.
3. Нэхэмжлэгч талын нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж байгаа тухай өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Б.А гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн сургуулийн тодорхойлолт, Б.А гийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Үл хөлөх хөрөнгийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Б.А гийн толгойн рентген зураг, Гэмтэл согогийн ЭМ эмнэлгийн бичиг болон шинжилгээний хариу, Б.А гийн гэмтэл учирсан байдлыг харуулсан фото зураг,
4. Хариуцагч тал нэхэмжлэлд бичгээр хариу тайлбар гаргаж, аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Б.Агийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч А.Ахолбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчтай үзэл бодол, зан аашийн ялгаа, хоорондын таарамжгүй харилцаа болон хариуцагчийн үзүүлдэг гэр бүлийн хүчирхийллийн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй, хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлд авч, хариуцагчид ногдох хэсгийг өгнө” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тухай хариу тайлбар бичгээр гаргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд уг шаардлагыг болон хүүхдүүдээ нэхэмжлэгчийн асрамжид үлдээх, Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдүүдээ тэжээн тэтгэхийг хүлээн зөвшөөрч байна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцны үнэ, уг хөрөнгийг барьцаалсан зээлийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээ зэрэгтэй маргаагүй ба тухайн орон сууцыг дундын өмчлөлдөө үлдээх санал гаргаж байна.
4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
4.1. Гэрлэгчид 2014 онд танилцаж хамтран амьдраад 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр охин А.Цийг төрүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн гэр бүл болж, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүү А.Цийг төрүүлсэн байна. /хх-7-9/
4.2. Хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэрлэгчид 2025 оны 05 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан талаар тайлбарлаж байна. Гэрлэгчдийн хүүхдүүд эрүүл өсөн бойжиж, сургуульд суралцан ерөнхий боловсрол эзэмшиж байгаа болох нь эмнэлгийн болон сургуулийн тодорхойлолтуудаар тогтоогдож байна. /хх-4, 11-13/
4.3. Гэрлэгчид Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ нарны зам гудамж, ***дугаар байрны ***тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-****дугаарт бүртгэлтэй, 64.8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 230,000,000 төгрөгөөр худалдан авч хамтран өмчилдөг болох нь Үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байна.
Дээрх орон сууцны төлбөрийн 144,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХК-иас зээлж, зээлийн барьцаанд уг орон сууцыг барьцаалан улсын бүртгэлд бүртгүүлж, зээлийн төлбөрийг нэхэмжлэгч Б.А төлдөг бөгөөд зээлийн үлдэгдэл 140,932,777 төгрөг төлөгдөөгүй байгаа талаар зохигчид тайлбарлав.
4.4. Нэхэмжлэгч Б.А шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсноор 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болжээ.
5. Гэрлэгчид тусдаа амьдраад 4-5 сар болж байгаа боловч урьд болсон таарамжгүй харилцаАудын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэлийг хариуцагч үгүйсгээгүй ба хамтын амьдралын хугацаанд хариуцагчаас нэхэмжлэгчийг хардах, бие махбодид гэмтэл учруулахаар хүчирхийлэл үйлдсэн талаарх нэхэмжлэгчийн тайлбар, шүүхэд гаргасан нотлох баримтуудыг хариуцагч үгүйсгээгүй. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг бусадтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэж тайлбарласныг нэхэмжлэгч мөн үгүйсгээгүй болно.
5.1. Иймд шүүх дээрх нөхцөл байдлууд болон зохигчдын тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.А, А.Анарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
6. Гэрлэгчид охин А.Ц, хүү А.Ц нарын асрамжийн талаар маргаагүй ба хүүхдүүдийг нэхэмжлэгч Б.Агийн асрамжид үлдээхээр ярилцсан талаар тайлбарлаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийг эх Б.Агийн асрамжид үлдээж, хүүхдүүдэд тэтгэлэг тогтоон, эцэг А.А сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
7. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Амартөвшинг хүүхдүүдтэй уулзах журам тогтоохоор гаргасан нэхэмжлэгч Б.А гийн саналыг хариуцагч хүлээн зөвшөөрч, сард нэг удаа Баасан гарагаас Ням гарагийн хооронд хүүхдүүдтэйгээ уулзаж байхаар журам тогтоосныг баталгаажуулж, гэрлэлтээ цуцлуулсан Б.А, А.А хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүүхдүүдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгав.
8. Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах тухайд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт тус тус зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс нэг гишүүнд ногдох хэсгийг тогтоохдоо талуудын харилцан хүлээн зөвшөөрсөн үнэ болох 230,000,000 төгрөгөөс зээлийн үлдэгдэл 140,932,777 төгрөгийг хасч, үлдэх 89,067,223 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хуваахад нэг гишүүнд 22,266,805 төгрөг ногдохоор байна.
8.1. Зээлийн төлбөрийг нэхэмжлэгч Б.А бүрэн хариуцаж төлдөг бөгөөд тухайн зээлийн гэрээний үндсэн зээлдэгч байх тул уг зээлийн үлдэгдлийг бүхэлд нь хөрөнгийн үнээс хасаж тооцох нь зүйтэй.
8.2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт “Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно” гэж заасан байна.
8.3. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох дээрх орон сууцанд одоогоор хариуцагч А.Аамьдарч байгаа бол нэхэмжлэгч нь хүүхдүүдийн хамт айлд амьдарч байна. Гэрлэгчдийн хүүхдүүд бага насных бөгөөд төрж, өссөн гэртээ амьдрах хэрэгцээ шаардлагатай, уг орон сууцыг барьцаалсан зээлийн төлбөрийг нэхэмжлэгч Б.А ганцаараа төлдөг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөг тухайн орон сууцыг нэхэмжлэгч Б.А болон хүүхдүүдийн өмчлөлд үлдээж, хариуцагч А.А ногдох хэсэг болох 22,266,805 төгрөгийг нэхэмжлэгч Б.Агаас гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэлээ.
9. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ч овогт Б.А, Д овогт А.Анарын гэрлэлтийг цуцалж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин А.Ц, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү А.Ц нарыг эх Б.Агийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй охин А.Ц /9 настай/, хүү А.Ц /7 настай/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувь, 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг А.А тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ нарны зам гудамж, ***дугаар байрны ***тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-****дугаарт бүртгэлтэй, 64.8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Б.А, охин А.Ц, хүү А.Ц нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Б.Агаас 22,266,805 /хорин хоёр сая хоёр зуун жаран зургаан мянга найман зуун таван/ төгрөг гаргуулан хариуцагч А.А олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар охин А.Ц, хүү А.Ц нарыг сард нэг удаа Баасан гарагаас Ням гараг хүртэл хугацаанд хариуцагч А.А асрамжиндаа байлгаж уулзаж байхаар журам тогтоосныг баталгаажуулж, гэрлэлтээ цуцлуулсан Б.А, А.А нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА